Хувь тавилангийн зурхай: Ордууд ямар амьдралыг бүтээхээр төрсөн бэ?


Бид бүхэн өөр өөрийн гэсэн өвөрмөц давтагдашгүй өгөгдөл, онцгой чадвартай төрдөг. Дэлхийн хаана ч амьдардаг байсан амьдралынхаа турш тэрхүү чадвараа зогсолтгүй хөгжүүлж сайжруулсаар байдаг.

Хорвоод сайн эсвэл муу заяа тавилан гэж байдаггүй, эцсийн зорилго нь хүн өгөгдлөө танин мэдэж өөрийгөө хөгжүүлэн, үнэн оршиж бусдад үйлчлэх явдал л байдаг.

Биднийг төрөх үеийн тэнгэр дэх гараг эрхэс, оддын байрлал ямар өгөгдөлтэй нэгэн бэ? гэдгээ мэдэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ яаж амьдрахыг маань заана гэсэн үг биш, эсрэгээрээ чи хэн бэ?, яах гэж амьдрах ёстой вэ? гэдгээ ойлгоход тусалдаг.

Тэгвэл зурхайчид ордуудыг ямар хувь тавилантай төрсөн бэ? гэдгийг дараах байдлаар тодорхойлжээ.


Хонины орд

Хонины ордынхон төрөлхийн өрсөлдөх чадвартай, аливааг хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй хүмүүс байдаг. Дэлхийн дээд амжилтуудыг эвдэх дуртай, боломжтой гэж үзсэн болгондоо өөрийнхөө хязгаарыг сорих хүсэлтэй, ямар ч алхам хийсэн үргэлж нэгдүгээрт эсвэл үргэлж хамгийн шилдэг нь байхыг зорьдог.

Нэгэн хэвийн байдал бол тэдний амьдралаасаа арчихыг хүсдэг хэмнэл байдаг. Энэ ордод төрсөн хүмүүс шинжлэх ухаан, технологи, хэвлэл мэдээлэл гээд ямар ч салбарт ахиц дэвшил гаргах тавилантай.

Ямар ч адал явдалтай учрах байсан хонины ордынхон дараагийн зорилгынхоо төлөө урагшилсаар байдаг. Энэ бол хүн төрөлхтөнд шантралгүй давшсаар байх хэрэгтэй гэдгийг сануулж, тэдэнд тусалж чадах хонины ордынхны цор ганц арга зам төдийгүй хорвоод төрсөн үүрэг хариуцлага нь байдаг.

Хонины орд нь хүний ертөнцөд өөрийгөө илэрхийлэхийн бэлгэдэл болдог бөгөөд энэ ордод төрсөн хүмүүс үргэлж давших хөдөлгөөнд оршиж, байнга идэвхтэй байхдаа аз жаргалтай байдаг.

Амьдралдаа баримталдаг зарчим нь:

  • Би эхлээд өөрийгөө, дараа нь дэлхийг өөрчилж эхэлнэ.
  • Би үргэлж одоогийнхоосоо илүү сайн болох гэсэн хүсэл зоригийг өөртөө хөгжүүлнэ.
  • Би нийгэмдээ эерэгээр нөлөөлж, бүгдийг араасаа дагуулна.
  • Би дайчин болохоор хэнээс ч илүү хүчтэй.
  • Би зүрх сэтгэлийнхээ эхний дуудлагаар л ажиллаж эхэлнэ. Юуг ч дараа гэж хойш тавихгүй.

Үхрийн орд

Үхрийн ордынхон амьдралдаа өөрчлөлт хийхийг эрс эсэргүүцдэг, тав тухтай бүсдээ амьдрахыг илүүд үздэг хүмүүс байдаг. Энэ онцлогоосоо хамаарч амьдралынхаа турш амар амгалан, тайван орчинг бүтээхийг чухалчилдаг.

Энэ ордод төрсөн хүмүүс бусдыг тогтвортой, тайван амьдралаар хангах тавилантай. Хорвоо дээрх хэн ч санаа зовох шалтгаан, сэтгэл түгших айдасгүй орчинд аж төрөөсэй гэж хүсдэг, түүнийг нь хангахыг хичээдэг.

Тэдний энэхүү үүрэг хариуцлага нь хүн төрөлхтний харилцааны үндэс болж өгдөг. Хэрвээ үхрийн ордынхон төрөөгүй байсан бол орчлон дээр бат бөх харилцаа гэж бараг ч байхгүй байх байсан.

Үхрийн орд нь хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, хүч чадлын бэлгэдэл болдог бөгөөд карьер, гэр бүл, санхүүгийн тогтвортой байдал нь тэдэнд аз жаргал мэдрүүлдэг.

Амьдралдаа баримталдаг зарчим нь:

  • Жаргалтай амьдарна гэдэг байгаадаа сэтгэл ханахыг хэлнэ. 
  • Хөдөлмөр гэдэг оюуны хүч юм.
  • Хоёрдугаарт явна гэдэг хүч чадлаа хэмнэж байна гэсэн үг.
  • Амьдрал чамд чиний давж гарч чадах сорилт, бэрхшээлүүдийг өгдөг.
  • Материаллаг сонирхолд хэт автах тусам хүч чадал харина.

Ихрийн орд

Ихрийн ордод төрсөн хүмүүс төрөлхийн хүн төрөлхнийг нэгтгэх чадвартай байдаг. Ихэнхдээ хэнтэй ч сонирхолтой яриа эхлүүлж, хэний ч харцанд инээмсэглэл тодруулж чаддаг.

Бусдын анхаарлыг татдаг өвөрмөц энергийнхээ ачаар хүмүүсийг байнга холбодог. Тэдний энэ амьдралын зорилго нь ч хүмүүсийг нэгтгэх явдал байдаг. Хэчнээн товчхон яриа байсан ч, хаана ч өрнөсөн тэр хүний амьдралд ямар нэг сэтгэгдэл үлдээж чаддаг. 

Бусдад тусалж байж амьдрал нь утга учиртай болдог гэдэгт итгэдэг болохоор хүмүүст сайхан сэтгэлээ зориулахдаа хүн болж төрсөндөө хамгийн сэтгэл хангалуун байдаг.

Ихрийн орд нь нөхөрлөл, мэдээлэл, солилцооны бэлгэдэл болдог бөгөөд хүмүүсийн дунд байхдаа жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг.

Амьдралдаа баримталдаг зарчим нь:

  • Хүн болгон тэнгэр газрыг холбож байдаг.
  • Аливааг хурдан, чанартай гүйцэтгэлтэй хийх хэрэгтэй.
  • Нөхөрлөл гэдэг бол адил үүрэг зорилготой, ижил төстэй үзэл бодолтой хүмүүсийн холбоо юм. Найз нөхөд зовлон жаргалаа адилхан хуваалцдаг.
  • Найз нөхдөдөө үнэнч бус байх нь өөрөө өөрөөсөө урваж байгаа хэрэг.
  • Амьдралд бүх зүйл хоёр талтай. Аль алиныг нь харж би тэнцвэртэй амьдрахыг зорино.

Мэлхийн орд

Мэлхийн ордод төрсөн хүмүүс бусдын зовлонг хуваалцах гэж төрсөн гэдэг. Тэдний хувь тавилан нь хүн төрөлхтөнд хайрыг түгээх явдал байдаг. 

Энэ ордод төрсөн хүмүүс өөрийн болон бусдын мэдрэмжийг маш сайн ойлгодог. Эргэн тойрон дахь хүмүүстээ туслах дуртай. Тэдэнд тус хүргэж чадсан гэдгээ мэдэрснийхээ дараа л баяр баясгалан, сэтгэл ханамжийг авдаг.

Хэрвээ сорилттой үеийг даван туулж яваа бол мэлхийн ордынхон чамайг сэтгэлээсээ сонсож, хэзээ ч дэргэдээс чинь холдохгүй байх болно. Яг үнэндээ, жинхэнэ хайр байдаг гэдгийг харуулахын тулд тэд энэ хорвоод ирсэн мэт.

Мэлхийн орд нь эх оронч үзэл, харилцааны бэлгэдэл болдог бөгөөд хүмүүст багахан ч гэсэн жаргал мэдрүүлж байгаагаа харах нь тэдэнд баяр баясгаланг авчирдаг.

Амьдралдаа баримталдаг зарчим нь:

  • Чи ганцаараа байх газар болгондоо гэрийнхэнтэйгээ байгаа мэт бай.
  • Эцэг эхээ хүндлэн дээдэл.
  • Зүрх сэтгэл амгалан байх нь хаана ч гэсэн гэр оронтой байх боломж олгоно.
  • Үзэн ядалт бол сэтгэл санааны хоосролд хүргэдэг хамгийн хэрэггүй зүйл.
  • Хаа сайгүй амьдар, хайрла!

Арслангийн орд

Арслангийн ордынхон анхаарлын төвд байх дуртай. Төрөлхийн харизм сайтай, хүмүүс өөрийг нь юу гэж бодох бол гэдэгт огтхон ч санаа зовдоггүй, цаг үргэлж шинэ боломж, боловсрол мэдлэгийг эрэлхийлдэг.

Энэ ч утгаараа тэдний хувь тавилан дэлхийг удирдах явдал байна. Бусад хүмүүст хүндлэгдэж байгаагаа мэдрэхээс таашаал авдаг нь яагаад ийм шулуун зорилготой вэ? гэдгийг нь илэрхийлдэг. Товчхондоо гэвэл, энэ ордод төрсөн хүмүүс нийгмээ манлайлахаас өөрийг хүсдэггүй.

Ихэнх хүмүүс ч тэдний нөхөрсөг хандлагаас нь үүдэж ямар ч маргаангүйгээр удирдагч гэдэгтэй санал нэгддэг. Арслан ~ өрөөг орхиход хүмүүс үргэлж ямар нэг үнэт зүйлээ алдсан мэт мэдрэмж авдаг. Тэгэхээр арслангийн ордод төрсөн хүмүүсийг нийгмийнхээ төв цэг нь гэж хэлж болно.

Арслангийн орд нь хайр энэрэл, бүтээлч, сэтгэлгээний бэлгэдэл болдог бөгөөд өөрийгөө хөгжүүлж, бусдаар хүлээн зөвшөөрүүлэхээс гадна үр удмаа үлдээнэ гэдэг амьдралынх нь ариун зорилго байдаг.

Амьдралдаа баримталдаг зарчим нь:

  • Хүн болгон бүтээгч мөн.
  • Уран бүтээл, хайр хоёр зүрх сэтгэлийг хатуужуулна.
  • Өгөөмөр зан гэдэг өөрийгөө удирдах чадвар, зүрх сэтгэлийн мэргэн ухаан.
  • Нар гэдэг хамгийн сайн эмч, харин нарны гэрлээр өөрийгөө эмчилнэ гэдэг нь төгс төгөлдөрт тэмүүлэн амьдрахыг хэлнэ.
  • Уран бүтээл бол шинэлэг шийдлийг хайх арга мөн бөгөөд хаана ч, хэзээ ч хэрэг болдог.

Охины орд

Охины ордод төрсөн хүмүүсийг бусад ордуудтай харьцуулахад аливаад хамгийн зохион байгуулалттай ханддаг нь байдаг.

Ямарваад логик сэтгэлгээгээр ханддаг, итгэж болох найдвартай хүмүүс төдийгүй хүн төрөлхтний ирээдүй тэдний мөрөн дээр байдаг. Энэ ч утгаараа зохион байгуулалт ~ тэдний хувь тавиланг бүтээдэг.

Охины ордынхон аливааг төлөвлөснийхөө дагуу хэрэгжүүлэх дуртай, урагшлахын тулд яах хэрэгтэй вэ? гэдгээ мэддэг. Эмх цэгцгүй байдал олж харвал шуудхан л шаардлагатай сайжруулалтыг хийж эхэлдэг. Эхлүүлсэн ямар ч төслөө сэтгэлдээ 100% нийцтэл хичээнгүй ажилладаг. 

Ямагт төгс төгөлдөр рүү тэмүүлдэг тэдний мөн чанар нь бусад хүмүүст ч гэсэн өөрийгөө бүрэн дайчилж, чадахаасаа илүүг хийж бүтээж амьдрах хүсэл тэмүүллийг өгч байдаг.

Охины орд нь бусдын төлөө амьдрах мөн чанарын бэлгэдэл болдог бөгөөд үүрэг хариуцлага нэгдүгээрт, бусад нь хүлээж байж болно гэж үздэг.

Амьдралдаа баримталдаг зарчим нь:

  • Бүх юм бодлоос эхэлдэг.
  • Бодол санаагаа ариусгавал амьдралын эзэн болох төдийгүй мөрөөдлөөрөө, бодлоороо ирээдүйгээ загварчлах болно.
  • Хүн болгон өөрийнхөө төлөө амьдрахдаа бусдад үйлчилдэг.
  • Буруу алхмаа уучлан мартваас ул мөрийг нь салхи үлээн арилгана.
  • Өөрийгөө болон хорвоо ертөнцийг ойлгоё гэвэл зүрх сэтгэлээ сонсож мэдэр.

Жинлүүрийн орд

Амьдралаа хэрхэн эв найрамдалтай, энх тунх авч явах вэ? гэдэг сэдэв хөндөгдөхөд нэн тэргүүнд жинлүүрийн ордынхон санаанд ордог. Яагаад гэвэл нийгмийн амьдрал харьцангуй тэнцвэртэй байгаа үе тэдэнд ч гэсэн хамгийн тайван цаг байдаг.

Бусадтай хэрхэн зохицож амьдрах вэ? гэсэн асуулттай тулгарахад ч гэсэн жинлүүрийн ордынхон л санаанд ордог. Яагаад гэвэл жинлүүр нь сошиал ертөнцөд тэнцвэрийг авчрагч орд ажээ.

Тэгэхээр энэ ордод төрсөн хүмүүс дэлхий дахинд эрх тэгш, шударга амьдралын үрийг тарихаар энэ хорвоод мэндэлсэн хүмүүс байдаг бөгөөд хүн төрөлхтөнд өөр хоорондоо хэрхэн эв найрамдалтай оршин тогтнох вэ? гэдгийг ухааруулж амьдардаг.

Асуудалд оновчтой хариулт олъё гэвэл шударга байх ёстой гэж үздэг болохоор үргэлж хоёр талыг сонсдог, тодорхой бөгөөд товч харилцааг эрхэмлэдэг. Амьдралын зорилго нь аливааг нэгээс олон өнцгөөс харуулах замаар хүн төрөлхтний сэтгэлгээг чөлөөлөх явдал байна.

Жинлүүрийн орд нь хослон амьдрах мөн чанарын бэлгэдэл болдог бөгөөд хүн хоорондын эв найрамдлыг сэргээхэд нөлөөлөх замаар дэлхийг илүү таатай газар болгохоор ирсэн хүмүүс байдаг.

Амьдралдаа баримталдаг зарчим нь:

  • Бүхнийг бусдын нүдээр харвал өөрийгөө танин мэдэж чадна.
  • Өөртөө байхгүй чанарыг бусдаас олж ав.
  • Алтан дунджийг хайна гэдэг ямар ч нөхцөлд тайван байхыг хэлнэ.
  • Ямар ч ажлыг дуусгаж бай!
  • Зорилгодоо хүрэх замд чинь нэг ч алдаа байх ёсгүй.

Хилэнцийн орд

Хилэнцийн орд оршдог учраас хүн төрөлхтөн хүсэл тэмүүлэл байдаг гэдгийг мартдаггүй. Энэ ордод төрсөн хүмүүс оргилсон хүсэл тэмүүлэлтэй, бодсоноо бодитоор бүтээж харуулдаг, аливаад өөрийгөө 100% зориулж чаддаг тууштай хүмүүс байдаг.

Амьдралын зорилгогүй байхыг тэвчиж чаддаггүй дайчин хандлагатай болохоор нэг зорилго тавьсан бол энэ нь амьдралынх нь утга учир болдог. Амьдрал ямар байж болох вэ? гэдгийг өөрөөрөө үлгэрлэж харуулахаар төрсөн тэднийг зорилгодоо хүрэх зам нь аз жаргалтай болгодог.

Хилэнцийн ордынхон хүн төрөлхтөнд хүсэл тэмүүлэлтэй амьдрах хэрэгтэйг, бүтээж байгаа бүхэндээ зүрх сэтгэлээ шингээж бүхэнд хайраар хандахыг уриалдаг.

Хилэнцийн орд нь хүний хамгийн нууцлаг мэдээллүүдийн бэлгэдэл болдог бөгөөд амьдралынх нь №1 зорилго нь бодитоор бүтээсэн хүслээрээ бусдад итгэл найдвар түгээх явдал байдаг.

Амьдралдаа баримталдаг зарчим нь:

  • Ил тод юм болгонд нууц гэж бий. Жижиг нууцад хүрснээр сэтгэл бүү хана, тэгж чадвал илүү томыг нь олж мэднэ.
  • Оюуны өөрчлөлт хувьсал бол ертөнцийн нууцад хүрэх зам мөр мөн.
  • Элдэв шунал тачаалыг март. Учир нь тэр оюуны хөгжлийн эсрэг зам юм. Цэвэр ариун цэцэн ухааныг цуглуулж сур.
  • Өөрийгөө хэзээ ч битгий буруутга, өөрийгөө болон бусдыг муугаар бүү бод, бүү шүүмжил!
  • Өс хонзонг бүү өвөрлө. Тэгж чадвал харагдахгүй болгоныг ч олж үзнэ.

Нумын орд

Нумын ордынхон биеэ даасан, сониуч зан чанартай бөгөөд амьдралын зорилго нь хүн төрөлхтөнд шинэ сэдвүүдийн талаар мэдлэг олгох замаар хүн төрөлхний хөгжилд хувь нэмрээ оруулах явдал байдаг.

Нэг алхмаа дахин дахин хийхийг тэвчиж чаддаггүй болохоор үргэлж шинэ мэдлэг, шинэ туршлага, шинэ газар орон, шинэ мэдрэмжийг үргэлж хайдаг. Эзэмшсэн мэдлэгээрээ хүмүүсийн харах өнцөгт хүчтэй нөлөөлж амьдардаг.

Ер бусын түүхийг бүтээх хүсэлтэй болохоор дэлхий ертөнцөөр аялж, өөр өөр соёл иргэншил, амьдрах хэв маягт суралцах дуртай.

Нумын орд нь хүний сурах, заах арга чадварын бэлгэдэл болдог бөгөөд нэг зорилгоо тодорхойлчихвол эцсийг нь үзэхээс нааш санаа амардаггүй.

Амьдралдаа баримталдаг зарчим нь:

  • Шинжлэх ухаануудыг нэгтгэх нь ухамсрыг тэлж өгнө.
  • Хүн дэлхийг бүтэн тойрсон цагтаа л түүнийг бүрмөсөн орхиж явна.
  • Дүгнэлт болгоныхоо дараа гурван цэг тавьж бай.
  • Зөвхөн эерэг, сайхан үгийг өгүүлж бай. Тэгвэл бүх зүйл чиний хэлснээр болно. 
  • Өөрийгөө хөгжүүлж үргэлж сониуч, гэхдээ тууштай бай!

Матрын орд

Матрын ордынхон гэр бүлээс ч илүү үнэ цэнтэй нөхөрлөл байдаг гэдгийг хүн төрөлхтөнд мэдрүүлэхээр төрсөн хүмүүс байдаг. Тэдний хувь тавилан хайртай хүмүүстээ хүсэл мөрөөдөлдөө хэрхэн хүрэх вэ? гэдэгт нь туслах явдал байдаг бөгөөд тусалж чадсан гэдгээ мэдэх нь жаргаж амьдрах шалтгаан нь болдог.

Нөхөрлөл гэдэг хүний үндэс угсаа, нас, хүйс, хэл соёл, нийгмийн гарал, шашин шүтлэгээр үл ялгаварлагдах сэтгэлийн харилцаа байдаг гэж үздэг болохоор дэлхийг нэгэн том аз жаргалтай гэр бүл болгохыг хүсдэг.

Матрын орд нь хүний өөрийгөө хязгаарлах, хянах мөн чанарын илэрхийлэл болдог бөгөөд ихэнх нь алдар нэр, хүндлэл, санхүүгийн тогтвортой байдалд хүрэх зорилго тавьдаг.

Амьдралдаа баримталдаг зарчим нь:

  • Эр зориг ~ амьдралын чинь замыг заагч мөн.
  • Шийдвэрийг өөртөө л гаргаж бай.
  • Муухай зан бус, харин хичээл зүтгэл л чамайг амжилтад хөтөлнө.
  • Хүсэл тачаалаа хазаарлаж, зөвийг үйлдэж амьдар.
  • Тайван байж аливаад ухаалаг, өөртөө хяналттай хандаж бай.

Хумхын орд

Хумхын ордод төрсөн хүмүүс хүн төрөлхтний хүнлэг байдлыг сэрээх зорилготойгоор мэндэлсэн байдаг. Бүхэнд сэтгэлээсээ хандаж, бусдад тусалдаг зан чанар нь тэднийг хүрээлэлдээ заавал байлгавал зохих агуу хүмүүс болгодог.

Энэ ордод төрсөн хүмүүс хорвоо ертөнц ямар гайхамшигтай вэ?, амьдрах ямар ховорхон хувь тохиол билээ? гэдгийг хүмүүст бүрэн дүүрэн мэдрүүлж, хүссэнээ бүтээх аялалд нь саад болж байгаа аливаа бэрхшээлийг оновчтой шийдэхэд нь туслах зорилготой.

Хүнийг хүн гэдэг утгаар нь хүлээж авдаг, хүмүүсийн оронд өөрийгөө тавьж боддог болохоор бид бүгд хүн бөгөөд алдаа гаргах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Эрх чөлөө, эрх тэгш амьдрах орчинг хангах хүсэлтэй тэдэнд хүн болгон жаргалтай байвал сэтгэлдээ жаргаж байдаг. 

Хумхын орд нь шинийг сэдэх, сэтгэх мөн чанарын бэлгэдэл болдог бөгөөд дэлхий дээрх бүх хүмүүс бие биеэ хайрлаж амьдраасай гэж хүсдэг. Ямар ч үнээр хамаагүй хүн болгон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэдэг зорилгодоо хүрэхээр хичээж амьдардаг.

Амьдралдаа баримталдаг зарчим нь:

  • Амьдралд тохиолдлын үйл явдал гэж байдаггүй.
  • Уламжлалыг мартвал шинэчлэгч болно.
  • Ямар ч хүнийг ойлгож болно. Хүсвэл хэнтэй ч ойлголцож чадна. Хүн л бол хүн.
  • Харж мэдэрч л чадвал бүх өнгө хоорондоо нийцдэг.
  • Бүхний зүй тогтлыг олох чадвар амьдралыг ойлгох боломжийг олгоно.

Загасны орд

Загасны ордынхон хүнийг хэн ч байсан мэдэрч ойлгох түвшнээрээ бусдаас ялгагддаг. Ямар ч үед хэнийг ч сэтгэл санаагаар дэмжихэд бэлэн байдаг бөгөөд хорвоод бүтээхээр ирсэн тавилан нь дэлхийн бүх зовлон зүдгүүрийг өөртөө авах явдал байдаг.

Өөрөө хэчнээн зовж шаналж байсан ч хамаагүй энэ дэлхийг бусдад тэвчих боломжтой газар болгохын төлөө үүнийг хийхээр сонгогдсон тавилантай хүмүүс гэж хэлж болно. Ийм даалгаврыг биелүүлэхэд маш их хүч чадал шаардагддаг учраас тэднийг хамгийн хэцүү тавилантай төрсөн орд ч гэж үздэг.

Гэвч загас бол энэ дэлхийн хүмүүст материаллаг ертөнцөд хэтэрхий битгий автаач ээ, хүн хүнээ хайрлаж өрөвдөх сэтгэлтэй байцгаая аа! гэдгийг ухааруулах цор ганц орд ажээ.

Загасны орд нь төгс төгөлдөр, ухаалаг байдлын бэлгэдэл болдог бөгөөд амьдралын зорилго нь энх тайван, хайр сэтгэл юм.

Амьдралдаа баримталдаг зарчим нь:

  • Өдөр болгон өөрийгөө сайн тал руу нь өөрчилж, өдөр болгон өөрөөсөө шинэ зүйлийг хайж ол.
  • Аливаа ажил хэргийг хийж эхлэх, амьдралд бодитоор бий болгох цаг үеийг мэдэр.
  • Хүн болгоныг хайрлаж, өрнөх үйл явдлын далд шалтгааныг харж сур.
  • Өдөр болгон өгөгдөх дохио, тэмдгийг хүлээн авч, ойлгохыг хичээ.
  • Амьдралд чиний гүйцэтгэх үүрэг олон. Түүнийгээ ойлгож мэдэрч, хийж хэрэгжүүл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *