Нэн эртнээс дэлхий даяар түгэн дэлгэрсэн алхимийн ухаан нь үндсэн металлыг алт болгон хувиргах, хүн төрөлхтнийг мөнх амьдруулах ид шидийн үрлийг бүтээх явдал байсан гэдэг.
Эртний Египет, Грек, Ром, Энэтхэг, Перс, Солонгос, Япон, Хятадаас эхэлж Европт түгэн дэлгэрсэн алхимийг өөрөөр хувиргалтын ухаан ч гэж нэрлэдэг бөгөөд XVII зуунаас химийн шинжлэх ухаан болон хөгжсөн түүхтэй.
Тэгвэл алхимийн зурхай гэж юу вэ?
Алхимийн зурхай нь тоон ухаан болон металлуудын мөн чанарыг нэгтгэн хүн төрөлхтнийг тодорхойлдог зурхайн нэгэн төрөл юм. Энэ нь алхимичдийн эрт үеэс металл болгон өөр өөрийн гэсэн энергитэй байдаг бөгөөд тэрхүү энерги нь бидний амьдралтай салшгүй холбоотой байдаг гэдэг үзлээс урган гарсан байна.
Алхимийн зурхай нь металлаар нэрлэгддэг 10 ордтой бөгөөд ямар ордод харьяалагдахаа мэдье гэвэл төрсөн он, сар, өдрөө нэг оронтой тоо болтол нэмнэ. Жишээ нь: 1981 оны 12 сарын 29~нд төрсөн бол 1+9+8+1+1+2+2+9=33, 3+3=6 болох ба энэ нь алхимийн зурхайн Хар тугалга орд гэдгийг илтгэнэ.
Хэрвээ төрсөн он, сар, өдрийн тоонуудын нийлбэр нь 0 тоогоор төгсвөл хариуг нь хооронд нь нэмэхгүй. 0 ~ Зэс ордод харьяалагдана гэсэн үг. Жишээ нь: Төрсөн он, сар, өдрийн тоонуудын нийлбэр нь 20 гарвал түүнийг 2+0=2 гэхгүй, 0 гэсэн тоотой харгалзах ордыг уншаарай.
Алхимийн зурхайн орд нь дараах тоо болон металлаар илэрхийлэгдэнэ.
1 ~ Мөнгө
2 ~ Төмөр
3 ~ Мөнгөн ус
4 ~ Цайр
5 ~ Цагаан тугалга
6 ~ Хар тугалга
7 ~ Платинум
8 ~ Никель
9 ~ Алт
0 ~ Зэс
Ингээд түмэнд тийм ч түгээмэл тархаагүй ч та бидний талаарх томруун үнэнийг товчхон өгүүлэх алхимийн зурхайгаа хүлээн авна уу.
1 ~ Мөнгө
- Бэлгэдэл: Сөргийг өөрчлөх хүч, хүсэл мөрөөдөл, зөн совин, хувьсах чадвар
Алхимийн зурхайн мөнгө ордод харьяалагдах хүмүүс үргэлж эрх чөлөөг хүсдэг, төрөлхийн биеэ даасан, сэтгэл татам хүмүүс байдаг. Ямар үр дагаварт хүргэх бол гэдэгт нь санаа зоволгүй бодсоноо тэр дор нь хийж эхэлдэг.
Анх уулзахад өөрийгөө төдийлөн нээдэггүй болохоор ихэнхдээ ташаа дүгнэгддэг. Ерөнхийдөө сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хувьсан өөрчлөгдөх чадвар сайтай. Идэвхтэй амьдралын хэв маягаар амьдарч, спортоор хичээллэх хэрэгтэй. Эс тэгвэл бие нь амархан суларна.
Бүтээлээрээ дамжуулж сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь тэдэнд чухал болохоор уран дархан, уран зураач болох нь түгээмэл байдаг. Атаархуу, өмчирхөг хүмүүстэй харьцах дургүй ч сэтгэлийн харилцаанд хамтрагчдаа хэтэрхий гүн дурласнаар түүнээсээ 100% хамааралтай болдог.
- 8 ~ Никель, 0 ~ Зэс ордод харьяалагдах хүмүүстэй тохирно.
- 2 ~ Төмөр, 5 ~ Цагаан тугалга ордод харьяалагдах хүмүүстэй зохицохгүй.
2 ~ Төмөр
- Бэлгэдэл: Эрч хүч, хүсэл тэмүүлэл, эр зориг, хамгаалалт, шийдэмгий байдал
Алхимийн зурхайн төмөр ордод харьяалагдах хүмүүс төрөлхийн тэмцэгч чанартай байдаг. Бодсон санаснаа үргэлж хэлдэг, идэвхтэй амьдрахыг хичээдэг. Сэтгэл татам ч маш эмзэг, үүнийгээ харуулахыг хүсдэггүй болохоор олон хүн тэднийг өнгөцхөн гэж дүгнэдэг.
Үнэндээ өөрийг нь төлөвшүүлж, хүчирхэгжүүлэх амьдралын олон сорилт, бэрхшээлийг даван гарч, чамлахааргүй туршлагажсан хүмүүс байдаг. Өөрийн гэсэн тогтсон үзэл баримтлалтай, үүнээсээ болж хүмүүстэй байнга зөрчилддөг.
Хайр сэтгэлийн хувьд адармаатай байх тусмаа түүнийгээ өөрийн болгох хүсэл эрмэлзэл нь нэмэгддэг. Эмэгтэйчүүд нь хэнэггүй, идэвхгүй, сул дорой эрчүүдийг тэвчдэггүй. Харин эрэгтэйчүүд нь дарангуйлагч эмэгтэйчүүдийг тэвчдэггүй. Ихэвчлэн идэвхтэй амьдралын хэв маягтай, эрч хүчтэй хүмүүст дурладаг.
- 5 ~ Цагаан тугалга, 8 ~ Никель, 0 ~ Зэс ордод харьяалагдах хүмүүстэй тохирно.
- 3 ~ Мөнгөн ус ордод харьяалагдах хүмүүстэй зохицохгүй. Алхимичдийн үздэгээр төмөр, алт хоёр хоорондоо огтхон ч таарахгүй.
3 ~ Мөнгөн ус
- Бэлгэдэл: Оюунлаг байдал, худалдаа арилжаа, хоёрдмол зан чанар
Алхимийн зурхайн мөнгөн ус ордод харьяалагдах хүмүүс ямарвааг хүлээж авах, аливаад дасан зохицох чадвар сайтай, хэнтэй ч амархан ойлголцож чаддаг ярих авьяастай хүмүүс байдаг. Өсөж хөгжих тусмаа өөртөө хязгааргүй чадавх байгааг мэдэрдэг, ухаалаг, хүмүүст чадахаараа тусалдаг.
Амьдралыг мэдрэх, түүнийг таашаан талархах дуртай ч тав тухтай, эмх цэгцтэй амьдралыг хүсдэггүй. Шинэлэг бүхэнд татагддаг сониуч хандлагатай болохоор адал явдал, өөрчлөлт рүү тэмүүлдэг. Тэгэхээр тэдэнд аялал жуулчлал болон харилцаа холбооны мэргэжил илүү тохирно.
Хайр дурлалын харилцаанд маш бүтээлчээр ханддаг. Сонгосон хамтрагчид нь хэдийгээр тэднийг хууран мэхлэх хандлагатай ч хүсвэл харилцаагаа шинэ түвшинд хүргэхээр мэдрэмжтэй, чадвартай, хичээнгүй хүмүүс байдаг.
- Эдгээр хүмүүс зөвхөн 2 ~ Төмөр, 8 ~ Никель ордод харьяалагдах хүмүүстэй таарамжгүй.
4 ~ Цайр
- Бэлгэдэл: Өөрчлөлт шинэчлэлт, өсөл хөгжил, эргэцүүлэл, хамгаалалт
Алхимийн зурхайн цайр ордод харьяалагдах хүмүүс хөдөлмөрч, мэдрэмжтэй, өөдрөг үзэлтэй хүмүүс байдаг. Аливаад хариуцлагатай ханддаг, ямар ч нөхцөлд бусдыг хэрхэн дэмжих вэ? гэдгээ, мөн хэрхэн инээлгэхээ мэддэг. Ихэвчлэн урлагийн, бүтээлч мэргэжил эзэмшвэл хөгжинө.
Хэнтэй ч яриа нийлдэг, хөгжилтэй, тусархуу. Гэвч хааяа зоригтойгоор үгүй гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Болж өгвөл өгөх гэдэг хандлагатай ч өгөх авахын тэнцвэрийг хадгалахад суралцах шаардлагатай.
Шийдвэр гаргахдаа нэлээн эргэцүүлэн боддог. Бие махбодын асуудлаас илүү сэтгэл санаанаас болж өвдөх магадлалтай. Эрх дураараа амьдрах сонирхолтой. Энэ утгаараа хаана ч эсвэл хэнд ч хүлэгдэхийг хүсдэггүй болохоор богино хайрын түүхүүдийг бүтээх нь олонтоо байдаг.
- 2 ~ Төмөр, 6 ~ Хар тугалга, 7 ~ Цагаан алт ордод харьяалагдах хүмүүстэй таарамжтай.
- 1 ~ Мөнгө, 3 ~ Мөнгөн ус ордод харьяалагдах хүмүүстэй зохицохгүй.
5 ~ Цагаан тугалга
- Бэлгэдэл: Хөгжил цэцэглэлт, ололт амжилт, өршөөл нигүүлсэл, элбэг хангалуун байдал
Алхимийн зурхайн цагаан тугалга ордод харьяалагдах хүмүүс үнэмлэхүй эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй хэдий ч хэтэрхий өөрийнхөөрөө зантай. Тэд зогсолтгүй урагшилдаг бөгөөд амбиц нь тэднийг хаашаа хөтөлнө, түүндээ шантралгүй хүрдэг.
Өөдрөг сэтгэлгээтэй, өсөж хөгжих сонирхолтой, мэдлэгт дурласан нэгэн боловч ойлгоход амаргүй болохоор цөөхөн ч гэсэн насан турш нөхөрлөх үнэнч нөхөдтэй болдог. Тансаг байдал, сайхан амьдралд дуртайгаасаа болж мөнгөндөө үрэлгэн ханддаг.
Даруу төлөв байх гэж хичээдэг, хөгжилтэй ч хэм хэмжээгээ мэддэг. Аливаад шүүмжлэлтэй ханддаг, алдааг өөрөөс биш, өөр хэн нэгнээс хайх хандлагатай. Тэгэхээр өөрийн жинхэнэ мөн чанараа олъё гэвэл бясалгал хийх, тайвширч сурах, өөртэйгөө уйгагүй ажиллах эсвэл сэтгэлийн ханиа олох нь тустай.
Дотно хүмүүстээ өөрийгөө 100% зориулдаг, маш их хамгаалдаг. Хайраа илэрхийлэхэд нь хааяа мэдрэмж дутдаг ч сэтгэлээ хэрхэн харуулахаа мэддэг. Үг хэллэгээс илүү үйлдлээрээ түүнийгээ мэдрүүлдэг. Хэрвээ ямар нэг зүйлд сонирхолгүй болбол маш хариуцлагагүй нэгэн болдог.
- 2 ~ Төмөр, 6 ~ Хар тугалга, 0 ~ Зэс ордод харьяалагдах хүмүүстэй тохирно.
- 1 ~ Мөнгө, 3 ~ Мөнгөн ус, 9 ~ Алт ордод харьяалагдах хүмүүстэй таарамжгүй.
6 ~ Хар тугалга
- Бэлгэдэл: Хамгаалалт, өөрчлөлт, шантаршгүй хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөр
Алхимийн зурхайн хар тугалга ордод төрсөн хүмүүс ихэвчлэн хүчтэй энергитэй, урт удаан насалдаг, шударга, тусархуу хүмүүс байдаг. Гэвч сэтгэл зүйн түвшинд өөрчлөгдөх хүсэлгүй, идэвхгүй амьдралын хэв маягтай. Ганцаардлыг тэсвэрлэх чадвартай болохоор хожуу гэрлэдэг.
Аливаад маш нарийн дүн шинжилгээ хийх чадвартай. Шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлээр хөгжих боломжтой. Бодит үнэнийг хайхардаггүй, өөрийгөө бусдаас дээгүүрт тавьдаг, бардам зантай ч үхэл хагацал, уй гашуу тохиосон нэгэндээ сэтгэлээ 100% зориулдаг.
Зөв амьдрах хэрэгтэй гэдгээ мэддэг ч үнэнийг үгүйсгэдэг, алдаагаа хүлээн зөвшөөрөх нь ховор, аливаад өөрийнхөөрөө зүтгэдэг. Урам зориггүй, эерэг өөрчлөлт хийхэд шаардагдах бүтээлч энерги дутмаг байдаг. Олонх нь улаан өнгөнд дурладаг нь ухамсаргүйгээр эрч хүчийг хайдаг хүмүүс гэдгийг илэрхийлнэ.
Амьдралыг ерөнхийд нь сонирхдоггүй ~ унтамхай, залхуурах хандлагатай. Өөртэйгөө ажиллах, ялангуяа сэтгэл хөдлөлөө гадагш гаргаж сурах нь тэдэнд маш хэрэгтэй.
- 5 ~ Цагаан тугалга, 7 ~ Цагаан алт, 8 ~ Никель ордод харьяалагдах хүмүүстэй тохирно.
- 2 ~ Төмөр, 3 ~ Мөнгөн ус ордод харьяалагдах хүмүүстэй таарамжгүй.
7 ~ Цагаан алт
- Бэлгэдэл: Бясалгал, тэнцвэр, алсын хараа, бүхнээ зориулах сэтгэл
Алхимийн зурхайн цагаан алт ордод харьяалагдах хүмүүс аливааг бодитоор хардаг, амьдралаа тэнцвэртэй авч явдаг, авьяаслаг, бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Итгэлтэй хүмүүстээ л нээлттэй ханддаг нь тэдэнтэй харилцаа тогтооход хэцүү болгодог.
Хэнтэй нөхөрлөх вэ?, хэнийг хайрлах вэ? гэдэгтээ өндөр шалгуур тавьдаг, ихэнхдээ л голж шилэх хандлагатай байдгаас хүйтэн хөндий, хатуу сэтгэлтэй нэгэн гэж дүгнэгддэг. Тэдний амьдралын зорилго амьдарч байгаа нийгэмдээ эерэгээр нөлөөлөх, хамтдаа хөгжих явдал байдаг бөгөөд фэшн бизнест үнэмлэхүй амжилт олно.
Энэ ч утгаараа ямарваад ухаалаг, тэвчээртэй ханддаг нь амьдралын ямар ч нугачааг ажралгүй даван туулах сэтгэлгээний тэнцвэртэй хүмүүс гэдгийг нь илэрхийлдэг. Хэт амбицтай, бардам, бүдүүлэг хүмүүс тэдэнд таалагддаггүй.
- 1 ~ Мөнгө, 3 ~ Мөнгөн ус, 0 ~ Зэс ордод харьяалагдах хүмүүстэй таарамжтай.
- 2 ~ Төмөр, 5 ~ Цагаан тугалга, 6 ~ Хар тугалга ордод харьяалагдах хүмүүстэй таарамжгүй.
8 ~ Никель
- Бэлгэдэл: Эрч хүч, хамгаалалт, манифест, түлхэц
Алхимийн зурхайн никель ордод харьяалагдах хүмүүс эрч хүчтэй, идэвх санаачилгатай, хэлсэндээ хүрдэг, цаг ямагт бусдаас ялгарахыг хичээдэг, тэгж ч чаддаг хүмүүс байдаг. Ихэвчлэн сайхан сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд амьдралын эргэлтэд хэрхэн дасан зохицохоо мэддэг.
Үргэлж шинэлэг, анхдагч санаагаар дүүрэн байдаг тэдний хамгийн том айдас нь уйтгар гуниг, нэг хэвийн амьдрал байдаг. Тэднийг өөрөөр тодорхойлбол ~ адал явдалтай, сонирхолтой амьдралаар амьдрахыг хичээдэг авьяаслаг, шинийг эрэлхийлэгч, гэрэлт цамхаг шиг хүмүүс гэж хэлнэ.
Сэтгэлгээний цар хүрээ өргөн, хурдтай сэтгэдэг, дипломатч чадвартай бөгөөд аливаад бодитой ханддаг. Өөрийнхөө болон бусдын асуудалд үргэлж шийдэл олдог. Гарт нь маш их энерги шингэсэн байдаг тул гайхалтай уран дархан, уран зураач, мэс засалч болж чадна.
Хайр дурлалын хувьд амархан дурладаггүй ч нэг дурласан хүндээ өөрийгөө 100% зориулна. Гэвч сонгосон хамтрагч нь анхнаасаа түүнээс ямар нэг асуудлаа нуувал үнэн илчлэгдэх хожмын нэг өдөр маш хүчтэй дайсагнал үүсгэж, үргэлж ямар нэг өө эрдэг, шүүмжлэгч нэгэн болж хувирдаг.
- 7 ~ Цагаан алт ордод харьяалагдах хүмүүстэй таарамжтай.
- 3 ~ Мөнгөн ус, 5 ~ Цагаан тугалга ордод харьяалагдах хүмүүстэй таарамжгүй.
9 ~ Алт
- Бэлгэдэл: Эрх мэдэл, өөртөө итгэх итгэл, бүтээлч байдал, эд хөрөнгө, хөгжил дэвшил
Алхимийн зурхайн алт ордод харьяалагдах хүмүүс бусдыг татах чадвартай, оргилсон хүсэл тэмүүлэлтэй, үнэнч шударга хүмүүс байдаг. Өгөөмөр сайхан сэтгэлтэй, хэнтэй ч насан турш үргэлжлэх үнэ цэнтэй харилцааг хөгжүүлдэг.
Шантаршгүй мөрөөдөгч ч гэсэн хариуцлагатай удирдагч байж чаддаг. Тансаг хэв маягт дуртай, мөнгөнд үрэлгэн ханддаг ч амьдралдаа санхүүгийн томоохон өөрчлөлтийг ч хийж чаддаг. Тэдний агуу хүсэл зориг нь хүссэнээ өөрийн болгоход нь үргэлж тусалдаг.
Аливаад эргэлзэж тээнэгэлзэх дургүй шигээ сээтгэнэсэн харилцаанд төдийлөн таатай ханддаггүй. Төлөвшсөн ухамсартай, сонголтоо мэддэг хүмүүст татагддаг. Өөрөө ч хайртай хүмүүсийнхээ амьдралыг хэрхэн баяр жаргалтай болгох вэ? гэдгээ мэддэг.
Алхимийн үүднээс авч үзвэл ~ алт нь тэнгэрлиг энергиэр дүүрэн, өөрөөсөө гэрэл цацруулдаг эв эе, эрч хүч, хүсэл тэмүүллийг илэрхийлдэг маш үнэ цэнтэй металл байдаг.
Алхимичдийн зорилго нь ямар ч металлыг хэрхэн алт болгон хувиргах вэ? гэдэгт оршсоор ирсэн гэдэг утгаараа энэ ордод харьяалагдах хүмүүс маш онцгой нэгэн байна.
- 1 ~ Мөнгө ордод харьяалагдах хүмүүстэй таарамжтай. Эрэгтэй нь алт, эмэгтэй нь мөнгө байвал эв нэгдэлтэй байдаг. 8 ~ Никель ордод харьяалагдах хүмүүстэй тохирох ч хүсэл тэмүүлэл, мэдрэмж нь аажмаар сарнин алга болох харилцаатай байна.
- 5 ~ Цагаан тугалга ордод харьяалагдах хүмүүстэй таарамжгүй.
0 ~ Зэс
- Бэлгэдэл: Хайр, нөхөрлөл, амар амгалан, эв найрамдал, бүтээлч байдал
Алхимийн зурхайн зэс ордод харьяалагдах хүмүүсийн илэрхий эмзэг мэдрэмтгий төрхийн цаана хүчирхэг, шийдэмгий зан чанар нуугдаж байдаг. Бусдын урмыг хугалахгүй амьдрахыг хичээдэг бөгөөд тусламж хэрэгтэй байгаа хүмүүст чадахаараа тусалдаг.
Өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай, мэдрэмжтэй, тэнцвэрээ хадгалж чаддаг, өсөж хөгжих хүсэл тэмүүлэлтэй. Хэнтэй ч хүндэтгэлтэй харьцдаг, дотно хүмүүсээ баярлуулахыг хичээдэг. Бусадтай сэтгэл зүрхээрээ холбогдож ярилцах дуртай, гоё сайхан мэдрэмж төрүүлэх бүхэнд татагддаг.
Хайр дурлалын харилцаанд хамтрагчаа өмч гэж үздэг ч найдвартай, хариуцлагатай хамтрагч байж чаддаг. Ажил мэргэжил, карьерын хувьд бусдад туслах боломж олгодог мэргэжил эзэмших нь тохиромжтой. Гэвч тэднээс урваж болохгүй ~ маш өс санамтгай.
- 2 ~ Төмөр, 8 ~ Никель, 9 ~ Алт ордод харьяалагдах хүмүүстэй таарамжтай. Төмөр хэдий чинээ эелдэг байна, энэ харилцаа илүү хүчтэй болно.