Эрхсээр хүрээлэгддэг энгүй орчлонд энэ жилийн сүүлчийн супер сар манджээ. 2024 оны отгон хэмээгдэх энэхүү онцлох саран маань Улаанбаатарын цагаар XI.16~ны 05:28 цагт үхрийн ордод гийлээ.
11 сарын тэргэл сарыг өөрөөр Минж сар (Beaver Moon) гэж нэрлэдэг бөгөөд минжнүүдийн өвөлдөө бэлдэж идэш, тэжээлээ базаан ичээндээ ордог үетэй давхацдаг учраас ийнхүү нэрлэжээ.
Үхрийн ордод мандсан тэргэл сарны нөлөөгөөр хүн төрөлхтний тансаглалд татагдаж тав тух эрэлхийлэх хүсэл, мэдрэмж нэмэгддэг болохоор өөрсдийгөө эрхлүүлэх хандлагатай болно. Сэтгэл санаа хэсэгтээ гэгэлзэх ч эргэшгүй биш болохоор энэ үеийг алдалгүй мэдэрвэл сонихон туршлага болно.
Ингээд энергийн эрчим нь 48 цагийн өмнөөс түгж, жаргаснаас нь ч хойш 48 цаг үргэлжлэх минж сарны энерги ордуудад хэрхэн нөлөөлөхийг үргэлжлүүлэн хүлээн авна уу.
Хонины орд
- Санхүүдээ анхаараарай ~ Тэргэл сар орлого, нөөц бололцоо, өмч хөрөнгийн асуудлыг илүүтэй идэвхжүүлнэ.
Тэгэхээр энэ хэдэн өдөрт санхүүгийн харилцаан дахь мөнгөний урсгал татарч эхэлнэ. Гэвч нэг боломж хаагдахад нөгөө нь нээгдэж карьерын санал хүлээж авах магадлалтай. Тэгснээр орлогоо нэмэх өөр нэгэн боломжийг бүтээнэ. Орлого нэмэгдэхийн хэрээр гэхдээ зардал ч гэсэн нэмэгдэх болохоор санхүүгээ яаж ухаалаг удирдах вэ? гэдэгт сахилга баттай хандаарай. Хадгаламжаа төрөлжүүлж эсвэл хэрхэн өсгөх вэ? гэдэгт төвлөрөөрэй. Хэн нэгнээс санаа оноог нь сонсвол оновчтой сонголт хийхэд нь нөлөөлж ч болно.
- Карьерын амьдралд ч өөрчлөлт явагдаж гэнэтхэн түүнийгээ хүлээлгэж өгөх хэрэг ч гарч магадгүй. Удам дамжин өвлөгдсөн хөрөнгө эсвэл эксийнхээ өгсөн сүйн бэлгийг (бөгж) худалдахаар шийдэхдээ ингэх нь зөв үү? гэдгийг хоёронтоо эргэцүүлээрэй.
Минж сартай энэ хэдэн өдөрт ямар алхам хийх вэ?
Талархах дадал төлөвшүүлж эхлээрэй. Олонх нь үнэ цэнээ мэдрэхгүй, өөртөө итгэхгүй, найдвар тасрах хандлагатай байгаа нь ажиглагдаж байна. Ямар нэг хүсэл шивнэхээсээ өмнө байгаадаа талархаж сурвал санаж сэдсэн бүхэн аяндаа биелэх болно.
Үхрийн орд
- Өөрийгөө хойш татах хэрэггүй ~ Тэргэл сар шинэ эхлэлийг авчирна.
Тэгэхээр энэ үеийг ашиглан өнгөрснөө явуулж өнөөдөрт ирээдүйнхээ төлөө амьдарч эхлээрэй. Эрсдэл гаргах хүсэл нэмэгдэх нь харин ч өсөж хөгжих боломжоо нээж байна гэсэн үг юм. Гэхдээ аливааг яаран шийдэх эсвэл дүгнэхээсээ өмнө судалгаатай, тодорхой мэдээлэлтэй болсон байх хэрэгтэйгээ мартаж болохгүй. Сэтгэл хөдлөл ч нэмэгдэх эдгээр өдрүүдэд чухал хүмүүстэйгээ ярилцах нь урамших сэдэл болно. Нөхцөл байдал болон хүмүүсийг хүчлэх гэхээсээ илүү ойлгоход суралцахыг хичээгээрэй.
- Зарим харилцаа нуран унана. Гэвч эсрэгээрээ энэ нь ямар үнэ цэнтэй нэгэн болохоо мэдэрч хувьсах боломж болно.
Минж сартай энэ хэдэн өдөрт ямар алхам хийх вэ?
Өөртэйгөө ярилцахаас үнэн амьдрал эхэлнэ. Тэгэхээр өөртөө цаг зориулж, өөрчлөлтийг сэтгэлээсээ хийгээрэй. Амьдрах хэв маягаасаа эхлээд хувцаслалт, үсний засалт, нүүр будалтаа хүртэл шинэчилж, бүтээхийг хүсдэг ертөнцөө бодит болгоорой. Одоог үнэлснээр ирээдүйдээ сэтгэл ханана.
Ихрийн орд
- Нэг алхам ухарч амьдралаа эргэцүүлээрэй ~ Тэргэл сарны энерги дадал зуршлаа эргэн харж, зөн совингоо сонсож сурахыг, дутагдлаа ялан дийлэх хүчийг мэдрүүлнэ.
Өнгөрсөн гэдэг ухагдахуун ирээдүйн эхлэл болдог. Гэхдээ түүнээс хэрэгтэй гэснээ ухаарч хэрэгжүүлэх шаардлагатайг нь мэдэрч сонгоорой. Энэ хэдэн өдөрт хэн гэдгээ, ямар амьдралаар амьдарч ирснээ, одоо цаашдаа яах вэ? гэдэгт шийдэл эрэлхийлээрэй. Өвөг дээдэс эсвэл тэнгэрийн орноо очсон дотно нэгнээс ямар нэг дохио илгээсэн зөнтэй зүүдийг манаж хонох магадлалтай. Тэгэхээр зөн совинг үгүйсгэх гэлгүй, харин ч зөв чиглүүлэх хүч болно гэдэгт итгээрэй. Ямар дадал зуршлаа өөрчлөх хэрэгтэй байна вэ?
- Богино хугацаанд чадахаасаа ихийг амжуулах гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Харин өөрийгөө хайрлах хэрэгтэй. Нэгэнт эвдсэн хэмнэлээ өөрчлөх амаргүй ч өөрөө хичээвэл боломжтой.
Минж сартай энэ хэдэн өдөрт ямар алхам хийх вэ?
Бие болон сэтгэлээ амраах алхам хийгээрэй. Бясалгах эсвэл газардуулга хийх арга судалсан ч болно. Яавал амьдрах идэвх, эрч хүчээ сэргээх вэ?, идэвхээ хэрхэн тууштай хадгалах вэ? гэдэг аргуудыг хайсаар, хэрэгжүүлсээр, бүтээсээр байгаарай.
Мэлхийн орд
- Сошиал харилцаанд өөрчлөлт гарна ~ Тэргэл сарны энерги харилцаа, хамтрал, нөхөрлөлөө хадгалж, хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр тууштай давших эрч хүчийг мэдрүүлнэ.
