Энгүй орчлонд өрнөдөг олон гайхамшигтай үзэгдэл байдаг. Тэдгээрийн нэг, сар бүтэн хиртэх үзэгдэл Улаанбаатарын цагаар 2025 оны есдүгээр сарын 7~ноос 8~нд шилжих шөнийн 02:12 цагт тохионо.

Сар бүтэн хиртэх үзэгдлийг өөрөөр Цусан сар (Blood Moon) гэж нэрлэдэг ба нар, сар, дэлхий гурав нэг шугамд байрлах үеэр нарны гэрлийн бага долгионы урттай хэсэг нь дэлхийн агаар мандалд сарниж алга болоод улаан хэсэг нь саранд хүрэхийг хэлдэг.
Энэ үеэр сар маань хосгүй үзэсгэлэнтэйгээр улааран харагдах бөгөөд энэ өдөр тохиох сарны бүтэн хиртэлтийн оргил үе ойролцоогоор 1 цаг 22 минут үргэлжилнэ.
Нарны хиртэлтээс ялгаатай нь сарны хиртэлтийг сар хэрвээ үзэгдэх орчинд байвал дэлхийн хаанаас ч харж болдог. Гэхдээ өнөөдрийнх АНУ~ын нутаг дэвсгэрт харагдахгүй. Дэлхийн нийт хүн амын 71% нь харах боломжтой ажээ.

Зурхайч Kyle Thomas~ийн тэмдэглэснээр, хиртэлтийн энерги 2025 оны есдүгээр сарын 4~нөөс эхэлж 2025 оны есдүгээр сарын 11~нийг дуустал эрчээ хадгална. Нэг зүйлийг сануулахад, тэрээр сар бүтэн хиртэх үзэгдлийн үеэр манифест хийж болохгүй гэсэн байна.
Ингээд 2025 онд тохиож байгаа огторгуйн хоёр дахь хиртэлтийн үеэр ордуудад юу тохиолдохыг үргэлжлүүлэн уншицгаая.
Хонины орд

Сэтгэлийн ачаагаа хөнгөлж, урагшлахын тулд өөрийгөө чөлөөлөх шаардлагатай үе тохионо. Шавхагдсан энергиэ эргэн сэргээх хэрэгтэй болох болохоор амьдралаа эргэцүүлэх цаг гаргаарай. Энэ нь дотор хүнээ, совингоо мэдрэх төдийгүй өөрийгөө бүрнээ тольдох боломж болно.
Хүсэл мөрөөдөл болон манаж хоносон зүүдээ бичиж тэмдэглэхээс гадна дежа ву мэдрэмж төрүүлсэн явдлуудаа ч гэсэн бичээрэй. Тэгвэл зөв замаараа явж байгаагаа илүү тодоор мэдэрнэ.
Үхрийн орд

Хүсэл мөрөөдөл илүү тодорсон, түүндээ хэрхэн яаж хүрэхээ өмнөхөөсөө ч илүү ухамсарлах мэт өдөр хоногууд өнгөрнө. Бодсоноо зөв шалтгаанаар, зөв замаар бүтээж ирсэн бол томоохон үсрэлтүүдийг хийх боломжтой. Эсрэгээрээ тэгж чадаагүй бол хүсэлдээ хүрэхийн тулд ямар өөрчлөлт хийхээ үнэлье.
Хиртэлт сошиал харилцааг ч идэвхжүүлэх болно. Тэгэхээр энэ үе өөртөө итгэл төгөлдөр, сэтгэл татам өдөр хоног болж өнгөрнө. Ялангуяа ганц бие хүмүүст хүнтэй танилцахад нэн тааламжтай цаг болно.
Ихрийн орд

Ялалтад хүрэхэд ойртож байгааг сануулах өдөр хоног өнгөрнө. Цусан сар карьерын харилцаанд хүчтэй нөлөөлөх ба тушаал дэвших, хамтрах санал хүлээж авах, цалингаа нэмүүлэх магадлал маш өндөр.
Хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэж байсан бол зөв газартаа, зөв хүмүүсийг гайхшируулж чадна. Энэ нь өшөө илүү хариуцлагатай, сахилга баттай, хичээнгүй хөдөлмөрлөхийг шаардана. Эсрэгээрээ, карьертаа ахиц дэвшил гаргаж чадахгүй байгаа бол ямар кармаг бүтээснээ дүгнэж, ямар бэрхшээл байгааг шийдье.
Мэлхийн орд

Бүх ертөнц чиний төлөө байгааг мэдрэх үе иржээ. Тэгэхээр энэ хэдэн өдөр шинэ адал явдалд хөтлөх болно. Аяллын төлөвлөгөөгөө гаргаж, нислэгийн тийзээ ч захиалаарай. Эрдэм шинжилгээний судалгаа, хөгжүүлэлт, хуулийн төсөл, медиа маркетинг, эсвэл хэвлүүлэх бүтээлийн хэрэгт ч ахиц гарах болно.
Хэрвээ хиртэлтээс өмнө зөвийг хийсэн бол сэтгэл хөдөлгөм боломжоо атгана. Аливааг томоор харж сэтгэж бүтээхээс зүрхшээх хэрэггүй. Итгэл үнэмшилдээ илүү их анхаарал хандуулж, өөртөө хэр үнэнч ханддагаа ч нэг дүгнэе. Үнэ цэнээ үлдээж амьдрах сонголт зөвхөн өөрт байдаг, хичээгээрэй.
Арслангийн орд

Энэ үе хөрөнгө оруулалт, эсвэл санхүү, мөнгөтэй холбоотой эерэг мэдээг авчирна. Урамшуулал хүртэх, тэтгэлэгт тэнцэх, эсвэл өв хөрөнгө өвлөж ч мэднэ. Сэтгэлтэй хүмүүс нэгнээсээ илүү мэдрэмжтэй, дотно харилцааг хүсэх эрмэлзэл нэмэгдэх болохоор дурлалын харилцаа нэн тааламжтай үргэлжилнэ.
Өнгөрсөнд гаргасан алдаа, бүтэлгүйтсэн түүхүүдтэйгээ хэдий чинээ нүүр тулна, төдий чинээ дэвшил гаргах боломжийн үе ч ирж. Үнэнийг эрэлхийлж өнгөрснөөс өөрийгөө чөлөөлөх тусам өөрөө хүчирхэгжинэ.
Охины орд

Чухал харилцааны эргэн тойронд томоохон эргэлт гарах төлөвтэй. Ялангуяа дурлалын амьдралд сүй тавих эсвэл хамт амьдарч эхлэхээр шийдэх хос олон байна. Тэгвэл ганц бие хүмүүс урт хугацааны харилцаа тогтоох нэгэнтэй учрах магадлалтай. Сэтгэлийн гэрлээ улам тодруулахыг хүсье.
Харин одоог хүртэл харилцаандаа ямар ч ахиц гаргаагүй байгаа хүмүүс нэгнээсээ хөндийрч эхэлнэ, эсвэл харилцаагаа эцэслэнэ. Үнэхээр тэгвэл, сэтгэл ихээр шархалж хоцрох ч хэн хэнийх нь хувьд зөв алхам болно гэдэгт үнэ цэн өгөөрэй. Тэнцвэрээ нэг л олохгүй байвал сэтгэлийн ачаагаа хөнгөлье.
Жинлүүрийн орд

Бүтээмжийг нь хөглөснөөр төдий чинээ ачаалалтай өдрүүдийг үдэх болно. Томоохон төсөл эхлүүлэх, эсвэл карьерын шинэ түүх зохиохоор шийдэж ч магадгүй. Хэрвээ амьдрал, карьерын тэнцвэрээ хадгалж чадвал энэ үе гайхамшигтай бүтээлч байна. Гэхдээ өөрийн болон тэжээвэр амьтныхаа эрүүл мэндэд анхаарах шаардлагатай.
Амьдралынхаа өдөр болгоныг зорилготой өнгөрөөж чадаж байна уу? Хүсэл тэмүүллийг эрчимжүүлэх хиртэлтийн энергийг өдөр тутам ямар нэгэн эерэг алхамд чиглүүлээрэй. Эсрэгээрээ стресс, бухимдал үүсгэж ч магадгүй түүний энергийн нөлөөн дор хангалттай амарч байгаа эсэхээ ч нэг дүгнээрэй.
Хилэнцийн орд

Сахиусан тэнгэрт ивээгдэх мэт хиртэлтийн энэ үе маш онцгой сэтгэгдэл үлдээх төлөвтэй. Энэ хэдэн өдөрт хүсэл эрмэлзэл нэмэгдэж урлаг, гоо үзэсгэлэнг таашаах мэдрэмж илүүтэй хүчирхэгжинэ. Хэрвээ ганц бие бол өөртөө төгөлдөр тохирох нэгнийг олох үе болно. Хостой хүмүүс харин харилцаандаа чимх чихэрлэг, эсвэл час хийсэн амт нэмээрэй.
Бүтээлч сэтгэлгээ сэргэснээр урам зоригтой урагшлах, өөртөө олон шинэ боломжийг нээх хөшүүрэг болно. Сэтгэл хэтэрхий ачаатай, стресстэх хандлагатай байвал ачааг хаанаас үүрч ирсэн, яавал эргэлтгүй буцаах вэ? гэдэгт үнэ цэн өгөөрэй. Амьдрал үргэлж асуудалтай байх шаардлагагүй, хайрлаж урлая.
Нумын орд

Хиртэлтийн энэ үе үл хөрөнгө хөрөнгө, гэр бүлийн харилцааны асуудлуудыг илүүтэй хөндөнө. Тэгэхээр нүүхээр шийдэх, эсвэл өрөөгөө тохижуулах, гэртээ засвар хийхээр төлөвлөж мэднэ. Ямартай ч гэр гэдэг аз жаргал мэдрэх орчин байдаг болохоор гэртээ үдэшлэг зохиох талаар ярилцаарай.
Сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг хүчтэй өдөөх болохоор яамаар байгаагаа шийдвэрлэх цаг гаргаж, сэтгэлийн ачаагаа хөнгөлөхийг ч хичээе. Өнгөрсөн дэх асуудал шийдвэрлэгдэх шаардлагатай болох нь өөртөө урам хугарах шалтгаан болж ч магадгүй. Тэгсэн ч итгэл алдралгүй эхнээс нь л эхэлье.
Матрын орд

Шинэ мэдлэгт тэмүүлж, чадвараа хөгжүүлэхээр суралцах эрмэлзэлд хүчтэй нөлөөлөх болохоор зохиол, нийтлэлээ бичиж эхэлье, ярилцлага ч өгье, сурталчилгааны төсөл дээр хамтарч брэндинг ч хийж үзье. Бодлоо сэтгэлдээ л тээх хэрэггүй, хүн төрөлхтөнд бүтээж харуулаарай, тэднийг сэхээрүүлээрэй.
Харилцааны хувьд чухал үе болох болохоор хэлье гэснээ үнэн зөвөөр хуваалцаж, санаагаа ч шударгаар хэлье. Өөрийгөө илэрхийлэхдээ ямар алдаа гаргадаг вэ? Харилцах ур чадвараа хэрхэн сайжруулах вэ?
Хумхын орд

Санхүүгийн харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарах төлөвтэй байна. Хиртэлтийн энерги зөвхөн мөнгө авчрахгүй, зөв хөрөнгө оруулалт хийхэд замчлах болно. Карьерын санал хүлээж авах, шинэ харилцагчтай болох, эсвэл цалин нэмэгдэж мэднэ. Орлогын урсгал татарсан бол түүнийг бүтээх шинэ үүсвэр эрье.
Болж өрнөх бүхэнд бодитой, бодолтой хандах шаардлагатай тулгарах болохоор одоо гэдэг цаг мөчтэйгөө гүн холбогдохыг зориорой. Итгэлцлийн асуудал ч хөндөгдөх магадлалтай учир хэнд итгэх вэ? гэдэгтээ мэдрэмжтэй хандъя. Эсрэгээрээ итгэлээ хадгалж урагшлахыг сонговол олон боломж нээгдэнэ.
Загасны орд

Ордод нь сарны туяа илүү тодоор тусах нь төдий чинээ үүрэх хариуцлага нэмэгдэнэ гэдгийг илэрхийлнэ. Энэ үеэр өөртөө маш чухал зорилго тавих, эсвэл хүслийн биелэл ирэх магадлал өндөр байна. Одоо цаг бол хэн болохоо бататгаж, ямар чадвартай, ямар үзэсгэлэн төгөлдөр нэгэн бэ? гэдгээ харуулах мөч.
Өөртөө илүү итгэлтэй болж эхлэх нь төдий чинээ дэвшил гарган урагшлахад нь замчилна. Хиртэлтийн үеэр ордод нь байршиж байгаа (2025.IX.01 ~ 2026.II.14) Санчир гаргийн энерги ч хүчирхэгжинэ. Бүхнээс сургамжилж ахихыг сануулдаг тэрээр өнгөрснөө марталгүй, өөрийн доторх ертөнцөө мэдэрч бүтээхийг хүснэ.
