Жинлүүрийн ордын улирлын зурхай


Орчлонгийн төв хэмээгдэх наран жинлүүрийн ордод шилжилт хийгээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл энэ үеийн энерги дэлхий дээрх хүн төрөлхтөнд маань хэрхэн нөлөөлж байгаа бол…?

Ямартай ч 10 сарын 22~ныг дуусталх хугацаанд бид бүхэн жинлүүрийн ордын сэтгэл хөдөлгөм энерги дор өөр өөрийн туршлагыг бүтээсээр байх болно. Харин ямар туршлага вэ? гэдгийг үргэлжлүүлэн уншаарай.

Жинлүүрийн ордын улирал нь 2023 оны 9 сарын 23~наас эхэлж, 10 сарын 22~нд нар хилэнцийн ордод шилжилт хийх үеэр өндөрлөнө. 

Энэ улиралд аливааг эерэг, сөрөг аль аль талаас нь эн тэнцүүхэн жинлэж, ямар ч асуудлыг энхийн замаар шийдэхэд суралцах болно. Ордынх нь онцлог ч өөрөө хэрүүл маргаан, зөрчилдөөн, шударга биш явдлыг тэвчдэггүй болохоор амар амгаланг эрэлхийлэх хүсэл хүчтэй илэрдэг. 

Хүн болгон өөрсдийн эсрэг тэсрэг хүсэлтэйгээ тэмцэж амьдардаг ч доторх жинлүүрийнхээ тусламжтайгаар амьдралаа тэнцвэртэйгээр авч явах болно.

Энэ ч утгаараа энэ улиралд эсрэг тэсрэг бодол санааны дотор хэрхэн тэнцвэртэй оршин тогтнох вэ?, хэрхэн эв эеийг олох вэ? гэдэгтээ анхаарч, амьдралынхаа жинхэнэ үнэн мөнийг тодорхойлоорой.

Ингээд хамтдаа жинлүүрийн ордын улирал орд нэг бүрд хэрхэн нөлөөлөхийг сонирхоцгооё!


Хонины орд

Харилцаа гэдэг тухайн хүний хэн гэдгийг илэрхийлдэг маш чухал хэмжүүр байдаг. Жинлүүрийн ордын улиралд өөрөө хүнийг хэр мэдэрч харилцдаг вэ?, харилцаандаа ямар алдаа гаргадаг вэ? гэдгээсээ эхлэн харилцаа амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? гэдгийг өөрөөсөө асуугаарай. Ямартай ч энэ бол өөрийгөө танин мэдэхийг, хэрхэн бүтээхээ илүүтэй эрмэлзэх үе байна. Бусдыг сонсох чадвараа ч сайжруулж, шинэ сонирхолтой болох, шинийг туршиж үзэхэд тохиромжтой. Хэн нэгэн өөр шиг чинь ихийг өгөхгүй байсан ч хүлээх шаардлагагүй, өгч амьдрах нь үнэ цэнтэй. Энэ улиралд аливаад хүлээцтэй ч хандаж сурна.


Үхрийн орд

Жинлүүрийн ордын эрч хүч энэ хэдэн долоо хоногт өөртэйгөө танилцах боломжийг олгох бөгөөд үүнийг өөрөө ч дуртайяа хүлээн авах болно. Тэгснээр энэ нь удаан хугацаанд хүсэж байсан урам зориг, итгэлээ сэргээхэд хүчтэй түлхэц болно. Энэ улирал бүхэлдээ хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм адал явдлаар өрнүүн өнгөрөх ч амьдралын хэмнэл болон дотоод тэнцвэрээ олоход анхаараарай. Иогоор хичээллэх, орчиндоо шинэчлэл хийх, дадал зуршлаа өөрчилж сайжруулах, цэцэгс, урлагаар өөрийгөө хүрээлүүлснээр шинэ сонирхолтой болж, өөрийгөө нээх болно. Тав тухтай бүсээсээ гарснаар итгэлээ шинэ түвшинд хүргэнэ.


Ихрийн орд

Энэ улирал чиний өөртөө итгэх итгэл, өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх ертөнцийг нээх тул энэ хугацаанд ердийнхөөсөө илүү урам зоригтой, нийтэч байна. Шинэ санаа олон төрнө, тэмдэглээд аваарай. Сэтгэл дэх мэдрэмжээ хэрхэн илэрхийлэхийг хүсэж байна вэ? гэдгээ эргэцүүлснээр бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх болон амьдралдаа үнэ цэн авчрах алхамд өөрийгөө нээх болно. Санаачилгатай алхам хийгээгүй цагт ямар ч бүтээмж гарахгүй. Тэгэхээр энэ үеийг бүтээлч чадвараа ашиглаж, өөрийгөө 200% нээн хөгжүүлэхдээ ашиглах нь чухал. Ялангуяа урлагаар дамжуулж өөрийгөө илэрхийлснээр итгэлээ эргэн сэргээнэ.


