Буд гаргийн оны отгон буцах хөдөлгөөн ордуудад хэрхэн нөлөөлөх вэ? (XI.25 ~ XII.15)


Буцах хөдөлгөөнд орших мэт харагддаг л болохоос бодитоор удаашрал явагдаж байдаг Буд гаргийн ухралт Улаанбаатарын цагаар XI.26~ны 10:42 цагт нумын ордод эхэлсэн билээ.

Энэ үеэр хүн төрөлхтөн өнгөрсөн үе рүүгээ эргэн очиж шийдэгдээгүй нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийдэг бөгөөд одоо цагт түүнийгээ дуусгаж, шинийг эхлүүлэхийг зорих үе болдог.

Гэнэтийн явдал олонтоо гарах ч тэдгээр нь эцэстээ ямарваад хүлээцтэй хандаж, эерэг сэтгэлгээг төлөвшүүлэхэд тусалдаг. Ямар ч хариулт хүссэн түүнийгээ хэн нэгнээс биш өөрөөсөө хайвал олох болно.

Энэ жил №4 дэх удаагаа тохиож байгаа түүний ухрах хөдөлгөөний сүүдрийн өмнөх үе 14 хоногийн өмнөөс эхэлж сүүдрийн дараах үе XII.15~наас хойш 14 хоног үргэлжилнэ гэхээр энерги нь XI.11 ~ XII.29 хүртэл мэдрэгдэнэ гэсэн үг ажээ. Тэгвэл…

Будын ухралтын үеэр юу юу тохиолдож болох вэ?

  • Бусдын хэлэхийг анхаарч сонсоорой. Сонссоноор хүн ихийг танин мэдэж суралцаж байдаг.
  • Төлөвлөгөө хүссэнээр явагдахгүй байх магадлалтай учраас ямагт Б, В төлөвлөгөөтэй байгаарай.
  • Тухайн цаг мөчид гаргасан шийдвэр үргэлж зөв байдаггүй учраас хэтийг харсан сонголт хийгээрэй.
  • Харилцаанд асуудал үүсдэг учраас шаардлагагүй маргаан үүсгэхгүйг хичээж, үгээ бодож сонгоорой.
  • Технологид асуудал гарах эрсдэлтэй учраас имэйл, фото, чухал файлуудаа backup хийгээрэй.

Нэгэн судалгаагаар Будын буцах хөдөлгөөний үеэр хамгийн түгээмэл тохиолддог харилцааны асуудлыг дараах байдлаар дүгнэжээ.

Энэхүү судалгааг Flirtini~гээс явуулсан бөгөөд судалгаанд хамрагдсан 2000 хүний 71% нь Будын ухралт ямар нэг байдлаар харилцаанд нь сөрөг нөлөө үзүүлсэн гэсэн бол 46% нь энэ үзэгдлийн үеэр сэтгэлтэй хүн нь илэрхий хачин аашилдаг гэсэн үр дүн гарчээ.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 47%, эрэгтэйчүүдийн 27% нь Будын ухралтын үеэр анхны болзоонд явахаас зайлсхийдэг гэсэн бол 4 хүн тутмын нэг нь энэ үеэр хаягддаг гэнэ.

Үнэндээ, гараг болгон ухрах хөдөлгөөнд оршдог ч Будын буцах хөдөлгөөн тэдгээрээс хамаагүй илүү хүчтэй нөлөөтэй нь байдаг гэдэг.

Ингээд хамтдаа байршиж буй нумын орддоо 2024 оны сүүлийн буцах хөдөлгөөнд оршиж байгаа Буд гаргийн ухралт ордуудад хэрхэн нөлөөлөхийг өмнөх мэдээллээс илүү дэлгэрүүлэн уншицгаая.


