Хүн төрөлхтөн орчлон ертөнцөөс ангид оршиж чадахгүйн нэг илрэл нь бидний төрсөн орд нэг бүрд тэдгээрийг эрхшээгч гараг гэж байдаг явдал юм.
Ордуудыг эрхшээгч гараг нь огторгуй дахь ордуудын түүхийг, ямар онцлог, зан чанартайг, юуны төлөө яах гэж төрснийг, ямар амьдралаар амьдрах вэ гэдгийг хүртэл тодорхой хэлж өгдөг гэдэг.
Тэгэхээр ордынхоо эрхшээгч гаргийн талаар мэдэж авна гэдэг нь амьдрал гэдэг аяллынхаа эхлэлийн цэгийг ойлгож авна гэсэн үг юм.
Ингээд чиний ордыг ямар гараг удирддаг вэ, тэр нь чамд болон чиний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг хамтдаа сонирхоцгооё.
Хонины орд
- Бэлгэдэл: Дайчин чанар, эрч хүч, өрсөлдөөн, эр зоригийг илэрхийлдэг.
- Уриа: “Би хийдэг”
- Давуу тал: Санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
- Дутагдалтай тал: Хахир, хатуу чанга
Хониныхон эрэмгий дайчин, эрч хүчтэй Ангараг гаргийн нөлөөнд оршдог. Тиймээс ч эрхшээгч гаргийнхаа нөлөөгөөр цуцашгүй эрч хүчтэй, дайчин чанартай хүмүүс байдаг. Амьдрал нь бүхэлдээ адал явдал, өөрөө ч адал явдлаар ангадаг, сайн сайхны үрийг эх дэлхийдээ тарьж амьдрахыг зорьдог.
Гаргийнхаа нөлөөгөөр маш их амбицтай, хүсэл тэмүүлэлтэй, хаа явсан газартаа эрч хүч цацруулж байдаг. Хэн ч тэднийг үгүйсгэх аргагүй. Хэрвээ тэгвэл маш том алдаж байгаа хэрэг. Ангараг гараг гал, осол аюулыг удирддаг; тэгэхээр эдгээрээс болгоомжлох хэрэгтэй.
Домогт өгүүлснээр, Ангараг бол эртний ромчуудын тахин шүтсээр ирсэн дайны бурхан бөгөөд хуяг дуулгаа түүний дүрээр чимэглэдэг байсан түүхтэй юм байна.
Ангараг гаргийн тухай хэдэн баримт:
- Ангараг гаргийн хэмжээ дэлхийн 50% – тай тэнцэнэ.
- Нэг өдөр нь 24 цаг 37.5 мин үргэлжилдэг, харин нэг жил нь 687 өдөр үргэлжилнэ.
- Ангараг гараг 15 жил тутамд манай дэлхийд хамгийн ойр ирдэг.
Үхрийн орд
- Бэлгэдэл: Гоо үзэсгэлэн, хайр, урлаг, эе эвийг илэрхийлдэг.
- Уриа: “Би хайрлана”
- Давуу тал: Хайрлаж чаддаг
- Дутагдалтай тал: Биеийн амрыг хардаг, амархан бууж өгдөг
Үхэр, жинлүүрийн ордыг нэг гараг эрхшээдэг. Гаргийг өөрөөр «Үүрийн цолмон», «Үдшийн гялаан», «Цолмон» ч гэж нэрлэдэг. Цолмон гараг нь урлаг, гоо зүйн мэдрэмж, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг. Энэ нь үхрийн ордынхны тансаг чамин байдалд дуртай, дурламтгай чанарын илэрхийлэл болдог.
Үхрийн ордынхон байгаадаа талархах сэтгэлтэй, амьдралаас сайн сайхныг хардаг, өчүүхэн гэлтгүй бүхнээс таашаал авч чаддаг бол ганцаардана гэж үгүй. Хүнийг ойлгож, хэрхэн урам зориг өгөхөө мэддэг, бусдад хамгийн шилдэг нь байхад тусалж чаддаг. Үхрийн ордынхны амьдралд эрхшээгч гаргийнх нь нөлөөгөөр учрах томоохон сорилт нь мөнгө, хайрыг тэнцвэртэй авч явах явдал байна.
Домогт өгүүлснээр, Санчир гараг эцэг Тэнгэрийн вангаа хөнөөх үеэр цацарсан цус нь далайд нэвчин, түүнийг жирэмслүүлж улмаар Цолмонг төрүүлсэн гэж үздэг ажээ.
Сугар гаргийн тухай хэдэн баримт:
- Сугар гараг дээрх нэг өдөр дэлхийн 117 өдөртэй тэнцдэг.
- Шөнийн тэнгэрт хамгийн тод харагддаг огторгуйн №2 дахь эрхэс юм. №1 нь сар.
- Гараг дээр 20 орчим км үргэлжлэх 1000 гаруй галт уул байдаг.
Ихрийн орд
- Бэлгэдэл: Оюун ухаан, харилцаа холбоо, хэл соёл, учир шалтгааныг илэрхийлдэг.
- Уриа: “Би бодож байна”
- Давуу тал: Өөрийгөө илэрхийлэх чадвартай
- Дутагдалтай тал: Тэвчээргүй
Ихэр, охины ордыг эрхшээгч Буд гаргийг хурдан хөлт элч гэж нэрлэдэг. Буд гараг бурхдын гаргасан ямар ч шийдвэр, зарлигийг чадварлагаар гүйцэлдүүлэх, харилцаа холбоо тогтоох чадвартай.
Ихрийн ордынхон аливаад амархан дасан зохицдог, өөрийгөө маш сайн илэрхийлдэг нь эрхшээгч гаргийнх нь нөлөөлөлтэй холбоотой байдаг. Тэд бодол санаагаа хуваалцаж ярилцах дуртай, аялах сонирхолтой, чөлөөтэй ярьж бичдэг, хөдөлгөөнтэй хүмүүс байдаг.
Шинэ мэдлэг, мэдээлэл, өөрчлөлтөөр цангадаг. Бусдаас нэг алхам урд алхдаг. Хэнтэй хэрхэн харьцахаа ч мэддэг; үг, үйлдлийн аль алинаар нь санаагаа илэрхийлж чаддаг. Үгээр илэрхийлэхдээ зөвхөн зөв үгийг сонгодог. Ихрийнхэн бол маш гайхамшигтай харилцагч.
Буд гаргийн тухай хэдэн баримт:
- Буд гаргийн нэг жил 88 хоног үргэлжилдэг.
- Наранд хамгийн ойр оршдог, 3-р сард шөнө, 9, 10-р сард өглөөний од болж харагддаг.
- Хүн төрөлхтөн Буд гаргийг судлах станцыг гурван удаа хөөргөсөн байдаг.
Мэлхийн орд
- Бэлгэдэл: Сэтгэл хөдлөл, зөн совин, дадал зуршил, мэдрэмжийг илэрхийлдэг.
- Уриа: “Би мэдэрч байна”
- Давуу тал: Дасан зохицох чадвар сайтай
- Дутагдалтай тал: Тогтворгүй, хувирамтгай зан чанартай
Сар бол дэлхийд хамгийн ойр оршдог, тэр хэрээрээ бидний зан байдалд хамгийн их нөлөөлдөг тэнгэрийн эрхэс юм. Тэрээр хүн төрөлхтний сүнслэг оршихуйн гүн дэх хүсэл эрмэлзэл, сэтгэл хөдлөл, улирал солигдох явц, далайн давалгаанд нөлөөлдөг. Тиймээс ч мэлхийн ордынхон эрхшээгч гаргийнхаа нөлөөгөөр мэдрэмжтэй, мэдрэмтгий хүмүүс байдаг.
Төрөлхийн өөртэйгөө холбогдож чаддаг шигээ бусдын сэтгэлийг ч гэсэн маш сайн ойлгодог. Мэлхийн ордынхон хүмүүст зориулсан шигээ хайр халамж, тав тухыг хариу нэхдэг. Тэдний сэтгэл санаа амархан хувирч өөрчлөгддөг ч өөрийгөө маш сайн мэддэг.
Сарны тухай хэдэн баримт:
- Саран дээр одоогоор 12 хүн хөл тавьсан байдаг нь бүгдээрээ америк хүн.
- Сарны татах хүч далайн давалгаанд нөлөөлдөг шиг хүний сэтгэл хөдлөлд ч гэсэн нөлөөлдөг.
- Жил бүр дэлхийд 3.8 см ойртож ирдэг нь 50 тэрбум жил үргэлжилнэ.
Арслангийн орд
- Бэлгэдэл: Ухамсар, эрч хүч, сэтгэлийн тэнхээ, омголон занг илэрхийлдэг.
- Уриа: “Би бол …”
- Давуу тал: Удирдан манлайлах чадвартай
- Дутагдалтай тал: Захирангуй
Арслангийн ордынхон орчлон ертөнцийн төвд орших нарны нөлөөнд оршино. Амьдралыг тэтгэгч энэхүү эрхэс нь эрч хүчтэй, тэмцэгч, эрэлхэг чанарын илэрхийлэл болдог.
Эрхшээгч эрхсийнхээ нөлөөгөөр арслангийн ордынхон дайчин, хүчирхэг, омголон хүмүүс байдаг. Нар нь хүсэл тэмүүлэл, эго, өөрийгөө илэрхийлэх чадварт онцгой нөлөөтэй. Тэгэхээр арслангийн ордынхон энэ гурвын мастер гэсэн үг.
Өөртөө л төвлөрч, зөвхөн өөрийгөө бодох нь их ч хариу нэхдэггүй тусч, дур тачаалтай хайрлагч хүмүүс байдаг. Бусдыг удирдан манлайлах – тэдэнд оноогдсон огторгуйн тавилан.
Эртний грек, ромын домогт өгүүлснээр, нарны бурхан Аполло нь галт морин тэргээрээ дэлхийг хэдэнтээ тойрч, нүд гялбам хурц гэрлээрээ тэнгэр эрхсийг гийгүүлэн гэрэлтдэг ажээ.
Нарны тухай хэдэн баримт:
- Нарны туяа дэлхий дээр тусахад 8 минут зарцуулагддаг.
- Нарны гадарга дээр 5600°C байдаг бол төвд нь 15.000.000°C хүрдэг.
- Нарны дотор 1.000.000 дэлхий багтана.
Охины орд
- Бэлгэдэл: Оюун ухаан, харилцаа холбоо, хэл соёл, учир шалтгааныг илэрхийлдэг.
- Уриа: “Би бодож байна”
- Давуу тал: Өөрийгөө илэрхийлэх чадвартай
- Дутагдалтай тал: Тэвчээргүй
Охин, ихрийн орд нэг гаргийн нөлөөнд оршдог. Тэдгээрийг эрхшээгч Буд гаргийг хурдан хөлт элч гэж нэрлэдэг бөгөөд домогт өгүүлснээр, Буд нь бурхдын гаргасан ямар ч шийдвэр, зарлигийг чадварлагаар хэрэгжүүлж, гүйцэтгэдэг элч ажээ.
Эрхшээгч гаргийнхаа нөлөөгөөр охины ордынхон нэгэн зэрэг олон ажил амжуулах чадвартай, нямбай хандлагатай хүмүүс байдаг. Аливаад амархан дасан зохицдог, өөрийгөө маш сайн илэрхийлж тодорхой ойлгуулдаг нь Буд гаргийн нөлөө юм.
Охины ордынхон логик сэтгэлгээ сайтай, төлөвлөгч, асуудал шийдэгч ба ордуудаас хамгийн хариуцлагатай нь гэдэг. Хэнтэй хэрхэн харьцахаа мэддэг. Үг, үйлдлийн аль алинаар нь санаагаа илэрхийлж чаддаг. Үгээр илэрхийлэхдээ зөвхөн зөв үгийг сонгодог.
Буд гаргийн тухай хэдэн баримт:
- Буд гараг наранд хамгийн ойр оршдог, нарны аймгийн хамгийн жижиг гараг.
- Хятад, солонгос, япон болон вьетнамын домгуудад Буд гаргийг усан од гэж нэрлэдэг.
- Нэг өдөр нь дэлхийн 176 өдөртэй тэнцэнэ.
Жинлүүрийн орд
- Бэлгэдэл: Гоо үзэсгэлэн, хайр, урлаг, эе эвийг илэрхийлдэг.
- Уриа: “Би хайрлана”
- Давуу тал: Хайрлаж чаддаг
- Дутагдалтай тал: Биеийн амрыг хардаг, амархан бууж өгдөг
Жинлүүр, үхрийн ордыг нэг гараг эрхшээдэг нь Сугар гараг юм. Гаргийг өөрөөр «Үүрийн цолмон», «Үдшийн гялаан», «Цолмон» ч гэж нэрлэдэг. Цолмон гараг нь урлаг, гоо зүйн мэдрэмж, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг. Жинлүүрийн ордынхны тансаг чамин байдалд дуртай, дурламтгай чанарын илэрхийлэл болдог.
Жинлүүрийн ордынхон дизайны мэдрэмжтэй, үнэнч нөхөрлөлийг эрхэмлэдэг, хамтран ажиллах чадвар сайтай, харизм сайтай. Бусдыг ойлгож, хэрхэн урам зориг өгөхөө мэддэг, хүмүүст хамгийн шилдэг нь байхад тусалж чаддаг.
Жинлүүрийн ордынхны амьдралд эрхшээгч гаргийнх нь нөлөөгөөр учрах томоохон сорилт нь мөнгө, хайрыг тэнцвэртэй авч явах явдал байдаг.
Домогт өгүүлснээр, Санчир гараг эцэг Тэнгэрийн вангаа хөнөөх үеэр цацарсан цус нь далайд нэвчин, түүнийг жирэмслүүлж улмаар Цолмонг төрүүлсэн гэж үздэг ажээ.
Сугар гаргийн тухай хэдэн баримт:
- Сугар гаргийн нэг жил 225 хоног байдаг.
- Тэнхлэг нь олонх гаргийнхаа эсрэг эргэдэг.
- Гадаргын температур нь 471°C хүрдэг.
Хилэнцийн орд
- Бэлгэдэл: Өөрчлөлт шинэчлэлт, сэргэн мандалт, сүр хүчийг илэрхийлдэг.
- Уриа: “Би дэмжинэ, боломж олгоно”
- Давуу тал: Өөрчлөгдөж шинэчлэгдэж чаддаг
- Дутагдалтай тал: Юмыг амархан гуйвуулдаг
Хилэнцийн орд бол маш онцгой. Энэ ордод төрсөн хүмүүсийг нэг биш, хоёр гараг эрхшээдгийн нэг нь Ангараг, нөгөө нь Дэлхийн ван.
Ангараг гараг эрч хүч, хүсэл тэмүүлэл өгнө. Түүний нөлөөгөөр хилэнцийнхэн хэнээс ч юунаас ч айдаггүй, өрсөлдөөн тэднийг хөглөдөг. Харин Дэлхийн ван нь эхлэл, төгсгөлийн бэлгэдэл болдог. Хилэнцийн ордынхон ихэвчлэн нууцлаг байдаг нь эрхшээгч гаргийнх нь нөлөөлөл байдаг.
Тэд далд ертөнцтэй холбогдож чаддаг, хүнийг ойлгодог, өндөр амбицтай. Өөрийгөө сүйрэлд хүргэх ч зан чанар тэдэнд бий. Зөв зорилгод тэмүүлсэн цагтаа хүчирхэг, хамгийн сайнаараа урагшилдаг. Хэн ч тэднийг зогсоож хүчрэхгүй. Өөртөө л итгээрэй.
Домогт өгүүлснээр, грекийн гурван бурхан – Бархасбадь, Далайн ван, Дэлхийн ван – хэн нь газар дэлхий, далай тэнгис, газар доорх ертөнцийг удирдах вэ гэдгээ шоджээ. Үр дүнд нь Дэлхийн ван газар доорх ертөнцийг захирах болсон түүхтэй гэнэ.
Дэлхийн ван гаргийн тухай хэдэн баримт:
- Дэлхийн ван нарыг 250 жилд нэг тойрдог, нэг одны ордод 13 – 32 жил байршдаг.
- Гаргийг 1930 онд нээн илрүүлсэн бөгөөд нэрийг нь 11 настай охин өгсөн түүхтэй.
- Дэлхийн ван гаргийн гадаргуугаас зүрх харж болох ба энэ нь 1600 орчим км үргэлжилдэг.
Нумын орд
- Бэлгэдэл: Аз хийморь, хөгжил дэвшил, өөдрөг үзэл, ойлгох чадварыг илэрхийлдэг.
- Уриа: “Би өсөж хөгжинө”
- Давуу тал: Эелдэг, сайхан сэтгэлтэй, найрсаг
- Дутагдалтай тал: Биеэ тоосон, өөрийгөө магтдаг
Нумынхан амьдралд дурлагч, жаргал цэнгэлийн бурхан Бархасбадь гаргийн нөлөөнд оршдог. Эрхшээгч гаргийнхаа нөлөөгөөр, үргэлж хамгийн шилдэг нь байхыг хүсдэг, аялах дуртай, адал явдал хайдаг, өөрийгөө хөгжүүлж өсөж хөгжихийг тэмүүлдэг.
Энэ гаргийн ивээлд орших нь тэднийг бусдаас илүү азтайг илэрхийлнэ. Учир нь гаргийн нөлөөлөл тэдэнд хязгааргүй боломж, сайн тавиланг авчирдаг. Боломжийг алдалгүй ашиглаж, одоо цагтаа амьдардаг.
Нумын ордынхон эерэг энергиэ бусдад түгээдэг. Төрөлхийн өөдрөг хандлага нь тиймхэн өдрүүдээс хамгаалж, бусдад нөлөөлдөг.
Домогт өгүүлснээр, Бархасбадийг эртний ромд «Jupiter Optimus Maximus» гэж нэрлэдэг байсан нь агуу агаад хүчирхэг гэсэн утгатай юм байна.
Бархасбадь гаргийн тухай хэдэн баримт:
- Нарны аймгийн хамгийн том гараг, дэлхийгээс 300 дахин том хэмжээтэй.
- Нарыг 12 жилд нэг тойрдог бөгөөд гараг дээрх нэг өдөр 9 цаг 50 мин үргэлжилдэг.
- Гараг 16 сартай, гадаргын температур нь 1871°C хүрдэг.
Матрын орд
- Бэлгэдэл: Үүрэг хариуцлага, эмх цэгц, амбиц, амжилт бүтээлийг илэрхийлдэг.
- Уриа: “Би олж авна, хүрнэ”
- Давуу тал: Зохион байгуулалттай
- Дутагдалтай тал: Хувиа хичээдэг
Матрын ордынхон чанга хатуу, захирангуй Санчир гаргийн нөлөөнд оршино. Грекийн домогт түүнийг «Cronus» гэж нэрлэдэг бөгөөд энэ нь цаг хугацааны эцэг гэсэн утгатай. Тэрээр эцэг Тэнгэрийн вангийнхаа харгислалыг таслан зогсоохын тулд амийг нь хороосон түүхтэй.
Эрхшээгч гаргийнх нь нэгэн адил матрын ордыг бүх ордын эцэг гэж үздэг. Энэ ч утгаараа матрын ордынхон эцэг, эх мэт хүндлүүлэхийг хүсдэг.
Санчир гараг нь үүрэг хариуцлага, шаргуу хөдөлмөр, зарчмын бэлгэдэл болдог. Матрын ордынхон хэрхэн ажиллахаа мэддэг, хатуу ч тоглодог. Аливаад зоригтой хандаж, амьдралаас үнэнийг олж хардаг. Ямар ч бэрхшээлийг даван туулах чадвартай. Тэдэнд супер хүч, чадвар заяагдсан нь нэг талаар өсөж хөгжихийн төлөө төрснийг, харин нөгөө талаар бусдад урам зориг өгч, үлгэр жишээ амьдрахыг сануулдаг.
Санчир гаргийн тухай хэдэн баримт:
- Санчир гараг дээрх нэг өдөр 10 цаг 14 минут үргэлжилдэг.
- Бүслүүр нь мөс болон чулуунаас бүтсэн цагаригийн тогтолцоог үүсгэдэг бөгөөд нарны аймгийн хамгийн том цагаригтай гараг. Цагариг нь 120.700 км үргэлжилдэг.
- Санчир гарагт 150 орчим сар бий.
Хумхын орд
- Бэлгэдэл: Өвөрмөц байдал, өөрчлөлт шинэчлэлт, анхдагч шалтгааныг илэрхийлдэг.
- Уриа: “Би хувьсаж өөрчлөгдөнө”
- Давуу тал: Өөрийнхөөрөө байж чаддаг
- Дутагдалтай тал: Хэтэрхий өөрийнхөөрөө зүтгэдэг
Хумхын ордынхон тааварлашгүй эрч хүч, сэтгэл хөдлөл, үймээн самууны эзэн хэмээгддэг Тэнгэрийн ван гаргийн нөлөөнд оршдог. (Уламжлалт зурхайд түүнийг Санчир, орчин үеийн зурхайд Тэнгэрийн ван гараг эрхшээдэг гэж үзнэ)
Эрхшээгч гаргийнхаа нөлөөгөөр хумхын ордынхон аливаад анхдагч, шинэ нээлт, өөрчлөлтийн түүчээ нь байж чаддаг. Биеэ даасан, өөртөө итгэлтэй, шаргуу хандлагатай. Өөрийгөө бусдаас өөр гэдгийг мэддэг. Аливааг сайжруулахыг, шинэчлэхийг зорьдог. Тэдэнд хэний ч санаанд орж ирээгүй шинэ санал, шийдэл байдаг. Бүгдийг сөрөн зогсож шинийг, өөрийг бидэнд заадаг, таниулдаг, ойлгуулдаг. Хэний ч харж чадаагүйг хумхын ордынхон түрүүлж олж хардаг, хийдэг.
Домогт өгүүлснээр, Тэнгэрийн ван гараг өмнө нь Тэнгэрийн бурхан байсан бөгөөд Газар дэлхийн бурхан Gaia – тай эр эм бололцож, үр хүүхэдтэй болсон ч тэднийгээ үзэн яддаг байжээ. Улмаар нэгийг нь дэлхий дээр хорьсон гэнэ. Үүнийг нь эсэргүүцэж Gaia хадуур хийн, хүүхдүүдээсээ эцгээ хөнөөхийг хүссэн байна. Түүний хүсэлтийг хамгийн бага нь болох Санчир ёсоор болгож, эцгээ хөнөөсөн түүх бий. Ингэж тэнгэр газар хоёр салсан гэдэг.
Тэнгэрийн ван гаргийн тухай хэдэн баримт:
- Гаргийг 1781 онд нээн илрүүлсэн бөгөөд хүн төрөлхтөн гаргийг судлахаар нэг л сансрын станцыг хөөргөж байжээ.
- Нэрийг нь эртний Грекийн бурхан Ouranos – аас санаа авч Uranus гэж нэрлэсэн.
- Нарны аймгийн хамгийн хүйтэн гараг, агаарын температур нь багадаа л – 224°C байдаг.
Загасны орд
- Бэлгэдэл: Хүсэл мөрөөдөл, зөн совин, уран сэтгэмж, нууцлаг байдлыг илэрхийлдэг.
- Уриа: “Би мөрөөддөг”
- Давуу тал: Идеалист үзэлтэй
- Дутагдалтай тал: Яах гээд байгаа нь мэдэгддэггүй
Загасны ордынхон эртний ромчуудын далай тэнгисийн хаан хэмээн өргөмжилж ирсэн Далайн ван гаргийн нөлөөнд оршдог. (Уламжлалт зурхайд түүнийг Бархасбадь, орчин үеийн зурхайд Далайн ван гараг эрхшээдэг гэж үзнэ)
Домогт өгүүлснээр Бархасбадь, Дэлхийн ван хоёр Далайн вантай уулзсаныхаа дараа орчлон ертөнцийг газар дэлхий, далай тэнгис, газар доорх ертөнц гэж гурав хуваажээ. Тиймээс Далайн ван нь далай тэнгисийг захирна.
Загасны ордынхны сэтгэл эрхшээгч гаргийнхаа нөлөөгөөр тэнгэр мэт уудам, далай мэт гүн юм. Хэрвээ зөн совиндоо итгэж чадвал, зөн совин нь явах зөв замыг нь хэлж өгдөг.
Загасны ордыг эрхшээгч Далайн ван гараг тэдэнд төрөлхийн аз, амжилт, боломжийг авчирдаг, харин Бархасбадь нь зөн мэдрэмжээ хөгжүүлэхэд нь нөлөөлдөг гэдэг. Загасны ордынхон бусдыг ойлгох маш хүчирхэг мэдрэмжтэй. Сэтгэл дэх урлагаа нээн илэрхийлж гаргах хэрэгтэй.
Зарим загасны ордынхон үйлдэл ч хийхгүйгээр эргэлзээ, айдсаа өмнөө тавьж, асуудлаас зугтаахыг боддог. Үүнтэйгээ тэмцэх чадварыг Далайн ван гаргийн нөлөөлөл тэдэнд өгнө.
Далайн ван гаргийн тухай хэдэн баримт:
- Нэг жил нь дэлхийн 165 жилтэй тэнцэнэ.
- Нарны аймгийн гаргуудаас хамгийн хүчтэй шуурга дэгддэг гараг бөгөөд хурд нь цагт 2100 км хүрдэг.
- Далайн ван, Тэнгэрийн ван гараг дээр очир эрдэнээр бороо ордог.