Зурхай гэж юу вэ? ~ түүний товч түүх


Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн өмнөөс оддыг өдөр тутмын амьдралдаа хөтөчлөн ирсэн түүхтэй. Огторгуй дахь ордуудын зураг нь дэлхийн газрын зураг хийгдэхээс ч өмнө байсан гэдэг.

Түүхэн үндсийг нь авч үзвэл энэ нь одон орон судлалын салшгүй хэсэг, түүний салбар шинжлэх ухаанд тооцогддог байжээ. Тэгвэл орчин цагт зурхай нь яг ч шинжлэх ухаан биш. Нар, сар, гаргуудын байрлалд үндэслэн дэлхий дээрх үйл явдал болон хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүйн амьдралыг таамаглах арга хэрэгсэл болон хөгжжээ.

Зурхайн зорилго юу вэ?

Зурхайн үндсэн зорилго нь тухайн хүнийг эхийн хэвлийд бүрэлдэх эсвэл төрөх үеийн гараг эрхсийн байрлалыг үндэслэн амьдралынх нь талаар мэдээлэх явдал байсан. Үүнийг шинжлэх ухааны үүднээс авч үзвэл генетиалоги гэж нэрлэдэг бөгөөд зурхайн үндсэн техник болон хөгжиж ирсэн түүхтэй.

Зорилгыг нь өргөн утгаар харвал тэнгэр дэх хүн төрөлхтний утга учрыг хайх явдал гэж хэлж болно. Энэ нь гараг эрхсүүдийн нөлөөгөөр дамжуулж хүн төрөлхтний ерөнхий болон өвөрмөц зан байдлыг ойлгохыг эрмэлздэг билээ.

Шинжлэх ухааны хөгжил болон технологийн дэвшлийн нөлөөгөөр хүн төрөлхтөн тэнгэрт бүрэн найдах нь алхам алхмаар багасаж, зурхай нь хувь хүний сонирхол болж ирсэн бөгөөд өдгөө өөрийгөө илүү сайн таньж мэдэхэд туслах чухал арга хэрэгслүүдийн нэг болжээ.

Зурхай нь дэлхийн түүхэд болон эртний голлох соёл иргэншилд дараах байдлаар хөгжиж иржээ.


Месопотами ба Вавилончуудын бүтээсэн түүх

Баруун Азийн түүхэн нутаг дэвсгэрт тооцогддог месопотамид суурьшиж байсан шумерчууд нь гараг болон оддын хөдөлгөөнийг хамгийн анх тэмдэглэж ирсэн байдаг. МЭӨ 3000 жилийн тэртээ чухал одны ордууд болон тэдгээрийн бүтцийг тодорхойлж гаргасан түүхтэй ажээ.

Тэгэхээр месопотамид байсан вавилончууд нь хүн төрөлхтний түүхэн дэх анхны агуу зурхайчид байжээ. Тэд шумерчуудын судалгааг үргэлжлүүлэн анхны зурхайн хүрдийг зохион бүтээсэн түүхтэй.

МЭӨ V зууны сүүлч гэхэд вавилоны одон орон судлаачид шар замыг тус бүр гучин хэмээр нийт арван хоёр орд болгон хуваасан байсан нь түүхэн дэх анхны огторгуйн координатын систем болсон юм. Тухайн үед хэсэг нэг бүрийг амьтны нэрээр тодорхойлж байжээ.


Египет

Египет Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу цэргийн жанжин, Македоны III Александр хаан МЭӨ 332 онд египетийг эрхшээлдээ оруулсан байдаг. Түүний МЭӨ III ~ II зуунд үүсгэн байгуулсан Александриа хотод эрдэмтэд вавилоны зурхайг египетийн деканы зурхайн уламжлалтайгаа нэгтгэн оддын зурхайг гаргажээ.

Энэхүү систем нь вавилоны зурхайн хүрдийг агуулсан ч ордуудыг арван хэмээр нийт гучин зургаан хэсэгт хуваасан байдаг. Египетүүд гаргийг эрхшээгч бурхан, ордуудыг эрхшээгч гараг, дөрвөн элементийн талаарх ойлголтыг анх сайжруулан хөгжүүлжээ.


Эртний Грек ба Ром

МЭӨ 280 оны тэртээ вавилоны зохиолч, хувраг, зурхайч Берос вавилоны соёлын нэг хэсэг болсон зурхайн ухааныг заах зорилгоор грекийн Кос гэдэг арал руу нүүж байжээ. Ингээд МЭӨ I зуун гэхэд грект зурхайн хоёр хувилбар өргөн хэрэглэгддэг болжээ.

Тэдгээрийн нэг нь өнгөрсөн, одоо, ирээдүйг таамаглах зурхай, нөгөөх нь сүнсэн бие, хувь хүний өөрчлөлтийг хэлж өгдөг бурхны ажил гэсэн утгатай Теургийн зурхай ажээ. 

Грекүүд зурхай хэмээх ойлголтыг ромд түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Дэлхийн түүхэд шүүхийн зурхайчтай байсан анхны эзэн хаан нь Ромын эзэнт гүрний II дахь эзэн хаан Тибериус байсан бөгөөд тэрээр МЭ I зууны үед египет гаралтай грекийн зурхайч, найз Трасиллыг хувийн зурхайчаараа ажиллуулж байсан гэдэг.

Египетийн математикч, одон орон судлаач, зурхайч, газар зүйч Клавдий Птолемей нь МЭ II зуунд маш үнэн зурхайг гаргасан байдаг ба тэрээр дэлхийн газрын зургийг зурснаараа хүний төрсөн газар болон гараг эрхэс хоорондоо харилцан нөлөөлдөг болохыг олж мэдсэн түүхтэй. Үүнийгээ тэр газар зүй гэж нэрлэсэн байдаг.

Тэрээр МЭ 140 онд Тетрабиблос хэмээх алдартай номуудынхаа нэгийг гаргасан байдаг бөгөөд энэхүү номд гаргууд, ордууд, гэрүүд гэх мэт зурхайн гол гол элементүүдийн талаар тайлбарласан байдаг нь одоо ч ашиглагддаг.


Зурхай дэлхий дахинд

Зурхай нь Дундад зууны үеийн соёлын үндсэн хэсэг бөгөөд математикч, одон орон судлаач, эмч нар түгээмэл ашигладаг байжээ. Энэтхэг, БНХАУ ч гэсэн өөрсдийн гэсэн зурхайг хөгжүүлж эхэлсэн байдаг. Зурхайг эртний Хятадад чухалд тооцдог байсан бөгөөд шинэ төрсөн хүүхдийн зурхайг унших нь хэвийн үзэгдэл байсан байна. Харин Барууны ертөнцийнхөн грекчүүдийн итгэл үнэмшлийг дагасаар иржээ.

Математикийн шинжлэх ухааны хөгжил нь зурхайчдад илүү үнэн бодитой, хөгжиж дэвшсэн хүснэгтийг гаргахад тусалсан байдаг бөгөөд одон орон судлалыг 1225 оны тэртээ европын олон ч их сургуульд ялангуяа Кембрижийн Их Сургуульд судалдаг байсан түүхтэй.

Хүн төрөлхтний зурхайд итгэх итгэл нь сүм хийд хүчээ авч эхлэхэд буурч эхэлсэн бөгөөд мухар сүсэг гэж харагдах болсон. Энэ үеэр орчин үеийн шинжлэх ухааны эцэг гэгддэг италийн алдарт инженер, физикч, одон орон судлаач Галилео Галилей (1564 ~ 1642) тэрслүү үзэлтэй гэж буруутгагдсан бөгөөд амиа аврахын тулд зурхайн итгэлээ үгүйсгэх хэрэгтэй болж байсан гэдэг.

Европын түүхэд Гэгээрлийн эрин үе хэмээгддэг XVIII зуунд нийгэм даяараа зурхайн онол гэхээсээ илүү шинжлэх ухаанд итгэж эхэлсэн бөгөөд зурхай унших нь энтертайнмент зугаа цэнгэл болж эхэлжээ. Гэвч өнөөг хүртэл бид тэнгэрээс хариултаа хайсаар л байна. Одоо ч түүнд итгэдэг хүмүүс олон…


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *