Ордуудын бэлгэ тэмдэг ямар учиртай вэ?


Орчлон ертөнцөд юм бүхэн утга учиртай. Бүтэх аргын хувьд нэг л цэгээс эхлэлтэй ч илэрхийлэх утга гүн бэлгэ тэмдэг хэмээх дүрс тэмдэглэгээ нь их эртний түүхтэй.

Ордуудын бэлгэ тэмдэг нь зурхайн ухааны нэн чухал бүрэлдэхүүн хэсэг төдийгүй бэлгэдэл зүй нь зөвхөн ордуудыг биш гараг, эрхэс, оддын өнцгийг хүртэл илэрхийлдэг.

Ордуудыг бэлгэ тэмдэгтэй болохоос өмнө бүтэн нэрийг нь бичдэг байсан түүхтэй.

Тэгвэл өнөөдөр, бэлгэ тэмдгийг нь хараад л тухайн ордын талаар бүгдийг тодорхой мэдэж авах боломжтой. Ордын чинь бэлгэ тэмдэг чиний хэн болохыг хэлж өгнө.


Хонины орд

Хонины ордын бэлгэ тэмдэг нь хуц бөгөөд эртний зурхайчдын үздэгээр газар тариалан, хоньчдын бурхантай холбогддог. Бэлгэ тэмдгийн дүрслэл нь маш олон санааг илэрхийлдэг.

Тэдгээрийн нэг нь эмэгтэй хүний өндгөвч, умай хоёрыг холбосон хос, нарийн фаллопиевын гуурсан хоолой бөгөөд энэ нь хонины ордынхны бүтээлч сэтгэхүй, адал явдлыг эрэлхийлэгч аймшиггүй зоригт чанар болон шинийг санаачлах, өсөж дэвжих чадварыг бэлгэддэг. 

Бэлгэ тэмдгийн өөр нэгэн тайлал нь хавирган сар бөгөөд энэ нь хонины ордынхны нэг суурин дээрээ хэдэн ч удаа хувирч өөрчлөгддөг хоёрдмол зан араншинг илтгэдэг байна.

  • Ордынх нь бэлгэдэл шинэ эхлэлийг илэрхийлдэг, харин энерги нь өөрийгөө хянаж байхыг сануулдаг. 

Хонины ордынхон урам зоригтой, эрч хүчтэй хүмүүс байдаг ч заримдаа хүний үгийг тоохгүй түрэмгий аашилдаг. Бэлгэ тэмдгийг зарим зурхайчид өнгөрсөн ба ирээдүй цагийн нэгдэл гэж үздэг. Дэлхийн хойд хэсгийн орнуудад хонины орд хаврын эхний өдөр эхэлдэг гэдэг утгаараа шинэ эхлэлийн бэлгэдэг болдог ажээ.


Үхрийн орд

Үхрийн ордын бэлгэ тэмдгийг хэд хэдэн төрлөөр дүрсэлдэг. 

Тэдгээрийн нэг болох бух нь үхрийн ордынхны хүчирхэг, буурь суурьтай ч өөрийнхөөрөө хэт зөрүүд зан байдлыг нь илэрхийлнэ. Бэлгэ тэмдгийг сайтар ажиглавал толгойн хэсэг нь тэргэл сарыг, эврүүд нь хавиргын сарыг бэлгэднэ. Тэгэхээр үхэр тэргэл сарны нөлөөгөөр ололт амжилтаар арвин байна гэсэн үг. Сар тэдний зорилгодоо хүрэх замыг аль болох дардан байлгахад голлох нөлөөгөө үзүүлдэг ажээ. 

  • Ордынх нь бэлгэдэл эрх мэдлийг илэрхийлдэг, харин энерги нь өмчирхөх хандлагадаа анхаарахыг сануулдаг. 

Үхрийн ордынхон аливааг бодитоор хардаг ч заримдаа зөрүүд зангаасаа болж өөрийгөө гээдэг. Ордынх нь Taurus гэдэг нэр мөнгө гэсэн утгыг илэрхийлдэг, тэгэхээр үхрийн ордынхон материаллаг үзлийн салшгүй нэг хэсэг. 

Домогт өгүүлснээр, эрт цагт фермерүүд тариа тарихаасаа өмнө бухаар газар хагалуулдаг байсан нь тэднийг орлого, эд баялаг авчирна гэж итгэдгээс үүдэлтэй.


Ихрийн орд

Ихрийн ордын бэлгэ тэмдэг бол Вавилоны ихэр ах дүүс юм. Бэлгэ тэмдгийнхээ нөлөөгөөр тэд аливааг хоёр талтай нь хардаг. Бэлгэ тэмдгийн босоо хоёр зураас нь ихэр гэдгийг, харин хөндлөн хоёр нь тэнцвэрийг илэрхийлнэ. Энэ нь тэд бүхнийг тэнцвэртэйгээр авч явдаг гэсэн үг.

Харин бүхэлд нь тоймлож харвал дөрвөлжин дүрс үүснэ. Энэ дүрс хүчтэй, бат бөх суурийг илэрхийлнэ. 

Бэлгэ тэмдгээс мөн хаалга олж харна. Энэ ихрийн ордынхон тэрхүү хаалгаар орж шинэ санаагаа хэрэгжүүлж, хэнтэй ч төвөггүй харилцаа холбоо тогтоодог гэдгийг нь хэлнэ. 

  • Ордынх нь бэлгэдэл цэцэн мэргэн ухааныг илэрхийлдэг, харин энерги нь аливаад ямагт шилдэг нь байхыг сануулдаг.

Ихрийн ордынхон олон талын сонирхол, мэдлэгтэй хүмүүс байдаг ч заримдаа тэднийг ойлгох амаргүй. Бэлгэ тэмдэг нь өгөө аваа, сайн муу, зөв буруу, заах сургах гэх мэт бүхний хоёр талыг илэрхийлнэ.


Мэлхийн орд

Мэлхийн ордын бэлгэ тэмдэг нь хавч, хавчны үргэлж аливааг барьж авахыг оролддог хоёр гарыг дүрсэлнэ. Гар нь юухныг ч тийм ч амар тавьж явуулахгүйн адилаар мэлхийнхэн ч гэсэн тийм. Сайн, муугаас үл хамаарч тэд зорилгодоо заавал хүрдэг.

Бэлгэ тэмдгийг өөрөөр харвал хоёр тойрог нь нар, сар; харин нумыг нь хавирган сар гэж үзнэ. Эдгээрийг нэгтгэвэл мэлхий тэнцвэрээ олох гэж багагүй хичээдгийг харуулна.

Бэлгэ тэмдэгт хязгааргүйн дүрслэл бий. Энэ нь ихэнх мэлхийн ордынхон ямар нэг зүйлийг хийж бүтээхдээ тохиромжтой цагийг нь хүлээж алгуурлах хандлагатайг илэрхийлэхээс гадна түүнээсээ болж алддаг зогсонги байдлаас нь гаргана гэсэн утгатай.

  • Ордынх нь бэлгэдэл эрч хүчийг илэрхийлдэг, харин энерги нь хүсэл тэмүүлэлтэй амьдрахыг сануулдаг.

Мэлхийн ордынхон хүйтэн хөндий харагддаг байж болох ч үнэндээ сэтгэл сайхантай, түүнийгээ ч илэрхийлэхдээ сайн.


Арслангийн орд

Арслангийн ордын бэлгэ тэмдэг нь арслангаас гадна арслангийн ордыг эрхшээгч нарыг дүрсэлсэн байдаг. Зогдор нь сарыг илэрхийлсэн дүрслэл бөгөөд нар, сар хамтдаа сэтгэл хөдлөл болон оюун ухааны тэнцвэрийг бэлгэднэ. 

Тэгэхээр арслангийн ордынхон ямар үед оюун ухаанаа, ямар үед зүрх сэтгэлээ дагах вэ гэдгээ мэдрэх төрөлхийн чадвартай гэсэн үг. 

Нараар зүйрлэсэн бүтэн тойрог нь бүрэн гүйцэд, сэтгэл хангалуун, эвтэй найрсаг байдлыг бэлгэднэ. Харин үргэлжилсэн хагас дугуй нь харилцаа холбоог, сүүл нь ямар хүчирхэг нэгэн бэ гэдгийг илтгэдэг.

  • Ордынх нь бэлгэдэл эрх мэдлийг илэрхийлдэг, харин энерги нь сэтгэлээ захирч сурахыг сануулдаг.

Арслангийн ордын хүмүүс олон талын авьяас чадвартай, хайр татам ч өөртөө хэт эрдэх хандлагатай болохоор тэдэнд даруулга хэрэгтэй. Арслан нь бүх араатны хаан гэдэг утгаараа хүний өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө дайчлах чадварын тод тусгал болдог байна.


Охины орд

Охины ордын бэлгэ тэмдгээс англи хэлний «m» болон «q» үсгийг олж харна. «m» үсэг нь «maiden» буюу онгон, ариун бүсгүй гэсэн үгийг илэрхийлнэ. Харин «q» нь охины ордын цэвэр ариун байдал, ухаалаг зан чанарыг илэрхийлнэ. Тэгвэл «m» болон «q» үсгийг огтлолцуулахад үүссэн зууван дүрс нь охины ордынхон цэвэр ариун байдлаа хэнээр ч сэвтээлгэхгүйн бэлгэдэл болдог.

Охины ордынхон зөв, бурууг ялгах дотоод нарийн мэдрэмжтэй. Зөв санагдахгүй л бол юуг ч хийхгүй.

  • Ордынх нь бэлгэдэл эрүүл мэндийг илэрхийлдэг, харин энерги нь аливааг шинжлэн дүгнэж байхыг сануулдаг.

Охины ордын хүмүүс үргэлж төгс рүү тэмүүлдэг, түүнийг хайдаг, тэвчээргүй. Тэдэнд аливааг эргэцүүлж дүгнэх чадвар үгүйлэгддэг.

Бэлгэдлийг нь өөрөөр үр тариа атгасан онгон охин гэж үздэг. Үр болгон нь туршлагаар олж авсан ухааныг нь илэрхийлнэ.


Жинлүүрийн орд

Жинлүүрийн ордын бэлгэ тэмдэг нь египет загалмайтай төстэй харагддаг бөгөөд мөнхийн тэнцвэрийг илэрхийлнэ. 

Бэлгэдлийн дээд хэсэг нар болон уулыг, хөндлөн зураас нь тэнцвэрийг илэрхийлнэ. Энэ нь жинлүүр тэнцвэрээ олохын тулд наран ургахаас шингэх хүртэл өмнөө тулгарсан аливаа саад тотгорыг даван туулах ёстойг, харин хөндлөн зураас нь тэдний замыг дардан байлгахыг бэлгэднэ.

  • Ордынх нь бэлгэдэл тэнцвэрийг илэрхийлдэг, харин энерги нь тэнцвэрээ хадгалахыг сануулдаг. 

Жинлүүрийн ордынхон хуулиа дээдэлдэг, дипломат харилцааг эрхэмлэдэг, бусадтай боловсон, хүндэтгэлтэй харьцдаг. Шударга үнэн бол жинлүүрийнхний гол хүч нь болдог.

Тэд ихэнхдээ сэтгэл хөдлөл, оюун ухааныхаа тэнцвэрийг хадгалахыг хичээдэг. Гэвч энэ нь нэг талаар, аль аль мэдрэмжээ хөгжүүлж илүү чадварлаг болоход нь тусална. Харин нөгөө талаар, шийдвэрт хүрч чаддаггүйнх нь илрэл болдог ажээ.


Хилэнцийн орд

Хилэнцийн ордын бэлгэ тэмдэг нь тэдний өөртөө тавьсан зорилго, хүсэл мөрөөдлийнхөө хязгаараас ч давсан амжилтад хүрэх чадварыг нь илэрхийлдэг.

Нумарсан сум нь хилэнцэт хорхойн хатгуур шиг харагддаг. Тэгвэл энэ нь тэдний аливааг ойлгож хүлээн авах, хүсэл хэрэгцээгээ мэдэрч, түүнийхээ төлөө тууштай тэмцэж, өсөн дэвжих чадварыг нь илэрхийлсэн утгатай.

  • Ордынх нь бэлгэдэл нууцыг илэрхийлдэг, харин энерги нь аливааг тунгаан бодохыг сануулдаг. 

Хилэнцийн ордод төрсөн хүмүүс өөрөөрөө бахархдаг, хэнэггүй зантай ч асуудлыг олон өнцгөөс харах чадвартай. Ихэнх нь ганцаардмал, нууцлаг байдаг.


Нумын орд

Нумын ордын бэлгэ тэмдэг нь зорилго, хүсэл мөрөөдлийн бэлгэдэл болдог бөгөөд түүн шиг хүсэл эрмэлзэлтэй, зорилгоо ухамсарласан орд ховор.

Өөдөө ассан энэ сум түүний хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг занг; хүссэндээ хүрч, үргэлж өсөн дэвжинэ гэсэн утгыг илэрхийлнэ.

Бэлгэдлийг өөрөөр, нум сум агссан хүнээр илэрхийлэх тохиолдол бий. Тэгвэл энэ нь түүний харвасан сум хаа хүрэхийг мэдэхгүй ч юу болохыг нь харж л бай, үзүүлээд өгье!, ямар явахаа харуулна гэсэн санааг илтгэдэг.

Бэлгэ тэмдэгт нь нум агссан кентаврыг ч оруулж дүрсэлдэг. Тэгвэл биеийнх нь доод хэсэг нь эрх чөлөөг эрэлхийлэгч гэдгийг; харин дээд хэсэг нь мэргэн ухаантайг; нум нь түрэмгий байдал, мэдрэмтгий чанарыг нь илэрхийлдэг гэж үздэг байна.

  • Ордынх нь бэлгэдэл шударга, илэн далангүй байдлыг илэрхийлдэг, харин энерги нь зөн совингоо сонсохыг сануулдаг.

Нумын ордод төрсөн хүмүүс хааяахан хүйтэн хөндий ч хүчирхэг зөн совинтой, алсын хараатай. Эрх чөлөөг эрхэмлэдэг, ухаалаг.


Матрын орд

Матрын ордын бэлгэ тэмдэг нь матрын сүүлтэй ямаа бөгөөд бэлгэдлийн «V» хэлбэр нь ямааны сахал, харин нумарч, долгиорсон хэсэг нь түүний сүүл ажээ.

Бэлгэдлээс нь тэдний зан чанарыг маш томруун харж болно. Тухайлбал тэдний хоёрдмол шинж чанарыг – нэг нь гөжүүдэлсэн, буурьтай; нөгөө нь зорилгодоо тэмүүлсэн, бүтээлч хандлагыг харж болно. Матар тэр болгон сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй, мэдрэмжээ захирах дуртай.

  • Ордынх нь бэлгэдэл тууштай байдал, шаргуу зан чанарыг илэрхийлдэг, харин энерги нь амарч байхыг сануулдаг.

Матрын ордынхон эхлүүлснээ дуусгадаг, оргилд хүрэхийг хүсдэг, сандрамтгай хүмүүс байдаг. Хэрвээ сайн үр дүнд хүрье гэвэл тайван байх хэрэгтэй. Бэлгэдэл дэх ямаа, түүний сахал нь хатуу чанга, шаргуу нэгэн гэдгийг нь илэрхийлнэ.


Хумхын орд

Хумхын ордын бэлгэ тэмдэг нь ус бөгөөд энэ нь тэднийг энергиэ хэрхэн чиглүүлж урсгахаа мэддэг гэдгийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл тэд тэнцвэртэй амьдарна гэсэн үг.

Бэлгэдлийг усны дээд болон доод ертөнцтэй параллель долгиогоор дүрсэлсэн нь юутай ч харилцан шүтэлцэж амьдрах чадварыг нь харуулна. Вавилоны үеэс л ингэж тэмдэглэсээр ирсэн түүхтэй ба хумхын орд нь төсөөлөн бодох, шинэ нээлт хийх үйлийг эрхшээдэг.

  • Ордынх нь бэлгэдэл төвөгтэй байдлыг илэрхийлнэ, харин энерги нь шаргуу зүтгэхийг сануулна.

Хумхын ордод төрсөн хүмүүс бусдаас илүү нийтэч, амжилттай нь байдаг. Долгиолсон дүрс нь тэдний эрх чөлөө, биеэ даасан байдлыг шүтдэг гэдгийг илтгэдэг.


Загасны орд

Загасны ордын бэлгэ тэмдгээс хоёр загасыг олж харна. Энэ нь хоёр ертөнцөд аж төрдөг тэдний хоёрдмол зан чанарыг илэрхийлдэг. Энэ ч утгаараа хоёр загасыг хооронд нь холбосон зураас нь тэднийг үхэл хийгээд амьдрал, бие махбод хийгээд оюун ухаан, хүсэл мөрөөдөл хийгээд бодит ертөнцтэй тэнцвэртэйгээр холбогдох чадвартайг харуулна.

Бэлгэдлээс хавирган хоёр сарыг ч харж болно. Сар бол шилжилтийн бэлгэдэл, тиймээс загас амьдралын тэрхүү шилжилт хөдөлгөөнийг маш сайн ойлгоно. Тэрээр өмнөх бүх ордынхоо энергийг мэдэрч чаддаг гэдгээрээ онцгойрдог.

  • Ордынх нь бэлгэдэл хайр, хүндлэлийг илэрхийлдэг, харин энерги нь өөртөө итгэж амьдрахыг сануулдаг.

Загасны ордын хүмүүс шийдвэр гаргаж чаддаггүй, ялангуяа хайр сэтгэлийн харилцаандаа. Хорвоод туйлын үнэн, эсвэл туйлын буруу гэж байдаггүй ч байж мэдэх ч өөрөө шийдвэр гаргаж, сонголт хийж сурах хэрэгтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *