Африк зурхайн гарал үүсэл нь эртний африкийн соёл иргэншлээс эхэлдэг. Эртний энэхүү соёл иргэншилд хүртэл зурхай ~ одон орон, гараг эрхсийг сонирхон судалдаг байжээ.
Африк зурхай нь геоманси гэдэг мэргэ төлгийн аргаас гаралтай. Товчхондоо энэ нь яс шидэх замаар уншдаг дүрс тэмдгийг хэлэх ба үүгээр шинжин дараах 12 ордыг тодорхойлсон байдаг.
- Баобаб мод орд ~ 1 сарын 4 ~ 2 сарын 3
- Хув ба мөнгөн эдлэл орд ~ 2 сарын 4 ~ 3 сарын 5
- Гэр бүл орд ~ 3 сарын 6 ~ 4 сарын 4
- Хөршүүдэд үзүүлэх жижиг үйлчилгээ орд ~ 4 сарын 5 ~ 5 сарын 4
- Зах зээл орд ~ 5 сарын 5 ~ 6 сарын 4
- Өвөг дээдэс орд ~ 6 сарын 5 ~ 7 сарын 4
- Шүүгч орд ~ 7 сарын 5 ~ 8 сарын 4
- Кола самар орд ~ 8 сарын 5 ~ 9 сарын 3
- Аялагч орд ~ 9 сарын 4 ~ 10 сарын 3
- Хол зай орд ~ 10 сарын 4 ~ 11 сарын 3
- Дэлхийн хүүхэд орд ~ 11 сарын 4 ~ 12 сарын 3
- Үр тарианы агуулах дахь ургац орд ~ 12 сарын 4 ~ 1 сарын 3
Соёл, уламжлалынх нь үндэс болсон бэлгэдлүүдлээр нэрлэгддэг африк зурхайг баруун Африкт үүссэн хэмээн тэмдэглэжээ.
Энэ зурхай нь хүмүүст өөрийгөө илүү сайн таних боломжийг олгодог бөгөөд хувь тавилангаа бүтээх түлхүүр болгон ашиглах боломжтой юм.
1. Баобаб мод орд
- Харьяалагдах сар, өдөр: 1 сарын 4 ~ 2 сарын 3
- Ивээл гараг: Пүрэв
- Хамгийн амжилттай байх сар: 1, 5
- Хамгийн сайн хөгжсөн мэдрэхүй: Үнэрлэх
- Биеийнх нь хамгийн эмзэг хэсэг: Элэг, цөс
Энэ ордод төрсөн хүмүүсийг ялагдашгүй нэгэн үздэг ба Африкийн шүтээн Баобаб мод шигээ бат бөх, тогтвортой, хүчтэй хүмүүс байдаг гэдэг. Эдгээр хүмүүс аливааг эсэргүүцэн тэмцэж ялан дийлэх болон цаг хугацааны шалгуурыг даван туулах үнэмлэхүй чадвартай.
Бусдын нөлөөнд тийм ч амархан автдаггүй, шударга, эрх чөлөөтэй, халамжтай. Ухаалаг, мэдрэмжтэй тул эрх мэдэл, нэр хүндтэй албан тушаалд дуртай. Төрөлхийн бизнес сэтгэлгээтэй хүмүүс байдаг болохоор худалдаа наймаа хийвэл ашигтай.
Боломжийг ашигладаг, шударга хичээнгүй хөдөлмөрөөрөө амжилтад хүрдэг, чинээлэг амьдралаар амьдардаг. Хааяа хэтэрхий хурдан шийдвэр гаргадаг нь урагшлах замд нь саад болдог. Үе үе өөртөө эргэлзэж, хааяа хариуцлагаас зугтаах хандлагатай.
Бусад ордтой харьцуудахад тэдэнтэй ойлголцох амархан ба өөрсдийгөө төдийлөн үнэлдэггүй ч хэнийг ч үгүйсгэдэггүй, хэнтэй ч хүндэтгэлтэй харьцдаг. Зөн совин нь тэднийг мэхлэх нь ховор болохоор шийдвэр гаргахдаа зөн совингоо сонсдог. Тэд сайн зөвлөгч хэдий ч санаагаа тулгадаггүй.
2. Хув ба мөнгөн эдлэл орд
- Харьяалагдах сар, өдөр: 2 сарын 4 ~ 3 сарын 5
- Ивээл гараг: Лхагва
- Хамгийн амжилттай байх сар: 2, 6
- Хамгийн сайн хөгжсөн мэдрэхүй: Харах
- Биеийнх нь хамгийн эмзэг хэсэг: Мэдрэлийн тогтолцоо
Аз хийгээд амжилт, үржил шимтэй гэрлэлтийг бэлгэддэг энэ ордод төрсөн хүмүүс төрөлхийн сэтгэлийн хөдөлгөөнтэй, сандруу, тогтворгүй ааштай ч ухаалаг хүмүүс байдаг. Эрэл хайгуул хийх сонирхолтой, адал явдалд дуртай. Энэ ч утгаараа гэнэтийн сорилтод нээлттэй ханддаг, өөр, шинэ содон, өвөрмөц санааг хэрэгжүүлэхээс хэнээс ч санаа зовдоггүй, эмээдэггүй.
Бусад ордтой харьцуулахад өөрсдийн үзэл бодол, хэтийн төлөв, амьдралын мэдлэг, туршлагадаа үнэнч ханддаг ч бодлын зөрүүг тэвчиж чаддаггүй, байр сууринаас нь гажсан бүхэнд дургүйлхэх хандлагатай. Хүсэл тэмүүлэлдээ хэтэрхий автаж хийсэн алхам нь амьдралдаа алдах эхлэл болдог. Тэгэхээр дотно хүмүүсийнхээ зөвлөгөөг сонсож сурах хэрэгтэй.
Хэтэрхий материаллаг хэрэгцээг шүтэх хандлагатай. Өөрсдөөсөө илүү амьдралтай хүмүүст атаархдаг, хэн нэгэнд шалтгаангүй уурладаг. Сэтгэл хоосорч, амьдрал утгагүй санагдах үе олон гарах болохоор төдий чинээ өөртэйгөө ярилцаж сурах нь чухал байдаг.
Эцэст нь тэдний нэг давуу чанар нь хэний ч ятгалгад автдаггүй, ямар ч уруу таталтыг тэсвэрлэх чадвартай.
3. Гэр бүл орд
- Харьяалагдах сар, өдөр: 3 сарын 6 ~ 4 сарын 4
- Ивээл гараг: Мягмар
- Хамгийн амжилттай байх сар: 3, 7
- Хамгийн сайн хөгжсөн мэдрэхүй: Үнэрлэх
- Биеийнх нь хамгийн эмзэг хэсэг: Уушги
Энэ ордод төрсөн хүмүүс өгөөмөр тустай, нийтэч, өгөх дуртай. Бүхнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг, тэдний энэрэнгүй сэтгэл, хүн чанарт хязгаар үгүй. Амьдралын нь зорилго нь ганцаараа амьдрахгүй, харин амжилттай амьдрал гэдэг эзэмшсэн бүхнээ хүмүүстэй хуваалцах явдал байдаг.
Бусад ордтой харьцуулахад төлөв даруу, эелдэг тайван, халамжтай, хувиа хичээдэггүй. Төрөлхийн ухаалаг, эерэгт анхаарлаа төвлөрүүлдэг хүмүүс байдаг болохоор хүмүүст зөвлөдөг, тэднийг чиглүүлдэг, энхийг сахиулагчийн үүрэг хүлээн амьдардаг.
Хүмүүст чадахаараа өгч амьдардаг, хүний төлөө гэсэн сэтгэлтэй эдгээр хүмүүс эв нэгдэл, харилцан итгэлцэл, эв найрамдлыг эрхэмлэдэг. Бүхнийг тэнцвэртэй авч явдаг ч зарим нь үргэлж бусдаасаа илүү амжилттай амьдрах болно. Гэвч хүссэнээ хийхэд саад болдог мэдрэмжээсээ салах ёстой.
Эдгээр хүмүүсийн ихэнх нь амьдралынхаа турш ганц томоохон амжилт гаргасан байдаг ч өгөөмөр, хүнлэг сэтгэлээрээ хаа ч явсан хүлээн зөвшөөрөгдөх болно.
Гэвч нөгөө талаар, эдгээр хүмүүс нөхөрсөг, зочломтгой боловч ихэнхдээ бусдаас дөлөх хандлагатай байдаг. Өөрөөр, зөвхөн дотно хүмүүстээ нээлттэй ханддаг.
4. Хөршүүдэд үзүүлэх жижиг үйлчилгээ орд
- Харьяалагдах сар, өдөр: 4 сарын 5 ~ 5 сарын 4
- Ивээл гараг: Бямба
- Хамгийн амжилттай байх сар: 4, 8
- Хамгийн сайн хөгжсөн мэдрэхүй: Сонсох
- Биеийнх нь хамгийн эмзэг хэсэг: Мэдрэлийн тогтолцоо
Хүн хоорондын нэгдлийг илэрхийлдэг энэ ордод төрсөн хүмүүс эелдэг харьцаатай, хүнтэй амархан нөхөрлөдөг, эв нэгдлийг бүтээдэг. Хэнийг ч үнэлж хүндэтгэдэг, уур хилэнг дарах чадвартай, бусдыг зөв чиглүүлж чаддаг хүмүүс байдаг. Товчхондоо, нийгэмд үйлчлэх замаар хайраа илэрхийлдэг.
Энэ ордод төрсөн хүмүүс аливааг хэрхэн яаж хийхээ үргэлж мэддэг. Зөв амьдрах мэргэн ухаантай тэдэнд үргэлж найдаж болно. Энэ нь тэднийг хариуцлагатай, бүтээлч, сайн зөвлөгч болгодог. Эдгээр хүмүүс эргэлзэлгүй зөв шийдвэр гаргах ёстой. Яагаад гэвэл нийгмийнхээ тэнцвэр болохоор!
Эдгээр хүмүүс асуудлыг зөвөөр зохицуулдаг нь найдаж болохоор, чадварлаг нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрөх үндэс болдог. Гэвч эгзэгтэй шийдвэр гаргахаар тохиолдолд өөртөө эргэлздэг, шаардлагатай тохиолдолд шийдвэрээ хойш тавьдаг. Үе үе асуудлаас зугтаадаг нь тэднийг асуудалд оруулна.
Хэдийгээр тэдний амьдралд харилцаа, хамтрал, нөхөрлөл олон ч хүн болгон чин сэтгэлээсээ ханддаггүй, урт удаан хамт байдаггүй. Тэгэхээр хэн нь хуурамч вэ? гэдгийг мэдэрч, жинхэнэ нөхөрлөлөө хадгалахыг хичээгээрэй.
Ер нь хэн нэгний хайр сэтгэлд найдахаас зайлсхийх хэрэгтэй. Ихэнхдээ урам хугарч үлдэх эрсдэлтэй болохоор хүлээхгүйгээр урагшлах нь хамгийн оновчтой сонголт болно.
5. Зах зээл орд
- Харьяалагдах сар, өдөр: 5 сарын 5 ~ 6 сарын 4
- Ивээл гараг: Ням
- Хамгийн амжилттай байх сар: 5, 9
- Хамгийн сайн хөгжсөн мэдрэхүй: Хүрэх
- Биеийнх нь хамгийн эмзэг хэсэг: Судас, хоолой
Энэ ордод төрсөн хүмүүс амьдралын амар амгаланг ч мэдэрнэ, адармаатай адал явдалтай ч тулгарна. Амьдрал тэднийг яаж ч сорьсон шударга, эелдэг, эерэг мөн чанараа хадгалж чадвал хэзээ ч сэтгэлээр унадаггүй. Бэрхшээлийг сөрөх чадвартай ч байгаагаа алдахаас айдаг.
Хүмүүс өөрийг нь яаж хардаг, хэрхэн хүлээж авдаг вэ? гэдэгт санаа зовдог. Хөгжиж чадахгүй, ирээдүйгүй харилцаандаа эрч хүчээ үрэх шаардлагагүй гэдгийг санах хэрэгтэй. Тэгээд хэрвээ хүссэн шигээ тайван амьдралаар амьдаръя гэвэл орхих ёстой бүхнийг эргэлзэлгүй орхиж сурах шаардлагатай.
Эдгээр хүмүүс халамжтай, өр зөөлөн сэтгэлтэй. Байгаль дэлхийгээсээ урам зориг мэдэрч, амжилтаа бүтээдэг. Гэвч хааяа ямар ч шалтгаангүй хүчээ дэмий үрдэг. Аливаад амархан хариу үйлдэл үзүүлдэг болохоор сэтгэл нь амархан шархалдаг. Энэ нь тэднийг үргэлж ухаалаг алхам хийдэггүйг хэлнэ.
Энэрэл хайр, зовлон жаргал, айдас хүйдэс эсвэл тас харанхуй ертөнцийн бодолд амархан автдаг. Тэгэхээр амьдралаа үгүйрүүлэхээс зайлсхийе гэвэл сэтгэл хөдлөлөө хянаж сураарай.
6. Өвөг дээдэс орд
- Харьяалагдах сар, өдөр: 6 сарын 5 ~ 7 сарын 4
- Ивээл гараг: Даваа
- Хамгийн амжилттай байх сар: 6, 10
- Хамгийн сайн хөгжсөн мэдрэхүй: Амтлах
- Биеийнх нь хамгийн эмзэг хэсэг: Толгой
Африк зурхайн мэдлэг, мэргэн ухааныг илэрхийлдэг өвөг дээдэс ордод төрсөн хүмүүс итгэл үнэмшилдээ тууштай, манлайлах чадвартай, шударга нэгэн байдаг. Тэдний чин хүсэл нь хүмүүсийг өөрчлөх замаар аугааг бүтээх байгуулах явдал боловч эгоизмаасаа салж, хүлцэж сурснаар хүсэлдээ хүрэх болно.
Энэ ордод төрсөн хүмүүс сэтгэл татам байдал, мэргэн ухаан болон эрх мэдлээ ашиглан санаагаа тулгах хандлагатай байдаг. Олонх нь амьдарч байгаа нийгэмдээ удирдан чиглүүлэгч, зөвлөгчийн үүрэгтэй амьдардаг ч хүмүүсийн хэрэгцээг үл тоомсорлож, хайхрамжгүй ханддаг.
Тэгэхээр эдгээр хүмүүс амьдралынхаа турш хүрээлэн байгаа орчинтойгоо зөв харьцаж сурах ёстой бөгөөд зөвхөн өөрийнхөө хүслээр яваад байвал урагшлахгүй. Хувиа хичээдэг биш, өгөөмөр сэтгэлтэй байвал хаа ч явсан хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэгдэх болно гэдгээ ухамсарлах хэрэгтэй.
Хэрвээ эерэг энергиэ зөв чиглүүлэхгүй бол хүн чанаргүй, бардам нэгэн болж хувирдаг. Гэвч өвөг дээдсээс уламжилж ирсэн ухамсар, танин мэдэхүйнхээ ачаар дутагдлаа амархан ухаарч, өөрчлөгдөж чаддаг. Хариу нэхэлгүй өгөхөд суралцаж, аливааг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөд анхаараарай.
7. Шүүгч орд
- Харьяалагдах сар, өдөр: 7 сарын 5 ~ 8 сарын 4
- Ивээл гараг: Мягмар
- Хамгийн амжилттай байх сар: 7, 11
- Хамгийн сайн хөгжсөн мэдрэхүй: Хүрэх
- Биеийнх нь хамгийн эмзэг хэсэг: Бөөр
Шударга ёсны бэлгэдэл болсон шүүгч ордод төрсөн хүмүүс аливаад үндэслэлтэй, бодитой, шударга ханддаг, ялагдашгүй хүсэл тэмүүлэлтэй, сэтгэл татам, шинийг эрэлхийлэгч хүмүүс байдаг. Ямар амьдрал хүсэж байгаагаа, яавал шударга болохыг мэддэг. Хурдан шийдвэр гаргах чадвартай, дарамтад ч гэсэн өөртөө итгэлтэй байдаг.
Энэ ордод төрсөн хүмүүст ямар ч худал итгэл үнэмшил байдаггүй. Бүхэнд бодитоор ханддаг, аливааг шударга, үнэн зөвөөр хардаг. Ямар ч хүний үзэл бодол, эрхийг хүндэтгэдэг чанараараа хэнтэй ч амархан нөхөрлөдөг. Өөр өөр бодол санааг богино хугацаанд нэгтгэн дүгнэж, шийдвэр гаргах чадвартай.
Шүүгч ордын хүмүүс идэвхтэй эргэцүүлэн бодогч, бодит амьдрал дээр ажилладаг ухаалаг нэгэн байдаг. Хэлэх үг бүхэн нь үйлдлээрээ амилдаг, хүмүүст эргэлзээ, асуудлаасаа ангижрахад тусалдаг. Хэнтэй яаж харилцах вэ?, хэрхэн өгөөмөр хандах вэ? гэдгээ мэддэг ч ганц нэг хүмүүст энэ нь хэтэрхий өндөр шаардлага тавьдаг мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Эдгээр хүмүүс амьдрах тухайн цаг мөчдөө шийдвэр гаргадаг, бэрхшээлтэй тулгарахаас айдаггүй. Яавал зөв болох вэ? Яавал алдчих бол? гэсэн таамаглал дор амьдардаггүй. Харин одоо байгаа амьдралаараа амьдардаг. Тэд үүлэн дунд ордон барьдаггүй, сонгосон амьдралаараа л амьдардаг.
Бусдыг өөр шигээ сонсож мэдэрнэ гэдэг амьдралынх нь чухал хэсэг боловч үүрэг хариуцлагаа 100% ухамсарладаг, хүний төлөө гэсэн сэтгэлээрээ олон хүмүүст тусалсаар ирсэн тэдэнд хааяа ч гэсэн ганцаараа баймаар санагдах үе гардаг, хувиа хичээсэн зан гаргадаг.
8. Кола самар орд
- Харьяалагдах сар, өдөр: 8 сарын 5 ~ 9 сарын 3
- Ивээл гараг: Лхагва
- Хамгийн амжилттай байх сар: 8, 12
- Хамгийн сайн хөгжсөн мэдрэхүй: Амтлах
- Биеийнх нь хамгийн эмзэг хэсэг: Бэлэг эрхтэн
Энэ ордод төрсөн хүмүүс мэдлэг, мэргэн ухааныг эрхэмлэдэг ч чөлөөт сэтгэлгээтэй, эрх дураараа, амьдралаа илүү сэтгэл хөдөлгөм, адал явдалтай болгохыг хүсдэг. Сэтгэл хөдлөл ихтэйгээсээ болоод тогтворгүй аашилдаг ч маш эрч хүчтэй, зоригтой, мэдрэмжтэй хүмүүс байдаг.
Эдгээр хүмүүс амьдралаас мэдэрч болох бүхнийг таашаах, амтлах дуртай. Хэтэрхий эрч хүчтэй хандлагаасаа болоод зориг багатай, даруухан, эелдэг зөөлөн хүмүүст харин дургүйлхэх хандлагатай. Гэвч нас нэмэх тусам залуу насныхаа тэнэглэлээс болж алдсан тэнцвэрээ сэргээдэг.
Кофейн агуулсан кола самар нь махан биеийн таашаал, бэлгийн харилцааг бэлгэддэг гэдэг утгаараа энэ ордод харьяалагддаг хүмүүс таашаал авахад шунахайрдаг. Гэвч сексээс таашаал авахад хэт шунах нь эргэшгүй алдаанд хүргэх эрсдэлтэй болохоор хэм хэмжээгээ баримтлах хэрэгтэй.
Кола самар ордод төрсөн хүмүүс гайхалтай энергитэй боловч амьдралдаа маш тогтворгүй байдаг. Үе үе гэнэтийн шийдвэр гаргадаг ч дараа нь харамсдаг. Ингэдэг хүмүүс карьерт үргэлж найдвартай байдаггүй, гэхдээ нөхөрлөлийнхөө төлөө чадах бүхнээ хийх болно.
9. Аялагч орд
- Харьяалагдах сар, өдөр: 9 сарын 4 ~ 10 сарын 3
- Ивээл гараг: Пүрэв
- Хамгийн амжилттай байх сар: 1, 9
- Хамгийн сайн хөгжсөн мэдрэхүй: Харах
- Биеийнх нь хамгийн эмзэг хэсэг: Хөл, үе мөч
Энэ ордод төрсөн хүмүүс бусдаас өөр сонирхолтой, хэв маягийг эвдэхийг хүсдэг олон талт, нээлттэй сэтгэлгээтэй нэгэн байдаг. Шинэ тутам бүхэн тэднийг өөртөө татаж, итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг нь сэрээдэг.
Аялал тэднийг дотно хүмүүсээс нь холдуулдаг ч ер бусын адал явдал мэдэрч, хүссэн хувь тавилангаа бүтээх эхлэл нь болдог. Эдгээр хүмүүс өөртөө үнэнч байх дуртай, өөрөө хүсвэл хэнтэй ч нөхөрлөж чадна. Энэ ч утгаараа зөвхөн өөрийн зөн совиндоо хөтлөгддөг, хэзээ ч бусдад найддаггүй.
Хааяа ганцаарддаг, хааяа хэтэрхий мэдрэг болдог нь тэдэнд ядаргаатай санагддаг. Тэгэхээр өөрийгөө 100% ойлгодоггүй гэсэн үг. Яагаад гэвэл тэдэнд нэг газраа орхих нь үргэлж гуниг төрүүлдэг, шинэ газар ирэх нь үргэлж итгэл найдвар авчирдаг.
Тэгэхээр энэ ордод төрсөн хүмүүс гуниг, итгэл найдварыг хоёуланг нь эн тэнцүүхэн сэтгэлдээ тээж явдаг. Тэгээд үүнтэйгээ эвлэрч ч чаддаггүй, үгүйсгэж ч чаддаггүй үргэлжийн дотоод зөрчилтэй байдаг хүмүүс ажээ. Сэтгэл хөдлөлөө удирдах урлагийг сонирхдоггүй ч үүнийгээ хэрхэн захирах вэ? гэдэгт алхам алхмаар суралцахыг хүсье!
10. Хол зай орд
- Харьяалагдах сар, өдөр: 10 сарын 4 ~ 11 сарын 3
- Ивээл гараг: Баасан
- Хамгийн амжилттай байх сар: 2, 10
- Хамгийн сайн хөгжсөн мэдрэхүй: Сонсох
- Биеийнх нь хамгийн эмзэг хэсэг: Зүрх
Эрч хүч болон өөрийгөө ялан дийлэхийг бэлгэддэг энэ ордод төрсөн хүмүүс гайхамшигтай бүтээлч сэтгэлгээтэй, өөрийнхөөрөө амьдрахыг хүсдэг, аяллаас урам зориг авдаг. Нэг хэвийн амьдралд дасан зохицох чадваргүй мөрөөдөгч, гүн ухаанч, зохиолч, яруу найрагч, хувьсгалч хүмүүс байдаг.
Хүсэл тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй болохоор замаасаа хэзээ ч ухардаггүй. Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ хүссэн амжилтаа бүтээдэг. Амьдралаа хэрхэн авч явахаа мэддэг бөгөөд өнөөдөр хийж чадах зүйлээ маргааш гэж хойш тавих дургүй. Хэнтэй нөхөрлөх вэ? гэдэгтээ ухаалаг хандах хэрэгтэй.
Эдгээр хүмүүс тэвчээргүй хандлагаасаа болж алдаа гаргадаг. Бэрхшээлээс зугтаах хандлагатай болохоор бэрхийг даван туулахад суралцах шаардлагатай. Тэдэнд тэнцвэрээ хадгалах амаргүй байдаг. Карьертаа үнэмлэхүй амжилт гаргадаг ч хувийн амьдралынхаа төлөө хичээх хэрэгтэй болдог.
Сэтгэл санаа нь нэг бол баяр баясгалан, эсвэл сэтгэлийн хямралын хооронд солигдон оршдог. Хэрвээ сэтгэлээ тогтвортой байлгаж чадвал амьдралдаа ямар ч амжилтад хүрэх боломжтой. Амьдрал бүхэлдээ тодорхойгүй гэж хардаг ч төсөөлснөө бодитоор бүтээхээр хичээсээр байгаарай.
11. Дэлхийн хүүхэд орд
- Харьяалагдах сар, өдөр: 11 сарын 4 ~ 12 сарын 3
- Ивээл гараг: Бямба
- Хамгийн амжилттай байх сар: 3, 11
- Хамгийн сайн хөгжсөн мэдрэхүй: Амтлах
- Биеийнх нь хамгийн эмзэг хэсэг: Гэдэс дотор
Урам зориг, хүсэл тэмүүллийг илэрхийлдэг дэлхийн хүүхэд ордод төрсөн хүмүүс төрөлхийн өөдрөг үзэлтэн байдаг. Дунджаас хэтэрсэн эрч хүч, эерэг хандлага, энэрэнгүй сэтгэлтэй эдгээр хүмүүсийн үг бүхэн нь үйлдэлтэйгээ 100% нийцдэг.
Бусад ордынхонтой харьцуулахад эелдэг, нөхөрсөг зан чанараараа амьдралдаа олон боломж, аз амжилтыг татдаг. Гэсэн хэдий ч хязгааргүй бардам зангаасаа салах ёстой бөгөөд энэ нь тэдэнд ямагт зовлон шаналал авчрах болно.
Энэ ордод төрсөн хүмүүс хамтрагчдадаа урам зориг өгдөг болохоор өстөн дайсантай болох нь ч ховор байдаг. Эдгээр хүмүүс амьдралыг хайрладаг, түүнийхээ үр шимийг ч хүртдэг. Тэдэнтэй хамт байвал харах өнцөг эрс өөрчлөгддөг, амьдрал бүхэлдээ гайхамшиг мэт санагддаг.
Бүтээсэн амьдралынхаа мөчлөгт хэрхэн сэтгэл хангалуун байхаа мэддэг тэднийг сэтгэлээр унагаана гэдэг тийм ч амар биш. Нөхөрлөлдөө үнэнч байдаг болохоор сайн нөхөр гэж үнэлэгддэг. Гайхамшгийг хүн өөрөө бүтээдэг гэдгийг тодхон үлгэрлэдэг эдгээр хүмүүс үг, шийдлийн мэргэн алхимичид ажээ.
12. Үр тарианы агуулах дахь ургац орд
- Харьяалагдах сар, өдөр: 12 сарын 4 ~ 1 сарын 3
- Ивээл гараг: Мягмар
- Хамгийн амжилттай байх сар: 4, 12
- Хамгийн сайн хөгжсөн мэдрэхүй: Сонсох
- Биеийнх нь хамгийн эмзэг хэсэг: Арьс, яс
Амар амгаланг бэлгэддэг энэ ордод төрсөн хүмүүс үнэнч шударга, өөдрөг, өгөөмөр, хөгжилтэй. Гэвч хааяахан хайхрамжгүй хандлага гаргадаг. Төрөлхийн эрч хүчтэй, санаачилгатай сэтгэлгээнийхээ ачаар амьдралаа цэцэглэн хөгжүүлдэг хүмүүс байдаг.
Амжилттай л амьдрах гэж төрсөн эдгээр хүмүүс бусдын амьдралыг ч гэсэн илүү тааламжтай, жаргалтай болгох дуртай болохоор мэргэн ухаан, өгөөмөр сэтгэлээ хэрхэн яаж ашиглахаа маш сайн мэддэг. Бүгдийн аз жаргалын төлөө хөдөлмөрлөдөг ч хааяахан тав тухтай орчиндоо ганцаараа байхыг хүсдэг.
Бусад ордтой харьцуулахад харьцангуй идэвхтэй амьдардаг. Ямар ч ажил хөдөлмөрт үргэлж бэлэн байдаг. Хангалуун амьдралыг шүтдэг болохоор төдий чинээ тууштай ажилладаг. Алсын хараа, ухаалаг байдлаараа үнэлэгддэг. Хүмүүс ч тэдэнд итгэдэг болохоор олон хүний дэмжлэгийг авдаг.
Гэвч өөртөө хэт бардаж, өөрийгөө магтах хэрэггүй. Эгоизм хэзээ ч шаргуу, тууштай хичээл зүтгэлээс илүү амжилт авчрахгүй. Амжилтад хүрье гэвэл зөв хүмүүстэй нэгдэж, зөн совингоо сонсоорой. Өнгөнд автвал жинхэнэ боломжоо олж харж чадахгүй болно.
Амьдралд олон саад бэрхшээл гарах болно. Хааяахан аливааг чимээгүйхэн эргэцүүлэн бодох дадал зуршилтай болоорой. Ялангуяа сэтгэлийн асуудалд илүү болгоомжтой хандах хэрэгтэй шүү!