Нумын орд дахь Буд гараг ордуудад хэрхэн нөлөөлөх вэ? (2024.XI.02 ~ 2025.I.08)


Мичид түгсэн огторгуйн уудамд хүн төрөлхтний төсөөллөөс хальсан олон сонирхолтой үзэгдэл өрнөж байдаг.

Мөнхийн хөдөлгөөнд оршдог гараг, эрхсүүдийн нэгээс нөгөө рүү хийх шилжилт жил болгон давтагддаг ч дэлхий дээрх амьдралд үзүүлэх нөлөөлөл нь өөр өөр төлөвийг авчирдаг.

Энэ удаа та нартаа 11 сард хийгдэх онцлох шилжилтүүдийн нэг болох Буд гараг нумын ордод байрших үеийн зурхайг хүргэж байна.

Ромын домогт Буд гаргийг «сэтгэл оюуны луужин» гэж үздэг бөгөөд хүн хоорондын харилцаанд нөлөөлөн оршдог эрчим нь хүн төрөлхтөн яаж боддог вэ?, бодсоноо хэрхэн илэрхийлдэг вэ?, хүлээж авсан мэдээллээ хэрхэн боловсруулдаг вэ? гэдгээ эргэн харахад хөтөлдөг.

Тэгвэл түүний нумын ордод хийх шилжилтийн үеэр харилцах хэв маяг ердийнхөөс чөлөөтэй, бодсон санаснаа ямар ч шүүлтүүргүй хэлэх хандлагатай, адал явдал эрэлхийлэх өнгө аястай болно. Ямарвааг гүн ухаанч сэтгэлгээгээр тунгааж, шинэд суралцах тэмүүлэлтэй, хэнтэй ч зохицох харилцаатай, сониуч харах өнцөгтэй болох төдийгүй хошин мэдрэмжтэй, хөгжилтэй зан төлөв нь илүүрхэж ирнэ.


Буд гаргийн нумын ордод хийх шилжилт Улаанбаатарын цагаар XI.03~ны 03:18 цагт болсон ба эндээ 2025 оны 1~р сарын 8 хүртэл байршина. Энэ жилийн түүний шилжилтийн үеэр нэг орддоо ухралт хийх үзэгдэл давхцаж байгаа нь ихээхэн онцлогтой байгаа ажээ.

Тэгвэл нумын орд дахь Будын энэхүү ухрах хөдөлгөөн XI.25~XII.15 хүртэл явагдах бөгөөд энэ хугацаанд хүн төрөлхтөн аливааг хэдэнтээ эргэцүүлж тунгааж шийдвэр гаргах, хэлэх үг, хийх алхмаа хоёр, гурвантаа нягталж шалгах шаардлагатай болно. Харилцаа тогтворгүйтэх хандлагатай болж төлөвлөгөөнд гэнэтийн саатал гарч болзошгүйг тэгэхээр давхар анхаараарай гэсэн үг юм.

Ингээд үргэлжлүүлэн АНУ~ын зурхайч, сэтгүүлч Maressa Brown, Valerie Mesa нарын зурсан Буд гараг нумын ордод байрших (2024.XI.02 ~ 2025.I.08) үеийн ордуудын зурхайгаа хүлээн авна уу.


Хонины орд

  • Сэтгэлгээгээ шинэчил ~ Нумын орд дахь Буд гараг адал явдал эрэлхийлэх, шинэд суралцах хүсэл тэмүүллийг нь өрдөнө.

Тэгэхээр энэ хугацаанд эрсдэлтэй алхам хийх, харах өнцгөө тэлэх, шинэ туршлага олж авахаар зорино. Өөр өөр соёл иргэншлүүдийн сэтгэхүй, амьдрах хэв маяг, философиудаас суралцаж, сошиал харилцаагаа өргөжүүлэхийг хичээнэ. Тухтай бүсээсээ өөрийгөө чөлөөлж, бодсоноосоо өөрийг туршиж үзэхээр зориглох болохоор аливаад оролдлоготой, суралцах эрмэлзэлтэй байна. Зохиолч бол энэ хугацаанд оюуны бүтээл нь бестселлер болно. Эцэгтэйгээ харилцах харилцаагаа ч сайжруулна.

Буд гараг ухралт хийх (XI.25 ~ XII.15) үеэр алдаа дутагдлуудаа засаж, шинээр ямар мэдлэг, ур чадварт суралцмаар байгаагаа тодорхойлоорой. Түүнчлэн сэтгэлд нь тов тодхон зурайн үлдсэн тэр нэгэн газартаа нэг очоод ирээрэй.


Үхрийн орд

  • Асуудлыг төвөгтэй болгох хэрэггүй ~ Нумын орд дахь Буд гараг хандлагадаа анхаарахыг сануулна, хамтын ажиллагааг нь идэвхжүүлнэ.

Үг олшрох энэ үеэр үгээ бодож хэлээгүйгээс өөртөө шаардлагагүй асуудал нэлээдийг авчрах төлөвтэй. Харилцаанаас харилцаа үүсдэг гэдгийг санаж хамтралаа ч бэхжүүлье, харилцан ашигтай хэлэлцээрийг ч өрнүүлье. Сэтгэл дэх мэдрэмжээ нуухаас илүүтэй нээн ярилцсанаараа харилцаагаа хүссэнээрээ хэдэн ч шат ахиулах боломжтой. Энэ хугацаанд хойш тавьсан асуудлуудаа хэлэлцэж шийдвэрлэх, санхүүгийн харилцаанд зоримог алхам хийгээрэй. Хөрөнгө оруулалт хийж, хуримтлалаа өсгөх 100% боломжтой.

Буд гараг ухралт хийх (XI.25 ~ XII.15) үеэр шударга үнэний дуу хоолой болохдоо мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Байгааг нь үнэнээр нь шууд хэлэх нь зөв ч хүн болгон түүнийгээ хүлээн зөвшөөрөх сэтгэлийн бэлтгэлгүй байдаг гэдгийг санаарай.


Ихрийн орд

  • Амьдралынхаа нэгэн шинэ түүхийг бүтээ ~ Нумын орд дахь Буд гараг харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах хүрээллийг нь тэлэх болно.

Тэгэхээр харилцааны асуудалд өөрийгөө + 100% нээх өдөр хоног тохионо. Энэ хугацаанд чухал хүмүүстэйгээ хэлэлцэх сэдэв, хамтран шийдвэрлэх олон асуудал ердийнхөөс илүү ухаарал хайрласан гүн утга агуулгатай болж өрнөнө. Бусдаас суралцах тэмүүлэл, бизнес эрхлэх хүсэл ч нэмэгдэх энэ үеэр ганц бие хүмүүс шинэ харилцаа эхлүүлэх магадлалтай. Хэрвээ үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр хамтрал эхлүүлбэл бодсоноос ч амжилттай хэрэгжинэ. Бүхэнд нухацтай хандаж, бүтээх төсөөлөлдөө сэтгэлээ шингээгээрэй.

Буд гараг ухралт хийх (XI.25 ~ XII.15) үеэр төлөвлөгөөгөө эргэн харж, арга барилаа өөрчлөөд нэг үзэх шаардлагатай тулгарна. Өнгөрсөн үе рүүгээ хэсэгхэн аялснаар урагшлах урам зоригоо сэргээнэ. Гэхдээ хүрч чадахгүй амлалт өгөхөөсөө татгалзах сонголт хийгээрэй.


Мэлхийн орд

  • Шинэ дадал төлөвшүүлж, өдөр болгонд сониуч сэтгэлгээгээр ханд ~ Нумын орд дахь Буд гараг амьдрах хэв маяг, дадал зуршлаа өөрчлөхийг сануулна. 

Тэгснээр өдөр болгонд тодорхой нэг өөрчлөлт хийхээр зориорой. Ямар хэмнэлээр амьдарвал амьдарсан шиг амьдрах хүсэл нь бодит болох вэ? гэдэгт санаачилга гаргаарай. Энэ хугацаанд ямартай ч шинэ дадал төлөвшүүлж, амьдрах орчноо тухтай болгоно. Бодитоор хэрэгжсэнийг нь харахыг хүсэх төлөвлөгөө ч олон байгаа болохоор төдий чинээ санаачилга гаргаарай. Хэдий Буд гараг амьдрах идэвхийг нь сэргээх ч энэ хугацаанд байрших орд нь тэвчээргүйг санаж, нэгийгээ дуусгачхаад нөгөөг нь эхлүүлээрэй.

  • Фит биетэй болохоор зорьж, фитнесний гишүүнчлэл + дасгалын төхөөрөмж авна. Сошиал медиаг ухаалаг ашиглахгүй бол маш их үзэн ядалтыг мэдэрч, сөрөг сэтгэгдэл уншина.

Буд гараг ухралт хийх (XI.25 ~ XII.15) үеэр өнгөрсөнд ямар ямар ололт, амжилт гаргасан бэ? Ямар алдаа мадгаас ямар сургамж авсан бэ? Өнөөдөр түүнийгээ яаж ашиглавал амьдралаа хүссэн шигээ тэнцвэртэй үргэлжлүүлэх вэ? гэдгийг эргэцүүлж, тодорхой шийдэлд хүрээрэй.


Арслангийн орд

  • Бүтээмжээ дээшлүүл ~ Нумын орд дахь Буд гараг бүтээлч сэтгэлгээ, романтик хандлага, сониуч харах өнцгийг идэвхжүүлнэ.

Тэгэхээр энэ нь яагаад? эдгээр өдрүүдэд сэтгэл санаа нэг л өөр байгааг илэрхийлнэ. Бодсоноо хийж эхлэх үе болохоор бүтээмж ч төдий чинээ нэмэгдэнэ, хэний дүрээр амьдармаар байгаагаа ч тодорхойлж урлана. Хошигнолыг эергээр хүлээн авч, хэн нэгэнтэй сээтгэнэх хүсэл ч төрнө. Нөхөрлөл чухалд тавигдах энэ хугацаанд найздаа эсвэл найзад нь сэтгэл алдарч магадгүй. Үүнийгээ дагаад яруу найрагт сонирхол татагдана, шүлэг ч тэрлэнэ. Санхүүгийн менежментээр суралцаж, түүнийгээ амьдралдаа 100% ашиглах болно.

  • Тухтай бүсээсээ гаръя гэвэл ямар алхам хийх хэрэгтэй вэ? Бүжгийн сургалтад хамрагдах эсвэл караокедах нь олширно. 

Буд гараг ухралт хийх (XI.25 ~ XII.15) үеэр өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Бусдад таалагдах гэж эсвэл сэтгэлийг нь хөдөлгөх гэж хичээлгүй үнэт цагаа өөртөө зориулаарай. Хэзээ нэгэн цагт энэ үеэ эргэн харвал нандигнах дурсамж олонтой байлгая.


Охины орд

  • Өөрийнхөөрөө амьдарч эрх чөлөөг мэдэр ~ Нумын орд дахь Буд гараг сэтгэл мэдрэмж, гэр, гэр бүлийн амьдралд эергээр нөлөөлнө.

Хэрвээ амьдрах орчноо өөрчлөхөөр төлөвлөж байсан бол хэрэгжүүлэх цаг. Уламжлалаа ч орчин үетэйгээ хослуулан шинэчилж урагшлах түүхийнхээ эхлэлийг тавиарай. Энэ хугацаанд ердийнхөөс илүү харилцан ярилцаж сэтгэл шархалсан эсвэл баярлаж талархсан ямар ч үед нэгнээ гэсэн сэтгэлтэй байхыг сануулна. Гэр бүлийнхээ өнгөрсөн үеэр аялж хамтдаа ямар үнэ цэнийг бүтээсэн байх вэ? гэдгээ төлөвлөөрэй. Энэ үеэр эцэг эхийнхээ бахархалт хүү, охин нь болно, гэрийн хоолонд ч илүү дуртай болно.

Буд гараг ухралт хийх (XI.25 ~ XII.15) үеэр чадвараараа үнэлэгдэж, карьерын нэр хүндээ бататгана. Ямар ч бэрхшээлтэй тулгарсан даваад гарах тэнхээтэй байх ёстой болохоор сэтгэлээ төдий чинээ хатамжлах цаг. Сайхан цагаа ч дурсъя, саар үеийг ч мартъя.


Жинлүүрийн орд

  • Үзэл бодлоо зоримгоор илэрхийл ~ Нумын орд дахь Буд гараг харилцаа, хамтрал (ялангуяа ахан дүүсийн), амьдрах орчинд эерэг өөрчлөлт авчирна.

Хэн нэгэнтэй ярилцмаар байна уу? эсвэл ердийнхөөсөө яриасаг болсон мэт санагдаж байна уу? Сошиал харилцаа илэрхий идэвхжих энэ үеэр олон сонирхолтой сэдвээр ярилцаж, өөр өөр соёл иргэншлийн түүх, хэлийг судалж суралцах хүсэлтэй болно. Тэгснээр үзэл бодол ч шинэчлэгдэж, шинэд сэтгэлгээгээ нээнэ. Хэрвээ ном бичихээр төлөвлөж байсан бол эхлүүлэх цаг нь. Дүүтэйгээ хэрэлдэх нь олшрох ч эцэгтэйгээ харилцах харилцаа сайжирч урам үг сонсох нь итгэл нэмнэ. Нөхөрлөлдөө ч анхаарч, аялалд гараарай.

  • Номд дурлагч хүмүүстэй нэгдэж төсөл эхлүүлэхийг зорино. Асуудал шийдэнгээ хамтдаа хөгжих боломжийг алдах хэрэггүй.

Буд гараг ухралт хийх (XI.25 ~ XII.15) үеэр өмнө нь хамт ажилладаг байсан эсвэл нөхөрлөдөг байсан хүмүүстэйгээ эргэн холбогдож, эргэшгүй түүхээрээ хэсэг аялж, эргэн дурсагдах өөр нэгэн шинэ түүхийг бүтээгээрэй.


Хилэнцийн орд

  • Санхүүгээ сайжруулж чадна гэдэгтээ итгэ ~ Нумын орд дахь Буд гараг мөнгө, санхүүгийн харилцаанд нааштай өөрчлөлт мэдрүүлнэ.

Тэгэхээр мөнгө, хөрөнгө оруулалтыг эрс өөр өнцгөөс харж эхэлнэ. Орлогоо хэрхэн нэмэх вэ? гэдэг бодол секундэд хэдэн км алсад хөврөх болохоор мөнгө олох ямар арга байна, санаачилж эхлээрэй. Энэ хугацаа мөнгөний асуудлаа нэгмөр шийдэх боломж болох төдийгүй нууцлаг сэдвүүдийг сонирхон судалж, танин мэдэх хүсэл төрүүлнэ. Эцэст нь чөлөөт уран бүтээлч болохоор эсвэл гар урлалын бизнес эхлүүлэхээр шийдэж магадгүй. Өөрийгөө илэрхийлэх чадвар үнэлэгдэх нь уран илтгэлээр хичээллэх сонголтод ч хүргэж болно.

Буд гараг ухралт хийх (XI.25 ~ XII.15) үеэр ямар ч төсөл, төлөвлөгөөнийхөө деталиудыг хоёр, гурав дахин шалгаарай. Өнгөрснөөс туршлага болж үлдсэн сургамжуудаа одоогийн амьдралдаа оновчтой ашиглах цаг ирсэн байна. Үг сонголтдоо ухаалаг хандаагүйгээс олон хүнд ташаа ойлгогдож мэднэ.


Нумын орд

  • Үнэнийг эрэлхийлж өөртөө үнэнч амьдар ~ Нумын орд дахь Буд гараг өөрийгөө зоригтойгоор илэрхийлэхийг санал болгоно.

Энэ хугацаанд өөртэйгөө ярилцаж хэвшсэнээр хүсэл тэмүүлэл, урам зориг, урагшлах шалтгаанаа илүү тодорхой мэдэж авна. Ерөнхийдөө энэ дэлхий дээр … гэдэг хүн ингэж амьдарч байжээ… гэсэн үнэ цэнтэй үнэн түүхээ хэрхэн үргэлжлүүлэх вэ? гэдэгт шинэ санаа эрэлхийлж, асуудлаа нэг нэгээр нь шийдвэрлэж эхлээрэй. Тэгэхээр бизнес болгохыг хүсдэг санаагаа бодитоор хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой. Гэвч үг сонголтоо анхаарах шаардлагатай. Бодолгүй хэлэх ямар ч үг хэнийг ч насаар нь шаналгаж болно.

Буд гараг ухралт хийх (XI.25 ~ XII.15) үеэр бодлоо илэрхийлж ярилцах болон бичих ур чадвараа сайжирч байгааг анзаарна. Үүгээрээ хүмүүст харагдаж, сонсогдож, үнэлэгдэж, зөвөөр нөлөөлж байгаагаа мэдэрнэ гэдэг урамших №1 шалтгаан байна.


Матрын орд

  • Өөрийгөө чөлөөл ~ Нумын орд дахь Буд гараг амьдрахын үнэ цэнийг эргэцүүлж, энэ хорвоод ямар үүрэгтэй ирснээ тунгаахыг санал болгоно.

Тэгэхээр ердийн амьдрах хэв маягаа өөрчилж, ямар түүхийг бүтээхээр амьдарч байгаагийнхаа мөн чанар, утга учрыг эрэлхийлнэ. Гүн бодолд амархан дарагдах хандлагатай болохоор тэнцвэрээ хадгалах хэрэгтэй болно. Эс тэгвэл мэдрэлийн ядаргаанд орох эрсдэлтэй. Иогоор хичээллэх эсвэл тэмдэглэл хөтлөх хүсэл сонирхлоо бодит алхам болгоорой. Тэгснээр амьдралдаа илүү зарчимч ханддаг болно. Хэрвээ хаа нэгтээ аялах төлөвлөгөө гаргасан бол тохироо нь бүрдэх болохоор шинэ газар орон үзэж, харах өнцгөө тэлье.

Буд гараг ухралт хийх (XI.25 ~ XII.15) үеэр сэтгэцийн болон сэтгэлийн эрүүл мэнддээ илүүтэй анхаарах шаардлагатай болно. Сэтгэл амгалан байснаар амьдралын чанар + бүтээмж ч дээшилдэг учраас эдгээр өдрүүдэд өөртөө өөрийгөө хайрлах хангалттай цаг зориулаарай.


Хумхын орд

  • Илүү томоор сэтгэ, мөрөөд, хүр ~ Нумын орд дахь Буд гараг нөхөрлөл, сошиал медиа, алсын харааг идэвхжүүлнэ. 

Сошиал харилцаа идэвхжиж сонирхолтой хүмүүстэй танилцана. Тэдэнтэй санаа бодлоо хуваалцаж ярилцах хүсэл ч нэмэгдэнэ. Гэвч сошиал медиадаа ямар пост оруулах вэ? гэдэгтээ ухаалаг хандаарай. Хамтарсан төсөл хэрэгжүүлэх хүсэлд нь хугацаа орох ч алхам алхмаар бодит болохыг нь харна. Сошиал эвент зохион байгуулж үзэхийг хүсдэг бол санаагаа үйл хэрэг болгож эхлээрэй. Хүүхэдтэй хүмүүс анд нь шиг нь анхнаасаа дотно харилцаа үүсгээрэй. Гэхдээ хэтэрхий дундаа орсон харилцаа бүтэлгүйтдэгийг санаж тэнцвэрээ ч хадгалъя.

Буд гараг ухралт хийх (XI.25 ~ XII.15) үеэр 100% дуусгаагүй ямар төсөөлөл, төлөвлөгөө байна, түүнийгээ эргэн харж, эхнээс нь хийгээрэй. Сошиал харилцаандаа ч анхаарч, нухацтай хандах сэдвүүдээр чухал яриаг хэлэлцье.


Загасны орд

  • Шантралгүй хичээ, шагнал нь удахгүй ирнэ ~ Нумын орд дахь Буд гараг карьер, нэр алдарт эергээр нөлөөлнө.

Урам зориг бол №1 дэх алхам, харин төлөвлөлт бол эцсийн цэгт хүргэх хөтөч гэдэг. 2025 оны I сар хүртэл үргэлжлэх түүний шилжилт чадвараа хөгжүүлэх, хайрцгаасаа гарч сэтгэж шинийг санаачлах болон зоримог алхаж амбицдаа хүрэхийг санал болгоно. Ирээдүйгээ ямар байлгахыг хүсэж байна? Энэ хоёр сар мэргэжлийн амьдралдаа мэдэгдэхүйц ахиц гаргахыг хичээгээрэй. Гэхдээ хийсвэр төсөөлөлдөө хэт автаж хэрэггүй, эсрэгээрээ амьдралд хэрэгжих боломжтой бодит төлөвлөгөө гаргаарай.

  • Энэ хугацаанд ихэнх нь ээжтэйгээ илүү дотно харилцаатай болно. Сайн дурын ажилд ч нэгдэнэ, хамт ажилладаг хүнтэйгээ хайрын романс ч үүсгэнэ.

Буд гараг ухралт хийх (XI.25 ~ XII.15) үеэр алдаа оноогоо нэхэн нэг дэнслээрэй. Хүсэж мөрөөддөг амьдралаараа амьдрахад өөрөөс шалтгаалах ямар асуудал байна вэ? Өөртэйгөө ярилцаж олон асуултад хариу авах тусам өөрчлөгдөх хүслээ бодит болгоно.