Хонины орд

Энэ үе хонины ордынхны хувьд оршихуйн мөн чанараа хайх аялал болдог. Тэгэхээр суралцангаа, аялангаа, бясалгангаа өгөгдлөө танин мэдэж, өөрийгөө бүтээх учиртай цаг иржээ. Өнгөрсөн рүүгээ эргэн харснаар урагшлах арга ухаанаа олж харна. Нэгэнт эцэслэсэн харилцаа эргэж нийлэх үү, яах уу? гэдэгтээ ч тулах магадлалтай. Карьер дахь төслийн хэрэгжилт ч удааширч, өөр арга барилаар ажиллах шаардлага гарна. Тэгэхээр ямар нэг алхам хийхээсээ өмнө үргэлж бодолтой хандсанаар гаргах үр дүндээ сэтгэл тэнэгэр үлдэх болно.


Үхрийн орд

Үхрийн ордынхон ихэвчлэн өөртөө цаг зориулахыг хүсдэг. Гэхдээ Будын буцах хөдөлгөөний үе сошиал харилцаандаа илүүтэй анхаарах шаардлагатай болно. Итгэлцлийн асуудал хөндөгдөхөөс л харилцаандаа тодорхой өөрчлөлт хийгдэх хэрэгцээг мэдэрнэ. Тэгвэл үүнийг тухтай бүсээсээ чөлөөлөгдөх боломж гэдэг өнцгөөс харвал сорилт гэхээсээ илүү сонирхолтой адал явдал мэт санагдана. Хайр дурлал чамаас илүү шударга, нээлттэй байхыг шаардана. Харин карьерт мэдрэгдэх өөрчлөлтүүд нь нэг алхам ухарч, хоёр алхам урагшлах хэрэгтэйг сануулна. Тухгүйгээс ч тухыг мэдэрч болдгийг энэ үе тодхон харуулна.


Ихрийн орд

Буд гаргийн ухралтын үеэр ихрийн ордод төрсөн хүмүүсийн хайр сэтгэлийн харилцаа илүүтэй соригдоно. Тэгэхээр цаашдаа яг яамаар байна вэ? гэдгээ тодорхойлж төлөвлөхөөр ярилцахдаа үг сонголт болон өнгө аясдаа ихээхэн анхаарах шаардлагатай. Ямар хүмүүсээр хүрээлүүлсэн байгаагаа ч нэг дүгнэх цаг. Хэн нь хэн бэ? Хэн нь үнэт цаг, энергийг чинь хүртэх эрхтэй вэ? гэдгийг энэ үе тодхон харуулна. Бусдын санаа бодолд хэт анхаарах хандлагатай ч энэ тийм чухал уу? гэдэгт ухаарал өгөөрэй. Тэгснээр маш олон асуудал эцэслэгдэх болно, сэтгэл ч эдгэрч эхэлнэ.


Мэлхийн орд

Нэг алхам ухарч, аливааг дахин үнэлэхийг сануулах энэ үеэр тэвчээр чиний үнэнч нөхөр болно. Нэгэн хэвийн өнгөрөөх өдөр болгоны дадалдаа анхаарч, өөрчлөлт ч хийе, өсөж ч хөгжье. Өөрөө яг ямар боломж, ямар ололтоос хоцроод байна вэ? Сэтгэлийн харилцаанд эерэг ч сөрөг ч хэн хэндээ хэлээгүй мэдрэмжээ нээж ярилцах шаардлагатай болно. Тэгснээр хэтийн төлөв ч тодорно, хэн хэнийгээ ч тодорхой ойлгоно. Карьерын харилцаанд хэн нэг нь ажлаасаа гарснаар асуудал улам олон болно. Гэвч бүрэн түүхийг нь мэдээгүй бол өнгөцхөн дүгнэх хэрэггүй.


Арслангийн орд

Өдөр өдрийн амьдрал нэг хэвийн, урамтай урагшлах итгэлгүй мэт хандлага давамгайлна. Тэгвэл үүнийг өөрчлөх эхний алхам нь аливааг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, харин хоёр дахь нь шинэ сонирхолтой болох, эсвэл шинэ орчин, шинэ хүрээлэл үүсгэж хүссэн өөрчлөлтөө бодитоор хэрэгжүүлэх явдал болно. Буд гаргийн ухралт өнгөрсөн рүү чиглүүлэх нь гарцаагүй болохоор өмнө нь ямар хоббитой байсан, ямар амьдралаар амьдрахыг хүсдэг байснаа эргэн харах боломж болно.

Ихэнх арслангийн ордынхон энэ үеийг харьцангуй эергээр хүлээж авах хэдий ч хүсэл зорилго, болзоо, бүтээлч сэтгэлгээний болон хүүхдийн зэрэг хэд хэдэн асуудлыг хэрхэн шийдэхээ мэдэхгүй төөрөлдөх хандлагатай болно. Цаг нь ирээгүй байхад яарч хөдлөхгүй байвал харилцаа голдрилоороо үргэлжилнэ. Тэгэхээр аливаад хэдий чинээ мэдрэмжтэй хандана, төдий чинээ сэтгэлийн шарх мэдрэхгүй.


Охины орд

Детальд анхаардаг охины ордынхон аливааг 100% хяналтдаа байлгах сонирхолтой байдаг. Гэвч Будын ухралтын үеэр үүсэх олон асуудал бодсоноо өөрийнхөөрөө хийхэд төдий чинээ төвөг учруулах төлөвтэй. Ялангуяа үл хөдлөх хөрөнгө, ар гэрийнхний харилцаанд үүсэх үл ойлголцлыг харилцаагаа гүнзгийрүүлэх боломж гэж хараарай. Олон жилийн өмнөх асуудал ч сөхөгдөж магадгүй. Тэгвэл бодсон санаснаа 100% хэлэх нь харин ч сэтгэлийг нь анагаана, харилцааныхаа хэтийн төлөвийг тодорхойлох эхлэл болно. 

Өдрөө төлөвлөдөг дадалтай ч энэ үе төлөвлөснөө яс хэрэгжүүлэх гэж өөрийгөө хүчлэх эсвэл төгс рүү тэмүүлэх цаг биш, харин ч эсрэгээрээ тодорхойгүй нөхцөл байдалд дасан зохицож, хөрвөх чадвартай болоход суралцах боломж болно. Амьдралаа утга учиртай болгохын тулд зарим нэг зүйлийг тавьж явуулах хэрэгцээг мэдрээрэй.


Жинлүүрийн орд

Буд гаргийн буцах хөдөлгөөн жинлүүрийн ордынхны бодол санаа, төлөвлөгөөнд төөрөгдөл авчрах болно. Ялангуяа маш чухал илтгэл, нийтлэл, сурталчилгааны кампанит ажил эсвэл брэндингийн төсөл хариуцаж ажиллаж байгаа бол илүүтэй мэдрэгдэх болно. Энэ үеэр хүмүүстэй ойлголцоход амаргүй болох болохоор хүнтэй ямар өнгө аясаар яаж харьцах вэ?, ямар үгийг сонгож хэрхэн хэлэх вэ? гэдэгт мэдрэмжтэй хандах шаардлагатай. Санаандгүй алдаа гаргаж таагүй харилцаа үүсгэх магадлал өндөр байна.

Сэтгэлийн харилцаа нэг хэвийн үргэлжилж байвал цаашдаа яах вэ?, энэ хэв маягаа хэрхэн өөрчлөх вэ? гэдэгт шийдэл эрэлхийлээрэй. Хэн ч хэлсэн хэний ч үгийг хүндээр хүлээж авахгүйг хичээж, мэдэхгүйгээ мэддэг, чадахгүйгээ чаддаг болохоор өөрийгөө шинэ сорилтод нээхэд тохиромжтой цаг байна. Түүнчлэн энэ үеэр үнэнийг хэлэх шиг оновчтой алхам гэж байхгүй. Ганцхан өөрөө л амар амгаланг хадгалах гэж хэтэрхий хичээх хэрэггүй.


