2008 оноос хойш 15 жилийн турш матрын ордод байршиж байсан Дэлхийн ван гараг энэ жил, 2023 оны 3 сарын 23~ны өдөр матрын ордоос гарч, хумхын ордод шилжилт хийлээ. Тэрээр энэ удаагийн шилжилт хөдөлгөөнөөр хумхын ордод 20 жил байрших ажээ.
Дэлхийн ван гараг хумхын ордод байрших энэ үеэр хүн төрөлхтөн ирээдүйнхээ төлөө илүү их хүсэл тэмүүлэлтэй байж, хэрэгжүүлэх өөрчлөлт нь үр ашигтай, урт удаан үргэлжилнэ гэж үздэг. Тэгвэл энэ хугацаанд амьдрал хэрхэн өөрчлөгдсөн байх бол…?
Астрологид Дэлхийн ван гаргийг юу гэж үздэг вэ?
Дэлхийн ван гараг нь Тэнгэрийн ван, Далайн ван гаргуудын нэг адилаар зурхайн нэг ордод удаан хугацаагаар байршдаг. Энэ гараг хамгийн удаан хөдөлгөөнтэй гараг бөгөөд ихэвчлэн нэг ордод 15 ~ 20 жил байдаг.
Өөрчлөлтийн гараг хэмээгддэг Дэлхийн ван гаргийн шилжилтийн үе хүн төрөлхтөнд өөрчлөлт хийхийг сануулдаг. Шинэчлэлийг бүтээх тэрхүү зам урт боловч үнэ цэнтэй. Энэ хугацаанд хэн бүхэн өөрсдийнхөө төлөө хүчтэй байх хэрэгтэй гэдэг.
Астрологид хумхын ордыг юу гэж үздэг вэ?
Энэ орд өнгөрсөн ба одоо цагт гацдаггүй. Хүн төрөлхтний ирээдүйг бүтээгч гэдгээрээ ялгардаг бөгөөд өөрчлөлтөд үргэлж нээлттэй ханддаг.
Эрхшээгч Тэнгэрийн ван гараг нь тэднийг биеэ даасан, шинэлэг, бусдаас өвөрмөц болгодог. Хумх хайрцгаас гадуур сэтгэж, тав тухтай бүсээсээ гарах алхмыг хийдэг.
Хумхын орд дахь Дэлхийн ван гаргийн тухай
Хүн төрөлхтөн хумхын орд дахь Дэлхийн ван гарагтай хамт амьдралдаа цоо шинэ аяллыг эхлүүлж байна. Энэ үе шинжлэх ухаан, технологийн асар их өөрчлөлтөд хөтөлдөг. Ерөнхийдөө, өөртөө боломж олгох, шинээр эхлэх, амьдралынхаа зорилгод эргэлзэх, эрх мэдлийн төлөөх эрч хүчийг авчирдаг гэдэг.
Дараагийн 20 жилийн хугацаанд ямар ямар өөрчлөлтийг авчрах вэ? гэдэг таамаглалаас сонирхуулбал,
- Хүн төрөлхтөн сүргийн сэтгэлгээ рүү шилжинэ
- Нийгмийнхээ бүтээн байгуулалтад түлхүү анхаарна
- AI технологийн өсөлт хүчтэй явагдана
- Шинэ интернэт Web3 руу шилжинэ
- Blockchain дээр суурилсан цахим мөнгө хөгжилдөө хүрнэ.
Тэгвэл хумхын орд дахь Дэлхийн ван гаргийн энерги ирэх 20 жилийн хугацаанд ордуудад хэрхэн нөлөөлөх вэ?
Хонины орд
Дараагийн 20 жилд хүсэл мөрөөдөлдөө хүрэх эсэх нь чиний сонголтоос л хамаарна. Одоогийн амьдралдаа хийж байгаа өөрчлөлтүүд нь олон талаар өсөж хөгжих боломж болно. Эдгээр өөрчлөлт нь мэдээж өнгөц биш. Нөхөрлөл улам бэхжих он жилүүд өнгөрөх ч хэтэрхий өнгөц зарим нөхөрлөл дуусна.
Биеэ даах хүсэл тэмүүлэлтэй болохоос гадна цаашдаа өөрийгөө хайрцаглахыг хүсэхгүй байна. Өөртөө үнэнч байж өөрийнхөө ямар чанар чамайг олноос онцгой болгож байгааг мэдэрч, өвөрмөц төрхөө хүлээн зөвшөөрөөрэй. Тав тухтай бүсээсээ гарах нь энэ хугацаанд чиний сурах ёстой зүйл болж хувирах бөгөөд ингэснээр томоохон өсөлтөд хүрнэ. Аливааг өөрөөр хийж өөрт боломжтой зүйлийг харж чадвал илүү хүчирхэг нэгэн болох болно.
Бусадтай хамтран ажиллах арга барил бүхэлдээ өөрчлөгдөх болно. Эцсийн дүндээ итгэл үнэмшлээ олж авч, хэзээ ч төсөөлж байгаагүй ертөнцийг төсөөлөх (магадгүй бүх бүтээхэд туслах) боломжийг олгосон 20 жил өнгөрнө.
Үхрийн орд
Ирэх 20 жил амьдралынхаа чиг хандлагыг өөрчилж, хүрэхээр тэмүүлсэн амжилтаа бүтээх он жилүүд болж өнгөрнө. Энэ хугацаанд одоогийнхоосоо хэр ололт амжилт гаргах вэ? гэдэг нь өөрөөс шалтгаалах ч илүү их үүрэг хариуцлага хүлээх нь тодорхой байна. Бусад хүмүүс чамайг эрх мэдэлтэй нэгэн гэж харах төдийгүй өөрөө ч хийж байгаа зүйлдээ маш их хүндэтгэлтэй хандах болно.
Хэрвээ аливааг зөв замаар, зөв шалтгаанаар хийж байгаа бол хүссэн амжилтаа гаргаж чадна. Гэвч нигүүлсэл асар их уналт, томоохон бүтэлгүйтэлд хүргэж болзошгүй гэдгийг санаж хэнтэй хамтрах вэ? Хэрхэн нөхөрлөх вэ? гэдэгтээ ухаалаг хандах хэрэгтэй.
Энэ хугацаанд хийж байгаагаа өөрчлөх, өөртөө үнэнч байх, аливааг зөв (хариуцлагатай, ёс зүйтэй, ухаалаг) хийж байгаа эсэхээ шалгах нь чухал болж байна. Өөрөө үүнд дуртай байдаг учраас үүнийг хийх нь зөв алхам болно. Ямартай ч амьдралаа өгсөх голдрилд нь амжилттай оруулж зорьсон өндөрлөгтөө хүрсэн, өөртөө итгэх итгэлтэй нэгэн болох боломжтой.
Энэ бүхэн мэдээж амаргүй аялал болох болно, гэвч Дэлхийн ван гараг чиний амбицыг бадрааж урт хугацааны зорилгодоо тууштай, шантаршгүй төвлөрч ажиллах урам зориг өгөх болно.
Ихрийн орд
Дараагийн 20 жил нь амьдрал, харах өнцөг, өөрийнхөө талаар илүү ихийг мэдэхэд чинь туслах шинэ туршлага, өсөлтийн гайхалтай боломжуудыг авчирна. Энэ хугацаанд амьдралд илүү хүсэл тэмүүлэлтэй болж, өөрт тохиолдох шинэ туршлага болгонд өөрийгөө нээхийг хүсэх болно.
Энэ нь ихийг сурахад чинь туслах боловч нөгөө талаар сэтгэл хөдлөлөөр хандахад хүргэж болзошгүй тул хэтийн зорилго, төлөвлөгөөгөө жанжин шугамаа болгох хэрэгтэй. Аливаад шүүмжлэгч сэтгэлгээр хандсанаар ухаанаа тэлж, сэтгэн бодох шинэ арга замыг нээх боломжтой.
Ерөнхийдөө, Дэлхийн ван гаргийн хумхын ордоор дамжин өнгөрөх аялал нь чиний хувийн итгэл үнэмшлийг бүхэлд нь шинэчилж, харах өнцөг, туршлагын цоо шинэ ертөнцийг судлах боломж авчирна. Аялалд гарах эсвэл боловсролоо дээшлүүлэх нь ойрын жилүүдэд сэтгэл хөдөлгөм адал явдал мэдрүүлнэ. Тиймээс алсын хараагаа байнга тэлж, тав тухтай бүсээ даван туулж, өөрчлөлтийг чөлөөтэй хүлээн аваарай.
Оршихуйн эргэлзээ, итгэлийн хямрал тохиолдох ч амьдарсан шиг амьдрахын төлөөх сэтгэлийн тэмцэл нь эцэстээ чамайг амьдралыг жинхэнэ гүн ухаантай нийцүүлэхэд тусална.
Мэлхийн орд
Дараагийн 20 жил нь өөртөө илүү хүчийг олж авах, бусдын нүдээр харах шаардлагагүйгээр өөрийгөө хүчирхэгжүүлэх, хяналтаас гарсан асуудлаа хянам боломжийг олгоно. Өөрчлөлтөд хугацаа шаардагдах боловч одоогийнхоосоо илүү эрх мэдэлтэй, өөртөө итгэлтэй, тав тухтай амьдралыг мэдрэх болно.
Өөрөө амьдрал гэдэг бүтээлийнхээ гол дүр нь болохоор сэтгэл түгшээх бүхэнд яаж ийгээд суралцах шаардлагатай л болно. Айдастайгаа тулгарах мөчийг хэрхэн даван туулах вэ? гэдэг сэтгэлийн тэнхээг ч хөгжүүлж чадна. Хэрвээ бусадтай хэтэрхий ихийг хуваалцдаг нэгэн бол хүмүүсийн нөөцийг ч гэсэн ашиглаж сурах хэрэгтэй. Энэ нь харилцан хамтдаа хөгжих боломж болох болно.
Энэ үе дотно харилцааныхаа асуудлыг шийдэхэд хангалттай хугацаа болох бөгөөд өөрөө хичээвэл сэтгэлийн холбоо илүү уян хатан, илүү нандин болж батжин бэхэжнэ.
Арслангийн орд
Ирэх 20 жил илүү хүчирхэг хүмүүстэй холбогдох боломжийг авчирна. Өөрийн болон бусдын хүлээлтийг өөрчлөх он жилүүд болж өнгөрнө. Чиний эргэн тойронд байгаа хүмүүсийн ихэнх нь чамайг дарах гэж оролдох эсвэл чиний хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй зан чанарыг илчилнэ. Үнэн бол үгүйсгэхийн оронд өөр дээрээ ажиллаж, түншлэл, нөхөрлөлөө илүү үнэнч болгох хурдасгуур болгон ашиглаарай.
Тааралдах хүн бүхэн эрх мэдэлтэй, хүчирхэг зан чанартай мэт санагдана. Тэдний зарим нь чамайг удирдаж санаа, төлөвлөгөөг чинь ашиглахыг хүсэх болно. Өөрийгөө хамгаалж, тэдний эсрэг тэмцэж сурах хэрэгтэй болно. Хэрвээ одоогийн харилцаа нь эрүүл, хэн хэндээ харилцан ашиг тустай байвал дараагийн 20 жилийн хугацаанд илүү хүчтэй хөгжүүлж чадна. Сэтгэлийн холбоо гүнзгийрэх тусам хайрлах, хайрыг түгээх хүсэл тэмүүлэл нэмэгдэнэ.
Эсрэгээрээ эрүүл бус, ашиг тусаа өгөхгүй байгаа одоогийн харилцаа өөр хоорондоо тэмцэлдэж, өөрчлөлт хийхгүй л бол хэзээ нэгэн цагт тасрах цэгт хүрч магадгүй. Тэдэнд хэр ханддаг вэ? гэдэгтээ дүгнэлт хийж, өөртөө үнэнчээр хэлэх хэрэгтэй.
Дэлхийн ван гаргийн шилжилтийн үеэр тэнцвэрт байдал алдагдсан мэт санагдвал үүний эсрэг тэмцэх шаардлагатай. Эцэст нь ирэх 20 жилийн чиний амьдрал бүхэлдээ тэнцвэрээ хэрхэн хадгалангаа хүссэн амжилтаа бүтээх вэ? гэдэг тэмцэл л байна.
Охины орд
Чиний хувьд ажил, эрүүл дадал зуршил онцгой чухал бөгөөд хумхын орд дахь Дэлхийн ван гараг чамайг өдөр тутмын эдгээр зуршлаараа өөрийгөө өөрчлөх 20 жилийн аянд хөтлөх болно. Өдөр болгон хийдэг зүйлээ өөрчлөх боломжийг авчрах болохоор амьдралдаа хүсэл тэмүүлэлтэй, зорилготой байх болно.
Өдөр тутмын ажлаа хийж байсан арга барил чинь дараагийн 20 жилд урт хугацаандаа өөрчлөгдөж эхлэх тул өнгөрснөөсөө салж, амьдралдаа шинэ өнгө төрх үүсгэж эхлэх сорилт тулгарна. Хэрвээ одоогийн хийж байгаа зүйлдээ хүсэл тэмүүлэлгүй бол шаардагдах сэтгэлгээний өөрчлөлтийг хийх томоохон сорилтыг даван туулснаараа өөртөө цоо шинэ ертөнцийг бүтээх эхлэлээ тавих болно. Эцэст нь өөрчлөлт ирнэ.
Тэгэхээр өдөр тутмын амьдралын ямар ч шинэ ажил чиний хүсэл тэмүүлэлтэй, үнэхээр итгэдэг зүйл болох болно. Харин аливаад жаахан тэвчээртэй хандаж сурах шаардлага үүснэ шүү!
Эрүүл мэндийн асуудалд хандах хандлага, хооллолт, амьдрах хэв маягаа өөрчилж, стрессийн менежментийг сайжруулах тал дээрээ ч чамгүй туршлагажна. Ингээд эцэст нь бүх зүйл дууссаны дараа өөрийгөө бодитоор бүтээх амьдрал гэдэг гайхамшигт ертөнцийнхөө эзэн гэдгээ мэдрэх болно.
Жинлүүрийн орд
Хумхын ордод хийгдэх Дэлхийн ван гаргийн шилжилтийн нөлөөгөөр, илүү хүсэл тэмүүлэлтэй, урам зоригтой амьдрах шинэ эрин рүү орж байна. Сугар гаргийн эрхшээлд оршдог та нарт бүтээлч санаанууд үргэлж байдаг ч ойрын жилүүдэд түүнийгээ илүү идэвхтэй хөгжүүлж, хэрэгжүүлж эхлэх болно.
Энэ хугацаанд чиний бүтээлч хандлага нэмэгдэж, илүү урам зоригтой болж бүтээлч төсөл, ажил үйлсэд илүү дуртай болох болно. Энэ нь ямар нэгэн байдлаар хүмүүсийн анхаарлыг татах эсвэл хүлээн зөвшөөрөгдөх шалтгаан болж магадгүй.
Дараагийн 20 жил зүрх сэтгэлээ хэрхэн халамжилж, хайраа хэрхэн мэдрүүлдэг вэ? Сэтгэлийн харилцаандаа хэр хариуцлагатай, үнэнч ханддаг вэ? Хайр ямар үнэ цэнтэй вэ? гэдгийг батлан харуулах, өөрчлөх боломжууд ирнэ. Ялангуяа одоогийн харилцаанд асуудал гарч магадгүй болохоор амьдралаа сайжруулахын тулд эдгээрийг нухацтай анхаарах хэрэгтэй. Хугацаа орно, хичээгээрэй!
Хилэнцийн орд
Дараагийн 20 жил сэтгэл санааны хувьд эрс өөрчлөлт явагдах он жилүүд өнгөрөх бөгөөд мэдрэмжээ хэрхэн илэрхийлэх вэ? гэдэгтээ одоогийнхоосоо нээлттэй болно. Ямар ч асуудалтай тулгарсан үндсийг нь анхаарснаар өөрчлөлт хийх эсвэл амьдралаа шинэчлэх хэрэгтэйгээ мэдэрнэ.
Өөрөө сэтгэлийн хөдөлгөөнд автсан үедээ илүү их хүсэл тэмүүлэлтэй байдаг ч хэрвээ бага зэрэг өөрийгөө хянах чадвартай, сахилга баттай байвал энэ нь харин ч сайн хэрэг төдийгүй хэрэгтэй үед урам зоригоо олж авч, эерэгээр мэдэрч байгаа алхмаа хэрэгжүүлэх боломжтойг илэрхийлнэ.
Хумхын ордод хийгдэх Дэлхийн ван гаргийн шилжилтийн нөлөөгөөр ирэх 20 жилийн хугацаан дахь амьдралдаа гэр орон, гэр бүлдээ анхаарлаа 100% хандуулж, үүсгэсэн эсвэл үүссэн асуудлаа нэг тийш шийдвэрлэсэн байх болно. Эдгээр он жилүүдэд гэр бүлийн амьдрал ямар ч байсан өөрчлөгдөх магадлалтай байгаа нь аливааг арай өөрөөр харж, сэтгэж, үйлдэх болсонтой холбоотой.
Өнгөрсөн амьдралаа эргэн харж, ямар нэг байдлаар хүүхдийнхээ сэтгэлийг шархлуулсан бол эдгээхэд анхаарлаа төвлөрүүлэхээс зүрхшээх хэрэггүй! Халшрах алхмаа хийх тусам амьдралынхаа үлдсэн хугацааг үнэ цэнтэй өнгөрөөж чадах бат бөх суурийг аажмаар бий болгоно.
Өөрчлөлт эхэндээ сэтгэлд хүрэхгүй, өөрчлөлтөд дасан зохицох амаргүй санагдаж магадгүй. Гэвч энэ нь алс хэтдээ өөрийгөө хүчирхэгжүүлэхэд туслах болно.
Нумын орд
Хумхын ордод хийгдэх Дэлхийн ван гаргийн шилжилт дараагийн 20 жилд харилцаандаа анхаарахыг сануулах болохоор энэ хугацаанд өөрийгөө илэрхийлэх арга барилаа өөрчлөх болно. Энэ мөчөөс эхлэн өдөр тутмын харилцаанаасаа гүн утга агуулгыг хайж, эргэн тойрныхоо ертөнцийг танин мэдэхийг хүсэж эхэлнэ. Амьдралаас, амьдралын талаар сурсан мэдсэн бүхнээ задлан шинжилж, сэтгэлгээгээ 100% өөрчлөх цаг ирж байна.
Өөрөө төрөлхийн мөрөөдөгч нэгэн боловч одоо амьдрах биш, зүгээр л оршин байна. Тэгэхээр хэрхэн амьдарсан шиг амьдрах вэ? гэдэг сонголтоо ирэх 20 жилийн хугацаанд үйлдэл болгох хэрэгтэй. Бодлоо хэдий чинээ нээнэ, төдий чинээ өөртөө илүү итгэж эхлэх болно.
Хүмүүс хэлэх болгоныг чинь нухацтай анхаарна. Чамаас зөвлөгөө авахыг хүсэх хүмүүс ч олширч, яриаг чинь сэтгэлээсээ сонсдог болно. Тэгэхээр одооноос, алхам тутамдаа илүү хариуцлагатай хандаарай!
Матрын орд
Дэлхийн ван гараг өнгөрсөн 15 жилийг өөрийн чинь ордод өнгөрөөхдөө та нарын амьдралд олон ч өөрчлөлтийг авчирчээ. Тэгвэл дараагийн 20 жилийн хугацаанд тэдгээрээс алийг нь хадгалж үлдэх вэ? Хаана нь ямар шинэчлэлт хийх вэ? гэдэг сонголт ирж байна. Сэтгэлийн амар амгаланг мэдэрье гэвэл тохирохгүй, таалагдахгүй байгаа бүхнээ өөрчлөх боломжтой.
Энэ нь эхэндээ эвгүй санагдах ч эхлүүлэх алхмаасаа итгэл найдвар, амгаланг мэдэрч байвал үүнийгээ үргэлжлүүлээрэй. Дахин бүтээн байгуулалт ихэвчлэн аливааг шинэчлэн сайжруулж, хөгжүүлж байдаг. Тэгэхээр дараагийн 20 жил амьдралдаа гайхалтай баялгийг бүтээх үе болох төдийгүй өөрт хэрэгтэй итгэл найдвараа хийсэн бүтээсэн бүхнээсээ олж харах он жилүүдийг өнгөрөөсөн байх болно.
Энэ хугацаанд үнэ цэн, мэдлэг, чадвар ч өөрчлөгдөх боловч мөнгө, санхүүгийн асуудалд анхаарах шаардлагатай тулгарна. Хэт материаллаг сэтгэлгээ чамайг хөгжүүлж байна уу? эсвэл хойш нь татаж байна уу? гэдэг үнэнтэй тулгарч, байгаа бүхнээ үнэлж эхлэх он жилүүдийг туулна.
Хумхын орд
Энэ ордынхон төрөлхийн эрх чөлөөг хүсэмжилдэг болохоор бусдаас өөр хүмүүс байдаг. Энэ ч утгаараа нэг хэмнэлээс зөрж, өөрчлөлт хийхээс шантардаггүй. Гэхдээ Дэлхийн ван гаргийн орддоо хийгдэх ирэх 20 жилийн шилжилтийн нөлөөгөөр, хүмүүс чиний талаар ямар бодолтой явдаг вэ? гэдгийг хянах боломжгүй ч тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтой гэдэгтэй эвлэрэхийг сануулна.
Дэлхийн ван гаргийн шилжилт хүн болгоны амьдралд нэгэн шинэ эрин үеийг авчирч байгаа болохоор хувьсал, өөрчлөлтөд өөрийгөө нээгээрэй. Ялангуяа ойрын хэдэн жилийн дотор ерөнхий төрхдөө эрс өөрчлөлт хийхээр шийдэх болно. Энэ нь өөртөө +100% итгэлтэй урагшлах эхлэл болно.
Бусад ордынхноос илүү өөрөө энэ үеийг хүчтэй мэдэрнэ гэдэг утгаараа амьдралд чинь олон боломж тохионо. Дараагийн 20 жилд өөрийгөө хэрхэн баталж харуулах вэ? гэдэгт төвлөрөхөөс илүү өөрийнхөө хүчээр ая тухтай амьдралаа бүтээгээрэй.
Ямар ч бэрхшээлтэй тулгарсан ухаалаг хандаж, өөрчилье, шинэчилье, сайжруулъя гэвэл яах хэрэгтэй вэ? гэдэгт мэдрэмжтэй хандах хэрэгтэй үе олон гарна. Үүнд хугацаа шаардагдах ч хичээхээс өөр сонголт үгүй. Магадгүй 20 жилийн турш үүнтэйгээ тэмцэхийг ч үгүйсгэхгүй.
Эцсийн эцэст, эдгээр он жилүүд та нарыг хүчирхэгжүүлэх цаг хугацаа бөгөөд дотроосоо зугтаж байсан дотоод хүчээ эргэн олж авах болно. Хөндлөнгөөс харвал, өөрөө илүү хүчирхэг, найдвартай, гуйвшгүй нэгэн болж төлөвшсөөр байна.
Загасны орд
Дараагийн 20 жил нэг алхам ухарч өөртэйгөө холбогдох дотоод ертөнцийн аяллын жил болох болно. Ямар өөрчлөлт хэрэгтэй байна вэ? гэдгээ мэдэрч, шаардагдах алхмуудыг хийж эхлээрэй. Гаднаас нь харахад хэр их өөрчлөгдөж байгаа нь хүмүүст тодорхой харагдахгүй ч өөрийн чинь хувьд асар их үнэ цэнтэй өөрчлөлт явагдах он жилүүд өнгөрөх болно.
Дэлхийн ван гаргийн хумхын ордоор дамжин өнгөрөх энэ 20 жилийн хугацаанд сэтгэлийн ачаагаа хөнгөлж, аливааг илүү ухамсарлах, суралцахад анхаарч өнгөрөөнө. Эдгээр он жилүүдэд олны анхаарлын төвд байхаас илүү аливаад дасан зохицож, дотоод хөтөчдөө итгэж сурах болно.
Энэ хугацаанд аливааг өөрийнхөөрөө хийхийг хичээнэ. Ингэснээр илүү дотогшоо харж, тунгаан бодож, өнгөрсөн үе болон далд ухамсрын гүн рүүгээ нэвтэрч ороход цагийг зориулна. Хүн өөртэйгөө хэдий чинээ ажиллана, төдий чинээ бүтээх амьдралдаа 100% сэтгэл ханамжтай байх эрин үе үүгээр эхэлж байна.