Сугар гараг охины ордод шилжилт хийх үеэр хайр дурлалын харилцаанд ч гэсэн энергийн шилжилт явагдаж эхэлдэг. Охины орд аливааг нарийвчлан анхаарч үзэхийг сануулдаг, харин охины орд дахь Сугар гаргийн нөлөөлөл нь хайртай хүмүүстээ, харилцаандаа илүүтэй анхаарах хэрэгтэйг илэрхийлдэг.
Ялангуяа эдгээр өдрүүдэд харилцааныхаа үнэн мөн чанарыг олж харахаас гадна мэдрээгүй өнгөрөөсөн асуудал, алхмуудаа илүү тодорхой анзаардаг. Тэгэхээр энэ үе харилцаагаа гуравдагч хүний нүдээр харж, амьдралдаа эергээр нөлөөлж байгаа хүмүүстээ талархах цаг байна.
Ингээд охины орд дахь Сугар гараг ордуудын хайр сэтгэлийн харилцаанд хэрхэн нөлөөлөхийг (VIII.04 ~ VIII.29) хамтдаа үргэлжлүүлэн уншицгаая.
Хонины орд
Энэ хэдэн долоо хоногт сэтгэлийн харилцаан дахь хийгээгүй орхигдуулсан алхмуудаа илүү тодорхой харж эхэлнэ. Тэгэхээр харилцаагаа хэрхэн одоогийнхоосоо илүү сайжруулах вэ? гэдэгтээ төвлөрөх үе байна. Товчхондоо, тодорхойгүй төлөвөө тодорхой болгох, тодорхой алхмаа бодитоор хэрэгжүүлэх цаг. Гэвч нэг сөрөг тал нь харилцаагаа хэт төгс болгох гэж өөрөөсөө болон хамтрагчаасаа хэтэрхий ихийг шаардах хандлагатай болно. Тэгэхээр өөрийгөө хэт стресстүүлэх хэрэггүй, алхам алхмаар урагшил.
- Энэ үеийг харилцаагаа нарийвчлан авч үзэхэд зориулснаар анзаараагүй үлдээсэн олон өөрчлөлтүүдээ бодитоор бүтээж эхлэх үе болно.
Үхрийн орд
Энэ үеэр дотно хүмүүсийнхээ анхаарал халамжийг илүүтэй мэдэрч, тэдэндээ магтагдахыг, тэднээсээ мотивац авахыг илүүтэй хүснэ. Ялангуяа сэтгэлтэй хүнээрээ өшөө илүү хайрлуулахыг хүсэж байгаагаа мэдрүүлснээр хамтдаа өсөж хөгжих алхамд хөтөлнө. Хэрвээ харилцаанаасаа амар амгаланг мэдрэхгүй байвал өөр рүүгээ өнгийж, яагаад? гэдгээ эргэцүүлээрэй. Төсөөлөл дэх амьдралаа бүтээж эхлэхээр хамтдаа хичээх нь зөвхөн энэ үеийн биш, цаашдынх нь харилцаанд ч эергээр нөлөөлөх болно.
- Энэ үеийг харилцаандаа бүтээлч сэтгэлгээгээр хандахад зориулснаар романтик өнгө аяс нэмэгдэж, сэтгэлийн амьдрал алхам алхмаар сайжрах болно.
Ихрийн орд
Ихрийн ордынхон энэ үеэр илүү сэтгэл хөдлөлтэй болж ирнэ. Гэвч сөрөг нь давамгайлж, дотно хүмүүс рүүгээ уурсах, үг хэлээр дайрах хандлага гаргах нь ихсэж магадгүй. Хэрвээ ямар нэг асуудал сэтгэлийг нь зовоож байвал ямар шалтгаантай вэ? гэдгийг нь тодорхойлж шийдэхийг хичээх хэрэгтэй. Амьдралд алив бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүй учраас өөртэйгөө ажиллах шаардлагатай өдрүүд өнгөрнө. Энэ ч утгаараа өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлснээр сэтгэлийн харилцаагаа хүссэн шигээ бүтээх болно.
- Энэ үеийг сэтгэл хөдлөлөө ойлгохыг хичээхэд зориулснаар харилцаан дахь хэрэгцээгээ хангаж, түүнийгээ сайжруулах болно.
Мэлхийн орд
Сугар гаргийн шилжилтийн энэ үе сэтгэлээ 100% нээхийг хүсэх хүсэлд хөтөлнө. Энэ утгаараа сэтгэлдээ тээж яваа олон асуудлаа түүнтэйгээ ярилцмаар санагдах ч ямар сэдвийг нь хөндөж ярилцах вэ? гэдэгтээ мэдрэмжтэй хандаарай. Хамтрагчаа ямар хариу үйлдэл гаргахыг нь мэдрэлгүйгээр хэлэх аливаа асуудал эсрэгээрээ сөрөг үр дагаварт хүргэж ч магадгүй. Хэрвээ тэгвэл харилцаагаа гүнзгийрүүлэх гэхээсээ илүү маргаан үүсгэж болохыг санаж харилцаандаа төдий чинээ мэдрэмжтэй, тэвчээртэй хандаарай.
- Энэ үеийг харилцаагаа илүү нээлттэй болгоход зориулснаар түүнийгээ яаж хөгжүүлэх вэ? гэдгээ тодорхой мэдэж авна, алдагдсан мэдрэмжээ ч сэргээнэ.
Арслангийн орд
Бүтээж байгаа сэтгэлийн амьдралдаа хэр сэтгэл хангалуун байна вэ? Хайртай хүмүүсээ хэр халамжилж байгаа вэ? Хэн хэнийхээ сэтгэлийг хэр амар амгалан байлгаж байна вэ? гэдгээ эргэцүүлэх өдрүүд иржээ. Харилцаа нэгэн хэвийн санагдаж, өдөр тутмын амьдралаасаа уйдаж эхлэх хандлагатай болохоор энэ үе харилцаагаа тогтвортой байлгахад анхаарах цаг байна. Урам хугарах олон явдал тохиолдоно, хэд хэдэн сорилттой ч тулгарна. Гэвч энэ бүхэн одоогийн харилцаагаа үргэлжлүүлэхийг үнэхээр хүсэж байгаа эсэхээ тодорхойлох шалгуур болно.
- Энэ үеийг өөртөө болон сэтгэлтэй хүндээ үнэнч шударга хандаж, итгэлийг нь дааж чадна гэдгээ харуулахад зориулснаар харилцаа илүү тогтворжих болно.
Охины орд
Сугар гараг VIII.29~нийг дуустал охины ордод байршина. Энэ үе мэдээж хайртай хүмүүстээ тэднийгээ гэсэн сэтгэлээ илүүтэй мэдрүүлэх, чанартай цаг зориулах өдрүүд байна. Гэвч асуудалгүй амьдрал гэж байдаггүй болохоор хэд хэдэн асуудал ч шийдэх хэрэгтэй болно. Энэ удаа ганцаараа шийдэх гэхээсээ илүү итгэдэг хүмүүсээ түших сонголт хийхийг ч хүснэ. Тэгэхээр тэднээсээ дэмжлэг авахаар зориглон асуугаарай. Сэтгэлтэй хүмүүс амьдралын ямар ч үед нэгнээ үргэлж дэмжиж, хамтдаа өсөж хөгжих учиртай.
- Энэ үеийг ашиглан харилцаандаа өөрийгөө хэдий чинээ зориулна, төдий чинээ түүнийгээ хүссэнээрээ бүтээх болно.
Жинлүүрийн орд
VIII.29~нийг дуустал үргэлжлэх Сугар гаргийн шилжилтийн энэ үеэр жинлүүрийнхэн хүмүүст бүхнээ зориулахаас зайлсхийх хандлагатай болно. Тэгэхээр хэчнээн хэцүү санагдсан ч тусалж чадахгүй гэдгээ шударга хэлэх хэрэгтэй. Энэ нь нөгөө талаар харилцаандаа төдий чинээ хил хязгаар тогтоогоогүй байна гэдгийг нь тодотгож, тодорхой алхам хийхийг ч сануулна. Тэгэхээр энэ удаа өөрийгөө нэгдүгээрт тавих хэрэгтэй гэдгээ ухаарна. Ямар ч асуудал сэтгэл зовоосон түүнийгээ өөрөө шийдэх нь чухал байна.
- Энэ үеийг хайртай хүмүүсийнхээ төлөө юу хийж чадах вэ? гэдэгтээ төвлөрөхөд зориулснаар харилцаагаа алхам алхмаар хөгжүүлэх болно.
Хилэнцийн орд
Сэтгэлийн харилцаандаа өөрчлөлт мэдрэхийг илүүтэй хүсэх хэдэн долоо хоног тохионо. Хүсэх нь хэдий шинэ эхлэлийн цэг ч хийгээгүй цагт үнэ цэнгүй. Гэвч хүссэн болгон санаснаар явагдах үе амьдралд ховор болохоор хичээхээс өөр сонголт үгүй. Бүтэлгүйтсэн ч урам хугарч шантралгүй үргэлжлүүлсээр байгаарай. Эс тэгвэл шийдэмгий алхам хийхээсээ зүрхшээж эхэлнэ. Бага гэж чамлалгүй хэрэгжүүлэх ганцхан алхам ямар ч өөрчлөлт авчирч болно. Алхам алхмаар бүтээх тэдгээр өөрчлөлт хэрүүл маргаан эс мэдрүүлнэ.
- Энэ үеийг өөртөө болон хамтрагчдаа өөрөөрөө амьдрах хэрэгтэйг сануулахад зориулснаар харилцаан дахь хамтын зорилго, хүсэл мөрөөдөл рүүгээ тэмүүлэх болно.
Нумын орд
Сугар гаргийн шилжилтийн энэ үеэр харилцаан дахь үүрэг хариуцлагын асуудал сөхөгдөнө. Амьдралд ямар ч сорилттой тулгарсан үүрэг хариуцлагаа дарамт мэтээр харах нь үнэ цэнгүй. Тэгэхээр харах өнцгөө өөрчилж, хэн хэнийхээ хүлээх үүрэг хариуцлагад тодорхой хязгаар тогтоовол ямар вэ? Анхнаасаа хэнтэй ямар харилцаатай байх вэ?, харилцаандаа ямар үүрэгтэй оролцох вэ? гэдгээ тодорхой гаргах нь сэтгэл амгалан амьдрах нөхцөл болж ч болно. Хэрвээ тэгвэл харилцаанаас мэдрэх дарамт ч багасна.
- Энэ үеийг цаашдаа яах вэ? гэдгээ тодорхойлоход зориулснаар харилцаа хүссэнээр нь өрнөх болно.
Матрын орд
VIII.29~нийг дуустал үргэлжлэх Сугар гаргийн шилжилтийн үеэр асуудал шийдэхээсээ илүү түүнээс зугтаах хандлагатай байна. Хэн хэндээ хэрэгтэй цаг хугацаа, өөрийнхөөрөө байх орон зайг нь өгчихвөл үүссэн асуудал шийдэгдчихнэ гэсэн бодол алдаа болно. Энэ алхам тодорхой хугацаанд сэтгэл санааг өргөнө, гэтэл асуудал шийдэгдээгүй үлдэнэ. Тэгэхээр эдгээр өдрүүдэд асуудлуудаа ч шийдье, дотно хүмүүстэйгээ ч чанартай цагийг өнгөрөөе. Ингэснээр харилцаанд хүссэж сайжрал нь ажиглагдана.
- Энэ үеийг шинэ туршлага олж авахаар сэтгэлээ нээхэд зориулснаар харилцаа төдий чинээ адал явдалтай болно.
Хумхын орд
Энэ үеэр харилцаанаасаа илүү дотно байдал мэдрэхийг хүснэ. Тэгэхээр Сугар гаргийн шилжилтийн эдгээр өдөр сэтгэлийн холбоогоо хүчирхэгжүүлэх цаг байна. Гэхдээ хамтрагчдаа хэт наалдах хэрэггүй, хамтрагчаасаа хэт ихийг шаардах хэрэггүй. Харилцаагаа тэнцвэртэй хөгжүүлэхдээ анхаараарай. Хэрвээ өнгөрсөнд шийдээгүй асуудал байвал харилцан ярилцаж шийдэхийг зориорой. Эс шийдсэн асуудлууд урт хугацаандаа харилцаанд сөргөөр нөлөөлөх болно. (Өмнө нь нуусан асуудал олноороо сөхөгдөнө)
- Энэ үеийг харилцаандаа хандах хандлага, харилцааныхаа үнэ цэнийг эргэн харахад зориулснаар өөрчлөлт, шилжилтийн үе ирэх болно.
Загасны орд
Энэ хэдэн долоо хоногт дотно хүмүүстээ илүүтэй анхаарч, тэднийгээ халамжлах хэрэгтэй болно. Тэдэнд хэн нэгний дэмжлэг хэрэгтэй болно, харин түүнийг нь өгч чадах хүн нь өөрөө байна. Өөртөө хэдий чинээ итгэнэ төдий чинээ эдгээр өдрүүдийг дурсамжтай, бүтээмжтэй өнгөрөөнө. Эсрэгээрээ өөрийгөө үгүйсгэх тусам тэнцвэр алдагдаж эхэлнэ. Тэнцвэр алдагдсанаар асуудал ар араасаа урган гарна. Тэгэхээр өөртөө итгэе, өөрийгөө хайрлая. Сөрөг хандлагатай хүмүүстэй хэт сүжрэлдэхгүй байхад ч анхаараарай.
- Энэ үеийг нэгнээ гэсэн сэтгэл, нэгнээ хүндэтгэх хүндлэлд зориулснаар харилцаа илүү тэнцвэртэй болох болно.