Хүн төрөлхтнийг төрсөн ордоор нь төрөл бүрээр шинждэг зурхайн маш олон төрөл байдаг. Жишээ нь ~ төрсөн өдрийн зурхай, ирээдүйн зурхай, санхүүгийн зурхай, анагаахын зурхай, сэтгэл зүйн зурхай гэх мэт тоймгүй олон төрлийн зурхай, түүгээр мэргэшсэн зурхайчид ч бий.
Тэдгээрээс энэ өдөр та бидний унших зурхай нь өнгөрсний түүхийг тань өгүүлэх үйлийн үрийн зурхай юм. Уламжлалт зурхай “Би хэн бэ?” гэдэг асуултад хариулт өгдөг бол үйлийн үрийн зурхай нь “Би яагаад ийм хүн бэ?” гэдэг асуултад хариулдаг.
Үйлийн үрийн зурхайгаар мэргэшсэн зурхайчдын үздэгээр бидний далд ухамсарт оршдог “өнгөрсөн” бол одоогийн амьдралын үндэс билээ. Үйлийн үрийн зурхайн тусламжтайгаар хүн төрөлхтөн хэдэн зууны тэртээх амьдралынхаа талаар мэдэх боломжтой болдог.
Үйлийн үрийн зурхайг тухайн хүний нар, сар, мандалтын ордоор гаргадаг. Сар нь хүн төрөлхтний сүнсийг илэрхийлдэг, тиймээс ч үйлийн үрийн зурхайг гаргахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Ингээд хамтдаа нэгэн зурхайчийн хэдэн мянган хүний өнгөрсөн амьдралын түүхийг судалсан судалгааныхаа ажилд үндэслэн ерөнхийлж гаргасан өнгөрсний түүхийг тань өгүүлэх үнэнд хамгийн ойр гэсэн нэгэн зурлагыг уншицгаая.
Хонины орд
Хонины ордынхныг өнгөрсөн амьдралдаа хүч чадал, зориг тэвчээр, дайчин сэтгэлгээгээрээ эрх чөлөөг ангуучлагч дайчин, гладиатор, хүлэг баатар, анчин, далайн дээрэмчин, викинг байсан гэдэг. Тэдний зөн совин хүчирхэг, үүгээрээ ч олонд үнэлэгддэг, өөртөө итгэлтэй байдлаараа тэмцэлд амьд үлддэг.
Амьдрал нь энхэл донхол ихтэй, хахир хатуугаас гадна ширүүн тэмцэл, дайн тулаанаар дүүрэн үргэлжилсэн байдаг. Их тэмцлийн дундаас амьд үлдэхийн төлөө цуцалтгүй тэмцэж ирсэн учраас амьдралаас тав тухыг маш бага мэдэрсэн хүмүүс ажээ.
Хонины ордынхон аливаад анхдагч байсаар ирсэн, итгэдэг зүйлийнхээ төлөө тэмцэгч баатар байсан. Өөрийгөө цаг ямагт нээн хөгжүүлэхийг хичээдэг, бүгдийг ганцаараа хийх сонирхолтой. Ихэнх нь эрх чөлөөг эрхэмлэдэг учраас ганц бие амьдрахыг хүсдэг, бартаат амьдралын нугачаан дахь ганцаардсан дайчид байдаг. Биеийн хүч сайтай болохоор энерги шаардагдах ямар ч ажлыг хийдэг байжээ.
Өөртэйгөө маш их ярилцдаг байсан нь аймшиггүй зориг, өөртөө итгэх итгэл, амьд үлдэхийн төлөөх тэмцэгч чадвараа хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон гэж үздэг.
Тэдний давуу тал нь хэрэгцээгээ маш сайн мэдэрдэг, биеэ дааж амьдардаг, гадаад ертөнцөөс хамаардаггүй, бусадтай тулалдахдаа гэрэлтэж байдаг. Төрөлхийн уриалагхан, өөрчлөлт, инновацыг идэвхтэй хайдаг.
Одоогийн амьдралдаа тэд тулалдахгүй ч ямар ч сорилт, бэрхшээлтэй зоригтойгоор нүүр тулгарахад бэлэн зоригтой, дайчин шинж чанартай хүмүүс байдаг.
Тэгвэл тэд яаж тэнгэрт хальсан бэ?
Хонины ордынхон түрэмгий зантай. Түргэн зангаасаа үүдэж хийсэн үйлдэлдээ шийтгүүлж нас нөгчсөн байх магадлал өндөр.
Та нарт л гэж зөвлөхөд урт удаан, утга учиртай амьдрахыг зорих хэрэгтэй. Өөрийн хийх алхам бүрдээ ухаалаг хандагтун.
Үхрийн орд
Үхрийн ордынхон өнгөрсөн амьдралдаа газар тариалан эрхэлж амьдрах амьдралын хэв маягтай, хөрст дэлхийтэйгээ хүчирхэг холбоотой хүмүүс байсан гэж үздэг. Ихэнх нь фермер, тогооч, барилгачин зэрэг нийгмийг бүтээн байгуулах үйлсэд идэвхийлэн оролцож явсан хүмүүс байсан байна.
Амар амгаланг бүхнээс дээгүүрт тавьдаг, эрсдэлтэй алхам, хэрүүл маргаанаас хол байдаг. Бусдад туслах дуртай, аз жаргалаа бусадтай хуваалцах дуртай. Энгийн зүйлээс аз жаргалыг мэдэрдэг, уламжлалт амьдралын хэв маягтай хүмүүс байжээ.
Тэд маш зөрүүд, өнгөрсөн дэх сэтгэл хөдлөлтэйгөө зууралдсаар л явдаг. Энэ нь уур хилэн, сөрөг энергийг амьдралд нь авчирдаг, өөрийг нь үгүй хийдэг. Хэрвээ өсөж хөгжихгүй, өөрчлөлт хийх дургүй, хэтэрхий баригдмал байвал амьдралаа уналт руу л хөтөлнө.
Тэдний давуу тал нь найдвартай, халамжтай, үнэнч, эцсээ хүртэл тэсвэр хатуужилтай зан чанартай.
Одоогийн амьдралдаа ч гэсэн тэд энэ чанараа хадгалж ирсэн бөгөөд амьдралдаа дүрэм зохиох дуртай, түүнийгээ ягштал дагадаг, амар амгаланг эрэлхийлдэг. Одоо үеийн нэг ялгаа нь материаллаг хэрэгцээг илүүтэй шүтдэг болсон, нэр алдарт хүрэхийг илүүтэй хичээдэг болжээ.
Өнгөрсөн амьдралдаа өлмөн зэлмэн амьдралыг туулсан нь олонх байдаг ба энэ нь одоогийн амьдралдаа хоолонд шунаг нэгэн болоход нөлөөлсөн байж ч болно.
Тэгвэл тэд яаж тэнгэрт хальсан бэ?
Үхрийн ордынхон шаргуу хөдөлмөрч учраас насан туршдаа өөрийгөө чөлөөлөлгүй, ажилласаар л амьдарсан байдаг. Тэдний үхлийн шалтгаан хэтэрхий их ажилласантай нь холбоотой.
Та нарт л гэж зөвлөхөд урт удаан амьдаръя гэвэл ухаалаг ажиллаж, зохистой хооллогтун.
Ихрийн орд
Ихрийн ордынхон өнгөрсөн амьдралдаа өөрийн сэтгэн бодох, ажиллаж хөдөлмөрлөх чадвараа цаг ямагт хөгжүүлж, хүчирхэгжүүлдэг хүмүүс байжээ. Ихэнх нь урлагийн авьяастай; тансаглал, материаллаг хэрэгцээг хэрхэн таашаахаа мэддэг чинээлэг уран бүтээлчид байсан гэдэг.
Тэдний дотор худалдаачин, уран дархан, уран бичээч, сийлбэрчин, оёдолчин, зохиолч, илтгэгч, түүхчид ч бий. Гэртээ суухаас илүү хотуудаар аялж, хүмүүстэй харилцаж, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой. Нэг газраа удаан тогтдоггүй, аялах дуртай.
Тэдний давуу тал нь өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэгт нь байдаг. Биеийн болон сэтгэл хөдлөлийн хэрэгцээгээ мэдэрч, тэнцвэртэй авч явдаг, хүсэл мөрөөдөлдөө зөн совингоор ханддаг.
Төрөлх чанар нь одоогийн амьдралд нь ч өөрчлөгдөөгүй хэвээр. Одоо ч эрх чөлөөг хүсдэг, нисэх дуртай, уран бүтээлч сэтгэлгээтэй. Нэг гэм нь аливаад өнгөцхөн ханддаг, хариуцлагагүй, хайнга болсон.
Тэгвэл тэд яаж тэнгэрт хальсан бэ?
Ихэнх ихрийн ордынхон амнаасаа болж амьдралдаа олон дайсантай болсон байдаг. Дайнд үрэгдэх эсвэл хэрэгт дурладаг зангаасаа болж нас нөгчсөн байх магадлал өндөр.
Та нарт л гэж зөвлөхөд урт удаан амьдрахыг хүсвэл амаа мэдэж ярьж, аливаад өөрийнхөөрөө зүтгэх хэрэггүй. Учир шалтгаантай үйлдэл хийж, итгэл төрүүлээгүй адал явдалд гарахгүйг хичээгтүн.
Мэлхийн орд
Мэлхийн ордынхон өнгөрсөн амьдралдаа овог, аймгийн зохион байгуулалтаар амьдарч байсан гэдэг. Үр хүүхдээ хүмүүжүүлэхэд онцгой анхаардаг. Өөрсдийгөө овгийнхоо эцэг, толгойлогч нь гэж хардаг, улс орныхоо хамгаалагч гэж үздэг. Уламжлалыг дагагч, газар дэлхийгээ хайрлан хамгаалдаг хүмүүс байжээ. Ихэвчлэн газар тариалан эрхэлдэг, хоол сайн хийдэг, зочломтгий хүмүүс байсан гэнэ.
Амьдрал тэднийг яаж ч сорьсон тэнцвэрээ хадгалдаг, гэр бүлийн харилцаагаа хэвээр хадгалж үлдэж чаддаг. Сарны нөлөөгөөр амьдрал нь тийм ч амар үргэлжлээггүй. Ялангуяа сэтгэцийн өвчинд нэрвэгдэх магадлал өндөр, сэтгэл гутралд ихээр өртөж байсан түүх тэдэнд бий.
Тэгвэл зарим сурвалжид тэмдэглэснээр, мэлхийн ордынхон өнгөрсөнд нүд гялбам амьдралтай байжээ. Ихэнх нь нэр алдар, хэргэм зэрэг, эд хөрөнгө, эрх мэдэл болон тансаглалаар дүүрэн амьдарч ирсэн.
Үнэнч сэтгэл нь бүгдийн хайрыг татаж ирсэн чинээлэг хүн, агуу түшмэл байсан. Гэхдээ биеэ тоосон биш, харин ч хүмүүстэй байх дуртай, олон ч хүнийг эцсийн замд нь үдэж байжээ.
Тэдний давуу тал нь үнэхээр эелдэг, халамжтай, сэтгэл хөдлөл ихтэй. Бусдын хэрэгцээг мэдэрдэг, бусдыг ойлгох чадвар сайтай.
Одоогийн амьдралдаа илүү дотогшоо, ичимхий, олны анхаарлын төвд байхыг хүсэхгүй болж ирсэн. Хэтэрхий эмзэг байдал нь энгийн асуудлыг улам хүндрүүлдэг, амьдралыг нь зовлонтой болгодог. Энэ амьдралдаа өөрийн тайван бус, өмчирхөг, харамч, өөртөө итгэлгүй байдлаа хаях хэрэгтэй. Эс тэгвэл эдгээр нь тэднийг үгүй хийнэ.
Тэгвэл тэд яаж тэнгэрт хальсан бэ?
Мэлхийн ордынхон өөрийгөө золиослоход үргэлж бэлэн байдаг. Хэн нэгнийг үер, усны аюулаас аврахаар эсвэл шатаж байгаа байшингаас хүн аврах гэж байгаад нас нөгчсөн байх магадлал өндөр. Түүнчлэн гэнэн итгэмтгий зангаасаа болж урхинд орж таалал төгссөн нь ч олон байдаг гэнэ.
Та нарт л гэж зөвлөхөд хүмүүст туслах гэж яарахаасаа өмнө өөрийн нөөц бололцоогоо тодорхойлох хэрэгтэй. Хэнд ч сохроор итгэх хэрэггүй.
Арслангийн орд
Өнгөрсөн амьдралдаа арслангийн ордынхон урлаг, хөгжим, хувцас загвар, уран барилга, гоо сайхан зэрэг бүтээлч ажил эрхэлдэг хүмүүс байжээ. Нийгэмдээ хүчтэй нөлөө үзүүлдэг байсан гэгддэг тэдний амьдрал тансаг сайхан байсан нь ихэнх хүмүүст язгууртан, ихэс дээдэс, хөрөнгөтөн гэх сэтгэгдлийг төрүүлсэн байдаг.
Арслангийн ордынхон өөрийн мэдлэг, ур чадвар, хичээнгүй хөдөлмөрөөрөө хүссэн амьдралаа бүтээж чаддаг. Өөрийгөө үргэлж онцгой нэгэн гэдэгт итгэдэг. Тиймээс ч итгэл, зүтгэл нь тэднийг хүссэн өндөрлөгт нь хүргэдэг.
Хөгжим бичих, шүлэг, яруу найраг зохиох авьяастай. Үүгээрээ ч олон хүний анхаарлыг татдаг. Амьдралд нь олон бартаа саад гарсан ч хэзээ ч бууж өгөөгүй.
Тэдний давуу тал нь мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлдэг, өгөөмөр, сүр жавхлантай, түгшсэн сэтгэлээ сайхан сэтгэлээр орлуулж чаддаг. Амьдрал тэднийг яаж ч сорьсон гэрэлтэж чаддаг, өөртөө итгэлтэй. Гэвч нөгөө талаар, өөрийгөө зөвтгөдөг, заримдаа зөвхөн өөрийгөө л боддог, захирангуй, амархан уурладаг. Бусдын хэрэгцээг дулимаг мэдэрдэг нь гол бэрхшээл нь байдаг.
Арслангийн ордынхон одоогийн амьдралдаа ч өнгөрсөн амьдралынх шигээ бүтээлч байдлыг өвлөсөн, үргэлж биеэ даасан, хүчирхэг, өөрийн үзэл бодолдоо тууштай ханддаг. Бусдад үргэлж урам зориг өгдөг, зөвлөж тусалдаг хүмүүс болжээ.
Тэгвэл тэд яаж тэнгэрт хальсан бэ?
Арслангийн ордынхны үхэл олон хүнийг төөрөгдүүлдэг. Үнэндээ өмнөх амьдралдаа ихэнх нь чухал үйл хэрэг гүйцэтгэж яваад баатарлагаар нас нөгчсөн гэж үздэг. Урлагийн төлөө, шударга үнэний төлөө ч амиа өргөсөн байж мэднэ.
Та нарт л гэж зөвлөхөд хүний үгийг авч сурах хэрэгтэй. Хүссэн хүсээгүй өөрийнхөөрөө л амьдарна, гэхдээ ухаалаг амьдрах нь чухал гэдгийг санагтун.
Охины орд
Өнгөрсөн амьдралдаа ихэнх охины ордынхон хүн төрөлхтний эрх чөлөө, энх тайвны төлөө тэмцэгч, үлгэр жишээ иргэн байсан гэдэг. Тэдний дотор үйлчлэгч, боол, сувилагч, эмч, санваартан ч байдаг. Тэднийг маш олон хүмүүс биширч хүндэтгэдэг, тэднээс суралцдаг, ар гэрийн амьдрал нь ч аз жаргалтай.
Аливаад маш эмх цэгцтэй, зөн совингоо маш сайн сонсож зохион байгуулалттай ханддаг. Хайраа олсон бол сүнс нь гэрэлтэж, бусдад үйлчлэх, бусдыг энэрч хайрлах хүсэл нь улам хүчирхэгжиж ирдэг. Гэвч зарим талаараа хүйтэн хөндий, өөнтөгч, хяналтыг гартаа авахыг хүсдэг хүмүүс байжээ гэж дүгнэдэг.
Үнэндээ тэдний амьдрал их энгийн байсан; үйлчилгээндээ анхаарч, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Ямар ч ажлыг ёс зүйтэй гүйцэтгэх шаардлагатай. Ингэж л хүн өөрөө өөртөө тусалж байдаг гэж үздэг.
Харамсалтай нь хэвшмэл ойлголтод хэт автсан, хэтэрхий хашир, дүрэм журам тогтоох дуртай байсан нь амьдралыг нь ядуурал руу хөтөлжээ. Тэдний амьдралаас ядуурал, өр шир, өвчин зовлон салаагүй.
Өнгөрсөн амьдралынх нь зарим нэг чанар одоогийн амьдралаас нь ч харагддаг. Гэвч өөрийгөө бусдын төлөө золиосолно гэдэг шударга бус санагддаг болсон, үргэлж хайр, халамж хайдаг болсон. Ямар ч асуудлыг ухаалгаар шийдвэрлэхийг хичээдэг нь уг нь тэдний мөн чанар байдаг.
Тэгвэл тэд яаж тэнгэрт хальсан бэ?
Охины ордынхон уулын оргил руу тэмүүлж, далайг ганцаараа гатлах гэж амьдарсан. Ялалт амжилтад хүрч, олон хүнд сэтгэгдэл төрүүлэхийг хичээсээр ирсэн. Өрсөлдөгчийнхөө гарт амиа алдсан байх магадлал маш өндөр.
Та нарт л гэж зөвлөхөд сэтгэл хөдлөлөө хянаж сур. Чиний өрсөлдөгч чи өөрөө гэдгийг ойлго! Тэгээд өөрийгөө бусадтай харьцуулахаас илүү өөрөө өөртэйгөө тулж ажиллаарай.
Жинлүүрийн орд
Ихэнх жинлүүрийн ордынхон өнгөрсөн амьдралдаа урлагт дуртай, хариуцлагатай хуульч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн албан хаагч байсан гэдэг. Тэдний дотор урлаг, хөгжим, архитектур, хувцас загвар, гоо сайхны мэргэжилтэн, худалдаачид ч байдаг.
Энэ хүмүүс маш тансаг амьдралаар амьдарсан, нийгмийн сэхээтэн давхаргад хамаарна. Чамин зүйлсэд татагддаг, хүссэнээ хийдэг, сэтгэх чадвар ч сайтай. Сэтгэл татам байхаас гадна үүргээ маш сайн ухамсарласан сайхан сэтгэлтэй эхнэр, ээж, эцэг хүн байжээ.
Нэг бол олон хүнтэй гэрлэсэн, эсвэл нэг хүнтэйгээ урт удаан, аз жаргалтай амьдралаар амьдарсан. Ямартай ч нэг зорилгын төлөө хамтач сэтгэлгээгээр зүтгэдэг, хаана ч амьдарсан бүхнийг сайжруулахыг хүсдэг хүмүүс байсан байна.
Тэдний давуу тал нь хэнтэй хэрхэн тэнцвэртэй харилцааг үүсгэх вэ гэдгээ мэддэг. Үнэнч шударга, хэнийг ч шархалж зовохыг харахыг хүсдэггүй. Харин дутагдалтал тал нь өөртөө юу хэрэгтэйг мэддэггүй, сэтгэл нь амархан хувирдаг, хувиа хичээх хандлагатай, гэнэт л тэсэрч тэнцвэрээ алддаг.
Өнгөрснөөсөө хүнтэй харьцах чадвар, тэвчээр, хайр энэрэл, итгэлцлийг энэ амьдралдаа авчирсан. Гэвч санаачилга гаргахдаа тааруухан. Тиймээс тэдэнд хэн нэгний дэмжлэг хэрэгтэй. Ганцаараа байх нь заримд нь тамлал шиг санагддаг.
Энэ амьдрал дахь өөрийн шийдвэр гаргаж чаддаггүй байдал, аливааг бусдын сэтгэлд нийцүүлэх гэж хичээдэг хандлага, өөртөө шударга хандаж чаддаггүй зангаа засах хэрэгтэй. Хэрвээ мэдрэмжээ хэрхэн илэрхийлэхээ мэддэг, сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг, өөрийн болон бусдын хэрэгцээ шаардлагыг тэнцвэртэй хангаж чаддаг бол энэ амьдралдаа ихээхэн амжилтыг олох болно.
Тэгвэл тэд яаж тэнгэрт хальсан бэ?
Жинлүүрийн ордынхонд өөрсдийгөө бусдаас ухаантай гэж боддог зан байдаг. Хэрүүл маргаан, аюултай нөхцөл байдлаас зайлсхийж чаддаг учраас урт насалсан. Гэхдээ өөрөө өөртөө тусалж чадна гэсэн итгэлээсээ болж өөрийгөө хохироох талтай. Тиймээс ч мэргэжлийн эмчид нь хандаж чадаагүй, ямар нэг өвчнөөр нас нөгчсөн байх магадлал өндөр.
Та нарт л гэж зөвлөхөд өөрийгөө бусдаас ухаантай гэж харах хэрэггүй. Эрүүл мэндээ хайрла! Урт удаан, жаргалтай амьдаръя гэвэл идэвх санаачилгатай, сониуч, шаргуу зүтгэлтэй байгтун.
Хилэнцийн орд
Бусад ордынхонтой харьцуулахад хилэнцийн ордынхон харьцангуй хүнд хэцүү амьдралыг туулсан байдаг. Амьдрал гэдэг тэдний хувьд үхэл хагацал, үймээн самуун, эрх мэдлийн төлөөх тэмцэл, хавчилт шахалт, дарлал шиг санагддаг байсан ч байж мэднэ. Энэ ч утгаараа энэ ордод төрсөн хүмүүс асар их сэтгэлийн тэнхээг олж авсан байдаг байж ч болно.
Тэднийг айлгах зүйл гэж үгүй учраас гэнэтийн цочролд орно гэж байхгүй. Гэвч сэтгэлдээ тогтворгүй, айдастай явдаг ч байхыг үгүйсгэхгүй.
Хилэнцийн ордынхон өнгөрсөн амьдралдаа адал явдал эрэлхийлдэг, муу муухайтай үргэлж тэмцэгч нэгэн байсан гэдэг. Ихэнх нь мэс засалч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, шүүх эмнэлгийн эмч, оршуулгын газрын ажилтан, эсвэл шударга үнэний төлөө тэмцэгч, гэмгүй иргэдийг хамгаалдаг цэрэг, цагдаагийн албан хаагч байсан гэж дүгнэдэг.
Тэдний дотор одон орон судлаач, алхимич, мөрдөн байцаагч зэрэг үл үзэгдэх энергитэй ажилладаг хүмүүс ч цөөнгүй байжээ. Эдгээр мэргэжил нь тэднийг үнэн зорилгоо нуун нууцлаг харилцаатай ажиллаж, амьдрахад хүргэдэг байсан байна. Тэдний зургаа дахь мэдрэмж хүчтэй хөгжсөн, гүн сэтгэл хөдлөлтэй, хэлэх гэснээ шударга хэлчихдэг, хүсэл тэмүүлэл нь өөрийг нь өөрчлөх хүч болдог.
Өнгөрсөн амьдрал дахь ойр дотны хэн нэгэн тэднийг хуурсан байдаг. Үүнээс болж итгэл алдсан байдаг учраас өөрийгөө нээх дургүй. Өмнөх амьдралдаа гэмт хэрэг, биеэ үнэлэлт, боолчлол зэрэг хориотой үйл хэрэгт орооцолддог байсан байх ч магадлалтай.
Бусдад үгүйсгэгдэхээс айдаг, бусдад захирагдах дургүй, өөрийнхөө болон бусдын итгэлийг алдахаас айдаг, өөрийгөө гэмтээж шархлуулах хандлагатай. Уур хилэн, шаналал зовлон, хүсэл тачаал, атаа хорсол, харын сэтгэлээ бүрэн даван туулж чаддаггүй.
Өнгөрсөнд чамгүй золиос гаргасныхаа хариуд одоогийн амьдралдаа илүү нууцлаг, дотогшоогоо, бусад хүмүүсийн хэрэгт оролцохгүй байдаг болсон байж мэднэ. Бүх дэлхийн баатар болохыг ч хүсэхээ больсон, оронд нь одоогийн амьдралаа ухаалаг төлөвлөж, зорилгынхоо төлөө амьдрахыг хүсдэг нэгэн болжээ.
Энэ хүмүүс бэлгийн маш хүчирхэг энергитэй. Бусдаас юу хүсэж байгаагаа мэддэг, бусдын юу хүсэж байгааг ч биелүүлэх чадвартай. Бүхнээс үр дагаврыг харж, аливаад бодолтой хандаарай. Сэтгэл зүйч болох төрөлхийн авьяастай.
Тэгвэл тэд яаж тэнгэрт хальсан бэ?
Үр дагаврыг нь бодолгүй хийсэн үйлдлийнхээ төлөө бусдын гарт амь үрэгдсэн байх магадлал маш өндөр.
Та нарт л гэж зөвлөхөд урт удаан амьдрах эсэх чинь та нарыг хүрээлэн орших хүмүүсийн хандлагаас шууд хамааралтай. Хэнтэй ч найрсаг харьцааг эрхэмлэ! Тэгвэл амьдрал чам руу урт удаан инээмсэглэх болно.
Нумын орд
Өнгөрсөн амьдралдаа нумын ордынхон тогтвортой байдлыг эрхэмлэгч, шударга үнэний төлөө тэмцэгч байжээ. Ихэнх нь аялагч, эсвэл нүүдэлчин хүмүүс байсан гэдэг. Газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг, эсвэл ажлынхаа шаардлагаар тогтмол аялдаг хүмүүс байсан гэнэ. Тэдэнд аялах нэг л зорилго байдаг байсан нь мэдлэгийн эрэлд гарах явдал байна.
Ямартай ч удаан хугацаагаар хайртай хүмүүсээсээ хол аялсан, олон газар орноор явсан, олж авсан мэдлэгээ ертөнцийн хязгаар хүртэл хуваалцахыг, түгээж амьдрахыг хүсдэг хүмүүс байсан. Хэнтэй ч амархан ойлголцдог. Ул нь байнга загатнаж байдаг гэхэд хилсдэхгүй.
Нэг хэсэг нь аялангаа мэдлэг олж авахыг хүсдэг бол нөгөө хэсэг нь нэг газартаа суралцахыг хүсдэг. Хэрвээ зөв багшаа олж чадвал зөв бодол санааг олж, зөв амьдарна гэж итгэдэг. Ихэнх нь философич, багш, профессор, чөлөөт уран бүтээлч, зохиолч, илтгэгч, санваартан, аялагч, эрдэм шинжилгээний ажилтан байсан гэж үздэг.
Тэдний давуу тал нь аливааг өргөн цар хүрээтэйгээр хардаг, алсын хараатай, илэн далангүй, өөдрөг хандлагаар жирийн амьдралаар амьдардаг, мэдрэмжээ шударгаар илэрхийлдэг, урам зоригтой. Сэтгэл гутралд ховорхон ордог. Гэвч бодит байдлаас нуугддаг, аливаад сэтгэлээсээ санаа зовдоггүй, сохроор урагш тэмүүлдэг, өөрийгөө хуурдаг дутагдалтай.
Энэ амьдралдаа өмнөх амьдралдаа гүйцээгээгүй хүслээ гүйцэлдүүлэхээр ирсэн. Эрх чөлөөг хүсдэг, шинэ газар орноор адал явдал хайн аялах дуртай. Байнга шинийг эрэлхийлэх хүсэл тэмүүллээр ангаж байдаг. Одоогийн амьдралдаа жаахан хайнга, хэнэггүй хандлагатай, дуулгаваргүй болжээ.
Тэгвэл тэд яаж тэнгэрт хальсан бэ?
Өнгөрсөн амьдралдаа тийм ч урт наслаагүй. Хүний хөл хүрээгүй шинэ газар орноор их аялдаг байснаас шоронд орох эсвэл бусдад хорлогдож нас нөгчсөн байх магадлал өндөр.
Та нарт л гэж зөвлөхөд амьдралд бүх зүйл өгөө аваатай байдаг гэдгийг ойлгогтун. Үүнийг ойлгож чадвал амьдрал хамаагүй хялбар санагдана, урт удаан ч амьдарна.
Матрын орд
Өнгөрсөн амьдралдаа матрын ордынхон нийгмийн өндөр эрх мэдэлтэй хүмүүс байжээ. Ихэнх нь алдар нэр, хүндлэл, удирдлагыг өөртөө авахыг хүсдэг, хайдаг. Үүнийгээ ч шаргуу хөдөлмөрөөрөө олж авсан байдаг.
Улс төрч, шүүгч, засаг дарга, хянагч, харгалзагч хийдэг байсан гэж үздэг. Тэдний өсөж хөгжих гэсэн хүсэл, эрх мэдэлд тэмүүлэх амбиц нь одоо ч гэсэн тэднээс харагддаг. Энэ ч утгаараа өнгөрсөн амьдрал бол одоогийн амьдралын үндэс гэж үздэг.
Ямар нэг зүйл бодсон бол эргэж харна гэж үгүй, хүссэндээ заавал хүрч байж санаа амардаг. Дүрмийг чандлан сахидаг, зарчимч хандлага нь амжилтын шатаар өгсөхөд нь тусалдаг. Гэвч нэг сул тал нь амжилт амжилт гэсээр харилцаагаа сүйрүүлдэг талтай. Хүндлэлийг олоогүй мөртлөө өөрийг нь хүндэтгэхийг бусдаас шаарддаг, хэнтэй ч захирангуй харьцах гэдэг байжээ.
Ихэнх нь биеэ барьсан, ажлын хэнээтэй хүн шиг харагддаг. Энэ нь хүүхэд насандаа эцэг эхийнхээ хайрыг тийм ч их хүртээгүй байж мэднэ гэдгийг илэрхийлдэг. Тэдний давуу тал нь тэвчээртэй, тууштай, итгэл даадаг, нээлт хийхийг хүсдэг, хариуцлагатай, санаачилгатай, оролдлоготой.
Өөртөө болон бусдад бүрэн итгэдэггүй чанар нь ядаргаа, сэтгэлийн зовлонг авчирдаг. Сэтгэлийн амар амгаланг эрэлхийлдэг ч түүнийгээ хэзээ ч олохгүй. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхийн тулд өөрийгөө золиосолдог.
Одоогийн амьдралд нь дотоод мөн чанар нь хэвээр үлдсэн. Үнэндээ мэдрэмжээ илэрхийлэхдээ тийм ч сайн байгаагүй. Одоо ч жаахан дотогшоо хандлагатай байдаг. Энэ нь ч тэднийг тааварлашгүй болгодог.
Тэгвэл тэд яаж тэнгэрт хальсан бэ?
Урт удаан амьдарна. Гэхдээ уйтгар гуниг, ганцаардлаас болж нас нөгчсөн байх магадлал маш өндөр. Магадгүй хөрөнгө, мөнгөтэйгөөсөө болж бусдын гарт амиа алдсан ч байж болно.
Та нарт л гэж зөвлөхөд хүмүүст туслах, тэдэнтэй илүү найрсаг харилцаатай амьдрах зорилго тавьж амьдрагтун. Тэгж чадвал багадаа л арван жилээр урт наслахдаа жаргаж амьдарна.
Хумхын орд
Хумхын ордынхон өнгөрсөн амьдралдаа хүний төлөө амьдардаг, өөрийгөө нийгэмдээ зориулсан хүмүүс байжээ. Тэдний амьдрал нийгэмлэг, овог аймгийн зохион байгуулалтын зарчмаар явагдсан гэж хэлж болно. Хамт амьдарна, хамт ажиллана, үр хүүхдээ ч хамт өсгөнө. Боолчлолын систем гэж ч болно. Ямартай ч хүн хоорондын харьцаа найрсаг, итгэлцэл хүчирхэг байсан.
Нөгөө талаар, хамтын зорилго, хүсэл тэмүүллийнхээ төлөө нэгдсэн хүмүүсийн хамтрал ч гэж харж болно. Улс төр, шинжлэх ухааны харилцаанд идэвхтэй оролцдог. Өнгөрсөн амьдралдаа нийгмийг өөрчлөгч, шинэчлэгч, үзэл сурталч хүмүүс байсан гэж үздэг.
Туйлын зорилгоо өндөрт тавьсан, хүчин чармайлтаа хүн төрөлхтний хамгийн сайхан нийгмийг бүтээхэд зориулдаг. Шинэ санаачилга гаргахдаа сайн ч хувиа хичээх хандлагатай. Ихэнх санаа нь хэдэн зууны турш мөрөөдөл төдий үлдэх нь олонтоо.
Санаагаа хэлэхээс илүү үйлдэл болгож хэрэгжүүлэх чадварт суралцах нь тэдэнд чухал байдаг. Хэрвээ хичээвэл өөрийн авьяас чадварыг ашиглан сайн сайханд хүрэх чадвартай. Өнгөрсөнд маш сониуч хүмүүс байсан бөгөөд эрсдэлийг үл тоон мэдлэгээ тэлэх гэж шинийг эрэлхийлдэг байсан.
Нөхөрлөлийг маш их үнэлдэг. Зорьсон зүйлийнхээ төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэх нь эрч хүч өгдөг. Өнгөрсөн амьдралдаа эрдэм шинжилгээний ажилтан, улс төрч, оюуны хөдөлмөр хийдэг хүн эсвэл тэмцэгч, босогч байсан гэж дүгнэдэг.
Хумхын ордынхон одоо ч ухаалаг, адал явдалд дуртай, шинэ, сонирхолтой зүйлийг нээх хүсэл тэмүүлэлтэй. Гэвч бардам зангаа гээж, хэнэггүй хандлагаа хаяж чөлөөт сэтгэлгээгээр ажиллаж чадвал амжилтад хүрнэ.
Тэгвэл тэд яаж тэнгэрт хальсан бэ?
Өөртөө тийм ч их анхаардаггүйгээсээ болж үхэлд хүргэх хүнд өвчнөөр нас нөгчсөн байх магадлалтай. Та нарт л гэж зөвлөхөд өвчин шаналангүй, урт удаан, жаргалтай амьдрахын тулд өөртөө анхаарагтун.
Загасны орд
Загасны ордынхон нийгмээс өөрийгөө тусгаарласан амьдралын хэв маягтай хүмүүс байжээ. Бусадтай адил эрх чөлөө эдэлж чадахааргүй орчинд амьдардаг байсан ч гэж хэлж болно. Тэдний дотор насаараа нэг арал дээр цөлөгдөж амьдарсан хүн байхад үргэлж лабораторидоо өнждөг эрдэм шинжилгээний ажилтан ч байдаг.
Энэ ордынхон өөрийгөө хөгжүүлэхийг тууштай зорьдог, өндөр ухамсартай. Төсөөлөл сайтай, мэдрэмтгий, өр нимгэн, өршөөмтгий сэтгэлтэй. Бусдын төлөө амьдралаа зориулж чаддаг. Өөрөө тэдэн шиг нөхцөл байдалд орж үзээгүй ч өрөөл бусдын сэтгэл санааг хүчтэй мэдэрдэг.
Өнгөрсөн амьдралдаа ихэнх нь эмч, хувраг, энергиэр эмчилдэг хүмүүс байсан гэж үздэг. Хүн төрөлхтөнд хүн хүнийхээ төлөө амь биеэ хайхралгүй зүтгэх хүслийг түгээдэг, бүх дэлхийн баяр гунигийг мэдэрч ойлгох чадвартай. Тэдний дотор кино урлагийн хүмүүс ч байдаг.
Одоогийн амьдралдаа ч тэд огтхон ч өөрчлөгдөөгүй, эмзэг мэдрэмтгий, мөрөөдөмтгий, өмнөхөөсөө ч өр зөөлөн сэтгэлтэй болсон. Том алдаа гаргана гэдэг тэдний өнгөрсөн амьдралдаа гаргасан алдааных нь шийтгэл байдаг. Одоо цагтаа харин илүү ухамсартай, ухаалаг болж амьдарна.
Тэгвэл тэд яаж тэнгэрт хальсан бэ?
Хүчирхийллийн золиос болж нас нөгчсөн байх магадлал өндөр. Сэтгэл гутралд амархан өртдөг байсан нь бусдын нөлөөнд амархан автаж амь эрсдэх эхлэл ч болсон байж болно.
Та нарт л гэж зөвлөхөд амьдралд талархаж түүнийг хайрлаж амьдрах, өөрийн чадвартаа илүү их итгэж сурагтун. Эерэг хандлага амьдралд жаргал нэмээд зогсохгүй чамайг урт удаан амьдруулна.