Тэгэхээр эдгээр өдрийг ижил сонирхол, үнэ цэнийг хуваалцдаг хүмүүстэйгээ сонирхолтой өнгөрүүлэхээр төлөвлөвөл ямар вэ? Ялангуяа хэдэн долоо хоногийн өмнөөс аялах эсвэл эвентэд оролцохоор ярилцаж байсан бол бодит алхам болгоорой. Дотно хүмүүстээ чиний дэмжлэг, эсвэл зөвлөгөө хэрэгтэй эсэхийг ч асууж нэг ярилцаарай. Хэн нэгэн нь шийдвэр гаргаж чадахгүй олон замын уулзвар дээр ирсэн байна. Амаргүй энэ үеийг хүн болгон даван туулах шаардлагатай ч итгэдэг хүн нь тусалснаар зориг орно.
- Дотно найз эсвэл танил нь чиний хүрээллийг эсвэл амьдралыг чинь орхин одно. Эсрэгээрээ өөрчлөгдөж хөгжихийг сануулах өвөрмөц нэгэнтэй танилцах ч магадлалтай. Soulmate ч болж магадгүй, мэдрэмжтэй байгаарай.
Минж сартай энэ хэдэн өдөрт ямар алхам хийх вэ?
Хүн өөрчлөлтийг бодоод эсвэл яриад явахаас илүү өөрөө хийж эхэлснээр биелдэг. Тэгэхээр өөрчлөгдье, тав тухтай бүсээсээ гаръя гэж шийдсэн л бол түүнийгээ хэрэгжүүлж эхлээрэй. Боломжийг хүн нь өөртөө бүтээдэг, тэгснээр урамшиж итгэлтэй амьдарна.
Арслангийн орд
- Анхаарлын төвд орохдоо бэлэн үү? ~ Тэргэл сар түмэнд танигдах хүсэл тэмүүллийг асааж, өөртөө итгэх итгэл нэмнэ.
Тэгэхээр энэ хэдэн өдөрт өмнөхөөсөө ч амбицтай болно, хүссэнээ хөдөлмөрлөж бүтээх чадвартай байгаадаа талархана. Боловсролоо дээшлүүлж суралцах талаар ч тунгаана. Карьерын чиглэлээ өөрчилж, шинэ сорилт эхлүүлэхээр ч шийдэж болно. Өөрчлөлт карьерт илүүтэй мэдрэгдэнэ. Гэхдээ харилцаандаа анхаарч, алдааг хэн нэгнээс биш өөрөөсөө эрэхийг хичээгээрэй. Цалин хүссэнээр нэмэгдээгүй нь эсвэл урамшуулал аваагүй нь шантрах шалтгаан болох ёсгүй. Боломж удахгүй ирнэ, өөрөө ч бүтээхийг зорьё.
- Карьерын санал авах эсвэл карьераа орхих талаар бодно. Гэнэт гаргах шийдвэртээ харамсахаас илүү өөрөөрөө бахархаж үлдэх сонголт хийгээрэй.
Минж сартай энэ хэдэн өдөрт ямар алхам хийх вэ?
Өнгөрснөөс өнөөдөрт ямар хол ирсэн бэ? гэдэгт өөрөөрөө бахархаж, өөрийгөө урамшуулаарай. Бүтээсэн ололт амжилтаа хуваалцсанаар өшөө ихийг хийж чадна гэсэн итгэл төрнө. Алдах үе олон гарсан ч одоог бүтээх туршлага болсон болохоор талархаж хүлээн аваарай.
Охины орд
- Харах өнцгөө тэлье ~ Тэргэл сар боловсрол, мэдлэгт тэмүүлэх урам зориг төрүүлнэ.
Хэмнэлээ өөрчилж дараагийн аяллаа төлөвлөх цаг иржээ. Сэтгэлдээ төсөөлж, хоосон мөрөөдөөд л орхих хэрэггүй. Бодсоноо бодит болгох хэрэгтэй. Тэгэхээр эдгээр өдөрт өөрийгөө ялан дийлж, өөрчлөгдье гэсэн хүслээ бүтээж эхлээрэй. Хүмүүстэй ярилцах нь харах өнцгийг нь ойлгоход туслахаас гадна шинэ боломж нээж өгнө. Харилцаагаар дамжуулж шинийг ч танин мэднэ, аялахаар ч шийднэ, үргэлжлүүлэн суралцах сонголт ч хийнэ. Одоо тухтай бүсээсээ гарч эрсдэл гаргая, шинийг туршъя, дээрх бодлуудаа бүтээе.
- Хэрвээ медиагийн чиглэлээр ажилладаг бол ном бүтээх хүсэл төрнө. Бизнесээ олон улсад таниулах боломжийг эрэлхийлнэ.
Минж сартай энэ хэдэн өдөрт ямар алхам хийх вэ?
Ямар нэг шинэ мэдлэг, чадварт суралцах цаг зориулаарай. Цахимаар хамрагдах боломжтой сургалт олон байдаг. Шинэ ном уншиж эхлүүлсэн ч болно. Тогтсон дадлаа л өөрчилж, шинэд сэтгэлгээгээ нээгээрэй.
Жинлүүрийн орд
- Харилцаандаа анхаараарай ~ Тэргэл сар айдастайгаа тэмцэхийг, асуудлаа шийдэхийг (ялангуяа санхүүгийн), өөртөө 100% итгэхийг сануулна.
Өгөө аваатай амьдралд алив бүхэн нэг зарчмаар явагддаг. Тэгэхээр энэ хэдэн өдөрт харилцаандаа өгөө аваатай хандаж асуудал бэрхшээлтэйгээ зоригтойгоор тулгарах сонголт хийгээрэй. Өнгөрсөнд шийдээгүй орхисон асуудал ч сөхөгдөх болохоор хойшлуулалгүй шийдье. Өнгөрсөнтэйгөө эвлэрснээрээ өөрчлөлтийг өөрөөр бүтээж эхэлнэ. Санхүүгээ ч дүгнэж, мөнгөө яаж өсгөх вэ? гэдэгт бодит гаргалгааг эрэлхийлээрэй. Сэтгэлийн харилцаагаа хэрхэн хөгжүүлэх вэ? гэдэгт ч шинэлэг, бүтээлч сэтгэлгээ үгүйлэгдэж байна.
- Тэтгэлэгт тэнцэх эсвэл хөрөнгө өвлөх талаар мэдээ сонсож магадгүй. Хэрхэн ухаалаг хөрөнгө оруулалт хийх вэ? гэдгээ ч судалж хувьцаа сонирхож эхэлнэ.
Минж сартай энэ хэдэн өдөрт ямар алхам хийх вэ?
Өдрөө төлөвлөж, төлөвлөснөө хэдэн хувийн чанартай гүйцэтгэж байна вэ? Цагийн менежмент, хувийн зохион байгуулалтаа нэмж өөрчлөх үү?, сайжруулах ямар сонголт байна, эргэцүүлээрэй. Хэрвээ сэтгэл санаа тавгүй байвал итгэдэг хүндээ сэтгэлээ нээгээрэй.
Хилэнцийн орд
- Мартагдашгүй дурсамж бүтээх аялалд гарахдаа бэлэн үү? ~ Тэргэл сар харилцааны (ялангуяа үерхэл, нөхөрлөл, гэрлэлтийн) асуудалдаа анхаарахыг сануулна.
Харилцаанаас харилцаа үүсдэг гэдгийг санаж харилцаа хандлага, үг сонголтдоо ихээхэн анхаараарай. Харилцаа ямар түвшинд байна, хаана ямар асуудал гарав, харилцан ярилцаж нэгдсэн шийдвэрт хүрэхийг зорихоос аргагүй нөхцөл байдал үүснэ. Хэдий чинээ илэн далангүй байна, төдий чинээ гаргах шийдвэр ч тодорхой болно. Энэ хугацаанд карьерын санал сонсох, хүнтэй танилцах магадлал өндөр байхаас гадна өөртөө чанартай цаг зориулах хүсэл нэмэгдэнэ. Хамт амьдрах, сүй тавих хос ч олон байна.
- Бизнес хамтрагч (агент, туслах, өмгөөлөгч, нягтлан гээд хэн ч байсан) хайж байвал түүнтэйгээ учрах болно.
Минж сартай энэ хэдэн өдөрт ямар алхам хийх вэ?
Харилцаагаа хэрхэн хадгалж авч явах вэ? Харилцаагаа хэрхэн хөгжүүлэх вэ? гэдэгт шинийг туршиж үзээрэй. Өрөөний хамтрагч, үнэнч нөхөр, амраг, аав, ээж гээд хэнтэй ч ямар ч харилцаатай байсан өмнө нь хийж байгаагүй шинэлэг алхамд сэтгэлээ нээгээрэй.
Нумын орд
- Өөрчлөлт хийхэд бэлэн болжээ ~ Тэргэл сар үүрэг хариуцлага, амьдрах хэв маяг, дадал зуршилдаа анхаарч, шинийг эрэлхийлэхийг сануулна.
Шинээр амьдарч эхлэх хүслээ бодитоор бүтээх эргэлтийн цэг иржээ. Өөрийгөө ядраадаг, үнэлэгддэггүй үүрэг даалгавраасаа өөрийгөө чөлөөлж цагийг зөвхөн өөртөө зориулахыг хүсэл нэмэгдэнэ. Хэрвээ карьер асуудалтай байвал мэдлэг, чадвар, цаг боломждоо тохирсон өөр сонголт эрэлхийлье гэсэн бодлоо бодит болгоорой. Товчхондоо, сэтгэлдээ 100% нийцэхгүй байгаагаа өөрчилж шинэчлэх үе ирсэн байна. Хүн амьдралаа өөрөө хариуцдаг, хүсээгүй үүрэг, дарамтаар өөрийгөө хүлэх хэрэггүй.
- Өнгөрсөн хугацаанд өөрийгөө хэтэрхий гаргуунд нь гаргаснаа анзаарч амьдрах хэмнэлээ өөрчлөх сонголт хийнэ. Хэн нэгэнтэй ярилцвал асуудалдаа оновчтой шийдэл олж харна.
Минж сартай энэ хэдэн өдөрт ямар алхам хийх вэ?
Ганцхан өөртэйгөө өнгөрүүлэх ганц цагийг өдөр болгон гаргаж хэвшихэд суралцаарай. Бие болон сэтгэл амгалан байна гэдэг төдий чинээ бүтээмжтэй амьдрах эхлэл болно.
Матрын орд
- Энэ мөчөө мэдэрч өөрийгөө хайрла ~ Тэргэл сар амьдралд талархаж түүнийг таашаах эерэг мэдрэмж, итгэлтэй харилцаа, бүтээлч сэтгэлгээг идэвхжүүлнэ.
Ялангуяа хайр сэтгэл, сонирхол хобби, нөхөн үржихүйн асуудалд эргэлтийн цэг болно. Шинэд суралцах хүсэл (гэхдээ түүнийгээ зугаатайгаар таньж мэдэх) нэмэгдэх болохоор шинэ сорилт эхлүүлээрэй. Бодол сэтгэлдээ ямар санааг хэрэгжүүлэх төсөөлөлтэй байдаг вэ? Түүнийгээ бодитоор бүтээхэд ямар асуудал байна вэ? Бодсоноо хийх алхам хэдий чинээ сорилттой, гэнэтийн адал явдалтай байна, төдий чинээ амьдрах сонирхолтой болно. Амархан бүтэх хэрэг үгүй ч өсөж хөгжих олон боломжийг нээж өгнө.
- Ганц бие хүмүүс болзоонд яв, хостой хүмүүс харилцаандаа шинэ амт нэм, харин эцэг эх хүмүүс хүүхдүүдээрээ бахарх! Боломжоо бүтээж бодоогүй сорилтоо аялал болгоорой.
Минж сартай энэ хэдэн өдөрт ямар алхам хийх вэ?
Нэгэн хэвийн амьдралыг хэн ч биш, хүн нь өөрөө өөртөө авчирдаг. Тэгвэл хэрхэн үргэлж шинэлэг, сонирхолтой амьдралаар амьдрах вэ? Шинэ сонирхол, шинэ хоббитой болох цаг. Шинэ санаа, шинэ харах өнцөг явцын дундаас төрөх болно.
Хумхын орд
- Сэтгэл хөдөлгөм мөчүүдэд сэтгэлээ нээгээрэй ~ Тэргэл сар өсөж хөгжих боломж, гэр бүлийн харилцааг идэвхжүүлнэ.
Эдгээр өдөрт гэр гэдэг амгалан орших төгөлдөр орчин болно. Тэгэхээр энэ хэдэн өдөрт гэрийнхэндээ чанартай цаг зориулж, тэднийгээ сонсож, тэдэнтэйгээ ярилцаж, бүтээхийг хүссэн зорилго, мөрөөдлийг нь дэмжээрэй. Гэр бүлийн түүхээрээ ч аялж, хэтийн зорилго, үнэ цэнээ тодорхойлоорой. Гэртээ шинэчлэл хийх ямар санаа байна? Тавилгаа өөрчлөх үү? эсвэл нүүх үү? Бодож явдаг төсөөллөө бүтээх боломж үргэлж байдаг. Өнгөрснөөсөө хүн суралцаж урагшилдаг болохоос одоод түүнийгээ бодож шаналах хэрэггүй.
- Орчноо өөрчлөхөөр төлөвлөж байвал төсөөлсөн шигээ газар олно. Шинэ эхлэл нь нүүх сонголт байвал гэрийнхнээ №1 дүгээрт халамжлаарай.
Минж сартай энэ хэдэн өдөрт ямар алхам хийх вэ?
Амьдрах орчноо нэг цэмцийтэл цэвэрлээрэй. Цэвэрлэгээ хийхээр түүнийгээ дагаад сэтгэл дэх хэрэггүй бодол санаа ч гэсэн хаягдаж байдаг.
Загасны орд
- Сэтгэлгээгээ чөлөөлье ~ Тэргэл сар ухамсартай хичээх хандлага, санаачилга гаргах идэвхийг нэмнэ.
Тэгснээр өөрийгөө илэрхийлэх чадвар, шинэд суралцаж аялах хүсэл нэмэгдэж, харилцааг идэвхэжнэ. Хэн нэгэнтэй (аминчлан) хуваалцахыг хүсдэг сэдэв байдаг бол зориг гарган нэг ярилцаарай. Гайхширах мэдээ сонсох эсвэл ганцхан удаа зохиогдох эвентийн урилга хүлээж авч мэднэ. Ах дүүстэйгээ харилцах харилцаа харин (багахан) асуудалтай тулгарна. Өөрчлөхийг хүсвэл өөрөө эхлээд санаачилгатай алхам хийгээрэй. Богино мэт санагдах энэ хэдэн өдөрт боловсорч хөгжих боломжид ч өөрийгөө 100% нээе.
- Сайн дурын үйлсэд нэгдэхээр амлалт өгөхөөсөө өмнө үнэхээр хийж чадах уу? гэдгээ тодорхойлж төлөвлөөрэй. Үгэндээ хүрч хэлснээ хийснээр хүний итгэлийг ч хүртэнэ, өөртөө ч урамшина.
Минж сартай энэ хэдэн өдөрт ямар алхам хийх вэ?
Үзэг цаас аваад санаанд орсноо бичиж эхлээрэй. Хүсэл мөрөөдлөө ч тэмдэглэ, сэтгэл дэх мэдрэмжээ ч нээ. Сэтгэлээс урган гарах үгс шинэ нээлтэд хөтлөх болно.