Мэлхийн орд

Амьдралын хэмнэл бага зэрэг удааширч, сэтгэл санаа тайвшрал эрэлхийлэх хэдэн долоо хоног өнгөрнө. Энэ үе амьдралаа эргэн харахаас эхлэн аливааг эргэцүүлэн бодох, өөртэйгөө цагийг өнгөрөөхийг хичээх улирал болно. Тэнцвэр дотроос ундардаг болохоор дотоод тэнцвэрээ олъё гэвэл гэртээ шинэчлэл хийх хэрэгтэй. Тэгэхээр интерьерээ ч өөрчилж, тавилгаа шинэчлэхээс эхлэн анхилам үнэрт лаагаар орчиндоо шинэлэг өнгө төрх, эерэг энерги нэмэх нь тустай. Дотно хүмүүстэйгээ гэгээн мөчүүдээ хуваалцаж, яавал өөрөө жаргалтай байх вэ? гэдэгт төвлөрөөрэй. Хязгаарлагдмал мэдрэмжгүйгээр хүссэн ертөнцөө бүтээ!


Арслангийн орд

Сэтгэлгээгээ шинэчилж, өөрийнхөө илүү хүчирхэг хувилбарыг бүтээх цаг хугацаа өнгөрнө. Хэрвээ хүний амьдралыг кино гэж харвал бүтээж байгаа киногоо эхнээс нь дүгнээрэй. Урагшлах тусам өнгөрснөө харах хэрэгтэй болдог болохоор туршлагаасаа суралцах цаг иржээ. Шинэ ур чадвар эзэмших, хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр суралцахаас эхлэн өөрийгөө хэрхэн илэрхийлэх вэ?, харилцаандаа ямар алдаа гаргадаг вэ? гэдгээ ч эргэн хараарай. Өөрийгөө ойлгосон цагт хүссэн ямар ч амьдралаа бүтээх боломжтой байдаг ч эрхэмлэдэг хүмүүсгүйгээр чинь амьдрал бүрэн дүүрэн байхгүй болохоор тэдэндээ ч гэсэн анхаараарай.


Охины орд

Өөрийн ур чадвараа судалж хөгжүүлэх, шинэ төсөл эхлүүлэх, сэтгэл дэх зураглалаа бодитоор бүтээх цаг хугацаа хийгээд боломжоо ашиглах үе иржээ. Энэ улиралд хэтийн төлөвөө хүссэнээрээ хэрэгжиж байгааг харах үнэмлэхүй хүсэл тэмүүлэлтэй байна. Гэвч хангалттай хичээж байгаа өөртөө өөрийгөө хайрлах цаг ч гэсэн гаргаарай. Хүссэн амжилтаа бүтээе гэвэл бүхэнд талархаж, сэтгэл ханахаас эхлэх хэрэгтэй. Иогоор хичээллэвэл ямар вэ? Өдөр болгон ширээн дээрээ дуртай цэцгээ тавих нь урам зориг өгнө. Санхүүгийн төлөв эцэстээ сайжрах боловч дараа дахин ижил нөхцөл байдалд ормооргүй байвал хадгалаарай.


Жинлүүрийн орд

Улиралдаа тавтай морил! Энэ улирал өөрийгөө хэрхэн шинээр бүтээх вэ?, хүссэн амьдралынхаа хэдэн % хэрэгжүүлж байгаа вэ?, хаана хүрэхээр тэмүүлнэ вэ? гэдгээ 100% тодорхойлж төлөвлөөрэй. Бодол дахь төсөөллөө бодитоор бүтээснээр амьдралдаа эерэг өөрчлөлт авчирна. Сонгосон амьдрал чинь цаг үргэлж бүтэмжтэй үргэлжлэхгүй болохоор шантрах үедээ урам зориг өгөх эшлэлүүдтэй нөхөрлөөрэй. Сэтгэлдээ харин өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлах боломжийг өгөөрэй. Хүсвэл дотно хүмүүстэйгээ ярилцах нь оновчтой. Өөрийг чинь 100% дэмждэг харилцаандаа түшиглэвэл хүссэн өөрийгөө бүтээнэ.


Хилэнцийн орд

Дараагийн хэдэн долоо хоногийг өөртөө зориулж, хэрхэн амарч, эрч хүчээ сэргээх вэ? гэдэгт төвлөрч өнгөрөөгөөрэй. Дасан зохицох чадвар, ямарвааг шүүмжлэлгүйгээр талархах хандлага дутагдаж байгаагаа мэдэрнэ. Өөртөө цаг гаргаснаар стрессээс өөрийгөө чөлөөлж тайвширна. Хэн баймаар байна вэ? гэдгээс хэрхэх чинь хамаарна. Хүссэнээ хүн өөрөө бүтээдэг болохоор өөрийгөө шинээр урлаж эхлээрэй. Хүссэнээ асуух урлагт ч гэсэн суралцаарай. Эрхэм хүнээсээ сэтгэл асуу, итгэлт нөхдөөсөө халамж асуу, нэгдмэл хамт олноосоо урам асууя. Хүсэл, хэрэгцээгээ хэр мэдэрнэ, хүртэх эрхтэйгээ төдий чинээ олж авна.


Нумын орд

Нөхөрлөлийн харилцаа идэвхжих, төсөөлөөгүй нэгэн түүхийг бүтээх цаг хугацаа өнгөрнө. Энэ улирал яаж ч хичээгээд дэмжлэгийг нь авч чадахгүй гэсэн хүмүүс санаа тавьдаг гэдгээ мэдрүүлнэ. Эсрэгээрээ 100% итгэж явсан хүмүүс урам хугална. Гэвч насаараа нөхөрлөх учиртай хүмүүсийг үргэлж дэргэдээ байгаагаар мэдэрнэ. Одоохондоо зорилгодоо хүрэхээр өөртөө хэтэрхий дарамт өгөх хэрэггүй. Оронд нь одоо цагтаа төвлөрч, хэрхэн үнэ цэнтэй дурсамж бүтээх вэ? гэдэгт анхаараарай. Гэхдээ цаг төлөвлөлтдөө ухаалаг хандах шаардлагатай. Хүлцэх асуудал олонтой ч амархан зохицож чаддаг болохоор санаа зоволтгүй.


Матрын орд

Энэ улирал өөрийгөө анхаарлын төвд орж, өмнөхөөсөө илүү гэрэлтэх боломжийг хүлээн зөвшөөрөх цаг хугацаа болно. Өөрөө өөрийгөө хэрхэн урамшуулахаа мэддэг, өндөр амбицтай, шаргуу хөдөлмөрч нэгэн. Гэвч өөрийнхөө явахыг хүссэн чиглэлдээ явж байна уу? Өөрийгөө ямраар харуулахыг хүсэж байна вэ? гэдгээ өөрөөсөө асуугаарай. Сонирхол төрөхгүй эсвэл харах өнцөгтэйгөө нийцэхгүй гэдэг шалтгаанаар ямарваа шинэ санаачилга, төслийг хүлээж авахаас татгалзах хэрэггүй. Эсрэгээрээ харин ч өөрийгөө сорьсноор мэдлэг, чадвараа тэлэх болно. Бусдыг хүлээцтэй сонсож, үгээ бодолтой сонгоорой.


Хумхын орд

Хэрвээ нэг хэвийн амьдралаа өөрчилж шинэ газар үзэх, шинэ хүмүүстэй танилцаж өөрийнхөө ертөнцийг тэлэхийг хүсвэл энэ улирлаас илүү тохиромжтой цаг ховор байна. Би ямар зорилготой вэ? Би одоо ямар амьдралаар амьдарч байна вэ? Хүссэндээ хүрье гэвэл цаашдаа яах хэрэгтэй вэ? гэдгээ эргэцүүлээрэй. Тэгснээр хүрэх ирээдүй тодорч, амьдралын философи ч өөрчлөгдөнө. Бусдын сургаал, бүтээсэн түүх, амьдралын туршлагаасаа хуваалцсан мэргэн ухаанаас суралцсанаар өөрөөр амьдарч эхэлнэ. Өөртөө унших цаг хэдий чинээ гаргана, төдий чинээ шинэ соёл, шинэ дэлхийг бүтээх хүсэлдээ хүрэх болно.


Загасны орд

Өөрөө ямагт хүний төлөө гэсэн сэтгэлтэй, үргэлж тэднийг өмнөө тавьдаг. Тэгвэл энэ улирал өөртөө 100% анхаарах хэрэгтэйг, итгэдэг хүмүүстээ өөрийгөө нээхийг сануулна. Өөрөө хэний ч асуудлыг 100% шийдэх боломжгүй боловч хамтдаа хөгжиж, хамтдаа бэрхшээлийг даван туулж чадна. Хэн нэгэн эсвэл амьдралд гомдоллох шаардлагагүй. Болохгүй эсвэл бүтэхгүйг өөрийнхөөрөө бүтээхэд л хангалттай. Шаардлагатай ямар ч тохиолдолд үгүй гэж зоригтойгоор хэлээрэй. Шинэ сорилт, шинэ адал явдалд өөрийгөө нээснээр сэтгэлд эдгэрэлт оршиж, бүтээмж нэмэгдэх болно. Санаагаа урлагаар илэрхийлснээр итгэл нэмэгдэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *