Өнө эртнээс уламжлагдан ирсэн зурхайн ухаан нь хүн төрөлхтөнд өөрсдийн амьдралаа хэрхэн танин мэдэх вэ?, хэрхэн зөв бүтээх вэ? гэдгийг олон гайхамшигтай аргаар тодорхойлсоор иржээ.
Тэдгээрийн нэг нь хүнийг хэдэн цагт төрснөөр нь шинжих төрсөн цагийн зурхай ажээ. Төрсөн цаг нь хүний зан чанар, амьдралын мөн чанарт хэрхэн нөлөөлдөг юм бол…?
Хүнийг төрөх үеийн гараг, эрхсийн байрлал нь тухайн хүний зан чанар, зан үйлийн онцлогийг тодорхойлж байдаг. Энэ нь нэг эцэг эхийн хүүхдүүд мөртлөө өөр өөр ааштай, онцлог шинж чанартай байдгийн шалтгаан болдог.
Тэгвэл төрсөн цагаар нь авч үзвэл хүний ертөнцийн гэрэл гэгээг харсан үе нь өөрөө зурхайн нэг хэсэг болох төдийгүй тухайн хүний онцлог шинжийг судлахад онцгой ач холбогдолтой судлагдахуун байдаг.
Гайхамшигтай нэгэн үнэн гэвэл төрсөн ордоосоо гадна төрсөн цагаараа өөрийнхөө талаар ихийг мэдэж авах боломжтой. Төрсөн ордоо мэдэж авахад ч гэсэн хэдэн цагт төрсөн бэ? гэдэг чинь чухал байдгийг санаарай.
Төрсөн үеэр нь шинжвэл шөнө дунд төрсөн хүмүүс хэт мэдрэмтгий ч төсөөлөл сайтай байдаг, үүрээр төрсөн нь ухаалаг, тэвчээртэй, амьдралын ямар ч бэрхшээлд бэлэн байдаг.
Өглөө төрсөн хүмүүс урлагийн авьяастай, амьдралыг өөдрөгөөр хардаг, өндөр амбицтай байдаг бол үдээс хойш төрсөн хүмүүс хөгжилтэй, эрч хүчтэй, сониуч хандлагатай, бүтээлч байдаг.
Тэгвэл оройн цагаар төрсөн хүмүүс өөртөө итгэлтэй ч тогтворгүй хандлагатай, нийтэч байдаг бол шөнө төрсөн хүмүүс дотогшоо, дүн шинжилгээ хийх чадвар нь давамгайлсан байдаг байна.
Үргэлжлүүлэн төрсөн цагаар нь хэрхэн тодорхойлсныг хамтдаа сонирхоцгооё!
1. 00:00 ~ 01:59
2. 02:00 ~ 03:59
3. 04:00 ~ 05:59
4. 06:00 ~ 07:59
5. 08:00 ~ 09:59
6. 10:00 ~ 11:59
7. 12:00 ~ 13:59
8. 14:00 ~ 15:59
9. 16:00 ~ 17:59
10. 18:00 ~ 19:59
11. 20:00 ~ 21:59
12. 22:00 ~ 23:59 ~ Чи аль цагт нь төрсөн бэ?
Энэ хугацаанд төрсөн хүмүүс амьдралын идэвхтэй хэв маягийг эрэлхийлдэг, дотор нь хорвоо дэлхийг танин мэдэхийг хүссэн аугаа тэмүүлэл оршин байдаг. Шинийг туршиж үзэх, шинэ хүмүүстэй танилцахаас эхлээд бүгдийг мэддэг байхыг хүсдэг, мэдрэх ч дуртай. Гэвч өөрийнхөө талаар нэг ихийг хэлэхийг хүсдэггүй. Сэргэлэн цовоо, ухаалаг болохоор ихэнх хүмүүсийн чадаагүйг төвөггүй ойлгодог.
Нийтэч боловч төрөлхийн даруу төлөв, итгэл үнэмшилдээ үнэнч, тууштай нэгэн байдаг. Хүрээлэн байгаа орчиндоо хүчтэй нөлөөлж чаддаг, бараг хэнийг ч үгэндээ оруулах чадвартай. Энэ ч утгаараа хүмүүст мэдлэг түгээж, хариуцлагатай, ухамсартай ~ зөв ~ амьдралыг бүтээхэд нь тусалдаг.
Дотно хүмүүсээ нэгдүгээрт тавьдаг болохоор хайртай хүмүүсийнхээ дунд байж, тэднийхээ дэмжлэгийг мэдэрч, найдвартай артай гэдгээ мэдэх дуртай. Санхүүгээ сайн төлөвлөдөг, ямар нөхцөл байдлыг хэрхэн мөнгө олох боломж болгох вэ? гэдгээ мэддэг.
Карьераа театр, телевиз, кино урлаг эсвэл харилцаа холбооны чиглэлд хөгжүүлснээр нэр алдарт хүрэх өндөр боломжтой. Ихэнх нь 25 наснаасаа нэрээ дуурсгахаар дэлхийд гардаг. Алсдаа хэн байх вэ?, ямар амьдралаар амьдрах вэ? гэдгээ маш тодорхой төлөвлөж, өөрийгөө бүтээсэн нэгэн болно.
Энэ хугацаанд төрсөн хүмүүс амьдралаас сайн сайхныг мэдэрч, тансаг амьдралаар амьдрах дуртай. Амьдрах хугацаандаа бүхий л материаллаг хүслээ биелүүлэх тавилантай. Тэгэхээр шаргуу хөдөлмөрлөж хангалттай мөнгөтэй ч амьдарна, амжилттай бизнес эрхлэгч ч болно. Хэнтэй ч нөхөрсөг харилцах чадвартай, төрөлхийн сониуч хандлагатай, ухаалаг хүмүүс байдаг.
Хүссэнээ хэнээр, хэрхэн, яаж хийлгэх вэ?, хэнд ямар үг хэлэх вэ? гэдгээ маш сайн мэддэг. Шинийг нээх дуртай болохоор дэлхийгээр аялж, өөр өөр соёл иргэншилтэй танилцах ямар л боломж байна, тэдгээрийг алдалгүй ашигладаг. Байгаль дэлхийгээсээ урам зориг, эрч хүчээ сэргээдэг.
Өөртөө үргэлж итгэдэг, энэ итгэлээрээ хүссэн амжилтаа бүтээдэг. Интроверт эсвэл ганцаардмал нэгэн биш болохоор өөрийгөө сайн нөхдөөр хүрээлүүлэх сонирхолтой. Хүний итгэлийг 100% даадаг, өөрөө ч тэдэнд сэтгэлээсээ ханддаг, үнэнч хүмүүс байдаг. Хэн нэгэнд өс санах дургүй.
Бэрхшээлийг төвөггүй даван туулж чаддаг нь ямар сэтгэлийн тэнхээтэй нэгэн болохыг нь илэрхийлнэ. Тансаг хотхон, тансаг машин, амттай хоол ~ тэдний хүссэн зүйл бөгөөд өөрийн болгож амьдардаг. Тэдэнд амжилт амархан ирнэ ~ ялангуяа 24 ~ 27 насандаа маш хийморьтой байх болно.
Энэ хугацаанд төрсөн хүмүүс өөртөө итгэлтэй, хүчтэй, анхаарлын төвд байх дуртай. Бэрхшээлээс урагшлах урам зоригоо авдаг, шулуун шударга болохоор хэлэх гэснээ палхийтэл хэлдэг. Нэг шийдсэн л бол өөрийнхөөрөө маш зөрүүд хүмүүс байдаг. Үүгээрээ ч өөрийнхөө төлөө бат зогсож чаддаг.
Хайртай хүмүүсийнхээ төлөө үргэлж санаа тавьдаг шигээ цаг ямагт хүмүүсээс эерэг өнцгийг хардаг. Эрх мэдэлд дуртай, хүмүүсээс талархал сонсохыг хүсдэг болохоор удирдах албан тушаал тэдэнд гайхалтай зохино. Ялангуяа хууль сахиулах, батлан хамгаалах зэрэг төрийн карьерт амжилттай байна.
Төрөлхийн эерэг сэтгэлгээтэй, амьдралд талархдаг, хааяахан нууцлаг хандлагаараа олон хүнийг өөртөө татдаг. Сэтгэлийн харилцаанд хэтэрхий романтик ~ жинхэнэ хайранд итгэдэг, тэрхүү цор ганцаа харах мөчдөө өөрөө мэдэрч чадна гэж боддог. Хамтрагчтайгаа үргэлж сэтгэл хөдлөлийн түвшинд харилцах хүсэлтэй.
Өглөөний 06:00 ~ 07:59 цагийн хооронд төрсөн хүмүүс төрсөн цаг шигээ өглөөг эрч хүчээр дүүрэн эхлүүлдэг. Бусад хүмүүсийн арай ядан сэрэх энэ цагаар эдгээр хүмүүс ихийг хийж амжуулсан байдаг. Энэ хүмүүс маш сахилга баттай, амьдралаа төлөвлөснөөрөө бүтээдэг.
Төрөлхийн удирдагч нэгэн бөгөөд аливааг эерэг, сөргийн ямраар нь ч өөрчлөх чадвартай. Хүмүүс тэднийг нууцлаг гэж дүгнэдэг нь үнэн төрхөө тийм ч амархан ил гаргадаггүйтэй нь хамаатай. Үргэлж шилдэг нь байх ёстой, хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэсэн сэтгэлгээтэй.
Амьдрал гэнэтийн эргэлтүүдийг авчрах ч энэ нь тэднийг улам хүчирхэг нэгэн болгодог. Гэвч үргэлж тэмцэх үү? гэвэл үгүй. Амьдралынхаа хатуу хөтүү үеэс маш их уур хилэн, шаналанг ч мэдэрдэг. Бясалгал хийдэг болохоор аливааг эргэцүүлэн бодож, сэтгэлээ анагаах чадвартай.
Бусдыг захирах дуртай ч бүхнээс эерэг өнцгийг хардаг, шинэ эхлэл рүү тэмүүлдэг. Сэтгэлгээгээ үргэлж орчин үелэг, шинэлэг байлгадаг. Төгс төгөлдөрийг хүсдэг болохоор өөрөөсөө ихийг шаарддаг. Энэ ч утгаараа урлагийн мэргэжлээр ажиллавал илүү амжилт гаргана.
Энэ цагийн хооронд төрсөн хүмүүс төрөлхийн гүн сэтгэгч, гүн ухаантан хүмүүс байдаг. Дотоод амар амгаланг эрэлхийлдэг болохоор сөргөлдөөн, хэрүүл маргаанаас хол оршихыг хичээдэг. Ихэвчлэн өндөр мэдрэмжтэй, хүлээцтэй тайван, ганцаараа байх дуртай. Стрессээ ч бусдаас илүү тайван зохицуулдаг, хүсвэл өөрийнхөөрөө маш зөрүүд аашилдаг.
Амьдарсан шиг амьдар гэдэг хандлагатай. Хүмүүсийн хэрэгцээнд мэдрэмтгий, ухамсартай ханддаг. Нөхөрсөг гэдгээрээ алдартай болохоор ямар ч соёлтой, ямар ч үзэл бодолтой хүмүүстэй төвөггүй ойлголцож, амархан зохицож чаддаг. Тэдний аз төрсөн газраас нь хол газар байдаг.
Ерөнхийдөө, ичимхий нэгэн боловч эцэстээ өөрийнхөө тав тухтай бүсээс гарч, бусдад нээлттэй ханддаг, дуртай хүмүүстэйгээ харьцдаг болно. Үнэн төрхөө нуух хандлагатай ч хааяа анхаарлын төвд байх дуртай. Үе үе хүйтэн хөндий аашилдаг нь аливааг чимээгүйхэн ажиглахыг илүүд үзэх хүслийнх нь байдаг.
Карьераа маш ухаалаг сонгох хэрэгтэй. Бусдад тусалж чадах ямар ч мэргэжил, жишээ социологич зөв сонголт болох болно. Төрийн байгууллагад ч гэсэн ажиллах нь маш тохиромжтой.
Хэрвээ 10:00 ~ 11:59 цагийн хооронд төрсөн бол амьдралыг өөдрөгөөр хардаг, аливааг үргэлж танин мэдэхийг хүсдэг эрч хүчтэй, идэвхтэй, эелдэг нэгэн байдаг. Өөртөө шүүмжлэлтэй ханддаг, мэдрэмжтэй, нэг шийдсэн л бол хүссэндээ хүрэхэд нь хэн ч саад болохгүй. Хэн гэдгээ, ямар амьдралаар амьдрахыг хүсэж байгаагаа тодорхой мэддэг, хүчин чармайлт нь үргэлж шагнагддаг.
Өндөр амбицтай, үнэмлэхүй амжилттай амьдрах хүсэл тэмүүлэлтэй. Хүссэндээ хүрэхийн төлөө ямар ч бэрхшээлийг даван туулахаар зоригтой, шийдэмгий, ялагдах дургүй хүмүүс байдаг. Төрөлхийн манлайлагч тэднийг хүмүүс зөнгөөрөө дагах хандлагатай.
Өөрийн авьяасаа харуулах, ялах дуртай болохоор хэзээ нэгэн цагт ур чадвараараа алдаршиж магадгүй. Ерөнхийдөө өндөр албан тушаалд хүрч, маш тухтай амьдрахад хангалттай хөрөнгө бүтээж чаддаг. Урлаг, соёлын чиглэлээр эсвэл амьдралын дасгалжуулагчаар ажиллах нь карьерын төгс сонголт болно.
Шинийг мэдэрч, турших дуртай болохоор хийцгүйрэх сонирхолгүй. Багийн шилдэг тоглогч байж чаддаг, шинэ тутам бүхнээс урам зориг авдаг, үйлдэл л үнэ цэнийг авчирдаг гэдэгт итгэдэг. Тэгэхээр аливааг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, амьдралд талархалтай хандаж чадвал хүссэндээ 100% хүрнэ.
Хэрвээ энэ хугацаанд төрсөн бол төгс төгөлдөр нэгэн гэдгээрээ алдартай. Эдгээр хүмүүс эхлээд ажил, дараа нь таашаал гэсэн урианы дагуу амьдардаг. Төлөвлөснөө 100% хийж дуусгасан цагтаа л тайвширч чадна. Төрөлхийн өндөр амбицтай, бүтээлч, эрч хүчтэй хүн боловч хариуцлагатай, хайртай хүмүүсээ халамжлахаа хэзээ ч мартдаггүй.
Амьдралаас ямар бүтээмж, үнэ цэн хүсэж байгаагаа тодорхой мэддэг, аливаа сорилтод хэрхэвч бууж өгдөггүй. Боломжийг алдах дургүй болохоор үргэлж анхаарлаа төвлөрүүлдэг. Цаг ямагт суралцах дуртай, мэдлэгээ ч хүссэн хүнтэйгээ хуваалцах сонирхолтой.
Аливааг маш тодорхой тайлбарлаж өгдөг бөгөөд сонсохыг хүссэн хэн бүхэнд гайхалтай зөвлөгч болох тэвчээртэй, өөртөө итгэлтэй хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс амжилттай бизнес эрхлэхээс гадна сайн багш, дасгалжуулагч, хөтөч, зөвлөх хийж чадна. Тууштай хичээл зүтгэлийнхээ үр шимээр орлогын олон эх үүсвэртэй болно.
Аялах дуртай. Ихэнх нь төрсөн нутгаасаа хол газар өсөн дэвжих болно. Тэндээ хүнтэй гэрлэж ч магадгүй. Амьдрал 30 наснаас хойш илүү амттай санагдаж, аз хийморь ч сэргэж ирнэ.
Энэ хугацаанд төрсөн хүмүүс адал явдал, гэнэтийн сорилтоор дүүрэн эрч хүчтэй амьдралаар амьдрахыг хүсдэг. Бэрхшээл тэднийг боломжгүйг бүтээхэд түлхэж өгдөг, ялагдал, уналтад дургүй. Гэвч амьдралдаа өгсөж уруудах тавилантай. Төрөлхийн өөдрөг, сониуч, хийморьлог хүмүүс байдаг.
Эрсдэлтэй хамт таашаал ирдэг гэж үздэг болохоор өөрийгөө сорих дуртай. Хаана ч явсан эерэг харилцааг үүсгэдэг, ихэнх хүмүүс тэднийг хөгжилтэй, нөхөрсөг, сэтгэлд дулаахан хүн гэж дүгнэдэг. Нөхөрлөлдөө үнэ цэн өгдөг болохоор нөхөрлөлийн харилцаагаа эрчимтэй хөгжүүлдэг.
Дадал зуршил эсвэл амьдралын нэг хэмнэл тэдэнд зохихгүй. Үргэлж өөр өөр, шинэлэг, үл мэдэгдэх, сонирхолтой хэв маягийг эрэлхийлдэг. Хөрвөх чадвартай, шударга, шийдэмгий хандлагаараа амьдралын ямар ч бэрхшээлийг даван туулна. Санхүүгийн чиглэлээр мэргэжил эзэмшвэл өндөр амжилт гаргана.
Энэ хугацаанд төрсөн хүмүүс амьдралын ямар ч бэрхшээлтэй тулгарсан үргэлж урагшилдаг өөдрөг үзэлтэн байдаг. Бууж өгнө гэдгийг мэдэхгүй, түнэр харанхуйгаас ч гэрэл гэгээг олж хардаг. Харилцаандаа маш их анхаардаг, хэзээд 100% итгэж болох найдвартай хүмүүсээр хүрээлүүлэхийг хүсдэг.
Хэнтэй ч эелдэг, нөхөрсөг, өгөөмөр сэтгэлээр ханддаг, гэнэн цайлган, халамжтай. Бага нас эсвэл залуу насандаа амьдралаас үнэ цэнтэй сургамж авдаг. Ямар ч бэрхшээлтэй тулгарсан амьдралд хандах эерэг, өөдрөг сэтгэлгээг төлөвшүүлснээр өнөөдрийн өөрийгөө бүтээж амьдардаг.
Харилцаа, хандлага ямар чухал болохыг ухаарсан болохоор харилцаагаа хөгжүүлэхээр маш их хүчин чармайлт гаргадаг. Бүхнийг эргэцүүлж боддог ~ дотно хүмүүс нь тэднийг амьдралын философич хэмээн дүгнэдэг. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, романтик хайр дурлал хүсдэг, хайдаг.
Харилцааны асуудалд ~ итгэлцэлд хэт болгоомжтой ханддаг. Сэтгэл хөдлөл ихтэй ч гэсэн түүнийгээ тодорхой илэрхийлэхгүй, хамгаалж үлдэж чаддаг. Хааяа мэдрэмжээ ил гаргадаггүй ч хүмүүст чин сэтгэлээсээ зөвлөдөг.
Хүмүүстэй шууд харилцан ярилцдаг мэргэжил сонговол тохиромжтой. Ялангуяа багш, зөвлөхийн ажил эрхэлснээр өндөр амжилт гаргана. Хууль, шүүхийн асуудлаас харин хол байх хэрэгтэй.
Үдэш 18:00 ~ 19:59 цагийн хооронд төрсөн хүмүүс аливааг байгаагаар нь хүлээж авдаг, хүлээцтэй тайван хандлагатай, хэний ч хүсэл, хэрэгцээг тодорхой мэдэрдэг, өрөвч зөөлөн сэтгэлтэй нэгэн байдаг. Бусдын мэдрэмж, сэтгэл хөдлөлийг маш сайн ойлгодог болохоор хүмүүс зөнгөөрөө тэдэнд татагддаг. Танихгүй хүмүүс ч тэдэн дээр ирж зөвлөгөө авах тохиолдол байдаг.
Хүний төлөө үргэлж нээлттэй байдаг, хүмүүс ч үүнийг нь үнэлдэг. Гэхдээ бусдын асуудалд хэтэрхий анхаарч, шийдэхэд нь туслах гэсэн сэтгэлээсээ болж хааяа өөрийгөө мартчихдаг. Стресстэй орчин сэтгэл санаа, мэдрэлийн тогтолцоонд ачаалал, дарамт нэмэх болохоор өөртөө цаг гаргадаг байх хэрэгтэй.
Үргэлж шаргуу хөдөлмөрлөдөг боловч заримдаа өөрийгөө хэт их шахдаг, өөртөө хэтэрхий хатуурхдаг. Гэвч хүмүүс хэр ихийг хийж бүтээснийг чинь тодорхой хардаг, сэтгэлээсээ үнэлдэг болохоор хүн болгон багтаа байлгахыг хүсдэг. Эрүүл мэндийн чиглэлээр, сувилахуйгаар ажиллавал тохиромжтой.
Эдгээр хүмүүс хэнтэй ч амархан ойлголцож чаддаг, хүмүүстэй төвөггүй харилцаа тогтоодог. Шинэ өдөр тэдэнд шинэ туршлага байдаг. Ихэнх нь гадаад оронд амжилт олох болно.
Энэ хугацаанд төрсөн хүмүүс ярихаасаа илүү хийж бүтээх, авахаасаа илүү өгөх хүсэлтэй хүмүүс байдаг. Бусдад туслах дуртай бөгөөд ингэснээрээ өөрийнхөө аз жаргалыг бүтээдэг. Төрөлхийн бусдыг тэргүүлэх, манлайлах чадвартай, алдаа гаргахыг үзэн яддаг.
Ямар ч төсөл хэрэгжүүлсэн төгс төгөлдөр гүйцэтгэлийг эрэлхийлдэг. Нэгэнт зорьсон, шийдсэн бол эцсээ хүртэл тууштай тэмцэнэ. Хагас дутуу оромдоод орхисон бүхэн дургүйг нь хүргэдэг. Сонирхлоо хөгжүүлж, амжилттай бизнес болгож чадна. Тэгэхээр эд баялаг, нэр алдар, сэтгэл хангалуун амьдралаа өөрөө хүссэнээрээ бүтээнэ.
Бусдын анхаарлыг татах гэж хичээдэггүй, оронд нь туслахыг хичээдэг. Өөрийнх нь тус хэрэг болсон хэний ч төлөө нөөц бололцоогоо бүрэн дайчилдаг. Эдгээр хүмүүс ямар ч жижиг зүйлээс таашаал авдаг, талархдаг. Хүмүүс өгөөмөр сэтгэлийг нь үргэлж биширдэг.
Үгээс илүү үйлдэлд итгэдэг болохоор бүтээн байгуулах ажил тохиромжтой. Ялангуяа архитектор, барилгачин, дизайнер, гар урлалын бизнес эрхэлснээр өндөр амжилт гаргана.
Энэ хугацаанд төрсөн хүмүүс ирээдүйгээ боддог, үргэлж шинийг эрэлхийлдэг. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн төлөө шантралгүй тэмцэж чаддаг. Бууж өгнө гэдэг үгийг мэдэхгүй. Өөртөө итгэлтэй, бүтээлч, шийдэмгий хандлагатай. Өндөр амбицтай болохоор хүссэн бүхнээ хийж чадна.
Сэтгэлдээ баяр баясгалантай бөгөөд дотоод амар амгаланг чухалчилдаг. Цагаа барьдаг, үргэлж хэлсэн үгэндээ хүрдэг. Тэвчээртэй, хүлээцтэй болохоор боломжгүй зүйл гэж байдаггүй. Хэчнээн сөрөг, таагүй явдал тохиолдсон ч өөдрөг хэвээр, гэрэл гэгээтэй өнцгөөс нь үргэлжлүүлэн хардаг.
Зан харилцаа сайтай, аливааг олон талаас дүгнэдэг болохоор олон хүмүүс зөвлөгөө авах хандлагатай байдаг. Хүмүүсийн үнэн төрхийг ч хэзээ ч алдаж тодорхойлдоггүй, хүмүүсийн сонсох, дагах дуртай нэгэн. Хэзээ нэгэн цагт өөрийн удирдах чадвараараа олон хүний амьдралд өөрчлөлт авчрах тавилантай.
Өмч хөрөнгө, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр ажиллавал илүү өндөр амжилт гаргана.