Өмнөд солонгост хэн нэгэнтэй танилцах үед чамаас Та ямар бүлгийн цустай вэ? гэж асуух магадлал маш өндөр байдаг. Яагаад гэвэл цусны бүлгээр нь хүний зан чанарыг тодорхойлох уламжлал өмнөд солонгосын соёлын нэг хэсэг болоод 100 гаруй жил болж байна.
Түүхийг нь сөхвөл хүний хувийн онцлог шинж чанар цусаар дамжин удамшдаг гэсэн санааг анх эртний грекийн гүн ухаанч Аристотель (МЭӨ 384 ~ 322) гаргаж байжээ.
Харин хүн амыг цусны төрлөөр нь ангилах анхны алхам 1910-аад оны тэртээ германд хийгдэж, цусны бүлгүүдийг судалж байсан юм байна. Энэ санааг японы академич нар хөгжүүлж, өөр хоорондоо ялгаатай цусны бүлэг нь тухайн хүний зан чанартай хэрхэн холбогддог вэ? гэдэг онолыг анх боловсруулсан түүхтэй ажээ.
Ингээд цусны бүлгээр шинжих зурхай японоос азийн бусад оронд, ялангуяа Өмнөд Солонгос, Тайваньд хамгийн түгээмэл тархсан байдаг ажээ.
Өдгөө өмнөд солонгост цусны бүлгээр шинжих онолыг телевизийн нэвтрүүлэг, кино, дуунд хүртэл тусгах нь түгээмэл байдаг. Гэвч нэг хэсэг нь үүнийг шинжлэх ухаанаар нотлогдоогүй мухар сүсгийн шинж чанартай ойлголт ч гэж үздэг.
2004 оны судалгаагаар өмнөд солонгосчуудын 75% нь энэ онолд итгэдэг гэсэн үр дүн гарч байжээ. Та ч гэсэн цусны бүлгээсээ хамаарч, ямар зан чанартай байдаг вэ? гэдгээ мэдмээр байна уу?
Цусны үндсэн дөрвөн бүлэг байдаг ~ I (O), II (A), III (B), IV (AB). Эдгээрийг дотор нь эерэг, сөрөг гэж ангилж, нийт найман цусны бүлэгт хуваадаг. Гэхдээ цусны бүлгээр нь хувь хүний онцлогийг тодорхойлохдоо зөвхөн анхдагч цусны бүлгийг нь авч үздэг байна.
I бүлэг (O)
Энэ төрлийн цусны бүлэг солонгост маш алдартай. Тэд төрөлхийн дайчин, манлайлагч төдийгүй өөдрөг хандлагатай, үнэнч шударга, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Өөрсдөдөө болон эргэн тойрныхоо хүмүүст өндөр шаардлага тавьдаг, өөрөө ч шалгууртаа тэнцэхээр тасралтгүй суралцаж байдаг.
Хэлэх үг, хийх үйлдэлдээ үнэнч ханддагаас гадна худалч, урвагч хүмүүсийг үл тоомсорлон, шударга ёсны төлөө үргэлж тэмцэж, хэн нэгний буруу үйлдлийг илчлэхээс зүрхшээдэггүй. Бусад цусны бүлгүүдээс ялгаатай нь стрессийг сайн даван туулдаг, зоригтой алхам хийх хандлагатай.
Өмнөө том зорилго тавьдаг ба эцсийг нь хүртэл зүтгэдэг. Биеэ даасан, чөлөөт байдалд дуртай. Амьдралынх нь уриа нь тэмцэх ба хэзээ ч шантарч, бууж өгөхгүй байх явдал байдаг. Ихэвчлэн шаргуу хөдөлмөрлөдөг, хариуцлагатай хүмүүс байдаг болохоор тэдэнд хэзээд найдаж болно.
Бардам, хэн нэгэнд захирагдах дургүй. Бусдаас тусламж авахыг ч хүсдэггүй, мэдлэг, боловсрол, зөн совиндоо итгэдэг. Сэтгэл хөдлөл ихтэй болохоор тоглоом хийхдээ мэдрэмжтэй харьцвал дээр гэдэг. Ярихаасаа илүү бодит, тодорхой алхам хийхийг чухалчилдаг өндөр амбицтай хүмүүс байдаг.
Давуу тал
Хүнтэй амархан нөхөрлөдөг, спортоор хичээллэвэл амжилт гаргадаг. Дэндүү цайлган болохоор өөрт нь хандсан хүмүүст ямагт тусалж, дэмжихийг хичээдэг. Шулуун шударга занг эрхэмлэдэг ч үүнээсээ болж олон дайсантай байдаг. Өөртөө итгэлтэй, хийж байгаа зүйлдээ хүсэл тэмүүлэлтэй, сэтгэлээсээ ханддаг. Аливаа зүйлийн эвийг амархан олдог, найз нөхдөөр ямагт хүрээлүүлдэг. Гэвч өөртөө үнэнч цөөн хэдхэн нөхөдтэй байхыг илүүд үздэг. Хүнийг нэвт шувт таньдаг, сэтгэлийг нь хэрхэн нээхээ сайн мэддэг.
Дутагдалтай тал
Үнэнч шударга, илэн далангүй хандлага нь заримдаа хүмүүст доромжлол мэт эсвэл биеэ тоосон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг, өөртөө итгэлтэй байдал нь ч гэсэн бардамнал мэт санагддаг. Тэдэнд уучлалт гуйна гэдэг амаргүй сорилт, хэн нэгэн хуурвал маш их хилэгнэдэг. Бусдын дутагдлыг илэн далангүй хэлчихдэг дутагдалтай. Шинэ бүхэнд дасан зохицоход нь хугацаа хэрэгтэй, шүүмжлэлд тун ч дургүй. Хүнд тийм ч амархан итгэдэггүй. Хааяа зөрүүд зан нь хөдөлдөг.
Өвөрмөц шинж чанар
Хоол байхад л сөрөг санаа бодол нь хормын төдийд замхардаг. Судалгаагаар, солонгост I бүлгийн цустай хүмүүстэй хамтарч ажиллах, тэднийг CEO-гоо болгох хүсэлтэй хүмүүс маш олон байдаг.
Зохицол
II бүлгийн цустай хүмүүстэй хамгийн сайн, дараа нь III бүлгийн цустай хүмүүстэй сайн зохицно. Харин IV бүлгийн цустай хүмүүстэй хамгийн таарамжгүй байдаг.
II бүлэг (A)
Энэ төрлийн цусны бүлэгтэй хүмүүс үргэлж аливааг урьдчилан төлөвлөдөг, төлөвлөгөөнийхөө дагуу амьдрах сонирхолтой хүмүүс байдаг. Өөрчлөлт хийх дургүй гэдэг утгаараа хуучинсаг үзэлтэй, мэдрэмжээ тодорхой нээж илэрхийлдэггүй болохоор нууцлагдмал, дотогшоогоо хандлагатай байдаг.
Бүтээлч сэтгэлгээтэй, төгс төгөлдөр рүү тэмүүлдэг учраас нарийн ширийн зүйлсийг маш сайн анхаардаг. Бусдын санаа бодлыг сонсож чаддаг, дүн шинжилгээ хийх дуртай, гүйцэтгэл ч сайтай. Тайван, тав тухтай орчинд дуртай ч өөрөө ганцаардлаас айдаг. Халамжтай, цаг сайн баримталдаг, тэвчээртэй.
Найз нөхдөөрөө хүрээлүүлэх дуртай төдийгүй итгэж болох хүндээ үнэхээр үнэнч ханддаг. Дурлаж хайрласан хүндээ ч насан туршдаа үнэнч! Харилцаанд хүлээцтэй хандаж, сонголтоо ч маш хашир хийдэг. Гэм нь ямар нэг асуудал сэтгэлийг нь зовоосон хэнд ч хэлэхгүй, дотроо удаан тээж явах хандлагатай.
Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл II бүлгийн цустай хүмүүсийн стрессийг өдөөдөг кортизол дааврын түвшин өндөр байдаг. Энэ ч утгаараа сэтгэл амархан түгшдэг, үл ялих зовлонт үйлийн эмгэг OCD үүсэх хандлагатай. Ер нь аливааг эмх цэгцтэй хийхийг илүү үздэг, дүрэм журам, хэм хэмжээг баримталдаг.
Давуу тал
Үнэхээр үнэнч, бүтээлч хүмүүс байдаг. Тэдэнтэй танилцаж ярилцсаныхаа дараа л ямар найрсаг хүн бэ? гэдгийг нь мэдэх болно. Бүхэнд сэтгэлээсээ ханддаг, эргэн тойрны хүмүүсээ гонсойлгох дургүй. Ямар нэг ажил даалгавал 100% чанартай гүйцэтгэдэг. Бүхнийг зөв, хичээнгүй, болгоомжтой хийдэг. Эв нэгдэл, эмх цэгц, амар амгаланг эрэлхийлдэг. Хүний итгэлийг сайн даадаг, хөдөлмөрч, хариуцлагатай. Хэн бүхний найдвартай нөхөр, хамтрагч! Найзыгаа сонсож, хэрэгтэй үед нь зөвлөж, дэмжиж, тусалж чадна.
Дутагдалтай тал
Хэтэрхий мэдрэмтгий, зориггүй, нэлээд хаалттай зан чанартай. Аливааг амархан хүндрүүлдэг, үүнээсээ болж шархалж үлдэх хандлагатай байдаг. Заримдаа шаардлагагүй асуудалд хэтэрхий санаа зовдог, ямар нэг зүйл төлөвлөснөөр болоогүйгээс эсвэл ачаалалтай үедээ уцаартай болчихдог. Уцаарлахаараа ширүүн зан гаргачихдаг, удаан хөдөлгөөнтэй, хэт өөрийнхөөрөө зүтгэдэг. Бие, сэтгэлээ бүрэн амрааж чаддаггүй. Тиймээс хариуцуулсан үүрэг даалгаврыг ямар ч амралтгүй, шөнө ч унтахгүй хийж дуусгах гэдэг.
Өвөрмөц шинж чанар
Сонирхолтой нь тэднийг архи даахдаа муу гэдэг. Бусад цусны бүлэгтэй хүмүүсээс илүү эрүүл хооллодог, ихэнх нь веган хоолны дэглэм баримталдаг.
Зохицол
I бүлгийн цустай хүмүүстэй хамгийн сайн, дараа нь II бүлгийн цустай хүмүүстэй сайн зохицно. Харин III бүлгийн цустай хүмүүстэй хамгийн таарамжгүй байдаг.
III бүлэг (B)
Энэ ангиллын цусны бүлэгтэй хүмүүс амьдралаас бүрэн дүүрэн таашаал авах дуртай, аливааг өөрийнхөөрөө хийхийг илүүд үздэг болохоор тушаал, зааварчилгаа дагах сонирхолгүй байдаг. Хурдан шийдвэр гаргадаг, бие даасан зан чанартай учир хүмүүс өөрийг нь юу гэж бодохыг тоодоггүй.
Чөлөөт сэтгэлгээтэй, олонхоо дагахаас илүү өөрийн гэсэн дүрэм журамтай. Бусдын нөлөөнд авталгүй хэлье гэснээ шударга хэлчихдэг. Үндэслэлээс илүү сэтгэл хөдлөл, мэдрэмждээ үндэслэн хариу алхам хийдэг. Хариуцлагатай, амласан амлалтаа биелүүлдэг. Хүн хоорондын харилцаанд нээлттэй ханддаг.
Угийн сониуч зантай болохоор эргэн тойрноо судалж, шинэ адал явдалд гарахыг үргэлж хичээдэг. Хүсэл тэмүүллээ дагаж, эрсдэлд орохоос айдаггүй ч өөртөө 100% таалагдсан ажлыг л бүтээхийн төлөө ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг. Дургүй ажлаа харин хэчнээн боломж байсан ч хийдэггүй.
Илэн далангүй, яриа хөөрөө сайтай – энэ байдлаараа бусдыг өөртөө татаж чаддаг. Тэдэнтэй ний нуугүй ярилцаж, нөхцөл байдлаа ойлгуулж чадвал санаанд оромгүй өгөөмөр зан гаргана. Өр зөөлөн сэтгэлтэй ч эрх дураараа зангаасаа болж бусдыг гомдоодог. Заримдаа ганцаардмал, ганцаараа байхыг хүсдэг.
Давуу тал
III бүлгийн цустай хүмүүс зорилгодоо үнэнч, халамжтай, шударга хүмүүс байдаг. Өөдрөг хандлагатай, амьтанд хайртай. Эв нэгдлийг эрхэмлэдэг, нийтэч чанарынхаа ачаар хүнтэй амархан нөхөрлөдөг ба ярих дуртай. Хэн нэгний үзэл бодлыг дуртайяа сонсдог, зөвлөдөг. Дурлавал бүх сэтгэл зүрхээрээ дурладаг ба энэ нь насан туршийн сэтгэл байдаг. Бүтээлч сэтгэлгээтэй, авьяаслаг, ажил хэрэгч болохоор ямар ч салбарт зүтгэсэн чадвараа харуулж, ямар ч хамт олон, нийгэмд уусан амьдарч чадна.
Дутагдалтай тал
Хувиа хичээсэн, шаардлага өндөртэй, шаардангуй. Бодлогогүй, тэвчээргүй бөгөөд нэлээд ааштай, бардам зантай. Хүсэлд нь нийцээгүй л бол юугаа ч хөдөлгөхгүй, амархан мартдаг, үл тоодог. Хэр баргийн хүмүүст итгэдэггүй, зөвхөн өөрөө өөртөө үнэнч гэсэн сэтгэлгээтэй. Бусдын дэргэд бүтэлгүйтэх дургүй ч заримдаа өөрийнхөөрөө байж чаддаггүйгээсээ болж бусдыг аялдан дагадаг. Өлссөн үедээ сэтгэл санаа нь байнга өөрчлөгддөг. Сониуч зантай болохоор эцэстээ эргэж буцсан олон гэнэтийн шийдвэр гаргадаг.
Өвөрмөц шинж чанар
III бүлгийн цустай хүмүүс ихэвчлэн дархлаа сайтай байдаг гэдэг. Ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүнийг маш сайн шингээж чаддаг.
Зохицол
IV бүлгийн цустай хүмүүстэй хамгийн сайн, дараа нь I бүлгийн цустай хүмүүстэй сайн зохицно. Харин II бүлгийн цустай хүмүүстэй хамгийн таарамжгүй байдаг.
IV бүлэг (AB)
Энэ бол дэлхий дээрх хамгийн ховор цусны бүлэг бөгөөд биологийн хувьд II болон III цусны бүлгүүдийн холимог гэж үздэг. Энэ ангилалд багтах хүмүүс орчноосоо хамаарч амархан хувьсан өөрчлөгдөж чаддаг нь тэднийг хоёрдмол зан чанартай, тэдэнд итгэхэд хэцүү гэж дүгнэхэд хүргэдэг. Гайхалтай талаас нь харвал хоёрдмол зан чанараа амжилттай удирдаж чадсаныг нь суут ухаантан гэдэг.
IV бүлгийн цустай хүмүүс ихэвчлэн урлагт авьяастай, бүтээлч хүмүүс байдаг. Гэсэн хэдий ч өөрсдийн ертөнцдөө л амьдрах хандлагатай, хүн хоорондын харилцаанд үргэлж тодорхой зай барихыг хичээдэг. Олон нөхөдтэй ч биенээ хэзээ ч 100% мэддэггүй. Гэсэн ч тэднийгээ хэзээ ч орхихгүй.
Олон асуудлын учрыг олж чаддаг, ялангуяа эдийн засгийн ухааныг сайн ойлгодог. Тэднийг урьдчилан таамаглах аргагүй гэдэг ч ихэвчлэн ухаалаг хүмүүс байдаг бөгөөд бүхнийг сэтгэл хөдлөлөөс илүү логик сэтгэлгээгээрээ хийж бүтээдэг. Уран сэтгэмж сайтай, бусадтай ярилцахад үргэлж бэлэн байдаг.
Шинэчилгээг хүлээн авахдаа удаан, эцсийн үр дүнг харсны дараа л итгэдэг. Амьдарч байгаа орчноо өөрчлөх дургүй, тайван амгалан, төлөв төвшин. Яаж ч ядарч, шаргуу ажилласан хэнд ч гомдоллодоггүй, хэнд ч ярьдаггүй. Зорьсондоо хүрэх чадвартай, алсын хараатай, халамжтай хүмүүс байдаг.
Давуу тал
Урьдчилан таамаглах аргагүй мэт боловч асуудалд бодитоор ханддаг, оновчтой гаргалгаа олж чаддаг, өөрийгөө хянах чадвар сайтай хүмүүс байдаг. Ерөнхийдөө амьдралыг эерэгээр, аливааг өөдрөгөөр хардаг. Тэдэнд ямар нэг үүрэг даалгавар өгсөн бол санаа зовох шаардлагагүй. Хүний итгэлийг бүрэн дааж чадах хариуцлагатай, ажилдаа хичээнгүй, нямбай ханддаг. Тэдэнтэй гэр бүл болбол хөрөнгө, мөнгө санхүүгээр дутагдахын зовлонг бараг л мэдрэхгүй. Хүнтэй амархан нөхөрлөдөг, насан туршдаа найдвартай.
Дутагдалтай тал
Зөвхөн өөртөө ашигтай зүйлийг л хийх дуртай. Ээдрээтэй нөхцөл байдлаас болж өгвөл зайлсхийх хандлагатай байдаг. Хүмүүс тэднийг шүүмжлэмтгий, эрс шийдэмгий, өршөөлгүй гэж хардаг. Хол хөндий, ичимхий зан чанар нь хүмүүст хүйтэн сэтгэлтэй мэт харагдуулдаг. Ихэвчлэн хувиа хичээсэн, тооцоотой зан гаргадаг нь бат бөх харилцаа ховорхон тогтоосонтой нь холбоотой. Тоглоод байна уу? гэвч байгаа байдал нь л тэр байдаг. Тархиараа биш, сэтгэлээрээ сэтгэ гэж итгүүлэхэд маш хэцүү байх болно.
Өвөрмөц шинж чанар
Бие хаа, царай төрхөөрөө бусад цусны бүлгүүдийнхнээс илэрхий давуу онцлогтой. Учир нь тэдний ихэнх нь эрлийз байдаг гэнэ. Түүнчлэн зүүн хойд азийн орнуудын IV бүлгийн цустай хүмүүсийг бусдаасаа бага боддог гэж үздэг.
Зохицол
IV бүлгийн цустай хүмүүстэй хамгийн сайн, дараа нь III бүлгийн цустай хүмүүстэй сайн зохицно. Харин I бүлгийн цустай хүмүүстэй хамгийн таарамжгүй байдаг.