2025 онд тохиох ордуудын ивээл vs. час өдрүүд хэзээ вэ?


Өдөр болгон өөр өөрийн гэсэн өнгөтэй, өөрөөр түүнийг будах уу, яах уу? гэдэг нь үргэлж чиний сонголт байдаг. Гэвч түмэн өнгөөр солонгорох тэдгээр өдрүүдээс тоомсорлохгүй өнгөрөөж боломгүй хэдэн өдрийг онцлохоос аргагүй.

Ердийн нэг өдөр мэт боловч ерөөс хүчирхэг энергитэй түүнийг ивээл vs. час өдөр хэмээн нэрийддэг. Тэгвэл ингэж тодотгосон өдрүүд нь яг ямар утга учиртай вэ?

Энгүй огторгуй дахь эрхсийн шилжилт хөдөлгөөнөөр зурагддаг ивээл vs. час өдөрт тохиолдох эерэг vs. сөрөг үйл явдлуудын давтамж нь энгийн өдрүүдийнхээс илүү эрчимждэгээс бусдаар хүн нь өөрөө хүссэнээрээ бүтээх боломжит 24 цаг байдаг.

Ивээл vs. час өдрүүдээ мэдэж авах нь тухайн оноо өөртөө илүү итгэлтэйгээр даван туулахад замчлах хөтөч болохоос гадна оноогдсон 24 цагтаа илүү оновчтой шийдэл эрэлхийлэх боломж ч болдог.

Тиймээс л оддоор луужингаа хийж ивээл vs. час өдрүүдээ хуанлидаа тэмдэглээрэй. Тэгээд 2025 оноо олон гайхамшигтай түүхийн жил болгоорой.


Хонины орд

  • Ивээл өдрүүд ~ 3 сарын 25, 5 сарын 17, 6 сарын 14, 9 сарын 10, 11 сарын 22
  • Час өдрүүд ~ 4 сарын 1, 7 сарын 7, 10 сарын 13, 12 сарын 4

Бүгдээс түрүүлж алхахыг урьтал болгодог хонины ордынхонд хүсэн хүлээж байсан зоримог алхмаа хийх нэн таатай боломж 3 сарын 25 болон 5 сарын 17~ны өдөр тохионо. Эдгээр өдөр ямар төлөвлөгөө, төслөө эхлүүлэхээ тодорхойлж шийдвэрлэх эсвэл холын зорилгодоо хүрэх алхмаа хийж эхлэхэд тохиромжтой.

Гэвч хааяахан хэтрүүлж түрэмгий аашилдагтаа болон тэвчээргүй хандлагадаа анхаарах шаардлагатай. Ялангуяа 4 сарын 1~нд хэн нэгэнд мэхлэгдэх магадлал маш өндөр байгаа бол 12 сарын 4~нд тэвчээрийн хязгаар алдрахад хүргэх хүндхэн сорилттой тулгарна. 

Эдгээр өдрүүдээс гадна гаргаар нь авч үзвэл долоо хоногийн Мягмар, Ням гарагт бүтэмж хийгээд бүтээмж илүү өндөр байна. Мягмар гараг хонины ордынхны эрч хүч, идэвхийг сэргээдэг бол Ням гараг аливааг тодорхой харах чадвар, төвлөрлийг нэмэх увдистай. 

  • Тэгэхээр эдгээр гарагт чухал эвент, арга хэмжээгээ төлөвлөх, төлөвлөснөө эхлүүлэх, спортоор хичээллэх, уралдаан, тэмцээнд оролцох, манлайллын шийдвэрүүдээ гаргахад тохиромжтой.

Үхрийн орд

  • Ивээл өдрүүд ~ 4 сарын 14, 6 сарын 23, 8 сарын 9, 10 сарын 17, 11 сарын 3
  • Час өдрүүд ~ 5 сарын 2, 7 сарын 18, 9 сарын 11, 12 сарын 14

Үхрийн ордынхон удаан дуурсагдах амжилтаа бүтээх 365 өдрийг өнгөрөөх ч ололт хүссэн шиг амархан ирэхгүй. Гэхдээ 4 сарын 14 болон 6 сарын 23~ны өдрүүдийг алдаж хэрхэвч болохгүй. Өөрийгөө хайрлах дадлаас эерэг үр дүнг харах, дурлаж хайрлах, санхүүгийн төлөвөө ч ахиулах боломж зэрэг тохионо.

