Ихрийн ордын улирлын зурхай


Нар астрологийн хамгийн идэвхтэй ордуудын нэг ихрийн ордод 2023 оны 5 сарын 21~нээс эхлэн 2023 оны 6 сарын 20~ны өдөр хүртэл байршиж байна. 

Энэ хугацаанд хүн төрөлхтөн ихрийн ордын сэтгэл хөдөлгөм энерги дор өөр өөрийн туршлагыг бүтээнэ. Түүний шинж чанар бидний сэтгэл санаа, хүсэл тэмүүлэл, үйлдэлд онцгой давамгайлах болно.

Өөрийн ордоос үл хамааран өдөр болгон шинэд суралцах адал явдалтай өдөр хоногууд үргэлжилнэ. Ерөнхийдөө, энэ улирал суралцах, шинийг нээх явц байдаг. Шинийг туршиж, шинэ хүмүүстэй ярилцахыг маш их хүснэ. Бага зэрэг хайхрамжгүй хандлагатай болох бөгөөд мессежийг чинь уншчихаад хариу бичихээ мартах нь энүүхэнд байдаг. 

Аливаад амархан дасан зохицдог хувьсах шинж чанартай учраас амьдрал бүхэлдээ өөрчлөгдөж ч магадгүй. Аз болоход, энэ өөрчлөлт нь таатай байх болно. Ингээд ихрийн ордын улирал ордуудын амьдралд ямар ямар өөрчлөлтөөр нөлөөлж болохыг хамтдаа сонирхоцгооё!


Хонины орд

Ердийнхөөс илүү сониуч, яриа хөөрөөтэй болсон мэт санагдаж байна уу? Үхрийн ордын улирал чамаас аливааг нухацтай авч үзэхийг шаардаж байсан бол энэ ордын улиралд шинийг эрэлхийлэх хандлагатай, шинэ туршлага олж авах хүсэл тэмүүлэлтэй болно. Хүмүүст өөрийгөө илүү нээж, чөлөөтэй сэтгэж эхэлнэ. Ихрийн ордын улирал нь хонины ордынхны хувьд маш идэвхтэй цаг байдаг. Ухаан бодол маш хурдтай ажиллах болохоор шинэ мэдлэг, чадварт суралцах сонирхолтой, хэнтэй ч ярилцахдаа дуртай байна. Гэхдээ хэлэх гэснээ хэнд хандаж, хэрхэн хэлэх вэ? гэдэгт мэдрэмжтэй хандах хэрэгтэй.


Үхрийн орд

Амьдрал одоо л дөнгөж эхэлж байна. Яагаад вэ? гэхээр ихрийн ордын улиралд өөрийгөө арай илүү нээх болно. Яамаар байгаа вэ? гэдгээ мэдэж байгаа болохоор хандлагаа ч өөрчилж эхэлнэ. Төлөвлөгөөгөө хэр чанартай, хэдийн % бүтээмжтэй хэрэгжүүлж байгаа вэ? гэдгээ ч дүгнэхэд тохиромжтой цаг, материаллаг хэрэгцээ, санхүүгээ сайжруулахаар шаргуу хөдөлмөрлөх ч цаг. Төсвөө дахин үнэлэх эсвэл шинэ ажлын санал сонсож магадгүй. Болгоомж гэдэг хэнд ч байх эерэг чанар байж болох ч хэтэрвэл хязгаарлалт болдог гэдгийг санаарай. Хэрвээ мөнгийг бүтээж чадаж л байгаа бол хөрөнгө оруулах л хэрэгтэй.


Ихрийн орд

Төрсөн өдрийн мэнд ээ! Хүссэнээ, өөрийнхөөрөө бүтээхээр тэмүүлэхэд чиний ордын улирал шиг сайхан цаг ховор билээ. Энэ үе өөрийгөө хөгжүүлж сайжруулахын зэрэгцээ ирэх жилийн зорилгоо бодох хамгийн тохиромжтой цаг. Амьдралаа хэрхэн өөрчлөхийг хүсэж байна вэ? Энэ бол өөрийнхөө жинхэнэ мөн чанар, үнэ цэнийг мэдэрч, өөрийгөө таньж мэдэх аялал байна. Заавал хаашаа явах ёстой вэ? гэдгээ, эсвэл явж байгаагаа мэдэх шаардлагагүй ч өөрийгөө нээж, шинийг туршиж үзэх нь энэ улирлын онцлог. Болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг 100% өөрчлөх хангалттай боломж бий. Идэвхгүй амьдралаа өөрчилж эхэлье!


Мэлхийн орд

Ихрийн ордын улиралд амьдрал идэвхжиж, хүмүүс яриасаг болж ирдэг ч мэлхийн ордынхонд амарч, нам гүмхэн дотоод сэтгэл рүүгээ хандах цаг байдаг. Өнгөрсөн хугацаанд амьдралаас ямар сургамж авсан бэ?, ямар бүтээмж гаргасан бэ?, өөртөө хэр цаг гаргаж байна вэ? Товчхондоо, өөрийгөө үнэлж дүгнэн, хүсэл мөрөөдлийн тэмдэглэл хөтөлж эхлэхэд тохиромжтой байдаг. Эцэст нь, өөрөө бүтээмжээсээ хамаагүй илүү үнэ цэнтэй нэгэн! гэдгээ, сайхан сэтгэлд нь хязгаар үгүй! гэдгээ санах цаг байна. Энэ улирлыг ашиглан хэдий чинээ сайхан амарна, ордынхоо улирлыг төдий чинээ эрч хүчтэй эхлүүлэх болно.


Арслангийн орд

Энэ бол арслангийн ордынхны хувьд нийгэм, нөхөрлөлийн харилцаа идэвхжих амьдралынх нь идэвхтэй цаг үеүдийн нэг байна. Ихрийн ордын улирал та нарт ирээдүйнхээ талаар эргэцүүлэх, ялангуяа дэлхийг илүү сайхан газар болгоход хэрхэн тусалж болох вэ?, яаж оролцох вэ? гэдэгт тодорхой алхам хийхийг уриална. Хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, хүмүүнлэг болон хувьсгалч чанар сэргэж эхэлнэ. Хэрвээ амьдарч байгаа нийгмийнхээ ямар нэг асуудалд санаа тавьдаг бол энэ нь чам шиг өөр олон хүн байгааг илэрхийлнэ. Тэгэхээр тэдэнтэй нэгдэж, бусдад урам зориг өгч, хэрэгтэй удирдагч нь байгаарай.


Охины орд

Энэ ордын улирал охины ордынхонд маш их дарамт шахалт авчирдаг ч та нар ямар ч сорилтод бэлэн байдаг. Энэ хэдэн долоо хоногт карьер, амьдралынхаа тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ? гэдэгт төвлөрөх шаардлагатай болно. Томоохон төслүүдээ эхлүүлж, цалингаа нэмүүлэхийг хүсэх, карьерт эзлэх өөрийн байр сууриа тодотгох эерэг цаг иржээ. Энэ бол дарга нартайгаа ярилцаж, зөвлөгчөөсөө суралцах сайхан үе! Хэрвээ хичээвэл хэн ч хүлээлтээс давж, боломжгүйг бүтээх чадвартай нэгэн гэдгээ батлан харуулах боломжтой. Гэвч гэр орон, гэр бүлийнхээ амьдралд хүлээсэн үүрэг хариуцлагаа ч гэсэн үүрэх хэрэгтэй.


Жинлүүрийн орд

Ихрийн ордын улирал жинлүүрийн ордынхонд бүрэн дүүрэн амьдарсан шиг амьдрах хүслийг төрүүлдэг. Тэгэхээр энэ хэдэн долоо хоног харах өнцөг, ухаан бодлоо тэлэх цаг байдаг. Хүссэн болгоноо сурч мэдэх, алс хязгаар руу аялах хүсэл тэмүүлэлтэй болдог. Энэ бол аялахад хамгийн тохиромжтой цаг. Хаа ч явсан шинэ нөхөдтэй болно, шинэ туршлага олж авна. Бүхэлд нь харвал, өөрт байгаа бүхнээ мэдэрч, таашааж, хайрлаж, бүтээхийг уриална. Хэрвээ эргээд сургуульд сурах талаар бодож байсан бол үүнийгээ яг энэ үеэр эхлүүлээрэй. Энэ улиралд чамайг энэ мэт олон адал явдал хүлээж байна. Харин чи бэлэн үү?


Хилэнцийн орд

Энэ бол дотогшоо чиглэсэн сэтгэлгээтэй болж, өөрийгөө судлах сонирхолтой болох үе байна. Эрвээхэй далавчаа дэлгэн нисэх хүртэлх хугацаандаа тааварлашгүй бэрхшээлийг даван туулдаг шиг өөрөө нисэх үед ямар мэдрэмж төрдөг бол? гэдгийг мэдэхийн төлөө ямар золиос гаргаж чадах вэ? гэдэгтээ төвлөрөх үе байна. Ихрийн ордын улирал айдастайгаа хэдий чинээ тэмцэнэ, төдий чинээ хүссэн ялалтаа бүтээж амьдарна гэдгийг сануулж байна. Ямар ч тохиолдолд өөртөө эргэлзэх хэрэггүй! Хэрвээ хянаж чадах бүхэндээ анхаарлаа төвлөрүүлж, чадахгүйгээ орхиж сурвал төдий чинээ амар амгаланг мэдэрнэ.


Нумын орд

Нумын ордынхны хувьд энэ улирал харилцаа, хамтын ажиллагаагаа шинэчлэх, хадгалах, бэхжүүлэх үе байдаг. Бусадтай хэрхэн харилцаж байна вэ? гэдэгт анхааралтай хандаарай. Яагаад вэ? гэхээр өдрийн эцэст харилцаа болгон чиний толь болдог. Хэрвээ хэн нэгэнтэй болзож байгаа бол харилцаагаа удахгүй албан ёсных болгоно. Хэрвээ ганц бие бол ердийнхөөсөө илүү хүсэл тэмүүлэлтэй болж, сэтгэл нэгдэх нэгнийг олох болно. Өрсөлдөгчөө ялахаар өөрийгөө харин хэр бэлдэж байна вэ? Хоёр хүнээс сонгох, эсвэл өмнөх хамтрагчтайгаа харилцаа эхлүүлж магадгүй. Эрүүл мэндийн дадлаа ч дахин сэргээнэ.


Матрын орд

Энэ ордын улирал матрын ордынхны хувьд карьер, гэр орон болон дадал зуршлын тэнцвэртэй байдлыг бүтээх үе байдаг. Энэ хэдэн өдөрт хэтэрхий ачаалалтай ажиллаж байгаа ч хангалттай бүтээмжтэй байгаа нь өөртөө талархах шалтгаан болно. Ширээн дээр чинь маш олон төсөл хүлээгдэж байна. Гэхдээ эрүүл мэнддээ эхэлж анхаарвал амьдралын бусад хэсэг ч цэцэглэн хөгжих болно. Тэгэхээр өдрийн тэмдэглэл бичих, бясалгал хийх эсвэл дасгалын шинэ хэв маяг туршиж үзвэл ямар вэ? Ганцаараа хийж чадахгүй байвал дотно хүнээсээ дэмжлэг аваарай. Өдрийн хоолоо ч гэсэн гэртээ хийж авч явах нь тустай.


Хумхын орд

Ихрийн ордын улирал та нарт өдөр болгоныг баяр мэт тэмдэглэн өнгөрөөх сая сая шалтгааныг өгдөг. Амьдрал хэцүү байсан ч амьдрах үнэ цэнтэй гэдгийг энэ үе сануулдаг. Тэгэхээр илүү идэвхтэй, бүтээлч сэтгэлгээтэй, амьдрах хүсэл тэмүүлэлтэй болно. Урлагаар дамжуулан өөрийгөө дахин нээхэд ч түлхэц болдог. Энэ үе дурлалын харилцааг дур булаам болгож, сексийг илүү халуухан болгож, өөртөө итгэх итгэлийг нэмдэг. Тэгэхээр аливааг хэт нухацтай авч үзэх хэрэггүй, үүрэг хариуцлагадаа хүлэгдэх шаардлагагүй. Сонирхол, сониуч хандлагаараа бүтээлч төсөл хэрэгжүүлэхэд тохиромжтой.


Загасны орд

Энэ бол өөрийн дотоод ертөнц болох гэр, гэр бүлийн амьдрал, сэтгэл хөдлөлдөө анхаарлаа төвлөрүүлэх цаг. Хүсэл мөрөөдлийн гэрээ бүтээж, амьдрал зохиох талаар хэтийг харсан бодолтой ч болох үе! Ямарваа асуудал байвал яаралгүй хэлэлцэж шийдээрэй. Ихрийн ордын улирал гэрийнхээ хамгийн сайн гишүүн нь байж, ухаарал, хайрыг түгээх нэгэн байхад нөлөөлдөг. Амьдралын чинь жинхэнэ гэр бүл хэн бэ?, чамайг гэр бүлийнхээ гишүүн гэж үздэг тэдгээр хүмүүсийн итгэлийг хэрхэн дааж явах вэ? гэдэгт төвлөрөх цаг. Хэрвээ гэртээ засвар хийхээр төлөвлөж байгаа бол энэ хэдэн өдөр засварын ажил сайн явагдана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *