Зурхайд итгэдэг олны танил эрхмүүд


Төдийгөөс өдийг хүртэлх түүхэн цаг үеийн туршид мянга мянган хүмүүнийг замчилж ирсэн өнө эртний түүхэт зурхайн ухааны үнэ цэн дундаршгүй. Дэлхий даяар тархан суурьшсан эдүгээ цагийн эрхмүүдийн ч гэсэн үргэлжийн хэрэглээ болсон түүнийг ашиглан алдрын замналаа зурсан олон алдартай хүн бий.

Олны танил тэдгээр хүмүүсийн зарим нь чухал шийдвэр гаргахдаа, зарим нь өөрийгөө илүү сайн таньж мэдэн амьдрахуйн мөн чанараа ухаарах гэж зурхайг ашигладаг бол зарим нь ирээдүй цагт өөрсдийг нь юу хүлээж байгааг мэдэхийг хүссэндээ зурхайтай холбогддог.

Тэгвэл зурхай ирээдүйг харж чадахгүй, харин урьдчилан таамаглах хэрэглүүр бөгөөд түүнийг ухаалаг ашиглаж чадсан хэн ч хүссэн түүхээ бүтээдэг жамтай.

Ингээд хамтдаа хүсэл зориг, түүнээс ундран гарах шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээрээсээ гадна оддоор газарчлуулж ололт амжилтын түүхээ бичсэн, бичиж яваа олны танил хүмүүсийн төлөөлөлтэй танилцацгаая.


Дэлхийн 100 гаруй оронд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг АНУ~ын J.P. Morgan & Co. хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулагч, санхүүч John Pierpont Morgan Sr. нь зурхайч Evangeline Adams~т уншлага хийх боломж олгохоор шийдэхээсээ өмнө зурхайд эргэлздэг байжээ.

Дараа нь тэрээр Evangeline Adams~ийг хувийн зурхайчаа болгосон бөгөөд тэрээр гараг, эрхсийн шилжилт хөдөлгөөн дэлхийн эдийн засагт, ялангуяа хөрөнгийн болон хувьцааны зах зээлд хэрхэн нөлөөлж болох вэ? гэдэгт түлхүү анхаарч, зөвлөдөг байсан байна.

J. P. Morgan зүгээр ч нэг ‘’Хэн ч саятан болж чадна. Хэрвээ тэрбумтан болъё гэвэл зурхайг ашиглах хэрэгтэй” гэж хэлээгүй ажээ.

Түүний тухай сонирхолтой баримт

  • J. P. Morgan~ийг 1912 оны дөрөвдүгээр сарын 14~нөөс 15~нд шилжих шөнө умард атландын далайд живсэн RMS Titanic хөлөг онгоцны ослыг зохион байгуулагч гэж ярьдаг гэнэ. Зорилго нь хөлөгт зорчиж явсан өрсөлдөгч Jacob Astor, Isidor Straus болон Benjamin Guggenheim нарын саятнуудыг хөнөөх явдал байсан гэдэг.
  • Яг үнэндээ, тэрээр RMS Titanic хөлгөөр англиас америк руу аялахаар төлөвлөж байсан ч гэнэт бодлоо өөрчилж францад амралтаа өнгөрөөхөөр болж байсан түүхтэй юм байна.

АНУ~ын дуучин, жүжигчин, дууны шүлэгч Stefani Joanne Angelina Germanotta ордынхоо зурхайг өдөр болгон уншдаг бөгөөд бие даасан тоглолт, эсвэл аялан тоглолтоо зохион байгуулахаасаа өмнө заавал зурхайчдын багийнхантайгаа зөвлөлдсөний эцэст төлөвлөдөг уламжлалтай гэнэ.

Түүний тухай сонирхолтой баримт

  • Lagy Gaga дөрвөн настайдаа төгөлдөр хуур тоглож сурсан бол 13 настайдаа дууны шүлэг бичиж эхэлжээ. Тэрээр Born This Way дуугаа ердөө 10 минутад зохиосон гэдэг. 
  • Түүний бие дээр 24(+) шивээс байдаг ба тэрээр биеийнхээ зөвхөн зүүн хэсэгт л шивээс хийлгэдэг.

Үл танигдах нисдэг биет сонирхогч төдийгүй үйлийн үр болон үхлийн дараах амьдралд итгэдэг АНУ~ын жүжигчин, зохиолч Shirley MacLaine маш олон зурхайчтай хамтран ажиллаж байжээ. Тэдний нэг нь Clarisa Bernhardt бөгөөд тэрээр Clarisa Bernhardt~аар харьцангуй удаан хугацаанд хөтөчлүүлж байгаа ажээ.

Түүний тухай сонирхолтой баримт

  • Амьдралдаа маш олон удаа харь гаргийн нисдэг таваг харсан гэгддэг тэрээр 20 гаруй ном бичсэн бөгөөд нэг номдоо, 1952 оны долоодугаар сарын 12~ноос 29~ний хооронд одоогийн Ronald Reagan Washington National Airport нисэх буудалд үзэгдсэн харь гаргийн үл танигдах нисдэг биетүүдийн талаар бичжээ.
  • Дөрвөн жилийн хугацаанд АНУ~ын Агаарын цэргийн нисэх хүчинд үл танигдах нисдэг биеттэй холбоотой 615 тохиолдол бүртгэгдсэн байсан бол зөвхөн 1952 онд л гэхэд 717 шинэ тохиолдол бүртгэгдсэн байдаг байна.

АНУ~ын кино бүтээгч, жүжигчин Angelina Jolie хэдийгээр Буддын шашинтай боловч амьдралынхаа чухал мөчүүдийг төлөвлөхдөө ордынхоо зурхайг ашигладаг гэнэ. Ялангуяа шинэ бүтээлийнхээ нээлтийг, эсвэл мэс ажиллаварт орох, эмчилгээ эхлүүлэх өдрөө зурхайн таатай таамаглал давхацсан өдрүүдийг сонгож хийдэг байна.

Түүний тухай сонирхолтой баримт

  • Тэрээр кино урлагийн карьер эхлүүлэхээсээ өмнө оршуулга зохион байгуулагч (Яагаад? гэвэл өвөөг нь оршуулах ёслол түүний сэтгэлд хүрээгүй) болох хүсэлтэй байжээ. 
  • Angelina Jolie хутга цуглуулахаас гадна могой, гүрвэл зэрэг хэвлээр явагч амьтдад дуртай.

АНУ~ын дуучин, жүжигчин Selena Gomez, Dazed сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа зурхай сонирхдог гэдгээ, ямар ордод төрснөө, ордынхоо талаар ямар бодолтой явдгаа дурдсан байдаг ажээ. 

Тэрээр, *Мэлхийн ордод төрсөн болохоор ч тэр үү, би үнэхээр мэдрэмтгий. Би бүх зүйлийг маш хүчтэй мэдэрдэг, ингэхдээ ч дуртай. Мэдрэмж гэдэг намайг илэрхийлэх үнэ цэн. Хэрвээ би өвдвөл бүрхүүлдээ нуугдчихаад хэсэгтээ л гарч ирэхгүй.* гэжээ.

Түүний тухай сонирхолтой баримт

  • Бүтэн нэрийг нь Selena Marie Gomez гэдэг бөгөөд техано хөгжмийн хатан хаан хэмээгддэг байсан дуучин Selena Quintanilla-Pérez~ийн нэрээр Selena хэмээн нэрлэжээ. 
  • Тэрээр нимбэгийг бүхлээр нь идэх дуртайгаас гадна хоолойг нь хамгаалдаг гэж итгэдэг болохоор оливын тос уудаг. Түүний хамгийн анх худалдаж авсан CD нь Britney Spears~ийн …Baby One More Time цомог байжээ.

Энэтхэгийн жүжигчин, зохиолч Priyanka Chopra~гийн тухай олон хүний мэддэггүй нэг өнцөг нь түүний зурхайд итгэдэг явдал ажээ. Тэрээр амьдралынхаа турш ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө зурхайч нартай зөвлөлдөж ирсэн бөгөөд зурхай түүнд илүү сайн шийдвэр гаргахад нь болон алдаа гаргахаас зайлсхийхэд нь тусалдаг гэдэгт итгэдэг. 

Priyanka Chopra зурхайнаас гадна эрдэнийн чулуу болон тоонд ч гэсэн ач холбогдол өгдөг. Түүнийхээр эдгээр нь амьдралд нь эерэг энерги авчирч, амьдралыг нь зөв зам руу хөтөлдөг.

Түүний тухай сонирхолтой баримт

  • Priyanka Chopra~гийн №1 сонсох дуртай дуу нь Dilwale Dulhania Le Jayenge (1995) киноны Mere Khwabon Mein Jo Aaye гэнэ. Харин америк хоолноос хамгийн дуртай нь чизбургер гэжээ.

Францын улс төрийн зүтгэлтэн Napoleon Bonaparte~ийг түүхэд өөрийн гэсэн мөрөө үлдээхэд нь зурхай чамлахааргүй үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Учир нь тэрээр ямар нэгэн чухал алхам хийхээсээ өмнө сүнстэй ярилцагч, хөзрийн мэргэч, төлөгч Marie Anne Adelaide Lenormand~тай зөвлөлддөг байжээ. 

Marie Anne Adelaide Lenormand нь амьдралынхаа 40 гаруй жил үзмэрч хийсэн нэгэн бөгөөд Napoleon Bonaparte болон гэргийгээс нь гадна францын хувьсгалд үнэтэй хувь нэмэр оруулсан Jean-Paul Marat, Maximilien Robespierre, Louis Antoine de Saint-Just нарын улс төрч, философич, хуульч эрхмүүдийг хөзрөөр мэргэлж зөвлөгөө өгсөн байдаг гэнэ. 

Түүний тухай сонирхолтой баримт

  • Napoleon Bonaparte тэнгэрээс өөрийнх нь *азын од* түүнийг харж ивээдэг гэдэгт итгэдэг байжээ.
  • Тэрээр гэргий Joséphine Bonaparte~аа аз авчирдаг гэж үздэг байсан учраас хөргийг нь азын сахиус хэмээн биедээ байнга авч явдаг байсан гэнэ. Түүнийхээр, хэрвээ гэргийнх нь хөрөгт ямар нэг гэмтэл учирвал муугийн цондон байжээ.

АНУ~ын дуучин, зохиолч Madonna Louise Ciccone 1990~ээд оны тэртээгээс зурхай сонирхдог байжээ. Олны танил ихэнх хүмүүс нарны ордоо л мэддэг байсан бол тэрээр нарны ордоосоо гадна сарны орд болон мандалтын ордоо ч мэддэг, чухал шийдвэр гаргахдаа зурхайгаа үргэлж уншдаг байсан гэнэ.

Түүнчлэн францын DJ David Guetta~гийн төрсөн ордыг хилэнц (1967 оны арваннэгдүгээр сарын 7~нд төрсөн) гэдгийг нь сонсоод л шууд хамтран ажиллахаас татгалзаж байсан удаатай ажээ.

Түүний тухай сонирхолтой баримт

  • Польшийн амьтан судлаач Michalczyk Łukasz болон Kaczmarek Łukasz нарын 2006 онд өмнөд америкаас нээн илрүүлсэн *усны баавгай* гэж хэмээгддэг нэгэн зүйл бичил биетнийг Madonna~гийн нэрээр Echiniscus Madonnae хэмээн нэрлэсэн байдаг.
  • Тэрээр тэнгэрт цахилгаан цахиж, аянга ниргэхээс айдаг бөгөөд байгалийн энэхүү гамшигт үзэгдлээс айх айдсыг шинжлэх ухаанд Brontophobia гэдэг гэнэ.

АНУ~ын дуучин, бизнес эрхлэгч Beyoncé шаргуу хөдөлмөрлөж, төгс төгөлдөрт тэмүүлэх гэж юу болохыг мэддэг. Тэрээр зурхай сонирхдог, зурхайчаас зөвлөгөө авдаг, энэ итгэлээ ч уран бүтээлдээ (Signs, Virgo’s Groove) шингээсэн байдаг.

Beyoncé нэгэн ярилцлагадаа, *Би нарийн ширийн зүйлд маш их ач холбогдол өгдөг. Ямар нэг зүйлд зорьсон л бол тултал нь хийж байж санаа амардаг. Өөртөө өндөр хүлээлт тавьдаг шигээ эргэн тойрныхоо хүмүүсээс яг адилхан зүйлийг хүлээж байдаг* хэмээжээ.

Түүний тухай сонирхолтой баримт

  • Тэрээр караоке орохоороо Eagles хамтлагийн Hotel California дууг дуулах дуртай, Crazy in Love дуугаа шартсан үедээ хоёр цагийн дотор зохиосон гэдэг.
  • Дийлэнх үнэртэй уснаас харшилдаг учраас үнэртний брэндээ гаргасан Beyoncé дөрвийн тоог бэлгэшээдэг, далайд байхдаа сэтгэлийн амар амгаланг мэдэрдэг гэнэ.

Priyanka Chopra бол зурхайд итгэдэг цорын ганц Болливудын алдартан биш юм. Энэтхэгийн олон алдартан чухал шийдвэр гаргахаасаа өмнө зурхайчтай зөвлөлддөг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдгийн нэг нь Amitabh Bachchan ажээ. 

2000~аад оны тэртээ оршин тогтнох хямралтай тулгарч байсан түүнд тэрхүү хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахад нь тусалсан зүйл нь зурхай байжээ. Ялангуяа эрдэнийн чулуунд итгэх итгэл амьдралдаа дэвшил гаргахад нь хүчтэй нөлөөлсөн гэдэг. 

Amitabh Bachchan төрсөн ордынхоо ивээл эрдэнийн чулуу опалаас (гэрэлт чимэд) гадна индранил, маргад эрдэнийн холимог чулуун бөгжөө ихэд нандигнадаг.

Түүний тухай сонирхолтой баримт

  • Хоёр гараараа зэрэг бичих чадвартай тэрээр Zanjeer (1973) кинонд тоглохоосоо өмнөх дүрийн сонгон шалгаруулалтуудад дарааллан арванхоёр удаа тэнцэлгүй унаж байжээ.
  • Amitabh Bachchan~ийн 20 гаруй кинонд бүтээсэн дүрийг Vijay гэдэг.

Гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлаараа алдартай хилэнцийн ордынхны төлөөлөл нь АНУ~ын модель Kendall Jenner билээ. Зурхайд итгэдэг олон алдартай хүмүүсийн нэг болох түүнд төрсний хүснэгт нь өөрийгөө таньж мэдэхэд маш чухал нөлөөтэй байдаг ажээ.

Allure сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа  тэрээр,*Тийм ээ, би хилэнцийн ордод төрсөн. Тийм ч учраас үнэнч бөгөөд хэлье гэснээ шударга хэлдэг хүн. Тэгэхээр би чамд хайртай гэсэн бол хайртай. Харин дургүй болсон бол чи дууссан гэсэн үг* хэмээж байжээ.

Түүний тухай сонирхолтой баримт

  • Kendall Jenner палео дэглэмээр хооллодог бөгөөд энэ нь дахин боловсруулаагүй, транс өөх тос, элсэн чихэр агуулаагүй байгалийн хүнсээс бүрдсэн эрүүл хооллолт юм.
  • Канадын жүжигчин Ryan Gosling~ийг нь крашладаг түүний хамгийн дуртай гараг нь Ням, тэрээр энэ өдөр R&B эсвэл жазз дуу хөгжим сонсонгоо юу ч хийхгүй амрах дуртай.

Зурхай бол амьдралынх нь GPS хэмээн онцолсон АНУ~ын дуучин, дууны шүлэгч Katy Perry ордынхоо зурхайг өдөр алгасалгүй уншдаг гэнэ. Тэрээр астрономи, астрологиос гадна астрофизик сонирхдог, харь гаргийнхан байдаг гэдэгт ч итгэдэг олны танил хүмүүсийн нэг. 

Нэгэн ярилцлагадаа, *Зурхайгаа уншчихаад өнөөдөр надад ийм ийм явдал тохиолдох юм бий вий. Тэгвэл би яах ёстой вэ? гэж боддог. Эцсийн эцэст бид бүгдээрээ оддын тоосноос бүтсэн шүү дээ.* гэсэн байдаг.

Эрдэнийн чулуу ч гэсэн түүний өдөр тутмын амьдралын нэг хэсэг бөгөөд нэгэн үе ягаан болор чулууг (эрчүүдийг татдаг нэгэн увдистай) биеэсээ салгадаггүй байсан гэдэг. 

Түүний тухай сонирхолтой баримт

  • Katy Perry~гийн жинхэнэ нэрийг Katheryn Elizabeth Hudson гэдэг, тэрээр ази хоолонд ялангуяа шаржигнуур үхрийн мах болон сашимид нугасгүй.