Хилэнцийн орд

Энэ үеэр хилэнцийнхний мөнгө, санхүүгийн асуудал илүүтэй хөндөгдөнө. Гэнэтийн зардал ч олон гаргана, гэрийнхэн рүүгээ мөнгө шилжүүлэх ч хэрэгтэй болно. Гэвч шилжүүлэг хийхээсээ өмнө оруулсан мэдээллээ гурвантаа шалгах шаардлагатай. Ихэвчлэн бүтээмжээ дээшлүүлэх зорилгод хөрөнгө оруулалт хийх (ухаалаг утас, ухаалаг төхөөрөмж (таблет, зөөврийн компьютер) худалдаж авна) болохоор өөрөөсөө харамлах хэрэггүй. Санхүүгийн асуудал нэг талаар хэн гэдгээ танин мэдэх сорилт, сонголт, боломж ч болох боломжтой. Хэрвээ мөнгөө хадгална гэсэн бол түүнийгээ яс хэрэгжүүлэх хэрэгтэй.

Ихэнх хилэнцийнхэн аливаад яс ханддаг, тууштай, нугаршгүй хандлагаараа хэнээс ч онцгойрдог. Гэхдээ энэ үе өөртөө хэт хатуурхалгүй эелдэг, зөөлөн зан чанараа харуулах цаг болно. Уян хатан хандлага бол яг одоо харилцааны түлхүүр байна, тэгэхээр өөрийгөө хаах хэрэггүй. Нөхдөдөө цаг гарган тэдэнтэйгээ ярилцаж сэтгэлээ нээгээрэй. Дотно нөхөрлөл нэгнээ ямар ч үед үргэлж дэмжихэд оршдог.


Нумын орд

Яг одоогоор юу ч санаснаар чинь болохгүй болох магадлал маш өндөр болохоор ихэнх өдрүүдийн төлөвлөгөөндөө chill~рэх цаг нэмэх нь ононо. Шийдлээ ч олж харахгүй мухардах үе олон гарах учраас тэмцэж урагшлахаасаа гадна асуудлаас өөрийгөө хэсэгхэн ч гэсэн чөлөөлж амрах цаг гаргаарай. Cool~ээ хадгалъя гэвэл санаагаа хөгжүүлж судалгаагаа хийгээрэй. Сэтгэлдээ төсөөлсөн бүхэн чинь чиний үнэ цэнийг илэрхийлж байдаг. Өмнөх санаачилгуудаа эргэн дүгнэвэл хэр хөгжсөнөө тодхон харна.

Өөрчлөлтөд бэлэн биш байгаа нь өөрийгөө өөрөөр бүтээхэд нөлөөлөх цаг хугацаа, орчныг зөвхөн өөртөө зориулаарай. Сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ ч дотроо хадгалаад байлгүй нээж ярилцаарай. Хэрвээ хүсвэл өдрийн тэмдэглэл хөтөлж эхлээрэй. Нөхөрлөл бол харилцан ярилцахад хамгийн тохиромжтой ертөнц байна. Эцэст нь энэ үеэр сэтгэлийн харилцаандаа ч гэсэн хүлээцтэй хандах хэрэгтэйг сануулъя.


Матрын орд

Ихэнх матрын ордынхон аливааг урьдчилж төлөвлөх дуртай. Гэвч энэ удаа Будын буцах хөдөлгөөний үеэр 100% тэгэх боломжгүй. Уур хилэн, урам хугаралт мэдрэгдэх нь олширч, урсгалаа дагах уу, урагшаа давших уу? гэдэг нь ч эргэлзээтэй санагдаж эхэлнэ. Хэн нэгний хэлэхийг хүсээгүй нууц ч илэрч итгэлийг нь алдаж магадгүй. Гэвч үнэн түүхийг нь олж мэдсэнийхээ дараа шударга дүгнэлт хийгээрэй. Итгэлцэл өмнөх шигээ үргэлжлэх эсэхийг цаг хугацаа л харуулах болно. Ерөнхийдөө, энэ үе нэг талаар хөрвөх чадварыг нь сорьсон, нөгөө талаар сонголтоороо түүхээ бүтээх сонирхолтой хоног сар болно.

Цагийг ганцаараа өнгөрөөх хүсэл ч давамгайлах хандлага ажиглагдах болохоор энэ хугацаанд дотоод ертөнцөө мэдэрч, сэтгэлээ анагаах боломжийг 100% ашиглаарай. Хааяахан ухрах нь эсвэл чиглэлээсээ багахан хазайж тойруу замаар явах нь ч гэсэн зорьсондоо хүрэх сонирхолтой арга зам байдаг.


Хумхын орд

Буд гаргийн буцах хөдөлгөөний үеэр сошиал харилцаа, нөхөрлөлийн асуудал хөндөгдөхөөс бусдаар бол харьцангуй бүтээмжтэй өдөр хоног өнгөрнө. Өмнөх нөхөрлөлөө ч сэргээж, одоогийнхыгоо ч хадгалж, шинэ нөхөрлөл ч эхлүүлнэ. Хэрвээ энэ үеэр хагацал мэдэрвэл энэ амьдарсан шиг амьдрах хэрэгтэйг, цаашдаа хэнээр хүрээлүүлэх вэ? гэдэгт бодолтой хандахыг сануулсан дохио болно. Тэгснээр гэрийнхэндээ ч гэсэн чанартай цаг зориулж, өөрөөр дурсагдах шинэ дурсамж бүтээж эхлээрэй.

Ихэнх хумхын ордынхон олон хүнийг өөртөө татдаг, экстроверт зан чанартай ч энэ хэдэн долоо хоногт энэ зангаа татах хэрэгтэй болно. Тэгэхээр сэтгэл дэх мэдрэмжээ урлагаар дамжуулж илэрхийлэх эсвэл өдрийн тэмдэглэлдээ бичээрэй. Товчхондоо, инновац болон тогтвортой байдлыг хэрхэн тэнцвэртэй авч явах вэ? гэдэг сорилт чамайг хүлээж байна. Төсөөлөл дэх санаагаа амьдралд хэрхэн хэрэгжүүлэх вэ? гэдэгтээ ч нөхдийнхөө саналыг тусгаж, хүссэн зорьсноо бодитоор бүтээгээрэй.


Загасны орд

Сая сая асуудалтай тулгарсан ч нэгийг нь ч шийдэж чадахгүй мэт мэдрэмж ноёлох хэдэн долоо хоног үргэлжилнэ. Тэгэхээр түүнийг сөрөх үү, эсвэл чирэгдэх үү? гэдэг сонголт өөрт байна. Хэрвээ зорьсондоо нэг алхам ч гэсэн дөхье гэвэл төдий чинээ хамгийн бүтээмжтэй, хамгийн үр ашигтай гэсэн сонголтоо хайж олохыг хичээгээрэй. Ерөнхийдөө, энэ үе эхлүүлснээ дуусгах эсвэл карьераа өөрчилнө гэсэн шийдвэрээ бодит болговол тохиромжтой. Спортоор хичээллэх бол хувийн багш авснаар бодсоноосоо ч ахицтай урагшилна.

Сэтгэлийн харилцаандаа тэмүүлэлтэй хандах ч хэтийн төлөв нь тодорхойгүй байна. Тэгэхээр харилцаагаа тодорхой болгох тал дээр анхаарах шаардлагатай. Харилцаа эхлүүлээгүй байгаа бол нөхдийнхөө нөхдөөс хэн нэгэнтэй танилцах боломжтой. Төслүүд хойшлогдож карьерт асуудал ар араасаа гарсаар байвал сөрөг сэтгэл хөдлөлдөө автахын оронд энэ үеийг стратегиа дахин төлөвлөх боломж гэж хараарай. Төвлөрөл ч саарч сатаарах хандлага нэмэгдэх болохоор түүнийгээ бүтээл төрөх агшин зуурт зуурдхан мэдрэгдэх сорилт хэмээн сэтгэвэл бүтээмж гаргаж эхэлнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *