Нэг он нөгөөгөөр солигдож нэгэн шинэ түүхийн эхлэл иржээ. Өнгөрснөөсөө суралцаж өсөж хөгжих өөр нэгэн боломж ч ирлээ. Хүн хүний бүтээх түүх өөр өөр ч хүслээрээ амьдрах сонголтоо хэрэгжүүлэхэд хөдөлмөр зүтгэл нь хамгаас чухал байдаг.
Тэгвэл нэг асуудлаас нөгөөг шийдэнгээ нэг оноос нөгөө рүү яавал дэвшил гарган урагшлах вэ? 2025 он ордуудад ямар ухаарал өгч, ямар сургамж үлдээх бол…?

Хонины ордынхон тэвчээрт илүүтэй суралцах бол арслангийн ордынхон бодит байдалтай эвлэрч, амьдрал зөвхөн өөрийнх нь тухай байдаггүй гэдгийг ойлгох болно. Охины ордынхон төгс бусыг хүлээн зөвшөөрч эхлэх бол загасны ордынхон эцэст нь Үгүй гэж хэлэх нь хэвийн үзэгдэл юм байна гэдгийг ухаарах болно.
Хонины орд

Амьдрал гэдэг хэн хүнээс өрсөж урагшлах тэмцээн биш, эсрэгээрээ хэн хүний өөрийгөө бүтээх аялал байдаг. Энэ аялал санаснаас адармаатай ч олон чадварт суралцах эхлэл болдог. Тэдгээрийн нэг нь 2025 оноос авах тэвчээр гэдэг сургамж байна. Хэзээ хүлцэх вэ? гэдгээ мэднэ гэдэг жинхэнэ чадвар байдаг.
Хонины ордынхон үргэлж бусдаас анхдагч санааг гаргаж зөвхөн урагшаа тэмүүлдэг. Харамсалтай нь амьдралд яарах нь ямагт хүссэн шиг сэтгэл ханамж авчрахгүй, эсрэгээрээ ядраадаг гэдгийг ухаарах цаг иржээ. Төсөөлөл дэх аугаа ололтоо хүн алхам алхмаар бүтээгдэх тууштай хөдөлмөрөөр олж авдаг.
Үхрийн орд

Тав тух хийгээд тансаглалыг эрхэмлэдэг үхрийн ордынхон амар амгаланг нь алдагдуулдаг бүхнийг үзэн яддаг. Гэвч 2025 оноос авах сургамж нь өөрчлөлтийг үгүйсгэхээс илүү хүлээн зөвшөөрч сурах явдал аж. Бүх өөрчлөлт бодсон шиг чинь байдаггүй. Хүн өөрийгөө хэдий чинээ тухтай бүсээсээ чөлөөлнө, төдий чинээ утгаараа амьдарч эхэлдэг.
Амьдралыг хэт төгс төгөлдөр байлгах гэдэг, мөн аливааг үргэлж урьдчилан тооцоолж төлөвлөгдсөн байлгах гэдэг хандлагаа өөрчлөх цаг иржээ. Чадахгүйгээ чаддаг, мэдэхгүйгээ мэддэг болох сорилт эхэлж байна. Өөрөөр харвал өөрчлөлтийн цаана олон сонирхолтой нууц оршдог.
Ихрийн орд

Ихрийн ордынхон санаагаа тодорхой илэрхийлдэг, хэлье гэснээ хэнээс ч хамааралгүй хэлдэг, хэнтэй ч нээлттэй ярилцах дуртай хүмүүс байдаг. Гэхдээ энэ жил тэднээс ярихаа багасгаж ихийг сонсож сурахыг сануулна. Бусдыг сонссоноор хэмжээлшгүйг мэдэж авах мэргэн ухаанд суралцах боломжтой.
Тэнцвэрийг эрэлхийлж тав тухаа бүтээхийг чухалчлах болохоор сэтгэлээ ч гэсэн сонсож сурах хэрэгтэй. Өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож сурсан цагт олон асуултад тодорхой хариулах болно. Яруу найрагч мэт сонсож, soulmate мэт холбогд гэдэг үгийг санаарай. Ихийг сонсох нь нөгөө талаар амралт болно.
Мэлхийн орд

Бусдыг үргэлж нэгдүгээрт, харин өөрийгөө хамгийн сүүлд тавьдаг мэлхийн ордынхон энэ жил чадахгүй, Үгүй гэдгээ зоригтойгоор хэлж сурах хэрэгтэй. Өөрөө хэний ч асуудлыг өмнөөс нь шийдэх шаардлагагүй, хүн болгон халамжийг чинь хүртэх эрхгүй. Тэгэхээр 2025 онд аливаад хил хязгаар тогтоож сурах болно.
Өөрийгөө нэгдүгээрт тавиад ирэхээр өмнөхөөсөө ч ихийг бусдын төлөө хийх чадвартай гэдгээ мэдэрнэ. Хоосон аягатай бол өөр хэнийхийг ч дүүргэж чадахгүй болохоор эхлээд өөрийнхийгөө дүүргэхэд анхаарах хэрэгтэй. Үгүй гэж хэлсэндээ эргээд харамсах шаардлагагүй. Эсрэгээрээ өөрийгөө хайрлаж байгаа хэрэг.
Арслангийн орд

Арслангийн ордынхон анхаарлын төвд орших дуртай. Гэхдээ тэдний үнэ цэн олонд бишрэгдэх, олноос алга ташилт сонсох эсвэл олонд хүлээн зөвшөөрөгдөхөд байдаггүй. Эгогоо хойш тавьж жинхэнэ өөрийгөө олох аялалдаа гарах цаг нэгэнт иржээ. Өөртөө итгэх итгэлийг хүн өрөөлөөс биш өөрөөсөө олох ёстой.
Тэгэхээр 2025 оноос авах сургамж нь нэг алхам ухарч, бусдад олны анхаарлын төвд орших боломж олгох явдал байна. Тэгснээр хэн нэгэнтэй хамтарна гэдэг, төлөв даруу байна гэдэг үнэндээ дутагдалтай чанар биш, харин ч давуу тал болдог гэдгийг ухаарна.
Охины орд

Өөрийгөө шүүмжлэхээ больж алдаа гэдэг амьдралын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь охины ордод төрсөн хүмүүст амаргүй байдаг. Өөгүй өндөг шиг амьдрах гэж өдөр болгон хичээж, өөрийгөө хүчлэхийнхээ оронд төгс биш өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлахад суралцах хэрэгтэй.
Амьдралд алив бүхэн үргэлж 100% сэтгэлд чинь нийцэх шаардлагагүй. Бэрхшээл, асуудал дундаас ч амар амгаланг эрэлхийлэхэд сургах 2025 оноо бүтээмжтэй үдье гэвэл төгс рүү хэт тэмүүлэхийн хэрэггүй. Өөрийгөө төгс байлгах гэсэн дарамтаасаа чөлөөлснөөр амьдрал эрс өөрчлөгдөхийг мэдэрнэ.
Жинлүүрийн орд

Өөрийгөө нэгдүгээрт тавина гэдэг хувиа хичээсэн хэрэг биш, харин ч өөрийгөө урлан бүтээж үнэ цэнээ тодотгох сонгодог алхам байдаг. Тэгвэл хүн болгоныг жаргалтай болгох гэж явсаар чин зорилгоо мартсан яваа жинлүүрийн ордынхноос 2025 он өөртөө хайртай байхыг хүсэж байна.
Тэгэхээр энэ жил юм болгоныг тэнцвэртэй байлгах гэж хичээх хэрэггүй. Бусдын төлөө Тийм гэдэг байсан бол одоо тэгвэл Үгүй, харин өөрийнхөө төлөө Тийм гэж хэлэх цаг. Хэн нэгэн биш, хүн нь өөрөө л өөрийгөө жаргалтай болгож чадна. Бусдад найдалгүйгээр хүссэн амар амгалангаа олно гэдэгтээ итгээрэй.
Хилэнцийн орд

Хилэнцийн ордынхныг хэт дотогшоо (хаалттай), нууцлаг зан чанар нь тааварлашгүй болгодог. Гэвч 2025 он тэднээс сэтгэлийн цонхоо нээхийг хүсэж байна. Товчхондоо, 2025 оноос хааяахан ч гэсэн эмзэг талаа харуулах тэнхээтэй байхад суралцана. Зүрх сэтгэлээ нээ, жинхэнэ хүч чадал эмзэг байдалд оршдог.
Шархалсан сэтгэлээ анагаая гэвэл өнгөрснөө төдий чинээ явуулах хэрэгтэй. Ингэж л хүссэн өөрчлөлтөө бүтээх сэтгэлийн хүчийг өөртөө олж авна. Эцэст нь эрсдэлтэй санагдаж эргэлзэх хандлагатай байсан ч итгэхийг сонгосноор хүн болгон хууран мэхлэгч, шархлуулагч байдаггүй гэдэг нь тодорч эхэлнэ.
Нумын орд

Эрх чөлөө адал явдал эрэлхийлэх хүсэлд оршдог хэмээх амьдралын философитой нумынхан энэ оноос үүрэг хүлээж амлалт өгнө гэдэг биеэ даасан байдлаа алдана гэсэн үг биш гэдэгт суралцана. Амьдрах хэв маягаа өөрчлөхөөс аргагүйд хүрэх нь харин ч дараагийн аялалдаа зоримгоор гарах гараа болно.
Тэгэхээр ямар ч сонголт хийсэн алхам болгон өөр өөрийн гэсэн үнэ цэн, эрх чөлөөг мэдрүүлэх болохоор төдий чинээ сониуч хандлагатай байгаарай. Нэгээс олон нүүдлийн цаадахыг харж идэвхтэй амьдардаг ч энэ удаа тэгж яаралгүйгээр одоо цагтаа төвлөрөхийн хүчийг мэдрэхийг зориорой.
Матрын орд

Амьдрал гэдэг нэг талаар, нэг оргилоос нөгөө рүү мацах адал явдал мэт боловч нөгөө талаар, гарсан өндөрлөгөөсөө бүтээсэн үнэ цэнээ талархан тольдох мөч байдаг. Тэгвэл 2025 он матрын ордынхноос амжилттай амьдарна гэдэг нь чухам ямар ухагдахуун болохыг нэхэн нэг эргэцүүлэхийг сануулна.
Хорвоо дээр хэн ч хүссэн болгоноо 100% хянаж чадахгүй учраас үүнийг байх асуудал гэж харах хэрэгтэй. Хэмнэл багахан удаашрах нь бусдаас хоцорно гэсэн үг биш, харин ч утга учиртай, бүрэн дүүрэн амьдрах сонголтод хүргэж байгааг ч ухаарна. Амбицтай амьдарч болно, гэхдээ тэнцвэрийг нь алдаж болохгүй.
Хумхын орд

Хумхын ордынхон инновац бүтээхдээ төвлөрч зөвхөн ирээдүйг хардаг. Бодит ертөнцөөс алсрах гэж хичээх хэрэггүй, эсрэгээрээ ганцхан энд өрнөх жинхэнэ амьдралаар амьдарч эхлээрэй. Тэгэхээр 2025 оноос авах ухаарал нь сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч, сэтгэл + мэдрэмжээ дагах явдал байна.
Үнэндээ, хүн зүрх сэтгэлээ нээсэн цагт л амьдралыг жинхэнэ утгаар нь мэдэрдэг. Солонгорон туяарах амьдралын олон өнгийг тольдонгоо өөрийгөө ч урлая, өөрчлөлтийг ч бүтээе! Хамтрал шинэ харах өнцөг, шинэ боломжийг дагуулна. Бусдыг түшсэнээр урамтай ч урагшилна, улам хүчирхэг нэгэн болно.
Загасны орд

Бусдын төлөө цохилох зүрх сэтгэлтэй амьдарна гэдэг бүтэн оршиж буйн илрэл гэдэг. Гэвч 2025 он загасны ордынхонд бусдын оронд өөрийгөө тавьж боддог хандлагаа өөр рүүгээ хандуулж, бусдын оронд өөрийгөө бодохыг сануулна. Тэгэхээр харилцаандаа хил хязгаар ч тогтооё, өөрийгөө №1 тавих нь хувиа хичээсэн хэрэг биш гэдэгт ч ухаарал өгье.
Энэ нь нэг талаар, өөрийнхөө төлөө бат зогсож сурах сорилт, нөгөө талаар, боломж болно. Хүсэл мөрөөдлөө хүнээс нуух хэрэггүй. Сэтгэл дэх төсөөллөө хүмүүст мэдрүүлэх цаг иржээ. Томоор сэтгэж хэтийг зорих хүслээ бүтээж эхэлье. Өөртөө итгэ, өөрөө бодсоноосоо ч илүү хүчирхэн нэгэн!