Зурхай хүн төрөлхтөнд амьдралын хамгийн боломжит хэв маягаа сонгоход нь тусалдаг. Зарим хүн ирээдүйг нь хэлж өгнө гэдэгт итгэж түүнийг уншдаг бол зарим нь зугаацах гэж л уншдаг.
Үнэн гэвэл зурхай хүмүүст шийдвэр гаргахад нь нөлөөлдөг, эсвэл хэцүү үед нь тайвшрал өгөх сэтгэлийн дэм болдог. Товчхондоо, зурхай нь хүний аз жаргалын нэг хэсэг бөгөөд бэрхшээлийг хэрхэн тайлж ойлгох вэ, хэрхэн урагшлах вэ? гэдэгт хариулт, харин өөртэйгөө ярилцах хөтөч нь юм.
Хүмүүс олон шалтгаанаар зурхай уншдаг. Жишээ нь:
Хэн гэдгээ мэдэх гэж
Хүмүүс өөрийнхөө онцлог зан чанар, амьдралын зорилгоо юу болохыг мэдэх гэж ордынхоо зурлагыг уншдаг.
Хэнийг сонговол дээр вэ? гэдгээ мэдэх гэж
Ихэнх хүмүүс таалагддаг хүнийхээ талаар мэдэхийг хүсдэг учраас зурхай уншдаг. Бид хоорондоо зохицох болов уу?, бидний хайр хэр удаан үргэлжлэх бол, хамтдаа аз жаргалтай байх болов уу? зэрэг олон асуултын хариултыг авахыг хүсдэг.
Ямар мэргэжил сонговол тохирох вэ? гэдгээ мэдэх гэж
Ингэхэд би зөв мэргэжлээ сонгосон болов уу?, ажил горилоход хэзээ тохиромжтой вэ?, ажлын ярилцлагадаа юу өмсвөл дээр вэ? гэдгийг мэдэх гэж зурхай уншдаг. Тэгвэл зарим нь аз авчрах тоо, аз авчрах өдрүүдээ мэдэхийг хүсдэг. Карьер, мөнгө, азын зурхай түгээмэл хайлтуудын нэг.
Урам зориг авах гэж
Хүмүүс сэтгэлээр унасан, шархалсан, өвдсөн үедээ зурхай унших нь их байдаг. Учир нь ийм үе тодорхой шалтгаантай ирдэг гэдэгт итгэж, хариулт авахаар уншдаг.
Батлах гэж
Ихэвчлэн X үеийнхэн буюу 1965 ~ 1980, Y үеийнхэн буюу 1981 ~ 1996 онд төрсөн хүмүүс зурхайг шимтэн уншдаг. Тэдний санааг сэтгэлийн дарамт, тодорхойгүй ирээдүй нь ихэвчлэн чилээдэг болохоор зурхайгаар хөтөч хийдэг.
Ингээд эцэст нь ихэнх хүмүүс зурхайг хөгжилдөх гэж уншдаг ч мөрдлөг болгохыг зорьдог нь олон байдаг. Ямар ч шалтгаан, ямар ч зорилгоор түүнийг уншсан зурхайг үгүйсгэх аргагүй. Тэгвэл чи ямар шалтгаанаар зурхай уншдаг вэ? Миний хувьд гэвэл…
Намайг Dani DiPirro гэдэг. Би АНУ~ын Вашингтон хотод ажиллаж амьдардаг жирийн л нэгэн зохиолч, дизайнер, зурхай сонирхогч нэгэн.
Хэрвээ хүн амьдарсан шиг амьдаръя гэвэл зөв хандлагатай байх хэрэгтэйг би өөрийн блогоороо дамжуулж бусдад түгээдэг. Одоо цагтаа төвлөрцгөөе! Энэ чиний л амьдрал!
Миний санахын би багаасаа л мэргэ төлөг, зурхай сонирхсоор ирсэн. Өглөө болгон хичээлдээ явахдаа «The Washington Post» сониноос ордынхоо зурхайг үүрэг мэт уншчихаад л гардаг байлаа.
Гэрийнхэн маань хятад хоол захиалах тоолонд миний анхаарал хоолтой хамт ирдэг азын жигнэмэгт л татагддаг байсан юм. Би одоо нас нэмж илүү ухаалаг болсон ч гэсэн зурхай, мэргэ, азын жигнэмэг сонирхлоос минь гараагүй хэвээр.
Минийхээр бол зурхайг гараг эрхсийн орчинд юу болж өрнөдөг, тэдгээр нь цэнхэр гараг, хүн төрөлхтний амьдралд хэрхэн нөлөөлдгийг маш нарийн ойлгосон хүмүүс л гаргадаг гэж боддог.
Бодитой гэдэгт нь би 100% итгэдэггүй ч үргэлжлүүлэн хайсаар, уншсаар, сэтгэл минь догдолсоор л байдаг. Заримдаа зурхай таардаггүй. Заримдаа өөрөөсөө би яагаад үүнийг уншиж байна вэ? гэж асуудаг. Үнэн зүйл хэлдэггүй л юм бол надад ямар хэрэг байна, энэ бүхэн зүгээр л хэн нэгний бичсэн утгагүй юм гэж харах ч үе гардаг.
Гэтэл энэ хандлага маань өөртэйгөө ярилцсан тэр нэгэн өдөр өөрчлөгдсөн юм.
Үнэндээ зурхай үнэн худал эсэх нь надад хамаагүй. Би, чи, таны зурхайд итгэдэг үгүй нь ч хамаагүй. Ер нь зурхай яаж ч бичигдсэн хүн түүнээс хэрэгтэй гэснээ л авах хэрэгтэй.
Зурхай бидэнд өөр рүүгээ харахыг, амьдралаа эргэцүүлэхийг сануулдаг. Нэг талаар, тэр бидний өөрөө өөртөө туслах ухаан юм байна. Бид зурхайгаа уншиж байх хэрэгтэй юм байна, тэр бидний өөрийгөө олж мэдэхэд туслах боломж юм байна гэдгийг олж харсан.
Чи мэргэ, зурхайн алиныг нь ч сонирхдог байсан унш, хар, сонс, хай. Үнэ цэн нь чамд юу хэлж байгааг ойлгохыг хичээ! Уильям Шекспир нэгэнтээ бичсэн байдаг – Одод биш, бид л өөрсдөө өөрийнхөө хувь тавиланг бүтээдэг – гэж. Бид хувь тавилангаа захирна, гэхдээ оддын өгөх дохиог ойлгосны эцэст!