Хонины ордыг илэрхийлэх 3 сарын 21~нээс 4 сарын 19~ний өдрийг хүртэлх хугацааг хонины ордын улирал гэж нэрлэдэг. Үүгээр астрологийн шинэ жил эхэлдэг нь ордуудын хувьд ч шинэ амьдрал эхэлж байгааг илэрхийлдэг ажээ.
Энэ улирал цоо шинэ ертөнц нээгдэж байгаа мэт гайхалтай зоримог, шинэ эрч хүчийг агуулдаг. Хүн болгон ердийнхөөсөө илүү тэвчээргүй хандлагатай байх шиг санагдаж магадгүй. Гэхдээ хүлээж байсан өөрчлөлтөө эхлүүлэх гэж байгаа болохоор ийм ч байхаас аргагүй. Гэвч сэтгэл хөдлөлөө хянаж, долоо хэмжиж нэг огтлох зарчимд захирагдах хэрэгтэй.
Цаг хугацаа өнгөрч нэг ордын улирал нөгөөгөөр солигдох бүрд хүн болгонд тухайн ордынх нь энерги тодорхой хэмжээгээр нөлөөлөн оршдог.
Энэ улирлын энергид орд болгон өөр өөр туршлага бүтээнэ. Гэхдээ нэг зүйлд итгэлтэй байж болно. Ямар ордод төрснөөсөө үл хамаарч хонины ордын төгсгөлд хүн бүр өөр өөрсдийн амьдралынхаа чин зорилго, хүсэл мөрөөдлийг тодорхой мэдэж авсан байх болно.
Хонины орд
Чиний улирал эхэлсэнд Баяр хүргэе! Чиний төрсөн улирал астрологийн шинэ жилийн эхлэл болдог гэдэг утгаараа энэ хугацаанд олон хүний анхаарлын төвд байх болно. Гэвч луужингаа ямар хүсэл мөрөөдөлтэй вэ, хаашаа явж байна вэ, амьдралаас ямар адал явдал хүсэж байна вэ гэдэгт хандуулаарай. Амьдралдаа томоохон өөрчлөлтүүдийг бүтээх эхлэл өөрөө болохоор дахин шинээр амьдарч эхлэх цаг. Өөртөө итгэх итгэл, энерги өндөр байна. Тэгэхээр зорилгодоо хангалттай хүрч чадна гэсэн үг. Чамаас шалтгаалах алхам бол зүгээр л хийж эхэл! Сэтгэл ханатлаа зогсох хэрэггүй, сайхан сар хүлээж байна.
Үхрийн орд
Хонины ордын улирлыг үхрийнхэн арай өөрөөр мэдэрдэг. Энэ үе чиний дотоод ертөнцөө нээж танин мэдэх, түүнтэйгээ холбогдох цаг. Чиний анхаарал сошиалд гэхээсээ илүү өөр рүүгээ хандана. Тиймээс өөртөө амрах, хүсэж мөрөөдөх, ярилцах цагийг түлхүү гаргаарай. Өнөөдрөөс маргааштаа ямар өөрчлөлт авчрахыг хүсэж байна вэ гэдэгтээ нухацтай хандаарай. Шинийг эхлүүлэхээс өмнө өмнөх асуудалдаа дүгнэлт хийж, шийдэл олох үе байна. Хүсвэл мөрөөдлийн тэмдэглэл хөтлөөрэй. Ингэснээр олон гайхамшигтай санааг олж харах болно. Сугар гараг эерэг хандлага, идэвхийг сэргээнэ.
Ихрийн орд
Хонины ордын улирал чиний хувьд сошиал харилцаандаа анхаарах цаг байдаг. Энэ хугацаанд бусадтай илүү харилцах хүсэл төрж, нөхөрлөлөө тэлэх эсвэл зарим харилцаагаа алдана. Өөрөө өмнөхөөсөө ч илүү хүмүүсийн анхаарлыг татна. Энэ улирлын турш нар хонины ордод байрших бөгөөд хонины орд дахь нар ихрийн ордынхны сайн чанаруудыг тодотгож өгдөг. Тэгэхээр энэ хугацаанд өөртөө илүү итгэж, сэтгэл татам байдлыг мэдэрнэ. Удирдан манлайлах ур чадвараа хөгжүүлж, харилцаа, хамтралаа шинэ шат ахиулах цаг байна. Санаагаа хуваалцаж ярилцаарай. Энэ нь өсөж хөгжих боломж болно.
Мэлхийн орд
Хонины ордын улиралд чиний хийх хамгийн чухал алхам бол төлөвлөснөө хэрэгжүүлж эхлэх явдал байна. Одоогийн гүйцэтгэл чинь карьерын ирээдүйд ихээхэн нөлөөлнө. Өөрийн манлайлах чадвараа харуулахаар зоримог алхам хийх үе байна. Чадварыг чинь сорих олон ч төсөл дээр ажиллах нь ихийг суралцаж танин мэдэх үр өгөөжтэй цаг. Өөрөө үргэлж урам зоригтой байж чаддаггүй ч хонины ордын улирлын энергийг ашиглан ямар хүсэл мөрөөдөлтэй вэ гэдгээ, түүнийгээ хэрхэн бүтээх талаар бодох хэрэгтэй. Гэхдээ ингээд болчихгүй. Энэ улирал чамайг өөрийнхөө төлөө дуугарч, өөрийнхөө төлөө зогсоход түлхэц өгөх болно. Өөртөө хэтэрхий итгэлтэй байх тул ярихаасаа өмнө бодож дуугар!
Арслангийн орд
Энэ улирал ердийнхөөсөө илүү шинийг эрэлхийлэх хүслийг төрүүлдэг болохоор чамд харах өнцгөө тэлэх, дэлхий ертөнцөд өөрийгөө нээх боломжийг өгдөг. Тэгэхээр нэгэн хэвийн амьдралдаа гацсан бол шантрах хэрэггүй, цаг үргэлж суралцаж адал явдалд өөрийгөө нээх хугацаа өнгөрнө. Чамайг ямар ч алхам хийсэн хонины ордын улирал алсын хараагаа тэлж, мэдрэмжээ дагахыг сануулна. Өөрийгөө хөгжүүлэх сургалт сонирхоорой, илүү олон ном уншаарай, шинэ хоббитой болоорой, аялалд яваарай!? Санаанд чинь багтамгүй адал явдлыг мэдрэх болно. Энэ бүхний эцэст зөв төлөвшилтэй хүн болж хөгжинө.
Охины орд
Хонины ордын улирал чиний хувьд бодол санаагаа цэгцлэх үе байдаг. Тэгэхээр өөрийн дотоод ертөнцөөр аялж, урагшлуулах амьдралынхаа итгэлийг сэргээгээрэй. Өөрөөсөө өөрийгөө чөлөөлж, өөртөө тав тухтай бүсээсээ гарах боломж олгох цаг!? Энэ улирал чамайг өөртөө итгэлтэй болгож, олны анхаарлыг татахад нөлөөлнө. Сэтгэлд нийцсэн хүмүүстэйгээ хамтарч ажиллаж, дотно нөхөрлөж, сэтгэгдэл төрүүлсэнтэй нь харилцаагаа гүнзгийрүүлэхэд чинь ч тусална. Хэлэх үг, хэрэгжүүлэх алхам, эхлүүлэх харилцаандаа хэдий чинээ хариуцлагатай хандана, төдий чинээ хүссэн амьдралаа бүтээх болно.
Жинлүүрийн орд
Өөрөө хүмүүсийг сэтгэл санаагаар дэмжих дуртай. Гэхдээ хонины ордын улиралд хүссэнээ өөрийн болгоё гэвэл өөрийгөө зоригжуулж, өөртөө үнэнч хандах хэрэгтэй болно. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тодорхой алхам хийж өөртэйгөө ярилцаарай. Энэ улирал бүхэлдээ харилцаа, хамтралдаа анхаарахыг сануулна. Бусадтай хамтран ажилласнаар бодсоноосоо ч ихийг хийж чадна гэдгээ мэдэж авах болно. Хамтрагчтай бол романтик харилцаагаа сэргээх цаг, харин ганц бие бол дурласан хүндээ өөрийгөө таалагдах болов уу эргэлзэлгүй яг одоо болзоонд уриарай.
Хилэнцийн орд
Энэ улирал хэрхэн илүү бүтээмжтэй ажиллаж амьдрах вэ гэдэгтээ анхаараарай. Дайчин сэтгэлгээгээ хөгжүүлснээр өөрийгөө маш хүчтэй нэгэн болохыг мэдэрнэ. Дасгал хөдөлгөөн чиний төлөвлөгөөнд удаан хугацаагаар байсан ч үүнийг хэзээ ч зөв хийж байгаагүй. Одоо бол оюун санааны болон бие махбодынхоо эрүүл мэндээ нэгдүгээрт тавих сайхан цаг. Тэгэхээр хонины ордын улиралд амьдралаа цэгцэлж, эрүүл мэндээ сайжруулах шинэ дадал зуршил туршихад тохиромжтой. Нэг үйлдэл нөгөөгийн эхлэл байдаг. Энэ улиралд өөрийнхөө дур булаам хувилбарыг бүтээж, амьдралаа илүү сайн зохион байгуулах болно.
Нумын орд
Хонины ордын улирал хайр дурлал, бүтээмжийг чинь нэмэгдүүлэх чиний амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөм үе байдаг. Энэ бол өөрийгөө хэт нухацтай авч үзэхгүй байх хамгийн тохиромжтой цаг. Бүтээлч байдал, амьдралыг таашаах мэдрэмж нэмэгдэнэ. Бусад ордоос илүү чамд хамгийн хүчтэй нөлөөлдөг улирал эхэлсэн байна. Шинэ төсөл эхлүүлэх, шинэ хүмүүстэй танилцах, шинэ газар мэдрэхийг хүсэх болно. Бүтээлч байдал, хайр дурлал, адал явдал тэргүүнд тавигдах болохоор үүрэг хариуцлагаа тэнцвэртэй хуваарилж өөрийн сониуч зан, авьяас чадвараа нээн ашиглаарай.
Матрын орд
Жилийн энэ үед гэр орон чинь чиний жаргалын диваажин байдаг. Хонины ордын улиралд цагийг гэртээ өнгөрөөх нь оновчтой. Гэрийнхэндээ, амьдрах орчиндоо, өөртөө анхаарал тавьж амьдралаа дахин шинээр төлөвлөхөд тохиромжтой цаг. Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөхөд анхаарснаар харилцаан дахь ямар ч асуудлаа шийдэж чадна. Өөртөө харин жаахан тэвчээртэй хандахыг хичээ. Шинийг туршиж үзэх нь энэ улиралд хэн болохоо илүү сайн мэдэх боломж болохоос гадна өөрийнхөө хамгийн шилдэг хувилбарыг бүтээх аялал болно. Шинэ төсөл санаачилж хэрэгжүүлэхээсээ өмнө эргэцүүлж судлахаа мартав!
Хумхын орд
Энэ бол хумхын ордынхны хувьд жилийн хамгийн урам зоригтой, эрч хүчтэй байх үе. Хэрвээ өөртөө болон чадвартаа 100% итгэвэл ямар ч ололт амжилтад хүрч чадна. Хонины ордын улиралд эрх чөлөө, хүсэл тэмүүлэл, харилцаа холбоо, бүтээлч байдалдаа анхаарах болно. Хэрвээ подкаст хийх эсвэл ном бичиж эхлэхээр бүтээлч оролдлого хийх гэж байгаа бол эхлэхийн тулд төгс байх шаардлагагүй. Шууд хийж эхлэх хэрэгтэй. Ажигла, суралц, хөгж – энэ улирал чамд үүнийг сануулна. Хүмүүс чамайг сонсож байна. Тэгэхээр санаагаа тодорхой илэрхийлж дуу хоолойгоо тэдэнд түгээгээрэй.
Загасны орд
Хонины ордын улиралд зөвхөн өөрийнхөө төлөө амьдрахад хангалттай. Яагаад үргэлж бусдын төлөө санаа тавих хэрэгтэй гэж…? Ингэж хувиа хичээх нь амаргүй алхам боловч үүнийг хийж чадна. Тэгээд ч энэ бол чиний энэ улиралд суралцах гол сургамж! Өөрийгөө хэдий чинээ дайчилна, төдий чинээ мөнгө олох шинэ боломжууд руу хөтөлнө. Өөрөө орлого олж байна, гэхдээ хадгалах хэрэгтэй. Хадгаламжийн төлөвлөгөө гаргах, шинэ ажилд орох эсвэл цалингаа нэмүүлэх нь өөртөө итгэлтэй болгоно. Бодитоор харж төлөвлө. Хүссэнээрээ сайхан амьдрахын тулд өөрөөс шалтгаалах бүгдийг хийгээрэй.