Гэвч 5 сарын 2 болон 12 сарын 14~ний өдөр үүсэх аливаа сорилт, бэрхшээлийг хэтэрхий хүндээр хүлээж авах эсвэл хүндрүүлэх гэсний хэрэггүй. 2025 он алхам алхмаар тогтвортой урагшлах жил болох болохоор нэг жижигхэн ухралтыг сүржин хүлээж авах шаардлагагүй. Ямар ч асуудал ухрах шалтгаан болох ёсгүй.

Эдгээр өдрүүдээс гадна гаргаар нь авч үзвэл долоо хоногийн Баасан, Даваа гарагт бүтэмж хийгээд бүтээмж илүү өндөр байна. Баасан гараг үхрийнхний тэнцвэрээ 200% хадгалах өдөр бол Даваа гараг тэднийг өсөлт хөгжил рүү хөтлөх олон боломжоор шагнах өдөр болдог.

  • Тэгэхээр эдгээр гарагт хөрөнгө оруулалтын төлөвлөгөө болон санхүүгийн шийдвэрүүдээ гаргах, өөрийгөө хайрлах дадалдаа цаг зориулах, романтик болзоонд явахад нэн тохиромжтой.

Ихрийн орд

  • Ивээл өдрүүд ~ 2 сарын 17, 5 сарын 3, 7 сарын 21, 8 сарын 15, 10 сарын 30
  • Час өдрүүд ~ 6 сарын 2, 9 сарын 5, 11 сарын 10, 12 сарын 9

Он болгон онцгой содон аялал, сонихон түүхийн түүчээ байдаг. Түүний нэгэн адилаар 2025 он ч гэсэн ихрийн ордынхны хувьд тааварлашгүйг даван туулж тодхон санагдам туршлага бүтээх жил болж өнгөрнө. Ялангуяа 2 сарын 17 болон 7 сарын 21~ний өдөр алив бүхэн сайнаар эргэх учраас боломжийг ашиглая.

Эсрэгээрээ 6 сарын 2~ны өдөр олон асуудал давхцах нь шийдвэр гаргаж сонголтоо хийхэд маш төвөгтэй санагдана. Түүнчлэн 9 сарын 5, 12 сарын 9~ний өдрүүдээс ч гэсэн болгоомжлоход илүүдэхгүй. Хэчнээн хичээвч өдрийн сорилтыг даван гарахад хүндхэн байна. Тэгэхээр тэнцвэрээ гээлгүй тэмцэж урагшилъя.

Эдгээр өдрүүдээс гадна гаргаар нь авч үзвэл долоо хоногийн Лхагва, Бямба гарагт бүтэмж хийгээд бүтээмж илүү өндөр байна. Лхагва гарагт ихрийнхний ухааны цараа оргилдоо хүрдэг бол Бямба гараг тэдний бүтээлч сэтгэлгээ болон аливааг танин мэдэж суралцах хүслийг хөглөж өгдөг.

  • Тэгэхээр Бямба гарагт аяллаар явах эсвэл боловсролын эвентэд оролцох, харин Лхагва гарагт төсөл бичих, тэсрэлттэй сэтгэх арга ухаан гэж нэрлэдэг brainstorming хийхэд нэн тохиромжтой.

Мэлхийн орд

  • Ивээл өдрүүд ~ 3 сарын 10, 5 сарын 8, 7 сарын 24, 9 сарын 12, 11 сарын 5
  • Час өдрүүд ~ 6 сарын 28, 8 сарын 2, 10 сарын 3, 12 сарын 19

Хаяагүй тэнгэр мэт уудам сэтгэж хөлгүй далай мэт гүн гүнзгий бодох бодол олонтой, хийж бүтээх зорилго, төлөвлөгөөгөө ч сэтгэлдээ чамгүй төсөөлсөн нэгэн он иржээ. Энэ бүхнийхээ хажуугаар хайртай хүмүүстээ зорьж цаг зориулах нэн тааламжтай өдрүүд нь 3 сарын 10 болон 7 сарын 24~ний өдөр тохиох болно.

Харамсалтай нь 6 сарын 28~ны өдөр сэтгэлээр навс унагаах ямар нэгэн таагүй явдалтай учрах магадлал үнэмлэхүй байгааг анхааръя. Амьдралд ямар ч бэрхшээл тулгарч, хэн ч яаж ч соригдсон асуудал хэнийг ч ухрах сонголтод хүргэх учиргүй. Тэнцвэрээ хадгалж + сүнсээ, сэтгэлээ, дотно хүмүүсээ халамжлаарай.

Эдгээр өдрүүдээс гадна гаргаар нь авч үзвэл долоо хоногийн Даваа, Пүрэв гарагт бүтэмж хийгээд бүтээмж илүү өндөр байна. Даваа гарагт мэлхийнхний хайртай хүмүүсээ халамжлах хүсэл мэдрэмж эрчимждэг бол Пүрэв гарагт амбиц болон бодит амьдралаа тэнцвэртэй авч явах үүрэг хүлээдэг.

  • Тэгэхээр Даваа гарагт гэр бүлийнхэндээ цаг зориулж, амар амгаланг олоход илүүтэй анхаарч, Пүрэв гарагт тэмдэглэл хөтөлж, бясалгал хийх болон алс хэтээ төлөвлөхөд нэн тохиромжтой.

Арслангийн орд

  • Ивээл өдрүүд ~ 2 сарын 22, 5 сарын 15, 8 сарын 7, 9 сарын 9, 12 сарын 10
  • Час өдрүүд ~ 7 сарын 13, 10 сарын 5, 11 сарын 8, 12 сарын 15

Бэрхшээлгүй амьдрал бол хичээлгүй сургуультай адил гэдэг. Тэгвэл алдахаасаа зүрхшээж ухрах уу, алдаанаасаа суралцаж урагшлах уу? гэдгээ хүн нь өөрөө сонгодог. Арслангийнхан харин ямар сонголт хийх вэ? Олны анхаарлын төвд орших дуртай тэднийг 2025 онд маш сонирхолтой 12 сар угтан авна.

Тэдгээрээс 2 сарын 22 болон 8 сарын 7~ны өдөр хүсэл биелдэг гэдгийг тодхон харах давтагдашгүй цаг, мөч болно. Тэгвэл 7 сарын 13~ны өдөр эгогоо хэт өндөрт тавьдгаас хэтэрхий олон асуудалтай тулгарахыг үгүйсгэхээргүй байна. 10 сарын 5~ны өдөр төлөвлөгөө төсөөлснөөс өөрөө эргэх болохоор нягтлаарай.

Эдгээр өдрүүдээс гадна гаргаар нь авч үзвэл долоо хоногийн Ням, Лхагва гарагт бүтэмж хийгээд бүтээмж илүү өндөр байна. Арслангийнхны эрч хүч, идэвх санаачилга Ням гарагт эрчимтэй нэмэгддэг бол Лхагва гараг тэдний өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх, харилцаагаа бэхжүүлэх сонголт + боломж болдог.

  • Тэгэхээр олон хүний өмнө гарч үг хэлэх эсвэл сошиал эвент, арга хэмжээнд оролцох бол Ням гараг, харин нөхөрлөл, хамтрал, харилцаагаа өргөжүүлье гэвэл Лхагва гараг нэн тохиромжтой.

Охины орд

  • Ивээл өдрүүд ~ 3 сарын 5, 6 сарын 18, 9 сарын 25, 10 сарын 12, 11 сарын 30
  • Час өдрүүд ~ 8 сарын 6, 10 сарын 17, 12 сарын 2, 12 сарын 22

Охины ордынхны 2025 оныг хоёр үгээр товчилбол өсөлтийн жил болно. Өмнөхөөсөө үргэлж өөдөлж явахыг хичээдэг болохоор өөрийгөө ч төдий чинээ дайчилна. Ялангуяа 3 сарын 5 болон 9 сарын 25~ны өдөр ямар мэдлэг чадварт суралцаж, яаж хөгжих хүсэлтэй байгаагаа тодорхойлж бүтээх өдөр байна.

Гэвч 8 сарын 6~ныг анхааралдаа авах шаардлагатай болно. Сайтар боловсруулсан төлөвлөгөөнд хүртэл асуудал гардаг. Тэгвэл 12 сарын 2 болон 12 сарын 22~ны өдөр аливаад хэтэрхий шүүмжлэлтэй хандах төлөвтэй болохоор хүлээцийг чухалчлах шаардлагатай болно.

Эдгээр өдрүүдээс гадна гаргаар нь авч үзвэл долоо хоногийн Лхагва, Баасан гарагт бүтэмж хийгээд бүтээмж илүү өндөр байна. Лхагва гарагт охины ордынхны бүтээмж эрс нэмэгддэг бол Баасан гараг тэдэнд сошиал харилцаагаа идэвхжүүлэх болон өөртөө дүгнэлт хийхийг сануулдаг.

  • Тэгэхээр карьерын төлөвлөгөөгөө гаргах, товлох, хянах, хэрэгжүүлж эхлэхэд Лхагва гараг, харин Баасан гарагт сошиал эвентэд оролцох, харилцаагаа бэхжүүлэх алхам хийхэд нэн тохиромжтой.

Жинлүүрийн орд

  • Ивээл өдрүүд ~ 4 сарын 10, 6 сарын 19, 8 сарын 28, 10 сарын 9, 12 сарын 1
  • Час өдрүүд ~ 9 сарын 15, 11 сарын 2, 12 сарын 7, 12 сарын 21

Тэнцвэрийг тэгшитгэж тэмүүлэх амжилтаа бүтээх нэгэн жил иржээ. Тууштай урагшлах тэрхүү 365 өдрөөс 4 сарын 10 болон 6 сарын 19~ний өдөр төлөвлөснөө 200% хүссэнээрээ бүтээх болно. Ивээл өдрүүдийн төлөв илүүтэй амар амгаланг мэдрүүлж итгэлээр урамшсан сэтгэлээр 2025 оноо үдэхэд тусална.

Гэвч 9 сарын 15~ны өдөр байдал хяналтаас гарах хандлагатай болохоор ухаалаг, мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Тэгвэл 11 сарын 2 болон 12 сарын 7~ны өдөр үүсэх хэрүүл маргаан хэтийдсэн дарамт дагуулна. Тодорхойгүй төлөвийг тодорхойлж бүтээдэг хүн нь өөрөө болохоор төдий чинээ хүлээцтэй хандаарай.

Эдгээр өдрүүдээс гадна гаргаар нь авч үзвэл долоо хоногийн Баасан, Бямба гарагт бүтэмж хийгээд бүтээмж илүү өндөр байна. Баасан гарагт жинлүүрийнхний тэнцвэрээ хадгалах чадвар нэмэгддэг бол Бямба гарагт урам зориг орж хэнтэй ч таарамжтай харилцаатай байдаг.

  • Тэгэхээр эвент, арга хэмжээ зохион байгуулах эсвэл өөрөө оролцох бол Баасан гарагт, харин Бямба гарагт бүтээлч төсөл эхлүүлэх эсвэл түншлэлээ бэхжүүлэхэд нэн тохиромжтой.

Хилэнцийн орд

  • Ивээл өдрүүд ~ 2 сарын 5, 5 сарын 12, 7 сарын 30, 9 сарын 14, 11 сарын 25
  • Час өдрүүд ~ 3 сарын 20, 6 сарын 5, 9 сарын 23, 12 сарын 8

Хүн болгон өөр өөрийн гэсэн амжилтын түүхтэй. Тэгвэл тэднийг амжилтад хүрэхэд нь хөтөлдөг нийтлэг нэгэн чанар нь сэтгэлийн тэнхээ байдаг. Хэн хүнээс илүү тэнхээтэй хилэнцийнхэнд хэцүү санагдах өдөр хоног олон тохионо. Гэвч тэдгээрээс 2 сарын 5 болон 5 сарын 12~ны өдөр хамгийн тааламжтай өнгөрнө.

Төрөлхийн хөрвөх чадвартай болохоор бартаатай санагдах ямар ч өдрүүдийг ухаалаг даван гарч чадна. Ялангуяа 3 сарын 20 болон 12 сарын 8~ны өдөр өөртэйгөө тулж ажиллах шаардлагатай болно. Тэгэхээр одооноос сэтгэлийн тэнхээгээ дасгалжуулах алхам хийснээр илүү хүлээцтэй, хичээнгүй нэгэн болно.

Эдгээр өдрүүдээс гадна гаргаар нь авч үзвэл долоо хоногийн Мягмар, Пүрэв гарагт бүтэмж хийгээд бүтээмж илүү өндөр байна. Мягмар гарагт хилэнцийнхний нэгээс нөгөө рүү хөрвөх чадвар сайжирдаг бол Пүрэв гараг тэдэнд өөр рүүгээ өнгийж өсөж хөгжихийг сонгох боломж болдог.

  • Тэгэхээр хөрөнгө оруулах шийдвэр, хөгжихөөр бүтээх өөрчлөлтөө Мягмар гарагт, харин чухал яриа хэлэлцээр хийх, сонголтоо тодорхой болгоход Пүрэв гараг нэн тохиромжтой.

Нумын орд

  • Ивээл өдрүүд ~ 3 сарын 14, 5 сарын 21, 6 сарын 25, 8 сарын 19, 11 сарын 12
  • Час өдрүүд ~ 2 сарын 25, 4 сарын 3, 10 сарын 12, 12 сарын 20

Амьдрал хэчнээн адармаатай санагдсан ч асуудал болгон нь шийдэлтэй, алдаа болгон нь ухааралтай, ахиж дэвших тэмүүлэлтэй нэгэн шинэ он иржээ. Үргэлж өөдрөг байна гэдэг амаргүй ч өөдөлье, хөгжье гэх сэтгэл байвал өдөр болгон амжилтаа бүтээнэ. Ялангуяа 3 сарын 14 болон 5 сарын 21~ний өдөрт.

Эдгээр өдөр бол шинэд сэтгэлээ нээж, мэдэхгүйгээ мэддэг, чадахгүйгээ чаддаг болохоор эрсдэлтэй сонголт хийх эргэлтийн цэг байна. Хэрвээ аялах боломж гарвал эргэлзэлгүй атгаад аваарай. Тэгвэл 2 сарын 25, 10 сарын 12~ны өдөр төлөвлөснөө бүтээе л гэвэл төдий чинээ хүлээцтэй хандаарай.

Эдгээр өдрүүдээс гадна гаргаар нь авч үзвэл долоо хоногийн Пүрэв, Ням гарагт бүтэмж хийгээд бүтээмж илүү өндөр байна. Пүрэв гараг нумынхны эерэг сэтгэлгээ, эрч хүчийн ундарга болдог бол Ням гараг урам зоригоо сэргээж сэхээрч урагшлах боломж болдог.

  • Тэгэхээр ямарваа эвент, арга хэмжээнд оролцох болон аялал төлөвлөх бол Пүрэв гарагт, харин амьдрахын үнэ цэн, туйлын зорилгоо эргэцүүлж төлөвлөгөө гаргахад Ням гараг нэн тохиромжтой.

Матрын орд

  • Ивээл өдрүүд ~ 1 сарын 22, 4 сарын 4, 7 сарын 16, 9 сарын 8, 12 сарын 18
  • Час өдрүүд ~ 2 сарын 7, 5 сарын 5, 8 сарын 10, 11 сарын 3

Бүтнэ гэдэг итгэл, бүтээнэ гэдэг сэтгэлээрээ хүсэл дэх амар амгалангаа оршоох амжилт ололтын нэгэн жил иржээ. Нэг сорилтоос нөгөө рүү нэг алхмаас нэжгээдийг хийн урагшлах 365 өдөр өмнөхийн адилаар урсан өнгөрөх ч нэг түүхийн сургамжтай үлддэг. Тэгвэл 1 сарын 22 болон 4 сарын 4~ний өдөр бол өөр!

Өөрөөр дурсагдах эдгээр өдрийг хэрхэн бүтээх төлөвлөгөөгөө одооноос гаргаарай. Карьер, санхүүгийн шийдвэрээ гаргаж, урт хугацааны зорилгоо эргэн харвал нэлээдийг сэхээрэх боломж ч болно. Тэгвэл 2 сарын 7 болон 8 сарын 10~ны өдөр тэмтчин зогсох шатнаасаа уруудах уу, өгсөх үү? гэдгээ сонгоно.

Эдгээр өдрүүдээс гадна гаргаар нь авч үзвэл долоо хоногийн Бямба, Мягмар гарагт бүтэмж хийгээд бүтээмж илүү өндөр байна. Бямба гараг матрынхны төвлөрөх чадвар үнэмлэхүй байдаг бол Мягмар гараг тэдний идэвх санаачилгатай, ихийг хийж бүтээх урам зоригийг хөглөдөг.

  • Тэгэхээр амьдралын чухал төлөвлөгөө, зохион байгуулах эвентээ Бямба гарагт товлож, асуудалд шийдэл эрэлхийлэх, ухаанаа уралдуулж унших цагаа Мягмар гарагт гаргавал нэн тохиромжтой.

Хумхын орд

  • Ивээл өдрүүд ~ 2 сарын 8, 5 сарын 13, 7 сарын 9, 10 сарын 22, 11 сарын 19
  • Час өдрүүд ~ 3 сарын 25, 6 сарын 13, 9 сарын 6, 12 сарын 11

Хүмүүний амьдралын хөгжлийн №1 түлхүүр нь инновац бүтээхэд оршдог. Үүнийг хэнээс ч илүү хийдэг хумхын ордынхны 2025 он шинэ сэдэл, шинэлэг санаа, сошиал идэвхжилээр оргилох болно. Ялангуяа 2 сарын 8 болон 5 сарын 13 тухтай бүсээсээ чөлөөлөгдөж төсөөллөө амилуулах өдөр болох болно.

Дардан байдаггүй амьдралд өдөр болгон санасан шиг өрнөдөггүй. Тэдгээрээс 3 сарын 25 болон 12 сарын 11~ний өдөр үүсэх сорилтын уршигт ердийнхөөс илүү хүчтэй өртөх магадлалтай. Тэгэхээр өдрийн өрнөлд ямар ч асуудалтай тулгарсан хаашаа ч хөрвөх чадвараар хөгжье гэсэн тэмүүлэлтэй хандаарай.

Эдгээр өдрүүдээс гадна гаргаар нь авч үзвэл долоо хоногийн Бямба, Лхагва гарагт бүтэмж хийгээд бүтээмж илүү өндөр байна. Хумхынхны инновац бүтээх сэтгэлгээ Бямба гарагт илүүтэй эрчимждэг бол Лхагва гараг тэдний төсөөллөө бодит амьдралд туршиж үзэх, өөрийгөө хөгжүүлэх боломж болдог.

  • Тэгэхээр санаачилгаа хөгжүүлэхээр судалгаа, туршилт хийх цагаа Лхагва гарагт төлөвлөж, Бямба гарагт бодсоноо хийж эхлүүлэх болон хүмүүнлэгийн аянд оролцоход нэн тохиромжтой.

Загасны орд

  • Ивээл өдрүүд ~ 3 сарын 7, 4 сарын 12, 6 сарын 8, 9 сарын 20, 11 сарын 18
  • Час өдрүүд ~ 5 сарын 11, 7 сарын 6, 10 сарын 14, 12 сарын 5

Амьдрахуйн мөн чанар нь амар амгаланд хүрэхэд оршмой гэдэг. Харамсалтай нь хүн хэчнээн сэтгэлээ амгалан оршооё гэвч түүнийг алдагдуулах асуудал бэрхшээл харамгүй байдаг. Тэгвэл тэдгээрээс хэсэг ч гэсэн алсрах боломжийг 3 сарын 7 болон 6 сарын 8~ны өдөр өгнө. (Төгөлдөр биш ч түүнд дөхөх өдөр)

Харин 5 сарын 11 болон 10 сарын 14~ний өдөр шүүмжлэлд хандах хандлагаа илүү нухацтай эргэцүүлэх шаардлагатай тулгарна. Үнэндээ, шүүмжлэл гэдэг соёл иргэншилт хүн төрөлхтний амьдрах арга барилын салшгүй нэг хэсэг. Тэгэхээр хэрхэн шүүмжлэхээ ч мэддэг болъё, шүүмжлэлийг боломж болгож ч суръя.

Эдгээр өдрүүдээс гадна гаргаар нь авч үзвэл долоо хоногийн Пүрэв, Даваа гарагт бүтэмж хийгээд бүтээмж илүү өндөр байна. Пүрэв гараг загасныхны төсөөлөх чадвар, хүсэл мөрөөдөх тэмүүлэл сэргэдэг бол Даваа гараг сэтгэлийн аялал хийж өөртэйгөө ярилцах, өөрчлөгдөх хүслээ бүтээх өдөр болдог.

  • Тэгэхээр Пүрэв гарагт бүтээлч төсөлдөө төвлөрөх, иог эсвэл бясалгал хийх, харин Даваа гарагт амар амгаланг эрэлхийлж хайртай хүмүүстээ чанартай цаг зориулахад нэн тохиромжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *