13-ны Баасан гараг зурхайн хувьд ямар өдөр вэ?


Нэг жилд хамгийн олондоо гурван өдөр л тохиодог 13~ны Баасан гаргийг азгүйдэл авчирдаг гэдэгт итгэдэг мухар сүсэг XX зууны эхэн үеэс түгэн дэлгэрсэн түүхтэй.

Өдгөө дөрвөн америк хүн тутмын гурав нь үүнд итгэж, энэ өдөр ажилдаа ч явахгүй, замын хөдөлгөөнд ч оролцдоггүйгээс гадна орондоо өнжих нь түгээмэл байдаг ажээ.

Тэгвэл испани хэлээр ярьдаг улс орнуудад 13~ны Мягмар гаргийг, италид 17~ны Баасан гаргийг азгүйдэл авчирдаг өдөр гэж үздэг байна.

Дэлхий даяар хамгийн түгээмэл тархсан 13~ны Баасан гарагтай холбоотой мухар сүсгүүдээс сонирхох уу?

Тэгэхээр 13~ны Баасан гарагт толь хагалж болохгүй, өөрөө өөртөө үйлчлэх автомат төхөөрөмж ашиглаж болохгүй, дотор орчинд шүхэр дэлгэж болохгүй, давс асгаж болохгүй, харанхуй гудмаар ганцаараа явж болохгүй, шар шувуу руу харж болохгүй, хагарч цуурсан хавтан дээр гишгэж болохгүй, үсчинд очиж болохгүй, хумсаа авч болохгүй, хар муур урдуураа гаргаж болохгүй гэх мэт байдаг. 

Тэгвэл 13~ны Баасан гарагт учирч болох азгүйдлээс өөрийгөө хамгаалъя гэвэл мод тогшихоос эхлээд хувцасныхаа дотор хэсгийг гадагш харуулж өмсөх, сар руу баруун мөрөө давуулж харах, өмнө зүг рүү харж унтах, тунгалаг шил хагалах, борооноор алхах, индүүдээгүй цагаан хэрэглэлд унтах, халаасандаа боргоцой авч явах, өглөөний цайнаас өмнө гурван удаа найтаах, хоёр хуруугаа зөрүүлэх, газраас харандаа, зоос, мөнгө, хавчаар, нүүрсний хэлтэрхий олох зэрэг нь сайн гэж үздэг байна.

Түүнчлэн энэ өдөр гурван хонь харах, цох эсвэл хүрэлзгэнийн чимээ сонсох, гэрт мэлхий орж ирэх, хоёр хар шувуу хамт сууж байхыг харах, гэрт эрвээхэй нисэх, хоёроос дөрвөн хар хэрээ харах, гар эсвэл толгой дээр зөгий суух, толгой дээрээ цагаан толботой нохой харах нь аз авчирдаг гэж итгэдэг.

Үүгээр ч зогсохгүй 13~ын тооноос айдаг хүмүүс байдаг. Энэ тооноос айх айдсыг анагаах ухаанд triskaidekaphobia гэж нэрлэдэг. Тэгвэл төвөдийн соёлд энэ тоог эсрэгээрээ аз авчирдаг гэж үздэг.


Тэгвэл зурхайн үүднээс авч үзвэл 13~ны Баасан гараг нь азгүйддэг өдөр биш, харин ч маш хүчирхэг энергитэй өдөр байдаг. Египет, Ром, Шумер зэрэг эртний соёл иргэншлийн түүхэд дарь эхийг эрэгтэй бурхад шиг биш хэдий ч үнэмлэхүй хэмжээгээр тахин шүтсээр ирсэн байдаг. Тэдгээр дарь эх нь гаргуудтай холбогддог бөгөөд хайр, гоо үзэсгэлэнгийн дарь эх нь Сугар гараг, эхийн энергийг сар илэрхийлдэг байжээ.

Долоо хоногийн өдөр болгоныг гараг, эрхэс захирдаг гэж үздэг бөгөөд Баасан гаргийг Сугар гараг эрхшээдэг. Тэгэхээр энэ өдөр нь хүчирхэг эмэгтэйлэг чанар, мэдрэмжийн илэрхийлэл төдийгүй эрх мэдэл, секс, ид шид болон хайр дурлалыг хүлээн авах цаг байдаг.

13~ны Баасан гараг бидэнд амьдралаа илүү сайхан болгож өөрчлөх боломжуудыг олгодог. Аз болоход жинхэнэ утга агуулгыг нь мэдсэнээрээ өдрийн энергийг бүтээмжтэйгээр ашиглаж чадна.

Тэгвэл 13~ны Баасан гаргийг хэрхэн өнгөрөөх нь оновчтой вэ? Энэ өдөр хийдэг олон зан үйл байдаг юм байна. Хамтдаа сонирхоцгооё!


Азаа дуудаарай

Амьдралд аз дууддаг шалгарсан арга нь аз авчирдаг сахиусуудаар хүрээлүүлэх явдал байдаг. Эдгээрт морины тах, шоо, царс модны боргоцой болон чөтгөрийн нүдийг онцгойлон авч үзнэ. Тах аз авчирдаг, чөтгөрийн нүд хэмээн нэрлэдэг том цэнхэр нүдтэй дүрс нь хараал, азгүйдлээс хамгаалдаг, шоо нь хүссэнээ өөрийн болгоход тусалдаг, харин царс модны боргоцой нь хөгжил цэцэглэлтийг бэлгэддэг. Энэ өдөр эдгээрийг хамтатган азын сахиусаа (бугуйвч, хүзүүний зүүлт) хийх эсвэл гэрийнхээ хананд өлгөвөл сайн.


Эрч хүчээ сэргээгээрэй

13~ны Баасан гаргийг илэрхийлэх өнгө нь улаан. Тэгэхээр энэ өдөр улаан хувцас өмсөх эсвэл улаан уруулын будаг түрхээрэй. Энэ нь өөрийг чинь ямар тэсвэр, хатуужилтай, сэтгэлийн тэнхээтэй нэгэн бэ? гэдгийг харуулахаас гадна өөрөөр чинь оролдоод хэрэггүй гэдгийг илэрхийлдэг. Улаан өнгө хэнийг ч өөртөө итгэлтэй, дэлхийг байлдан дагуулах хүсэл тэмүүлэлтэй нэгэн болгож чадахаар хүчтэй.

Тэгвэл Patchouli хэмээн нэрлэдэг анагаах шидтэй ургамлаас гарган авсан амин тос нь аураг сэргээж, энергийн урсгалыг нэмэгдүүлснээр аливааг хянах чадвар сайжрах болно.


Хайраа дуудаарай

Хэрвээ хайр сэтгэлтэйгээ учрахыг хүсвэл доорх зан үйлийг энэ өдрөөс эхлэн таван өдөр дарааллан хийгээрэй. Тэгвэл хайрын хүсэл чинь биелэх болно.

Энэхүү зан үйлийг хийхэд бал, цаас, хоёр ширхэг шанцайн саваа, атга сарнайн дэлбээ, тал аяга эпсом эсвэл Гималайн ягаан давс, дөрвөн ширхэг ягаан өнгийн лаа, зөгийн бал, ус хэрэгтэй. Хийх алхам:

1. Хоёр ширхэг шанцайн саваа, атга сарнайн дэлбээ, тал аяга давсаа гурван аяга усанд хийж буцалгана. 

2. Бал, цаасаа аваад хайрын зорилго, хүсэл мөрөөдлөө бичнэ. Амьдралдаа ямар хайрыг авчирмаар байгаагаа маш тодорхой бичнэ. Тэгээд бичсэн захиагаа зүрхэн талдаа бариад хайрын хүслээ дахин шивнэнэ. 

3. Савтай буцалсан усаа гал дээрээс авч тавина. Тэгээд савтай усаа тойруулж дөрвөн ширхэг ягаан өнгийн лаа болон зорилгоо бичсэн цаасаа тавина. Лааг асаахаас өмнө ирмэг хэсэгт нь нэг нэг дусал зөгийн бал дусаана. Энэ нь хүссэн хайраа мэдрэхийн тулд Сугар гарагт өргөж байгаа өргөл болно.

4. Лаа асаж дуусахад ус хөрсөн байх бөгөөд одоо усаа шүүнэ.

5. Ваннаа халуун усаар дүүргэнэ.

6. Шүүсэн усаа мөрнөөсөө эхэлж биеэрээ урсгана. Тэгээд ваннтай усандаа орно.


Сарын тэмдгийн тэмдэглэл хөтлөөрэй

Энэ өдөр сарын тэмдэг нь ирж таарсан эсвэл үгүйгээс үл хамаарч 13~ны Баасан гарагт сарын тэмдгийн тэмдэглэл хөтөлж эхлээрэй. Сарын тэмдэг нь хэд хоногийн мөчлөгтэй вэ?, хэд хоног ирдэг вэ?, хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ? гэдгээс эхлээд сарын тэмдэг ирэхийн өмнө ямар шинж тэмдэг илэрдэг вэ?, ирэх үеэр сэтгэл санаа ямар байдаг вэ? гээд тухайн өдрүүдийнхээ мэдрэмж, сэтгэл хөдлөлийг бичээрэй.

Тэмдэглэлээ эргэн харснаар эхлээд өөрийгөө, дараа нь амьдралаа дүгнэж, хүсэл дэх хүчирхэг нэгнээ бүтээх болно гэж үздэг.


Сексээ гайхамшиг болгоорой

Бэлгийн харилцааны үеэр мэдрэх дур тавилт нь маш хүчтэй эрчим ялгаруулдаг. Тэгэхээр энэ үеийнхээ хүчтэй энергийг хүсэлдээ хүрэх боломж болгон ашиглаарай. Яаж вэ? гэвэл дур тавингаа зорилго, хүсэл мөрөөдлийнхөө талаар бодоорой. Оргил үеэ дуусан дуустал хүрэхийг хамгийн ихээр хүсэж байгаа зорилгоо дахин дахин бодох нь түүнийгээ бодит болгох шидийн шившлэг болж өгдөг ажээ.


Орон зай, аурагаа хамгаалаарай

Амьдралд сөрөг энергитэй, токсик хүмүүсээс өөрийгөө хамгаалах нь үргэлж чухал байдаг. Хүнээс гадна тарни, шившлэг, мэргэ, шидийн арга хэрэглэх үедээ ч өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Тэгвэл хар санаа, хэл ам, сөрөг муу энергийг цэвэрлэх сонгодог, гэхдээ маш энгийн арга нь тунгалаг чулуу байдаг.

Обсидианыг хамгаалалт хэрэг болох үе, ялангуяа хардалт, үзэн ядалт, сөрөг хандлагатай хүмүүсийн эсрэг ашиглахад тохиромжтой чулуу гэж үздэг. Чулуугаа биеэрээ өнхрүүлэх эсвэл гэрийнхээ бүх хэсэгт, хаалганыхаа гадна тавиарай. Зарим хүмүүс үүдэндээ, цонхон дээр тавьдаг. Тэр гэрлэн бүрхүүлийг чинь гэмтэхээс хамгаална.


Сарыг хүндэтгээрэй

Сар нь хүн төрөлхтний сэтгэл хөдлөл, амьдрал дахь эмэгтэйлэг сүр хүчийг илэрхийлдэг. Тэгэхээр 13~ны Баасан гаргийн эрч хүчийг ашиглах шилдэг арга нь сарыг хүндэтгэх явдал байдаг. Энэ өдөр сар руу харж хүсэл мөрөөдөл, мэдрэмжээ түүнд хэлээрэй. Үүнийг хийснээрээ яавал жаргалтай амьдрах вэ? гэдгээ мэдэрнэ, сэтгэлээ сонсож сурна. 

Зурхайн үүднээс харвал сар нь эхийн энергийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ өдөр эмээ, ээж, эгч гээд хамгийн дотно нөхөдтэйгөө ярилцаж, насан турш нандигнах үнэ цэнтэй дурсамжаа бүтээгээрэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *